Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/02338

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 18 181/ШШ2022/02338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МОГ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МП ХХК -д холбогдох,

Гэрээний үүрэгт 238,206,000 төгрөг, алданги 35,730,300 төгрөг, нийт 273,936,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МОГ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2017.03.27-ны өдөр МП ХХК-тай №3Г-17-14 дугаар Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр худалдагч тал нь ОХУ-ын ГОСТ болон евро олон улсын стандартын шаардлага хангасан нийт 160,950 литр дизель түлшийг, нэг литрийг 1480 төгрөгөөр тооцон, худалдан авагч талд бөөнд нь зээлээр худалдах үүргийг хүлээн нийлүүлсэн ба худалдан авагч тал нь 2017.12.31-нийг хүртэл гэрээний хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

Манай компани нь 2017.03.28-ны өдөр 94,601,600 төгрөгийн, 2017.03.29-ны өдөр 134,724,400 төгрөгийн, 2017.04.27-ны өдөр 8,880,000 төгрөгийн нийт 238,206,000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлсэн.

Хариуцагч төлбөрийг төлөөгүй тул 2018.03.01-ний өдөр гэрээний үндсэн төлбөр 238,206,000 төгрөг, алданги 197,487,070 төгрөг, нийт 435,693,070 төгрөгийн нэхэмжлэлийг хүргүүлсэн. Хариуцагч МП ХХК нь манай компанид санал гаргаж хоёр тал хамтарсан уулзалт хийх авлагын тухай хурлын протокол үйлдэн 2018.05.01-ний дотор МП ХХК нь үндсэн төлбөр 238,206,000 төгрөг, үндсэн төлбөрийн 15%-аар алданги тооцож алданги 35,730,300 төгрөг, нийт 273,936,900 төгрөгийг төлж дуусгахаар шийдвэрлэсэн юм.

Хариуцагч МП ХХК-тай удаа дараа холбогдож шаардлага хүргүүлсэн боловч төлнө гэсээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй ковид-19 цар тахлын үед уг хугацаагаар гэрээний үүргийг хойшлуулсан боловч төлөөгүй тул үндсэн төлбөр 238,206,000 төгрөг, алданги 35,730,300 төгрөг, нийт 273,936,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч "МП ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нийлүүлсэн дизель түлшийг манай байгууллагаар дамжуулж Дизель транс ХХК авч иргэдэд худалдан борлуулж орлого олсон. Тодруулбал, МП ХХК нь 200,000 литр түлш буюу 296,000,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Дизель транс ХХК-д нийлүүлсэн боловч үндсэн төлбөрийг өгөлгүй өдий хүрч байгаа ба харилцан зөвшилцөлд хүрэхгүй байсан тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж улмаар 2021.02.16-ны өдөр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 178 дугаартай тогтоолыг гаргасан. Дизель транс ХХК-ний захирал О.Жаранбаяр нь МОГ ХХК-иас авсан түлшнийхээ төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж манай компанид мэдэгдэг.

Нэхэмжлэгч "МОГ ХХК-иас авсан түлшний үнийг Дизель транс ХХК нь хариуцах ёстой тул манай компани 2017.03.27-ны өдөр байгуулагдсан "Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийг төлж барагдуулах боломжгүй юм.

Талууд "Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээг 2017.03.27-ны өдөр байгуулж, 2018.03.02-ны өдөр тооцоо нийлж гэрээний үүргийг 2018.05.01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгч "М Ойл групп" ХХК-ний гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуулийн боломжит хугацаа 2021.05.01-ний өдөр дуусгавар болсон байхад хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2022.05.18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас МОГ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, МП ХХК-тай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ-17-14 дүгээр Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №03/02-01 дүгээр Хурлын протокол, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн МОГ ХХК болон МП ХХК-ийн хоорондын №ЗГ-17-14 тоот гэрээний тооцоо нийлсэн акт, МОГ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Нэхэмжлэх зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас МП ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, МП ХХК болон Дизель транс ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/0326 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ", 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/2 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ", 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн МД/3 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ", 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/03 дугаар Харилцан нууц хадгалах гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №17/3 дугаар "Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн МД/0326 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/", О.Жаранбаярын МП ХХК-д гаргасан хүсэлт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/160 тоот Хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4/404 дугаар Хариу мэдэгдэх хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МОГ ХХК нь хариуцагч МП ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 238,206,000 төгрөг, алданги 35,730,300 төгрөг, нийт 273,936,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч МП ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, худалдан авсан шатахууны үнийг Дизель транс ХХК хариуцан төлөх ёстой, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. МОГ ХХК нь МП ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ-17-14 дүгээр Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, гэрээний дагуу ОХУ-ын ГОСТ шаардлага болон евро олон улсын стандартын шаардлага хангасан шатахууныг нийлүүлэх, худалдан авагч нь шатахууныг хүлээн авсан өдрөөс 30 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 9-11 хуудас/

Гэрээний агуулга, зорилгын хувьд дүгнэн үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

2.1. Гэрээний дагуу МОГ ХХК нь 2017.03.28, 2017.03.29, 2017.04.27-ны өдрүүдэд нийт 160,950 литр шатахууныг МП ХХК-д нийлүүлсэн, МП ХХК нь шатахууны үнэ болох 238,206,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо баталгаажуулан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №03/02-01 дүгээр Хурлын протокол, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ-17-14 тоот гэрээний тооцоо нийлсэн акт зэргийг үйлдсэн байна. /хавтаст хэргийн 7-8 хуудас/

 

2.2. Хариуцагч МП ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түлшний үнийг Дизель транс ХХК хариуцан төлөх ёстой гэж маргаж, гэрээний дагуу нийлүүлэх шатахууныг Дизель транс ХХК нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж тайлбарлаж, энэхүү тайлбараа нотлохоор дараахи баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

МП ХХК нь Дизель транс ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/0326 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/2 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн МД/3 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/03 дугаар Харилцан нууц хадгалах гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №17/3 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн МД/0326 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ/ зэргийг байгуулж, МП ХХК нь зуны дизель түлшийг Улаанбаатар хот дахь өөрийн агуулахаас нийлүүлэх, Дизель транс ХХК нь МП ХХК-д түлшний үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. /хавтаст хэргийн 36-44 хуудас/

Эдгээр баримтаас үзэхэд МП ХХК нь Дизель транс ХХК-д шатахуун худалдсан байх бөгөөд МОГ ХХК-иас худалдан авсан шатахуунаа Дизель транс ХХК-д худалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.

Хариуцагч МП ХХК нь Дизель транс ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дээрхи гэрээнүүдийг байгуулж, нэхэмжлэгч МОГ ХХК-иас гэрээний дагуу нийлүүлэх шатахууныг Дизель транс ХХК-иар авхуулсан буюу нэхэмжлэгч МОГ ХХКшатахууныг Дизель транс ХХК-д хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгч МОГ ХХК-тай шатахуун хүлээн авснаа хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн байдал, Дизель транс ХХК-иас нийлүүлсэн түлшнийхээ мөнгийг шаардаж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байдал зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 45-48 хуудас/

 

Иймд дээрхи хуульд заасны дагуу МОГ ХХК-ийг МП ХХК-д шатахуун нийлүүлэх үүргээ гүйцэтгэсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч МП ХХК-иас шатахууны үнэ 238,206,000 төгрөгийг гаргуулж МОГ ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

3. Алдангийн тухайд,

 

3.1. Гэрээний 4.1-д Худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны төлбөрийг Худалдагч талд бүтээгдэхүүн хүлээн авснаас 30 хоногийн дотор дараахи дансанд төлнө гэж заасны дагуу МП ХХК нь шатахууныг 2017.03.28, 2017.03.29, 2017.04.27-ны өдрүүдэд хүлээн авсан тул шатахууны үнэ нийт 238,206,000 төгрөгийг 2017.05.27-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч МП ХХК нь үнийг төлөх үүргээ гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй буюу 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

3.2. Гэрээний 4.2-д Худалдан авагч нь шатахууны төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэж талууд тохиролцжээ.

Иймд нэхэмжлэгч МОГ ХХК нь гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.

 

3.3. Талууд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №03/02-01 дүгээр Хурлын протокол-оор үндсэн төлбөр /238,206,000 төгрөг/-ийн 15 хувиар тооцож алданги 35,730,900 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч МП ХХК-иас алданги 35,730,900 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд,

 

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №03/02-01 дүгээр Хурлын протокол-оор МП ХХК нь үндсэн төлбөр болон алданги 273,936,900 төгрөгийг 2018.05.01-ний дотор төлөхөөр тохиролцсон.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч МОГ ХХК-д 2017.05.27-ны өдөр шатахууны төлбөрийг шаардах эрх үүссэн боловч дээрхи Хурлын протокол-оор МП ХХК төлбөрийг 2018.05.01-ний дотор төлөхөөр тохиролцсон, талууд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ...үүрэг хүлээсэн этгээд ...баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу 2018.11.22-ны өдрөөс 3 жилийн хугацааг тоолох боловч талууд гэрээний 6.1, 6.2-д тахал-ыг гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалд тооцож, уг нөхцөл байдлыг арилах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа сунгагдахаар тохиролцсон байна. Энэхүү гэрээний хугацаа сунгагдахаар тохиролцсон байдал нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэгдэх хугацаа сунгагдах агуулгатай тул хариуцагч МП ХХК-ийн шатахууны төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа Коронавируст цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бүх хугацаа /83 хоног/-гаар хойшлогдсон гэж үзэх үндэслэлтэй тул хөөн хэлэлцэх хугацаанаас уг хугацаа хасагдаж тооцогдоно. Мөн МОГ ХХК нь 2022.02.16-ны өдөр МП ХХК-д төлбөрийн Нэхэмжлэх хүргүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул хариуцагч МП ХХК нь шатахууны төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй байна.

 

5. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч МП ХХК-иас шатахууны үнэ 238,206,000 төгрөг, алданги 35,730,900 төгрөг, нийт 273,936,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МОГ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч МП ХХК-иас 273,936,900 /хоёр зуун далан гурван сая есөн зуун гучин зургаан мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МОГ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар МОГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,527,635 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МП ХХК-иас 1,527,635 /нэг сая таван зуун хорин долоон мянга зургаан зуун гучин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МОГ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА