Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/05054

 

 

 

 

 

 

 

 

                              2022        12          02

            101/ШШ2022/05054

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С /рд:/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Г /рд:/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., хариуцагчийн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Х.И нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.С нь Нийслэлийн ерөнхий боловсролын Г бүрэн дунд сургуульд 2020 оны 08 дугаар сарын 15-аас эхлэн IТ инженер, багш гэсэн албан тушаалд томилогдон ажилласан. Тус сургуульд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэтэл 2022 оны 06 дугаар сард тус сургуулийн захирлын хүүхэд болох тус сургуулийн багш Дэлгэрнаран нь надтай уулзаад “чамайг ажлаас чөлөөлөхөөр боллоо” гэж хэлсэн. Тухайн үед би ямар шалтгаан, үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг асуухад “чиний оронд өөр хүн ажилд авахаар болсон, ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгж хэлснээс хойш би ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан. Тухайн үед төгсөгч нарын дипломыг гаргах чухал ажилтай байсан бөгөөд энэ ажил маань 2022 оны 06-р сарын 30-нд дууссан. Энэ ажил дууссаны дараагаар буюу 2022 оны 7 сарын эхэнд надад 2022 оны 06 дугаар 23-ны өдрийн огноотой Б/34 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Уг тушаал нь “Б.Сий өөрийн хүсэлтийг үндэслэн 2022.06.23-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй” гэсэн агуулгатай байсан. Гэтэл миний бие ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай ямар ч өргөдөл өгөөгүй юм. Тиймээс сургуулийн захирал П.Хажидмаатай уулзаж өргөдөл өгөөгүй байхад яагаад ийм тушаал гарч байгааг асуухад “өргөдлөө бичээд өгчих” гэж хууль бус шаардлага тавьсан. Ингээд багш ажилчдын ээлжийн амралт болсон бөгөөд миний бие ээлжийн амралтаа авсан, эсхүл ажлаас чөлөөлөгдсөн эсэхээ мэдэхгүй явсаар байсан. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр миний дансанд ээлжийн амралтын мөнгө орсон. Ээлжийн амралтын мөнгө орсон учраас намайг ажлаас чөлөөлөөгүй гэж ойлгож байтал буцааж намайг ажиллуулаагүй бөгөөд тушаалыг чинь сольж өгнө гэж хэлсэн. Иймээс би ажлаас чөлөөлөх тушаалаа олон удаа очиж шаардсан боловч өгөхгүй явсаар байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын дундуур сургууль дээр очиж уулзахад тус сургуулийн шалгалтын менежер Хулан нь “чиний тушаалыг нягтлан гэртээ аваад очсон байна, ирэхээр нь хүнээр дамжуулаад өгье” гэж хэлсэн. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр менежер Хулангаас дахин тушаалаа асуухад “тушаал нь гарчихсан байна, Урнаа багшаар өгөөд явуулъя” гэж фэйсбүүк чатаар хэлсэн бөгөөд тушаалыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан. Гэтэл уг тушаал нь өмнө гарсан буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 тоот тушаалтай ижил огноо, дугаартай тушаал байсан бөгөөд намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, сургуулийн дотоод журмын 6.15, 9.1.2, 11.3.3 дах заалтуудыг үндэслэн чөлөөлсөн байсан. Тушаалд хуулийн 80 дугаар зүйлийг удирдлага болгосон боловч 80 дугаар зүйлийн аль заалтыг үндэслэж байгааг огт дурдаагүй, мөн сургуулийн дотоод журмын заалтууд нь ямар утгатай заалт болох, намайг яг ямар үндэслэлээр чөлөөлж байгааг тушаалд тодорхой тусгаагүй байсан. Одоог хүртэл миний бие сахилгын зөрчил гаргаад халагдаж байгаа юм уу, орон тооны цомхотголоор халагдсан юм уу, ажил мэргэжлийн хувьд эрхэлж байгаа ажил, албан тушаалдаа тэнцээгүй юм уу, эсхүл өөр бусад үндэслэлээр халагдсан юм уу гэдгээ мэдэхгүй явж байна. Тус сургуулийн захирлын гаргасан намайг ажлаас чөлөөлсөн 2022.06.23-ны өдрийн Б/34 тоот дугаартай 2 өөр агуулгатай тушаал нь хоёулаа хууль зөрчсөн тушаал байх тул Б.С намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.

Өмнө эрхэлж байсан албан тушаалд томилуулах, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2020 онд багшаар томилогдоод нэг ч удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Гэтэл 6 сард захирлын хүүхэд нь ажлаас чөлөөлөх болсон өөр хүн ажилд авах болсон гэж хэлсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь 6 сарын 30-ны өдөр хүртэл ажлаа хийсээр байсан. Энэ үед нэхэмжлэгч нь хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтсэн. Гэтэл 7 сарын 19-нд чөлөөлөх тушаал гардуулж өгсөн. Энд өөрийнх хүсэлтийг үндэслэж гэсэн байдаг. Гэтэл өргөдөл өгөөгүй байхад яагаад ингэж тушаал гаргасан талаар асуухад өргөдлөө бичиж өгчих гэсэн. Тэгээд бичээгүй тул тушаалыг сольж өгнө гэсэн. Улмаар 8 сард ээлжийн амралтын мөнгө өгсөн тул чөлөөлөөгүй юм байна гэж ойлгосон. Гэтэл ажилдаа ороход ажилд оруулаагүй бөгөөд тушаалыг сольж өгнө гэсээр 9 сарын 29-нд дахин тушаал өгсөн. Гэтэл огноо нь хуучнаараа байсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80-н хэдийг, хөдөлмөрийн дотоод журмын хэдийг баримталсан нь тодорхойгүй. 2 тушаал нь хоёулаа хууль зөрчсөн юм. Эхний тушаалд өргөдөл аваагүй гэдгээ хариуцагчийн төл хэллээ. 2 дахь тушаалын хувьд ажил тасалсан гэж бичсэн байдаг. Гэтэл энэ үед хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хүүхдээ өөрөө сахиж байсан юм. Учир нь эхнэрээсээ салчихсан хүүхдээ өөрөө хардаг байсан юм. Иймд ажил таслаагүй бөгөөд чөлөө авсан байсан юм. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан. Мөн дотоод журамд ажлаас халах заалт байхгүй. Хариуцагч нь 2 тушаал гаргасан бөгөөд аль аль нь хүчинтэй байгаа бөгөөд 9 сарын 29-нд хүлээж авсан тушаалаар нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хугацаа хэтрээгүй юм. Гд маргаан таслах комисс байхгүй бөгөөд Баянзүрх дүүрэгт 3 талт хороо байгаагүй юм. Мөн шууд шүүхэд хандаж болно гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Баттүвшин нь шүүхэд, төлөөлөгч Э.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С нь “Г” сургуульд холбогдуулан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байна. Б.С нь “Г” сургуулийн захирлын 2020.08.17-ны өдрийн Б/41 гаар тушаалаар тус сургуулийн IТ инженер гэх албан тушаалд томилогдож, мөн захирлын 2022.06.23-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь 2022.06.13-14, 2022.06.16-20-ны өдрүүдэд ажил тасалснаас гадна ирсэн өдрүүддээ ажил хийхгүй байх, байнга орж гарах зэрэг асуудлуудыг үүсгэж байсан. Энэ зөрчилтэй нь холбоотойгоор байгууллагын дотоод журамд зааснаар халах эсэх асуудлыг 2022.06.20-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн 05 дугаар хурлаар хэлэлцсэн. Энэ хурлын үеэр Б.Сийг ажлаасаа гарах гэж байгаа талаар зарим албан тушаалтнууд ярьснаас гадна Б.Стэй утсаар холбогдож энэ талаар тодруулахад би оёдлын машинаар хатгамал хийдэг машин оруулж ирэх гэж буй гэх шалтгаанаар ажлаасаа гарах гэж байгаа гэж хэлсэн. Тухайн үед өөрөө өргөдлөө өгнө гэсэн тул ирж ажлаа хүлээлцээрэй гэж хэлээд тухайн хурлын шийдвэрээр Б.Сийг ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг олж томилох шийдвэр гаргасан. Хурлаас нэгэнт шийдвэр гарсан тул 2022.06.23-ны өдөр Б.С ирээд өргөдлөө бичиж өгнө гэж ойлгоод өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, 2022.07.19-ний өдөр тушаалыг нь өөрт нь танилцуулж, гардуулж өгсөн. /Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мөн дурдсан байгаа/ Тушаалыг гардуулж өгөх үед хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгааг талууд хүлээн зөвшөөрч байсан тул ажлаас гарах өргөдлийг бичүүлж авах асуудалд байгууллагын холбогдох албан тушаалтнууд төдийлөн ач холбогдол өгөөгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 7 сард авсан тушаал, 9 сард авсан тушаалуудын агуулга нь 2 өөр буюу “өөрийн хүсэлтийг нь үндэслэн” гэх үг өөрчлөгдсөн байдлаар 9 сард дахин тушаал гардуулж өгсөн гэх үндэслэлийг дурджээ. Б.С нь 2022 оны 9 сард сургууль дээр ирээд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа дахин гаргуулж авах шаардлагатай байна гэсэн болно. Дахин гаргаж өгөх гэхэд би хэдийгээр ажлаас гаръя гэж хэлсэн ч гэсэн би өргөдлөө өгөөгүй байхад та нар өөрийнх нь хүсэлтээр гэж намайг ажлаас чөлөөлсөн. Тийм болохоор өөрийнх нь хүсэлтээр гэснийг болиод зүгээр л ажлаас чөлөөлсөн тушаал болгож өөрчлөөд гаргаад өг гэсний дагуу манай байгууллага 2 дахь тушаалыг гаргаж өгсөн. Хэдийгээр 2 тушаалын агуулга өөр байгаа хэдий ч 2022 оны 7 сард Б.Сд гардуулж өгсөн тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно. Тэгэхээр Б.С нь 7 сард тушаалаа гардаж авахдаа тушаалын үндэслэл, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлтэй санал нэгдэж байсан. Энэ нь 2022 оны 7 сард тушаал гардаж авснаас хойш өнөөдрийг хүртэл дээрх асуудлаар хариуцагчид болон хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага, шүүхэд гомдол, санал гаргаж байгаагүйгээр нотлогдоно. Б.С нь дээрх тушаалтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор холбогдох байгууллагад хандах эрхтэй байхаар зохицуулсан заалтыг зөрчиж байна. Мөн нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүйгээр шууд шүүхэд гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 6 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан болон тушаалыг сольж өгнө гэх, захирлын хүүхэд чөлөөлсөн гэж хэлсэн гэдэг нь худлаа юм. Харин тэтгэмж авах гэсэн юм гээд өөр тушаал гаргуулсан байдаг юм. Дахин тушаал нь өөрөө хүсэж агуулгыг өөрчлүүлж тушаал гаргуулсан. Тэгшбаатарыг гэрчээр асуулгах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч татгалзсан тул өөрийн хүсэлтээр гэдгийг зөвшөөрч байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч нь байнга ажил тасалдаг байсан тул багш нарын хурлаар оруулсан. Ингэхэд би ажлаасаа гарна гэсэн тул тушаал гарсан байдаг. Харин өргөдлийг бичгээр аваагүй байсан. Хариуцагч нь маргаан үүснэ гэж бодоогүй юм. Талууд хэн аль нь хөдөлмөрийн харилцааг дуусгах тухай тохиролцсон байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байсан. Мөн хуульд гурван талт хороонд заасан хугацаанд хандаагүй байгаа нь зөвшөөрсөн байна. Мөн хуульд заасан хугацааг  хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нь чөлөө авсан гэх боловч энэ нь хамааралгүй юм. Хүүхэд өвчтэй гэх шалтгааны хувьд хурлаар яриад тал ажилласан боловч бүтэн цалин өгсөн. Улмаар өөрөө хүсэлт гаргасан тул ажлаас чөлөөлсөн.  Тушаалын үндэслэлтэй маргах хуулийн хугацаа дууссан. Мөн гомдол гаргах хугацаа хэтэрсэн бол шүүх хугацааг сэргээдэг. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэх баримтгүй байна. Иймд 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/34 дүгээр тушаал 2 ширхэг /хх4, 5/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх37-39/, эмнэлэгт хэвтсэн тухай баримт /хх40-42/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: дотоод журам /хх16-22/, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх23/, цагийн бүртгэл /хх24/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх45-46/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.С нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Г нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн бөгөөд дахин хүсэлт гаргасны дагуу тушаалын агуулгыг өөрчилж өгсөн, мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн бөгөөд шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.

 

            Нийслэлийн ерөнхий боловсролын Гсургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 23-ний Б/34 дугаартай 2 тушаал хэрэгт авагдсан. /хх4, 5/

 

            Нэхэмжлэгч нь энэхүү 2 тушаалыг аль аль нь хуульд нийцээгүй тул үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

            Хариуцагч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж маргасан боловч нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Иймд шүүх хэргийн хэрэгсэхгүй болгох бус харин нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн агуулгатай тушаалын хувьд энэ тухай хүсэлт гаргаагүй талаар зохигч хэн аль нь маргаагүй. Иймд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад өөрийн хүсэлтийг үндэслэн гэж гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй.

 

            Харин нөгөө тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн гаргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндсэн 6 нөхцөлийг зохицуулсан байна.

            Гэвч энэхүү тушаалд хуулийн хэд дэх заалт буюу аль үндэслэлээр тушаал гаргасан нь ойлгомжгүй. Мөн ямар зөрчил гаргасныг дурдаагүй байгаа нь уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болгожээ.

            Цаашлаад, уг тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 6.15, 9.1.2, 11.3.3-т заасныг үндэслэл болгосон байна.

            Хөдөлмөрийн дотоод журмын 6.15, 9.1.2-т заасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах талаарх зохицуулалт биш байна. Харин 11.3.3-т заасан нь цалин хөлсийг буруулах зохицуулалт байна.

 

            Эдгээрээс үзэхэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон аль аль тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.

 

            Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр, харин нөгөө тушаалыг 09 дүгээр сарын 29-ны өдөр гардаж авсан гэж тайлбарласан.

            Үүнээс үзэхэд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа үйл баримтыг нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр мэдсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь тус сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй бөгөөд Баянзүрх дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо ажиллаж эхлээгүй гэж тайлбарласан. Гэвч энэ талаар баримт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байснаас хойш дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 30 хоногийн дотор гомдол гаргах учиртай. Улмаар уг хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой.

 

            Харин нэхэмжлэгч нь 08 дугаар сард ээлжийн амралтын цалин олгогдсон тул ажлаас чөлөөлөгдөөгүй гэж ойлгосон бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн тушаалыг хүлээн авсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс тоолно гэж тайлбарласан. Гэвч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тохиолдолд ажилтанд ажиллаж байсан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин олгох журамтай тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Цаашлаад нэхэмжлэгч нь ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбар, баримт гаргаагүй.

 

            Иймд хэдийгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2 тушаал аль аль нь хуулийн зүйн үндэслэлгүй байх боловч нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хариуцагчид ажил, албан тушаалд эгүүлэн томилохоос татгалзах эрх үүссэн байна.

 

            Нэгэнт өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал эгүүлэн томилоогүй тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Харин энэхүү хэрэг нь гомдлоор үүссэн иргэний хэрэг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д зааснаар Нийслэлийн ерөнхий боловсролын Гд холбогдох өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Сий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ГАНБОЛД