Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/03060

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 20 181/ШШ2022/03060

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ПС ХХК /РД:52................/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МС ХХК /РД:52............/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 17,165,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ПС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөлгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ПС ХХК нь МС ХХК -тай 2015.06.17-ны өдөр №31/2015 дугаар Бараа материал нийлүүлэх гэрээ-г байгуулж, захиалагчид 19,975,780 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлэхээр тохиролцсон боловч, захиалагч МС ХХК -ийн захиалгын дагуу чулуут өнгөлгөө, эмжээр, эмжээрийн цавуу, хөөсөнцөр гэх мэт нийт 14,926,450 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэвч захиалагч МС ХХК нь дээрх нийт барааны төлбөрөөс 3,483,050 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 11,443,400 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй.

Гэрээний 3.5, 3.6-д зааснаар төлбөрийг сард 2 удаа 15, 30-ны өдрүүдэд төлөх, барааны үнийг 2015.07.22-ны дотор багтаан төлөх үүрэгтэй бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 7.2-д зааснаар хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож нийлүүлэгчид төлөхөөр тохиролцсон.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 11,443,400 төгрөг болон алданги 5,721,700 төгрөг, нийт 17,165,100 төгрөгийг МС ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МС ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015.05.05-ны өдөр БА ХХК -тай Барилгын гадна фасадны заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр тус компианийн барьж байсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Лондон амины орон сууцны гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч БА ХХК нь бидэнд ажлын хөлс төлөөгүй, тус материалыг барилгадаа ашигласан. БА ХХК нь мөнгөө өгвөл ПС ХХК -ийн мөнгийг төлөх болно. ПС ХХК нь 2015 онд байгуулсан гэрээний үүргийг одоо шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Манай компани нэхэмжлэгчээс бараа материал авч хувьдаа ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2015.06.17-ны өдрийн Бараа материал нийлүүлэх гэрээ, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Зарлагын баримт 4 ширхэг, ПС ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 3049 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.05.06-ны өдрийн хаяг тогтоосон албан бичиг зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас МС ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.05.05-ны өдрийн Барилгын гадна фасадны заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2015.07.23-ний өдрийн №2015/24 дугаар гэрээний хугацаа сунгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн байна.

Шүүхийн журмаар нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.14-ний өдрийн 102/ШЗ2018/07039 дугаар захирамжийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ПС ХХК нь хариуцагч МС ХХК холбогдуулан гэрээний үүрэгт 17,165,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ПС ХХК нь нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнэ 11,443,400 төгрөг, алданги 5,721,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч МС ХХК нь эс зөвшөөрч, бараа, бүтээгдэхүүнийг БА ХХК -ийн барилгад ашигласан, хөлс төлөөгүй учраас төлөх боломжгүй, 2015 оны гэрээний үүргийг одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

ПС ХХК нь МС ХХК -тай 2015.06.17-ны өдөр №31/2015 дугаар Бараа материал нийлүүлэх гэрээ-г байгуулж, нийлүүлэгч нь гэрээний хавсралтад заасны дагуу 19,975,780 төгрөгийг үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, захиалагч нь бараа, бүтээгдэхүүнийг татан авч, үнийг 2015.07.22-ны дотор багтаан төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 4-5 хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 

2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

2.1. Нэхэмжлэгч ПС ХХК нь гэрээний дагуу 2015.06.18-ны өдөр 1ш нь 89,900 төгрөгийн үнэ бүхий чулуут өнгөлгөө PS-N3002-ийг 70 ширхэгийг, PS-N3008-ийг 30 ширхэгийг, 2015.06.27-ны өдөр 1 ширхэг нь 2300 төгрөгийн үнэ бүхий 12 мм хар з/эмжээр 25 ширхэгийг, 1 ширхэг нь 9000 төгрөгийн үнэ бүхий э/цавуу 3 ширхэгийг, 2015.06.29-ний өдөр 1ш нь 89,900 төгрөгийн үнэ бүхий чулуут өнгөлгөө PS-N3002-ийг 50 ширхэгийг тус тус МС ХХК -д нийлүүлсэн болох нь Зарлагын баримт нийт 4 ширхэг, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, МС ХХК -ийн 2015.07.23-ны өдрийн №2015/24 тоот, Гэрээний хугацаа сунгах хүсэлт зэргийг тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6-8, 39 хуудас/

 

2.2. Хариуцагч МС ХХК нь гэрээний 3.5-д заасны дагуу нийлүүлсэн барааны үнийг 2015 оны 07-р сарын 22-ны дотор багтаан төлөх үүрэгтэй боловч 2015.06.27-ны өдөр 83,050 төгрөг, 2015.08.07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.03.29-ны өдөр 1,400,000 төгрөг тус тус төлж, нийт барааны төлбөрөөс 3,483,050 төгрөгийг барагдуулсан, үлдэгдэл 11,443,400 төгрөгийг төлөөгүй болох нь Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, МС ХХК -ийн 2015.07.23-ны өдрийн №2015/24 тоот, Гэрээний хугацаа сунгах хүсэлт зэргийг тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6, 39 хуудас/

 

3. Хариуцагч МС ХХК нь БА ХХК-тай 2015.05.05-ны өдрийн Барилгын гадна фасадны заслын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан А, Б блок амины орон сууцны 1-3 давхар барилгын гадна фасадны материалыг нийлүүлэх, ажил гүйцэтгэхээр тохиролцжээ. /хавтаст хэргийн 37-38 хуудас/

Хариуцагч МС ХХК нь ПС ХХК -иас худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнийг энэ гэрээний дагуу БА ХХК -д нийлүүлж, барилгын ажлыг гүйцэтгэхдээ ашигласан байдал нь бараа, бүтээгдэхүүнийг БА ХХК авсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь: МС ХХК нь БА ХХК-д гадна фасадны материалыг нийлүүлэх үүргийнхээ дагуу бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна.

Мөн үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээдэг тул хариуцагч МС ХХК -ийн бараа, бүтээгдэхүүнийг БА ХХК -ийн барилгад ашигласан, хөлс төлөөгүй учраас төлөх боломжгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

4. Хариуцагч МС ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ нь 2015 оны гэрээний үүргийг одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах агуулгатай тайлбарыг гаргаж байна.

ПС ХХК нь Баянгол дүүргийн шүүхэд МС ХХК -д холбогдуулан 17,165,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018.05.07-ны өдөр гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.05.14-ний өдрийн 102/ШЗ2018/07039 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 3049 дугаар шийдвэрээр ПС ХХК -ийн хүсэлтээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зоих этгээд болох МС ХХК -ийн захирал Ц.Амарсайханыг эрэн сурвалжилсан, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.05.06-ны өдрийн албан бичгээр дээрхи шийдвэрийн дагуу МС ХХК -ийн захирал Ц.Амарсайханы хаягийг тогтоож, Пирамид индастри ХХК-д мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 47-48, 10-11 хуудас/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсан. Хариуцагч МС ХХК нь гэрээний 3.5-д заасны дагуу нийлүүлсэн барааны үнийг 2015 оны 07-р сарын 22-ны дотор багтаан төлөх үүрэгтэй байсан боловч МС ХХК -ийн 2015.07.23-ны өдрийн №2015/24 тоот, Гэрээний хугацаа сунгах хүсэлт-ээр төлбөрийг 7 сарын 29-ны өдөр болтол хойшлуулсан тул Пирамид индастри ХХК-д 2015 оны 07 сарын 29-ны өдөр шаардах эрх үүссэн. Пирамид индастри ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д ...гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор зохицуулсны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.11.09-ний өдрөөс МС ХХК -ийн захирал Ц.Амарсайханы хаягийг тогтоосон 2022.05.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч МС ХХК нь төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй байна.

 

5. ПС ХХК -ийн МС ХХК -тай байгуулсан 2015.06.17-ны өдрийн №31/2015 дугаар Бараа материал нийлүүлэх гэрээ-ний 7.2-д Захиалагч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож Нийлүүлэгч талд төлнө гэж талууд алдангийн талаар тохиролцжээ.

Хариуцагч МС ХХК нь үнийг төлөх үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй буюу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч ПС ХХК нь дээрхи тохиролцооны дагуу алданги шаардах эрхтэй бөгөөд 11,443,400 төгрөгөөс 2015.07.29 - 2022.05.26-ны өдрийг хүртэл, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алдангийг тооцоолоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэх тул Иргэний хуулийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар алданги 5,721,700 төгрөгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч ПС ХХК -ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч МС ХХК -иас бараа бүтээгдэхүүний үнэ 11,443,400 төгрөгийг, алданги 5,721,700 төгрөгийг, нийт 17,165,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПС ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч МС ХХК -иас 17,165,100 /арван долоон сая нэг зуун жаран таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПС ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ПС ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,776 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монсоурс" ХХК-иас 243,776 /хоёр зуун дөчин гурван мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ПС ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА