Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00486

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00486

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03060 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 17,165,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А ХХК нь Б ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээг байгуулж, захиалагчид 19,975,780 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу Б ХХК-ийн захиалгын дагуу чулуут өнгөлгөө, эмжээр, эмжээрийн цавуу, хөөсөнцөр гэх мэт нийт 14,926,450 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэвч захиалагч Б ХХК нь дээрх нийт барааны төлбөрөөс 3,483,050 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 11,443,400 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй.

Гэрээний 3.5, 3.6-д зааснаар төлбөрийг сард 2 удаа 15, 30-ны өдрүүдэд төлөх, барааны үнийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор багтаан төлөх үүрэгтэй бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 7.2-д зааснаар хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 11,443,400 төгрөг, алданги 5,721,700 төгрөг, нийт 17,165,100 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани 2015 оны 05 дугаар 05-ны өдөр Буурал алтай ХХК-тай барилгын гадна фасадны заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр тус компанийн барьж байсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах Лондон амины орон сууцны гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч Буурал алтай ХХК нь бидэнд ажлын хөлс төлөөгүй, тус материалыг барилгадаа ашигласан. Буурал алтай ХХК нь мөнгөө өгвөл А ХХК-ийн мөнгийг төлөх болно. А ХХК нь 2015 онд байгуулсан гэрээний үүргийг одоо шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Манай компани нэхэмжлэгчээс бараа материал авч хувьдаа ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 17,165,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 243,776 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. А ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Бараа материал нийлүүлэх гэрээ-ний дагуу нийт 14,926,450 төгрөгийн бараа материал нийлүүлсэн гэх боловч тус бараа материалуудыг манай компани огт хүлээн авч, ашиглаагүй.

Манай компани нь Буурал алтай ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Барилгын гадна фасадны заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу А ХХК-аас гадна фасадын заслын ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалуудыг нийлүүлсэн буюу нийт 14,926,450 төгрөгийн үнэ бүхий бараа материалуудыг Буурал алтай ХХК нь авч ашигласан болно. Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар манай компани 2022 оны 11 дүгээр сарын 22- ны өдөр Буурал алтай ХХК-ийн захирал З.Мөнхтуяаг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдолгүй хэмээн хариуцагч талд хэргийн бодит нөхцөл байдлыг нотлох боломж олгохгүйгээр, хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Шүүхээс хэргийн нотлох баримт болох 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №003025, №003028, 2015 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдийн нийт 4 зарлагын баримтыг үндэслээд "Нэхэмжлэгч А ХХК нь Б ХХК-д нийлүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талын бараа материалуудыг барилгын талбайд нийлүүлсэн гэх 2015 оны 06 дугаар сарын 18, 27, 28-ны өдрүүдэд манай компаниас барилгын талбайд хүн байгаагүй бөгөөд дээрх бараа материалуудыг хүлээж авч, гарын үсэг зурж байгаагүй. Мөн тус 4 зарлагын баримтуудын хүлээн авагч гэх хэсэгт манай компанийн зүгээс гарын үсэг зураагүй, хэн хүлээн авсан нь тодорхойгүй байхад шүүхээс үүнийг хариуцагч бараа материалыг хүлээн авсан нь тогтоогдож байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу манай компани нь А ХХК-аас нийт 14,926,450 төгрөгийн үнэ бүхий бараа, материалуудыг 2015 оны 06 дугаар сарын 18, 27, 28-ны өдрүүдэд огт хүлээн авч, ашиглаагүй гэдгээ нотлох, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулах гэсэн боловч шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр манай компанийг гэрч асуулгаж, өөрсдийн гаргасан тайлбараа нотлох боломжоор хангаж өгөөгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

А ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Бараа материал нийлүүлэх гэрээ-ний дагуу бараа материалуудыг нийлүүлсэн. Тухайн нийлүүлсэн бараа материалыг захиалагчийн гэрээнд бичигдсэн албан ёсны хаяг, утасны дугаар зэргээр захиалга өгсөн хүнд санхүүгийн зарлагын баримт үйлдэж хүлээлгэн өгдөг. Тухайн бараа материалыг хүлээж авсан тухай, манай компанийг төлбөртэй болох талаар хариуцагч Б ХХК-ийг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрээний хугацаа сунгах хүсэлтийг албан бичгээр ирүүлсэн.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 17,165,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ХХК болон Б ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Бараа материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр А ХХК нь 19,975,780 төгрөгийг үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, Б ХХК нь бараа, бүтээгдэхүүнийг татан авч, үнийг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор багтаан төлөх үүргийг тус тус хүлээжээ /хх 4-5/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

3.1. А ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 18, 2015 оны 06 дугаар сарын 27, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрүүдэд гэрээнд заасны дагуу 14,926,450 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг Б ХХК-д хүлээлгэн өгсөн, үүнээс Б ХХК нь 3,483,050 төгрөгийг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.2. Хариуцагч Б ХХК нь 14,926,450 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг А ХХК-иас хүлээн аваагүй гэж маргаж буй боловч 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 4 удаагийн бараа нийлүүлэлт хийгдсэний дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 2015/24 тоот албан бичгээр хүлээн авсан барааны төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасныг дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ /хх 39/.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан барилгын материалыг Буурал алтай ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн компанийн барилгын гадна фасадны ажилд ашигласан тул одоо нэхэмжилж буй төлбөрийг Буурал алтай ХХК хариуцна гэж тайлбарласан. Үүнийг анхан шатны шүүх үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

А ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийг Буурал алтай ХХК хариуцан төлөх талаарх хэлцэл хийгдээгүй тул энэхүү маргаанд Б ХХК-ийн Буурал алтай ХХК-тай байгуулсан гэрээний харилцаа хамаарахгүй.

 

3.3. Иймд барилгын материалыг хүлээн аваагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх төлөгдөөгүй барилгын материалын үнэ 11,443,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

3.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2018/07039 дугаар захирамжаар А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03049 дугаар шийдвэрээр хариуцагч компанийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт нийцжээ /хх 10/.

 

3.5. Мөн зохигчийн хооронд байгуулсан гэрээний маргаанд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Буурал алтай ХХК-ийн захирал З.Мөнхтуяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг тухайн шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2022/16232 дугаар захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Талуудын байгуулсан гэрээний 7.2 дахь хэсэгт Захиалагч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож нийлүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах, мөн алдангийг тооцохдоо хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь төлбөр төлөх хугацааг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу түүнээс гүйцэтгээгүй үүрэг болох 11,443,400 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 5,721,700 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй болжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,776 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ