Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00083

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00083

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02338 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 273,936,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь 2017 оны 03 сарын 27-ны өдөр *** ХХК-тай №*** тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр худалдагч тал нийт 160,950 литр дизель түлшийг нэг литрийг нь 1,480 төгрөгөөр тооцон худалдан авагч талд зээлээр худалдах, худалдан авагч тал 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөр төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу нийт 238,206,000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлсэн. Хариуцагч төлбөрийг төлөөгүй тул 2018 оны 03 сарын 01-ний өдөр гэрээний үндсэн төлбөр 238,206,000 төгрөг, алданги 197,487,070 төгрөг, нийт 435,693,070 төгрөгийн нэхэмжлэх хүргүүлсэн. Хариуцагч *** ХХК-аас гаргасан саналын дагуу 2018 оны 05 сарын 01-ний өдрийн дотор үндсэн төлбөр 238,206,000 төгрөг, алданги 35,730,300 төгрөг, нийт 273,936,900 төгрөгийг төлж дуусгахаар шийдвэрлэсэн. Ковид-19 цар тахлын үед уг хугацаагаар гэрээний үүргийг хойшлуулсан боловч төлбөрөө төлөөгүй тул хариуцагчаас 273,936,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын нийлүүлсэн дизель түлшийг манай байгууллагаар дамжуулж *** ХХК авч, худалдан борлуулж, орлого олсон. Тодруулбал, *** ХХК нь 200,000 литр түлш буюу 296,000,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг *** ХХК-д нийлүүлсэн боловч үндсэн төлбөрийг төлөлгүй өдийг хүрсэн. Улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, 2021 оны 02 сарын 16-ны өдөр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 178 дугаартай тогтоол гарсан. *** ХХК-ийн захирал *** нь *** ХХК-аас авсан түлшнийхээ төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч *** ХХК-аас авсан түлшний үнийг *** ХХК нь хариуцах ёстой тул манай компани тус гэрээний үүргийг төлж барагдуулах боломжгүй. Талууд "Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г 2017 оны 03 сарын 27-ны өдөр байгуулж, 2018 оны 03 сарын 02-ны өдөр тооцоо нийлж, гэрээний үүргийг 2018 оны 05 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** ХХК-аас 273,936,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,527,635 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-аас 1,527,635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тооцно хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүхий харилцаа тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр дүгнэж буй нь алдаатай байна. Талуудын хооронд Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 03 сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар байгуулагдсан байхад 2022 оны 12 сарын 16-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах үе хүртэлх хугацааны турш хүчинтэй мэтээр тайлбарлан, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2 жил дараа бий болсон Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбож гэрээний хугацааг үргэлжлэх мэтээр тайлбарласан нь алдаатай. Хавтаст хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх баримт авагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нотлох баримт байхгүй байхад хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан хэмээн дүгнэж буй нь алдаатай байна.

4.б. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл тус гэрээний дагуу *** ХХК-д бодитоор ямар ч түлш нийлүүлж хүлээлгэн өгөөгүй байхад нэхэмжлэгчийг шаардах эрхтэй хэмээн үзэж буй нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн үнэн бодит байдлыг тогтоох зарчим, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр алдаа дутагдалтай гарсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн судалж, хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоож, хэрэглэвэл зохих материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, зөвхөн хуулийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхээс зөв тоолсон. Учир нь *** ХХК 2018 оны 11 сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актад төлбөрийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Мөн талуудын хооронд байгуулсан Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6.1, 6.2 дахь хэсэгт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар дурдсан бөгөөд үүнд тахал гэсэн хэсэг байгаа бөгөөд үүнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал мөн гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг сунгагдахаар тохиролцсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэрээний дагуу бодитоор дизель түлшийг аваагүй гэж маргасан. Нефтийн бүтээгдэхүүнийг *** ХХК-д манай шатахуун түгээх станцуудаас гарсан баримтууд байна. Мөн *** ХХК нь шатахууныг хүлээн авсан тухай тооцоо нийлж, тооцооны баталгааны акт үйлдэж, гарын үсэг зурсан нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд шатахуун аваагүй гэж маргасан нь үндэслэлгүй. Харин *** ХХК-д *** ХХК нь худалдан борлуулсан асуудал байна гэж бодож байна. Иймд хариуцагчийн талын гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн дизель түлшний үнэ 238,206,000 төгрөг, алданги 35,730,300 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /хх 1-2/

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн нийлбэр 273,936,300 төгрөг байх боловч нэхэмжлэгч 273,936,900 төгрөгийг шаардаж, уг дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжийг төлжээ. /хх 5/

Хариуцагч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг ...дизель түлшийг хүлээн аваагүй, дизель түлшний төлбөрийг *** ХХК хариуцах ёстой, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 34-35/

 

3.   Талууд 2017 оны 03 сарын 27-ны өдөр №*** тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр *** ХХК 200,000 литр нефтийн бүтээгдэхүүнийг нэг литр тутмыг нь 1,480 төгрөгөөр нийлүүлэх, *** ХХК нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг нь төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 9-11/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   Талууд 2018 оны 03 сарын 02-ны өдөр хуралдаж *** ХХК үндсэн төлбөр 238,206,000 төгрөг, алданги 35,730,900 төгрөг, нийт 273,936,900 төгрөгийн төлбөрийн үүргийг *** ХХК-ийн өмнө хүлээсэн болохыг тодорхойлсон байна. /хх 7/

Үүний дараа талууд 2018 оны 11 сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж *** ХХК нь 2017 оны 04 сарын 30-ны өдрийн байдлаар *** ХХК-д нийт 238,206,000 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан байна. /хх 8/

Түүнчлэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын гаргасан ...Ковид-19 цар тахлын үед танайх руу утсаар холбогдоход ... хөл хорио дуусахаар мөнгөө өгнө гэсэн хариуг хэлдэг байсан гэсэн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй байна. /хх 58-59/

Дээрх бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар ...дизель түлшийг хүлээн аваагүй, дизель түлшний төлбөрийг *** ХХК хариуцах ёстой... гэх хариуцагч талын тайлбар няцаагдаж байна. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагч *** ХХК-аас дизель түлшний үнэ 238,206,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.   Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ.

Өмнө дурдсан хурлын протокол, тооцоо нийлсэн акт, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 03 сарын 02-ны өдөр, 2018 оны 11 сарын 22-ны өдөр, 2019 оны 12 сард тус тус тасалдсан гэж дүгнэхээр байна.

Иймд ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.   Талуудын хооронд 2017 оны 03 сарын 27-ны өдөр байгуулагдсан №*** тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2-т шатахууны төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх нөхцөлийг тусгасан байна.

Гэсэн хэдий ч талууд өмнө 2018 оны 03 сарын 02-ны өдрийн хурлын протоколоор тодорхойлсон нийт 273,936,900 төгрөгийн төлбөрийн үүргийг хожим 2018 оны 11 сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өөрчилж нийт 238,206,000 төгрөгийн төлбөрийн үүргийг тодорхойлсон, уг дүнд алданги багтаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан 35,730,300 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02338 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...273,936,900 /хоёр зуун далан гурван сая есөн зуун гучин зургаан мянга есөн зуун/... гэснийг ...238,206,000... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...1,527,635 /нэг сая таван зуун хорин долоон мянга зургаан зуун гучин таван/... гэснийг ...1,348,980... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 1,527,635 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР