Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00331

 

 

 

 

 

 

 

 

2023 02 08 210/МА2023/00331

 

 

Б.Сний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/05054 дугаар шийдвэртэй,

Б.Сний нэхэмжлэлтэй

Нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Сн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Сн нь * сургуульд 2020 онд Айти /IT/ инженер, багш гэсэн албан тушаалд томилогдон ажилласан, ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2022 оны 06 дугаар сард тус сургуулийн захирлын хүүхэд болох н.Дэлгэрнаран надтай уулзаад чамайг ажлаас чөлөөлөхөөр боллоо гэж хэлсэн ба чиний оронд өөр хүн ажилд авахаар болсон, ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Түүнээс хойш би ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан. 2022 оны 07 дугаар сарын эхээр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг надад өгсөн ба Б.Сний өөрийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байсан. Гэтэл би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай ямар ч өргөдөл өгөөгүй тул сургуулийн захиралтай уулзахад өргөдлөө бичээд өгчих гэж хууль бус шаардлага тавьсан бөгөөд тушаалыг сольж өгнө гэж хэлсэн. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 тоот дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, сургуулийн дотоод журмын 6.15, 9.1.2, 11.3.3 дахь заалтуудыг үндэслэн гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалыг өгсөн. Тус тушаал нь өмнөхөөс өөр агуулгатай байсан бөгөөд ажил тасалсан гэх боловч тухайн үед чөлөө авсан байсан. Тушаалыг авсан даруй шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хугацаа хэтрээгүй. * сургуульд маргаан таслах комисс байхгүй. Иймд Б.Снийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Б.Сн нь * сургуульд 2020 онд Айти /IT/ инженер гэх албан тушаалд томилогдож, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх үндэслэл нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр, мөн сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд ажил тасалснаас гадна ирсэн өдрүүддээ ажил хийхгүй байх, байнга орж гарах зэрэг асуудлуудыг үүсгэж байсан. Энэ зөрчилтэй нь холбоотойгоор түүнийг ажлаас халах эсэх асуудлыг захирлын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцсэн. Хурлын үеэр Б.Снийг ажлаасаа гарах гэж байгаа талаар зарим албан тушаалтнууд ярьснаас гадна түүнтэй утсаар холбогдож тодруулахад тэрээр би оёдлын машинаар хатгамал хийдэг машин оруулж ирэх гэж буй гэх шалтгаанаар ажлаасаа гарах гэж байгаа гэж хэлсэн. Тухайн үед өөрөө өргөдлөө өгнө гэсэн тул ирж ажлаа хүлээлц гэж хэлээд тухайн хурлын шийдвэрээр Б.Снийг ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг олж томилох шийдвэр гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б.Сн ирээд өргөдлөө бичиж өгнө гэж ойлгоод өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тушаалыг өөрт нь танилцуулж, гардуулж өгсөн. Б.Сн нь 2022 оны 9 сард сургууль дээр ирээд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа дахин гаргуулж авах шаардлагатай байна, өөрийнх нь хүсэлтээр гэснийг болиод зүгээр л ажлаас чөлөөлсөн тушаал болгож өөрчлөөд гаргаад өг гэсний дагуу 2 дахь тушаалыг гаргаж өгсөн. Хэдийгээр 2 тушаалын агуулга өөр байгаа ч 2022 оны 07 сард Б.Снд гардуулж өгсөн тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Б.Сн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д зааснаар Нд холбогдох өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Сний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:* сургууль нь 1 өдрийн огноотой, ижил дугаартай 2 өөр агуулгатай тушаалыг 2 өөр цаг хугацаанд надад гардуулсан. Анхан шатны шүүх дээрх 2 тушаалыг хоёулаа хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Анхны тушаалын үндэслэл нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэсэн байсан, тушаалыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан. Тушаал нь хууль бус талаар сургуулийн захиралд хэлэхэд тушаалаа өөрчилье, хичээл сургууль эхлээд иртэл тушаалыг чинь өөрчилж өгнө, өмнөх тушаалыг хүчингүй болгосон, шинэ тушаал гаргаж өгнө гэж хэлсэн. Гэхдээ өмнөх тушаалыг хүчингүй болгосон баримт үзүүлээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүнээр дамжуулж өгсөн тушаал нь 7 дугаар сард гардуулсан тушаалтай огноо, дугаар нь ижил байсан бөгөөд авсан даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүүлчийн буюу 2022 оны 09 сард гардаж авсан тушаал нь ажил тасалсан гэх үндэслэлийг заасан байсан. Өвчтэй хүүхдээ асрахаар, эмнэлэгт сахихаар хэдэн удаа чөлөө авсан болохоос ажил таслаагүй, чөлөө авсны төлөө хууль бус тушаал гаргаж ажлаас халсан сургуулийн захиргаанд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тушаал гарсан, 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Сн тушаалаа гардаж авсан, талууд маргаагүй. Б.Сн 2022 оны 09 дүгээр сард дээрх тушаалыг засаад гаргаж өгч болох уу, ажилгүйдлийн тэтгэмж авахад тушаалын эх хувь шаардлагатай байна гэснээр нь тушаалыг дахин гаргаж өгсөн. Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан тушаалыг үндэслэн нэхэмжлэл гаргасан гэдэг. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Талуудын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж, Б.Сн нь дээрх тушаалыг гардаж авсан үйл баримт тодорхой байна. Б.Снд ар гэрийн шалтгаанаар ажил таслах, удаа дараа чөлөө авах асуудал үүсэж байсан тул түүнтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудал үүссэн. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Сн нь хариуцагч Нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б.Сн нь Нтай 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Айти /IT/ инженерийн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх 4-5, 45-46/

4. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн эсэх талаар зохигчид маргаж, энэ үндэслэлээр гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь үндэслэлгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд холбогдох үйл баримтыг анхан шатны шүүх бүрэн тогтоогоогүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

5. Хариуцагч * сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/34 дугаартай Б.Снийг ажлаас чөлөөлөх тухай нэртэй өөр өөр агуулга бүхий хоёр тушаал хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч өөр утгатай, өөр өөр цаг хугацаанд хүлээн авсан гэж, хариуцагч хэдийгээр 2 тушаалын агуулга өөр байгаа ч 2022 оны 07 сард Б.Снд гардуулж өгсөн тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж зохигчид тайлбарлан маргажээ.

5.1. Хэргийн оролцогчийн хэн аль нь шаардлага, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэгч тал нь ажлаас чөлөөлсөн Б/34 тоот тушаалыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авсан болохоо нотлохоор тус сургуулийн сургалтын менежертэй харилцаж байсан цахим захидалд үзлэг хийлгэхийг, хариуцагч тал нь Б/34 тоот тушаалыг боловсруулсан болон нэхэмжлэгчид 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гардуулсан болохыг нотлохоор гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд тус тус гаргасан нь зохигчдын маргаж буй нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой, тухайн баримтууд нь хэрэгт хамааралтай гэж үзэхээр байна. Шүүх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нотлох шаардлагагүй, нэхэмжлэгч 7 дугаар сарын 19-ны өдөр тушаалыг гардаж авсан талаар маргаагүй тул гэрч асуух шаардлагагүй  гэх үндэслэлээр  хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзсан нь буруу болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэхтэй холбоотой журмыг шүүх зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлтийг нь шүүх хангахаас татгалзсан атлаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, баримтаа гаргаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хоорондоо зөрчилдөөнтэй болжээ.

5.2. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах 30 хоногийн хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх талаар маргаж байхад ажил олгогчийн, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг хэзээ, ямар үндэслэлээр гаргасан, ажилтанд уг тушаалыг хэзээ гардуулсан зэрэг нөхцөл байдлыг тодорхой болгох учиртай.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүх буруу дүгнэлт хийсэн гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2022/05054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ