Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00573

 

О- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00054 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Марал-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00897 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох О- ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс хороолол, нөхөрлөл гудамж, 41 тоот хаягт байрлах 1,152 м.кв талбайтай контор үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205054297 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 5,398 м.кв талбайтай, нэгж талбарын 1681800271 дугаартай, эзэмших эрхийн газарт үнэлгээ хийсэн шинжээч Б- ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг нь огт судлаагүй, үндэслээгүй, тэр талаараа үнэлгээний тайландаа тусгаагүй. Ижил төстэй барилгуудтай харьцуулан жиших шаардлагыг хангаагүй үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд барьцааны хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитойгоор тогтоогоогүй буюу бага үнэлсэн байна. Иймд үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг 3,227,321,088 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар захирамжаар О- ХХК, Д.Г-, Д.Б- нараас 970,294,077 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч О- ХХК, Д.Г-, Д.Б- нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул О- ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын Ү-2205054297 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс хороолол, Нөхөрлөл гудамж, 41 тоот хаягт байрлах, 1,152 м.кв талбайтай контор, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 5,398 м.кв талбайтай газрыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхэд 3,227,321,088 төгрөгөөр үнэлсэн ба талуудад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Төлбөр төлөгч О- ХХК, Д.Г-, Д.Б- нар нь шүүхийн шийдвэрээр гаргуулсан төлбөрийг төлж барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч О- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс хороолол, Нөхөрлөл гудамж, 41 тоот хаягт байрлах, 1,152 м.кв талбайтай Контор, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын Э-2205000588 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1681800271 дугаартай 5,398 м.кв талбайтай газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй ..., ... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газар зэргийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй .. гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрын суурь үнэлгээ хэд байх талаар Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг шүүхэд гаргаж өгсөн боловч түүнийг үнэлээгүй. Мөн үндэслэх хэсгийн 11-т Газрын суурь үнэлгээг тооцохдоо шинжээч тооцооллын алдаа гаргаж 656,396,800 төгрөг гэж гарахыг 656,369,800 гэж алдаатай бичсэн нь тухайн үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий газрыг ... Хан-Уул дүүргийн 7 дугаар бүсчлэлийн газар бөгөөд нефтийн бүтээгдэхүүний агуулахын зориулалттай ... /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ гэж тодорхойлсон байна. Гэтэл тухайн газар нь Баянгол дүүрэгт байрладаг, үйлдвэр, үйлчилгээний зориулалт бүхий газар юм. Үүнээс үзэхэд газрын үнэлгээ үнэн зөв хийгдээгүй болох нь илэрхий байна. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд газрын байршил болон зориулалтын талаар буруу бичигдсэн байгааг онцолсон боловч шүүхийн шийдвэрт тэр тухай дурдагдаагүй байгаа нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор бүрэн гүйцэт үнэлсэн эсэхэд эргэлзээ төрж байна. Шинжээч нь газрын үнэлгээг тооцохдоо тооцооллын алдаа гаргасан болон газрын байршил, зориулалтыг буруу тодорхойлсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үнэлгээ нь дээр дурдсанчлан илэрхий алдаатай хийгдсэн ба хөрөнгийн үнэ цэнэ бодитоор тогтоогдоогүй.

4.а.Мөн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрчийг асуухад би тухайн өдөр энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн бөгөөд хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан тул хэргийн материалтай танилцсаны дараа гэрчийг асуулгах хүсэлтээ илэрхийлсэн боловч шүүх хүлээж авалгүй шууд гэрчийг асуусан. Миний бие гэрчийг асуух үед хэргийн материалтай танилцаагүй байсан тул асуулт асуух эрхээ эдэлж чадаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.14-т заасан өмгөөлөгчийн эрхийг эдлүүлээгүй ба тэгш мэтгэлцэх боломжийг олгоогүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч О- ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

 

4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00897 дугаар захирамжаар О- ХХК, Д.Г-, Д.Б- нар нь 967,725,589.35 төгрөгийг Голомт банк ХХК-д төлөхийг зөвшөөрч, төлбөрийг графикийн дагуу барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054297 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс хороолол, Нөхөрлөл гудамж, 41 тоот хаягт байршилтай, 1,152 м.кв талбайтай, контор, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

ГД-0293059 гэрчилгээний дугаартай, мөн хаягт байрлах 5,398 м.кв талбайтай, 168022/0085 нэгж талбарын дугаартай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч О- ХХК, Д.Б-, Д.Г- нарын бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 27-29-р тал/

4.а.Төлбөр төлөгч нар нь дээрх шийдвэрийг биелүүлээгүй байх тул төлбөр авагч Голомт банк ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 829 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 26-р тал/

4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох 1,152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 5,398 м.кв талбай бүхий газар зэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр битүүмжлэн, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 40-44-р тал/

4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулсан боловч хэн аль нь шинжээчээр үнэлүүлэх санал гаргасан байна. /хх-ийн 46-47, 50-р тал/.

 

4.г.Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний төвийн Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгө болох 1,152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 5,398 м.кв талбай бүхий газар зэргийг 3,227,321,088 төгрөгөөр үнэлж, хариуцагч байгууллага нь үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 57-84-р тал/

 

4.д.Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

4.е.Хэргийн 68-р талд үнэлгээний зүйлийн хаяг болох Баянгол дүүргийг Хан-Уул дүүрэг гэж андуурч бичсэн нь үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн 3.1-т заасан үнэлэгдэх хөрөнгийн товч танилцуулга болон бусад хэсэгт бичсэн үнэлгээний зүйлийн хаяг, байршил нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээтэй таарч байх тул шинжээч нь тогтоолд зааснаас өөр хөрөнгө үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.ё.Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хэргийн материалтай танилцсаны дараа гэрчийг асуух хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.14-т заасан өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэжээ. Анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч талын хүсэлтээр шинжээч С.Мөнхжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх хүсэлтийг шүүхэд гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг мөн хангахгүй орхив.

 

4.ж.Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 55.1 ... гэснийг 55.7 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О- ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ