Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*** ХХК, РД/5***/

Хариуцагч: Монгол Улсын *******т нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С*** ХХК-аас Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/***дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн С*** ХХК-д холбогдох хэсгийн 3-т С*** ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын П*** ХХК гэж заасан боловч ОХУ-ын Б**** эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэснийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлон маргасан.

Хоёр: Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч С*** ХХК нь Э**** ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/2022******* дугаар Никель I тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендерийн баримт бичгээ илгээсэн байна.[1]

Харин С*** ХХК-ийн тендерийн баримт бичгийн Маягт-2, Барааны үнийн задаргаа-ны гурав дахь Гарал үүслийн улс хүснэгтэд ОХУ, П*** ХХК, хаяг г.Москва, Павелцкая набережная, д.2,стр.3. Утас: 8(495)320-****. (495) 42**** гэж бөглөсөн атлаа үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хэсэгт Б**** эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор үйлдвэр хэмээн бичигдсэн байжээ.

2.3. Тус тендерийг шалгаруулах тендерийн үнэлгээний хороо 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаад ...С*** ХХК-аас тендерийн баримт бичгийн Маягт-2 Барааны үнийн задаргааны гарал үүслийн улс хүснэгтэд ОХУ П*** ХХК гэж ирүүлсэн боловч Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон үйлдвэрийн нэр, барааны үнийн задаргааны гарал үүсэл нэр зөрүүтэй байх тул нийлүүлэхээр санал болгож буй никелийн гарал үүсэл нь ямар үйлдвэр байх талаар тодруулгыг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14:00 цагийн дотор яаралтай өмнө ирүүлэх тодруулгыг авах...-аар шийдвэрлэсэн[2] болохоо 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ДУ-112******=7 албан бичгээр С*** ХХК-д мэдэгджээ[3].

Уг тодруулга хүсэх тухай албан бичгийн хариу болгож, С*** ХХК-иас ...С*** ХХК нь ОХУ-ын НПКП Б****ХК-ийн үйлдвэрлэдэг никель болон бүх төрлийн төмөрт хайлш, цутгуурын бараа бүтээгдэхүүнийг МУ-д танилцуулах, төлөөлөх, худалдах, борлуулах бүрэн эрхийн зөвшөөрөл эзэмшигч компани юм...Иймд Бидний нийлүүлэхээр санал болгож буй никелийн гарал үүсэл нь ОХУ-ын НПКП Б****ХК-ийн бүрэн эрхтэй болохыг ... үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн албан бичгийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0****-001 дугаар албан бичгээр Э**** ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хаяглан хариу өгсөн байна[4].

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ЭҮТӨГ/2022******* дугаар Никель I тендер сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, ..С*** ХХК-ийн DDP-Э**** ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 1,788,000,000,00 төгрөгийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж[5], захиалагчаас гэрээ байгуулах эрхийг олгожээ[6].

Гэтэл дээрх тендер шалгаруулалтад оролцогч Ай****** ХХК -иас өөрийн компанийн материалыг шаардлагад нийцэж буй талаар болон тендерт шалгарсан С*** ХХК-ийн тендерийн баримт бичиг шаардлага хангахгүй, хэд хэдэн зөрчилтэй эсэхийг хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргасныг[7] хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/***** дугаар албан бичгээр Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлжээ[8].

Хариуцагч Сангийн яамнаас дээрх гомдлыг хянан үзээд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/***дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр ...С*** ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын П*** ХХК гэж заасан боловч ОХУ-ын Б**** эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна...[9] гэж дүгнэснийг захиалагч Э**** ТӨҮГ хүлээн авч, ЭҮТӨГ/2022******* дугаар Никель I тендер сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэхээр болсноо 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ДҮ-112-1****** дугаар албан бичгээр С*** ХХК-д хүргүүлсэн байна[10].

Нэхэмжлэгч С*** ХХК-аас Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01****** дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан боловч хариуцагч Сангийн яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/***** дугаар албан бичгээр ...тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн мэдэгдсэн... гэх хариуг буцаан хүргүүлсэн байна[11].

С*** ХХК дээрх бүгдийг эс зөвшөөрч тус шүүхэд шаардлага бүхий 2 нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШЗ2022/**** дугаар захирамжаар[12] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/***дугаар Гомдол хянасан тухай албан бичгийн 2 дахь хуудасны 3-д заасны хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.2-т заасныг баримтлан Э**** ТӨҮГ-т холбогдуулан гаргасан Э**** ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ДҮ-112-1****** дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэл гаргагч С*** ХХК-иас дээрх шүүгчийн захирамж гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон болно[13].

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:

3.1 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон түүний төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: ...Манай компанийн зүгээс захиалагчаас гэрээ байгуулах эрх авахын өмнө үнэлгээний хороо хуралдаж, манайхаас тодруулга авсан. Тодруулга дээр бид нар Оросын холбооны улсын нийлүүлэгчийг нь залруулж, албан бичгээр хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Сангийн яам Аи******ХХК-ийн гомдлыг хянахдаа манайхаас Э****үйлдвэрт хүргүүлсэн тодруулгыг хянаж үзээгүй юм болов уу.

Манайх ОХУ-ын Б**** эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн барааг зөвшөөрөлтэй Монгол улсад борлуулах эрхтэй дистрибьютер болсон байдаг.

Тухайн никелийн үйлдвэр нь Оростоо муж газрууддаа 10-аад салбартай, гарал үүслээрээ Буриад, Монгол талаа хариуцсан салбараас нь 10 тонн никель ачиж явуулна гэж гарал үүслээ авсан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т зааснаар тендерийн агуулга дотор энэ тодруулга хууль ёсоор орно. Энэ бол тендерийн агуулга, үнийг өөрчилсөн ноцтой алдаа биш, хоёр нэршлийг ялгааг тодруулсан хуулийн дагуух тодруулга.

...Сангийн яам манайхтай хийж байсан гэрээг түдгэлзүүлж, цуцалсан учраас манайх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Э**** ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨГ/2022******* дугаар Никель I нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад оролцсон Ай****** ХХК-аас гаргасан гомдолд С***-ийн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй байхад шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг тус тус хянан үзэхийг хүссэн..., зөвхөн цөөн тооны тохиолдолд тодруулга авч болно гэж заасан байдаг.

Түүнээс биш тодруулга авах зайлшгүй эрх захиалагчид олгогдоогүй.

Ямар тохиолдолд авах вэ гэхээр агуулга, үнийг өөрчлөхөөс бусад тохиолдолд тодруулга авч болно гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ нь тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дээр байдаг. Тэгээд үүнийг нь жишиг баримталж, тухайн тендер шалгаруулалтыг явуулсан тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.1 дээр бүр нарийвчилж өгсөн байдаг.

Ямар мэдээллийн дагуу тодруулга авч болдог юм бэ гэдгийг зааглаж өгсөн.

Энэ нь юу вэ гэхээр ирүүлсэн тендертэй холбоотой цахим системээр ирүүлсэн мэдээлэл, тэдгээр нь ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй гэж үзвэл уг асуудлыг тодруулга, тайлбар авах зорилгоор гэж байгаа юм. Энэ нь яадаг вэ гэхээр ирүүлсэн мэдээлэл нь А үсэг нь харагдахгүй байдаг ч юм уу, аль нэг зүйл нь тодорхойгүй байгаа асуудал дээр тодруулга авахыг хэлээд байгаа юм. Түүнээс биш ирчихсэн буруу мэдээллийг засаж авах, эсвэл огт ирээгүй мэдээллийг нэмж авах нь энэ ойлголтод хамаарахгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв:Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааны хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно гэж заасныг үндэслэн Э**** ТӨҮГазар өөрийн зарласан ЭҮТӨГ/2022******* дугаар Никель I тендер сонгон шалгаруулалтын баримт бичиг болох Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны Д.Тендерийг хянан үзэх, үнэлэх хэсгийн 29-т Тендерийн талаар тайлбар, тодруулга авах болохыг тусган баталжээ.

4.3. Захиалагч Э**** ТӨҮГазраас өөрийн тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн 29.1-д ...захиалагч тендерт оролцогчийн ирүүлсэн тендер, эсхүл цахим системээр илгээсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй гэж үзвэл зөвхөн уг асуудлыг тодруулах, тайлбар авах зорилгоор энэ зүйлд заасны дагуу тодруулга ирүүлэхийг бусад этгээдээс энэ тухай лавлагаа авах хүсэлт гаргаж болно заасны дагуу үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар С*** ХХК-ийн тендерийн баримт бичгийн Маягт-2, Барааны үнийн задаргааны 3 дахь Гарал үүслийн улс хүснэгтэд ...ОХУ П*** ХХК... гэж бичиж ирүүлснийг Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл олгосон үйлдвэрийн нэр, барааны үнийн задаргааны гарал үүсэл нэр зөрүүтэй байж болзошгүй, нийлүүлэхээр санал болгож буй никелийн гарал үүсэл нь ямар үйлдвэр болох талаар тодруулгыг авч, шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

4.4. Учир нь нэхэмжлэгч С*** ХХК-иас тендерийн баримт бичгийн Маягт-2, Барааны үнийн задаргааны 3 дахь Гарал үүслийн улс хүснэгтэд заасан шаардлагын дагуу ОХУ гэж зөв тэмдэглэсэн атлаа уг хүснэгтэд огтоос шаардлагагүй мэдээллийг тусгаснаар дээрх тодруулга авах шаардлага үүссэн аж.

4.5.Нэхэмжлэгч компаниас захиалагчийн хүсэлтийн дагуу Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.2-т ...уг барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, эсхүл тэдгээрээс гаргасан албан бичиг... гэж заасан шаардлагын дагуу Маягт 2-т дурдсан барааны гарал үүслийн улсын мэдээлэлд илүү бичигдсэн ...П*** ХХК... гэх бичигдлийн талаар тодруулга өгсөн үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасантай нийцэж байхаас гадна Тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-29.5-д заасныг зөрчөөгүй аж.

4.6. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/***дугаар Гомдол хянасан тухай албан бичгийн С*** ХХК-д холбогдох хэсгийн 1-д С*** ХХК тендертээ ОХУ-ын Б**** эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.2-т Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл (албан бичиг, мэдэгдэл, зөвшөөрөх бичиг г.м байж болно)-ийг хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудсанд дээр тамга, гарын үсгээр баталгаажуулсан байна заасныг хангасан гэж дүгнэсэн атлаа Маягт-2 барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна заасантай нийцэхгүй хэмээн өрөөсгөл шийдвэрийг гаргасан байна.

4.7.Ингэхдээ тэрээр тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх-дөө энэ хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг маргаан бүхий актын холбогдох хэсэгтээ заагаагүй.

4.8.Өөрөөр хэлбэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй байна.

4.9. Иймд дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/***дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн С*** ХХК-д холбогдох хэсгийн 3-т С*** ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын П*** ХХК гэж заасан боловч ОХУ-ын Б**** эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэснийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг баримлан С*** ХХК-иас *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/***дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн С*** ХХК-д холбогдох хэсгийн 3-т С*** ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын П*** ХХК гэж заасан боловч ОХУ-ын Б**** эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэх шийдвэрийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Л.БАТБААТАР