Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0133

 

“С...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Нэхэмжлэгч “С...” ХХК

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн С... ХХК-д холбогдох хэсгийн 3-т С... ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын Полипласт Уралсиб ХХК гэж заасан боловч ОХУ-ын Буркомплект эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэснийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар шийдвэр 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0984/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С...” ХХК нь Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст холбогдуулан “Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн С... ХХК-д холбогдох хэсгийн 3-т С... ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын Полипласт Уралсиб ХХК гэж заасан боловч ОХУ-ын Буркомплект эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэснийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр:

2.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг баримтлан С... ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн С... ХХК-д холбогдох хэсгийн 3-т С... ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын Полипласт Уралсиб ХХК гэж заасан боловч ОХУ-ын Буркомплект эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэх шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.  

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:  

3.1. ...““Э... ү...” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022071103 дугаартай “Никель I нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад захиалагч, үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг зөрчиж “С...” ХХК-ийн ирүүлсэн тендерээс тодорхой асуудалд тайлбар тодруулга авсан бөгөөд тухайн асуудлаар тендерт оролцогч “А... т.. ц...” ХХК-аас хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан байна. Тус яам хуулийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа “С...” ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын “Полипласт Уралсиб” ХХК гэж заасан боловч ОХУ-ын “Буркомплект” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт 2 болох барааны үнийн задаргаанд “ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна.” гэж заасантай нийцэхгүй байхыг хүргүүлсэн.

3.2. “С...” ХХК-аас барааны үнийн задаргаанд ОХУ-ын “Полипласт Уралсиб” ХХК гэж заасан боловч ОХУ-ын “Буркомплект” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авчирсан асуудлаар Захиалагч болох “Э... ү...” ТӨҮГ нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж тодруулга авсан, түүнчлэн “С..." ХХК-аас тодруулгын хариуд өгсөн албан бичигт “Буркомплект” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын салбар нь “Полипласт Уралсиб ” ХХК болохыг нотолсон мэдээллийг ирүүлээгүй байхад тухайн хоёр өөр хуулийн этгээдийг нэг этгээд гэж үзэн үнэлгээ хийсэн байх тул захиалагчийн шийдвэр нь хууль, журамд нийцэхгүй болохыг Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 тоот албан бичгээр хүргүүлсэн.

3.3. Нэхэмжлэгчийн дурдсан “Полипласт Уралсиб” ХХК нь ОХУ-ын “Буркомплект” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчтэй холбоотой эсэх мэдээллийг захиалагч нягтлан үзэлгүйгээр, “С...” ХХК-ийн тодруулгаар ирүүлсэн албан бичигт үндэслэн үнэлгээг хийсэн. Түүнчлэн “Полипласт Уралсиб” ХХК-ийн албан ёсны веб хуудас болох https://polyplast-un.ru болон “С...” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалд тухайн хоёр хуулийн этгээдийн хооронд хийсэн гэрээ, хэлцэл, итгэмжлэлийн талаарх мэдээлэл ирээгүй байна.

3.4. Иймд тухайн нөхцөл байдал, үндэслэлийг тус яам хянан үзээд “С...” ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын “Полипласт Уралсиб” ХХК гэж заасан боловч ОХУ-ын “Буркомплект" эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт 2 болох барааны үнийн задаргаанд “ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна.” гэж заасантай нийцэхгүй байгааг шийдвэртээ дурдсан байгаа нь өрөөсгөл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Үүний дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0048 дугаартай шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “С...” ХХК-аас “Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн “С...” ХХК-д холбогдох хэсгийн 3-т “С...” ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын “Полипласт Уралсиб” ХХК гэж заасан боловч ОХУ-ын Буркомплект эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст холбогдуулан гаргажээ.

3.2. “Э... ү...” ТӨҮГазраас зарласан ЭҮТӨГ/2022071103 дугаартай “Никель I” тендерт “С...” ХХК-ийг Үнэлгээний хорооны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлт, зөвлөмжөөр шаардлагад нийцсэн гэж үзэн гэрээ байгуулах эрх олгохыг Захиалагчид зөвлөмж болгон хүргүүлсний дагуу захиалагч “Э... ү...” ТӨҮГазраас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ДУ-112-12/4326 албан бичгээр “С...” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн байна. 

3.3. Гэвч “А... т.. ц...” ХХК-иас гаргасан гомдлын дагуу “С...” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон болон “А... т.. ц...” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон талаар Сангийн яамнаас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 дугаартай албан бичгээр  захиалагч “Э... ү...” ТӨҮГазарт мэдэгджээ. 

3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.6-д “нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг” гэж тус тус зааснаар захиалагч нь тендер шалгаруулалтад тавигдах нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг зэрэг шалгуур үзүүлэлтийг тусгайлан тавих эрхтэй.

3.5. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “С...” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгээс үзвэл тендерийн баримт бичгийн Маягт 2 болох барааны үнийн задаргаанд “Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

3.6. Харин анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч компаниас захиалагчийн хүсэлтийн дагуу Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.2-т ...уг барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, эсхүл тэдгээрээс гаргасан албан бичиг... гэж заасан шаардлагын дагуу Маягт 2-т дурдсан барааны гарал үүслийн улсын мэдээлэлд илүү бичигдсэн ...Полипласт Уралсиб ХХК... гэх бичиглэлийн талаар тодруулга өгсөн үйл ажиллагааг уг хүснэгтэд “ОХУ” гэж бичих хангалттай гэж тайлбарлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасантай нийцэж байхаас гадна Тендер шалгаруулалтын зааварчилгааны 29.2-29.5-д заасныг зөрчөөгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3.7. Хэдийгээр нэхэмжлэгчээс “...Манай компанийн зүгээс захиалагчаас гэрээ байгуулах эрх авахын өмнө үнэлгээний хороо хуралдаж, манайхаас тодруулга авсан. Тодруулга дээр бид нар Оросын холбооны улсын нийлүүлэгчийг нь залруулж, албан бичгээр хариуцлагатайгаар мэдэгдсэн...” хэмээн тайлбарлаж байх боловч “С...” ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын “Полипласт Уралсиб” ХХК гэж заасан боловч ОХУ-ын Буркомплект эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцээгүй, энэ 2 хуулийн этгээд өөр хоорондоо харилцан хамааралтай гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн “Маягт-2 дээр “Полипласт Уралсиб” компанийн нэр, хаягийг бичсэн нь манай ажилтан техникийн алдаа гаргасан” гэх тайлбарыг нэхэмжлэгчээс ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

3.8. Нөгөөтээгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан тусгай шаардлагуудыг бүгдийг нь хангасан өрсөлдөгчийг сонгох бөгөөд харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийн маягтад заасан шаардлагыг хангасан материалыг ирүүлээгүй байхад тодруулга авсан гэдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

3.9. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тендерт оролцогчдоос тендертэй холбоотой цахим системээр ирүүлсэн мэдээлэл, тэдгээр нь ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар агуулга, үнийг өөрчлөхөөс бусад тохиолдолд тодруулга авч болдог, харин энэ тохиолдолд ирчихсэн буруу мэдээллийг засаж авах, огт ирүүлээгүй мэдээллийг нэмж авч байгаа нь дээрх хуулийн ойлголтод хамаарахгүй” гэх гомдлыг хүлээж авах нь зүйтэй. 

3.10. Нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд хандах болсон үндэслэл нь маргаан бүхий тендерийг хүчинтэй гэж үзэж, уг тендерээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх зорилготой. Гэтэл Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн бусад заалтуудад “...тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн ... заалтад үндэслэн мэдэгдье...” гэсэн байгаагаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэдий ч нэхэмжлэгчид давуу байдал бий болохооргүй байна.

3.11. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Гантулгын мэдүүлгээс үзэхэд “... Сангийн яамнаас энэ гомдлыг хянаад бидэнд хариу өгсөн. Бид бол шинээр тендерээ зарлачихсан байгаа. Энэ тендерт “С...” ХХК оролцож байгаа эсэхийг тендер нээхээс нааш мэдэх боломжгүй”, нэхэмжлэгчээс захиалагчид холбогдуулан тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан харъяалах шүүхэд маргаан үүсгээгүй тухай тайлбарлаж байсан, улмаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид тендер сонгон шалгаруулалт явагдаад шалгарсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулагдаж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа маргаан бүхий актын 3 дахь заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна.

3.12. Нэгэнт маргаан бүхий тендерийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулж байгаа талаар хэргийн оролцогч нар тайлбарлаж байх тул тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...”С...” ХХК-аас барааны үнийн задаргаанд ОХУ-ын “Полипласт Уралсиб” ХХК гэж заасан боловч ОХУ-ын “Буркомплект” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авчирсан асуудлаар Захиалагч болох “Э... ү...” ТӨҮГ нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж тодруулга авсан, түүнчлэн “С..." ХХК-аас тодруулгын хариуд өгсөн албан бичигт “Буркомплект” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын салбар нь “Полипласт Уралсиб ” ХХК болохыг нотолсон мэдээллийг ирүүлээгүй байхад тухайн хоёр өөр хуулийн этгээдийг хамаарал бүхий гэж үзэн үнэлгээ хийсэн байх тул захиалагчийн шийдвэр нь хууль, журамд нийцэхгүй болохыг Сангийн яамны албан бичгээр хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэх гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.1.7, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С...” ХХК-ийн Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/7096 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийн “С...” ХХК-д холбогдох хэсгийн 3-т “С...” ХХК-ийн барааны үнийн задаргаанд үйлдвэрлэгчийг ОХУ-ын “Полипласт Уралсиб” ХХК гэж заасан боловч ОХУ-ын Буркомплект эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбороос үйлдвэрлэгчийн зөвшөөрөл авч ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Маягт-2 болох барааны үнийн задаргаанд ТШЗ-ны 18.6.2-ын дагуу ирүүлсэн баримт бичигт дурдсан барааны гарал үүслийн талаарх мэдээлэлтэй ижил байна гэж заасантай нийцэхгүй байна гэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт өлсөн, шүхуулийг Ул тайлбараас өөрөөр тайлбар

лаж х ж

ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА