Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00054

 

2022 оны 00 сарын 00 өдөр  Дугаар 102/ШШ2023/0000              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х....,

Нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч “...” ХХК-ийн төлөөлөгч Д.... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох “...” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах ....кв талбайтай контор үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ....кв талбайтай, нэгж талбарын ... дугаартай, контор, үйлдвэрлэлийн зориулалтай эзэмших эрхийн газар үнэлгээ хийсэн шинжээч “...” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээтэй 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлээр гаргаж байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-т “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, мөн хуулийн 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” гэж заасан. Гэтэл хөрөнгөд үнэлгээ хийсэн “...” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний тайлан нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг нь огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаараа үнэлгээний тайландаа тусгаагүй. Ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд барьцааны хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитойгоор тогтоогоогүй буюу хамаагүй бага үнэлсэн байна. Иймд үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг 3,227,321,088 төгрөг гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул ... дугаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шинжээч үнэлгээ хийхдээ зах зээлийн хандлагын аргыг хоёр ба түүнээс дээш үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах хуульд заасан шаардлагыг хангаагүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь тухайн үнэлгээгээр харьцуулж буй хөрөнгүүдтэй ямар адил шинж чанартай байгаа гэдэг нь харагдахгүй, 22-ын товчоонд байрлалтай харьцуулсан нэг объектын хувьд зориулалт нь тодорхойгүй, газар нь жижиг байхад адилтган харьцуулсан нь ойлгомжгүй ба харьцуулж буй хөрөнгүүдийн мэдээлэл маш дутуу, эзэмших эрхийн хугацаа нь тодорхойгүй байсан. Засгийн газрын 182 дугаар тогтоолоор тухайн газрын үнэлгээний доод хэмжээг тогтоосон байдаг. Үнэлгээ хийж буй “...” ХХК-ийн эзэмшлийн газрыг Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтын дагуу Баянгол дүүргийн бүсэд хамруулахдаа тухайн газар нь үйлдвэр, үйлчилгээний зориулалттай байхад нефтийн 7 дугаар бүсэд хамруулсан байна. Тухайн бүсэд тогтоогдсон суурь үнэлгээ нь 121,600 төгрөг байдаг. Манай газар худалдаа, бүх төрлийн үйлчилгээний газарт хамаарах ёстой байсан. Уг 121,600 төгрөгөөр мөн тооцохдоо үнэлгээчин нь алдаа гаргасан. Тодруулбал ....кв талбайг суурь үнэ 121,600 төгрөгөөр тооцвол 656,396,800 төгрөг гарах ёстой байтал үнэлгээний тайланд 656,369,800 төгрөг гэж алдаатай гаргасан байна. Мөн харьцуулсан объектууд ямар шинж чанараараа “...” ХХК-ийн объекттой адил байгааг ойлгохгүй байна. Иймд эдгээр үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэв.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар захирамжаар “...” ХХК, Д...., Д.... нараас 970,294,077 төгрөгийг гаргуулж “...” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “...” ХХК, Д...., Д.... нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул “...” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах, ....кв талбайтай Контор, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын ... дугаарта бүртгэлтэй, нэгж талбарын ... дугаартай ....кв талбайтай газрыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .../05 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн .../07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 3,227,321,088 төгрөгөөр үнэлсэн болохыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О....д мэдэгдсэн. Төлбөр төлөгч “...” ХХК, Д...., Д.... нар нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, төлбөр төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шинжээч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэгтээ харьцуулсан хөрөнгүүд хэмжээгээр бага байгааг хэрхэн тооцсон талаараа тайлбарласан байгаа...гэв.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар /хх-10-12/, тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас /хх-13/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ... дугаар шүүгчийн захирамж /хх-14/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-15/, Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар мэдэгдэл /хх-16/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... тоот гүйцэтгэх хуудас /хх-26/, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар захирамж /хх-27-29/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ... дугаар захирамж /хх-30/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-31/, “...” ХХК-ийн ...т хандан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийг хүссэн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар хүсэлт /хх-32/, “...” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай ....кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээ /хх-33/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээ /хх-34/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд /хх-35, 37, 39, 42, 51, 56, 58/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд /хх-36, 38, 45/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .../05 дугаар тогтоол /хх-40-41/, Эд хөрөнгө хураах тухай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн .../07 дугаар тогтоол /хх-43-44/, “...” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлт /хх-46/, Д...., Д.... нарын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлт /хх-47/, “...” ХХК, Д.... нарын төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-48-49/, ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П....гийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч томилуулах тухай хүсэлт /хх-50/, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээч томилох тухай ... дугаар тогтоол /хх-52-54/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар акт /хх-55/, Төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ..., ... дугаар мэдэгдлүүд /хх-57-59/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-60-84/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

 5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээ хийсэн “...” ХХК-ийн үнэлгээчин С....ыг гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /хх-91, 105-107/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч “...” ХХК-ийн ...т холбогдуулан гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч “...” ХХК-ийн үнэлгээчин нь төлбөр төлөгч “...” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газар зэргийг зах зээлийн үнэ ханшийг тогтоож дүгнэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй, энэ талаар үнэлгээний тайланд огт тусгаагүй, ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй, газрын суурь үнийг тогтоохдоо тооцооллын алдаа гаргасан, зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй, бага үнэлсэн учир хүчингүй болгуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Төлбөр төлөгч нь төлбөрөө барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна...” гэж тайлбарлан маргасан.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, битүүмжлэгдсэн болон хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцсон үнэлгээчин С....ын гэрчийн мэдүүлэг, мөн зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч “...” ХХК, Д...., Д.... нар 970,294,077 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгч “...” ХХК-д төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор хувааж төлөх, төлбөрийг графикийн дагуу барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох ... улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, ....кв талбайтай, Контор, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... гэрчилгээний дугаартай, мөн хаягт байрлах ....кв талбайтай, ... нэгж талбарын дугаартай, Контор, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч “...” ХХК, Д...., Д.... нарын бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.2.Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлээгүйн улмаас “...” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, ... дугаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

4.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .../05 Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн .../07 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураажээ.

4.5.Барьцааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр “...” ХХК-ийг томилон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.

4.6.Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар тогтоолоор томилогдсон шинжээч “...” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар дүгнэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан “...” ХХК-ийн өмчлөлийн ....кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй ....кв талбай бүхий газар зэргийг нийт 3,227,321,088 /гурван тэрбум хоёр зуун хорин долоон сая гурван зуун хорин нэгэн мянга наян найман/ төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт албан бичгээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгджээ.

4.7.Нэхэмжлэгч “...” ХХК нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр “...” ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна. 

6.Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч “...” ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна.

Мөн үнэлгээ хийсэн шинжээч С.... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “...” ХХК-ийн байранд очиж үзлэг хийж, фото зургаар баталгаажуулсан. Тухайн эзэмших эрхтэй газар болон бие даасан контор, үйлдвэрлэлийн зориулалттай 1-3 давхар, доороо Б1 давхартай, газартай. Газар дээрээ тусгай бие даасан объекттой газрыг үзсэн. Тус объектын 2-3 давхар нь ажиллаагүй цоожтой, 1 давхарт нь махны үйлдвэр байсан. Объектын хийц нь бетон цутгамал суурьтай, төмөр бетон өрөгт бүтээц, блок дүүргэгчтэй, хөөсөнцрөөр дулаалж, тор тавьж, шавардаж 2 талдаа эмульсээр өнгөлсөн, вакум цонхтой, конторын болон үйлчилгээний зориулалттай барилга байсан. Тухайн газар нь Баянгол дүүргийн ....-д байрлалтай буюу бидний хэлж заншсанаар 4 дүгээр цахилгаан станцын баруун хойно байрлалтай байсан. ...тус объектыг 2 аргаар үнэлсэн. Нэг арга болох өртгийн аргаар контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилга 2,288,387,840 төгрөг болсон. Үүнд эзэмших эрхтэй газрыг үнэлсэн. Газрыг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу Баянгол дүүргийн ... бүсэд оруулж үнэлсэн. Дараагийн арга нь Зах зээлийн хандлагын арга байсан бөгөөд тухайн зарлагдсан мэдээллийн сангаас 3-аас дээш мэдээллийг авч жишнэ гэж Үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу ....мн, ....мн сайтаас тухайн объекттой ижил төстэй, нэг дүүрэгт байгаа үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгуудыг сонгосон. ...үүнээс байршлын тохируулга, барилгын хийцийн конструкц тохируулга, чанар байдлын тохируулга, шугам сүлжээний итгэлцүүр зэргийг оруулсан. Мөн газрын талбайн хэмжээ итгэлцүүр бий. Ийнхүү 1 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэ 2,801,494 төгрөг буюу ....кв үл хөдлөх талбайд оруулж үнэлэхэд 3,227,321,888 төгрөгөөр үнэлсэн. Зарлагдсан объектууд бүгд бие даасан бөгөөд газартай хамт зарагдахаар байх тул газар, үл хөдлөх хөрөнгийг хамтад нь оруулсан. ...Шинж чанараар гоц гойд зүйл объектод байгаагүй гэдгийг дурдсан байгаа. ...Итгэлцүүр дээр хөрөнгүүдийг тодорхойлж, нэмж хассан байгаа. Байршлыг тодорхойлох итгэлцүүр гэж байгаа. Сонгон авсан объектуудын байршил хоёр нь өөр, нэг нь адилхан. Байршил өөр байсан тул 0,95 гээд багасгаж өгсөн. Энэ нь байршлын онцлог болж байна. ...Хийц конструкц гэхээр хөрөнгүүдийг бүгд үйлдвэрлэлийн зориулалттай гэдгээр авсан. ...Жижиг томоосоо шалтгаалахгүйгээр бие даасан газартай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, хийц нь адил гэх утгаар авсан. ...харьцуулсан хөрөнгүүдийн газрын хэмжээ бага байсан тул итгэлцүүрээр нэмж өгсөн. ...Газрын талбайн итгэлцүүр гэж байгаа, тэрийг нэмсэн...гэж тайлбарласан байна.

8.Нэхэмжлэгч “...” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг “зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг огт судлаагүй, үндэслээгүй, энэ талаар үнэлгээний тайланд огт тусгаагүй, ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар зэргийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байна.

9.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шинжээч эзэмших эрх бүхий газрын суурь үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 2018 оны 82 дугаар тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний 3 дугаар хавсралтын 5 дугаар бүсийн “Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ”-ний газарт хамаарахаар байхад “Нефтийн бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц”-д хамааруулж үнэлсэн гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

10.Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний бүсийн зэрэглэл, 1 га газрын суурь үнэлгээг тогтоосон байна. Шинжээч “...” ХХК-ийн үнэлгээчин С.... нь маргаан бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах ....кв талбай бүхий “...” ХХК-ийн эзэмших эрхтэй газрын суурь үнэлгээг 1 м.кв талбайг 121,600 төгрөгөөр үнэлсэн тухай тайланд болон шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ тайлбарласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан “Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ”-ний зориулалт бүхий газрын суурь үнэлгээ 1 га газар 1,088,000 төгрөг, 1 м.кв талбай 108,800 төгрөг болохоор байх ба шинжээчийн үнэлгээнд ашигласан суурь үнэ 1 га газар 1,216,000 төгрөг буюу 1 м.кв талбай 121,600 төгрөг байгаа нь шинжээч илүү өндөр суурь үнэлгээг ашигласан гэж дүгнэхээр байна.

11.Газрын суурь үнэлгээг тооцохдоо шинжээч тооцооллын алдаа гаргаж 656,396,800 төгрөг гаргахыг 656,369,800 төгрөг гэж алдаатай бичсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар нь тухайн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

12.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “...” ХХК-ийн хариуцагч ...т холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах, ....кв талбайтай Контор, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын ... дугаарта бүртгэлтэй, нэгж талбарын ... дугаартай ....кв талбайтай газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА