Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0084

 

 

    2023         01          23                                   128/ШШ2023/0084

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Ц*******, Т.С*******,

Маргааны төрөл: татварын алданги, торгуулиас чөлөөлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Г.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А*******, хариуцагч Т.С*******, Р.Ц*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.      

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 4,363,425 төгрөгийн алданги, 9,020,000 төгрөгийн торгууль ногдуулсныг хүчингүй болгож төлбөрийн хэмжээг багасгах.

Хоёр. Маргаж буй үндэслэл:

1.1 Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани 2014 оны 02 сарын 06-ны өдрийн Монгол улс болон Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр "Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт"-ийн хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн GD-17/19 дугаартай гэрээгээр “Хүнс, тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт" төсөл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хийсэн гурвалсан гэрээгээр 225,500,000 төхөөрөмж нийлүүлсэн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэж, НӨАТ-ын тайланг НӨАТ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа албан татвараас чөлөөлөгдөнө" гэж заасны дагуу НӨАТ-ын чөлөөлөгдөх борлуулалтын орлогоор тайлагнасан.

Гэтэл ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийж 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 35,933,423 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Ингэхдээ энэхүү 225,500,000 төхөөрөмж нийлүүлсэн ажил үйлчилгээг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Сангийн сайдын 201 тоот тушаалаар “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад "Хүнс, тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт" төсөл хэрэгжүүлэх нэгж гэсэн чөлөөлөгдөх тушаалаас өмнө хийгдсэн гэрээ гэж үзээд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогоор тайлагнаж, татвар ногдуулах орлогоо бууруулсан нь НӨАТ-ын тухай хуулийн 13.1.3 “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа", 13.11 "Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална", 5 дугаар зүйлийн 5.2.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн.

Түүнчлэн төлөх ёстой татвараа хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр дээрх татварын 50 хувьтай тэнцэх хэмжээний акт торгууль оногдуулсан. Гэтэл бид тухайн гэрээний орлогыг 2020 оны татварын тайландаа бүрэн тусгаж үнэн зөвөөр мэдүүлсэн, дээрх ажил үйлчилгээг НӨАТ-ын тухай хуулийн 13.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэж тайлагнасан.

Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Олон улсын байгууллага, хандивлагч орноос засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.3-д " Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.1, 3.2-т заасан албан хүсэлтийг хүлээн авч, хянасны үндсэн дээр энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан жагсаалтыг улирал бүрийн эхний 15-ны дотор батална" гэж заасны дагуу манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээг төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яам НӨАТ-аас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад оруулж батлагдана гэж төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага буюу хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бидэнд ойлгуулсан.

Манай компани нь урьд өмнөх жилүүдэд ийм төрлийн гэрээ хэрэгжүүлсэн жишгээрээ тайлангаа өгсөн. Хэрвээ уг ажил үйлчилгээ татвараас чөлөөлөгдөхгүй байсан бол 2021 оны эхний улиралд төсөл хэрэгжүүлэгч нэгж болон манай компанийн тайлан хоорондын зөрүүгээр илэрч бид залруулж оногдуулсан татварыг хугацаанд нь төлөх боломжтой байсан. Гэтэл тийм зүйл болоогүй.

Өөрөөр хэлбэл татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 30.1, 30.2.7, 30.3-т заасны дагуу манай тайланг хянаж үзээд хуулийн дагуу зөвхөн мэдээлэл зөрүүгүй тохиолдолд хүлээж авсан байх ёстой. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байсан бол бидний тайланг авахгүй дараа дараагийн буюу 2021, 2022 оны тайлангууд баталгаажих боломжгүй юм. Гэтэл тухайн үед мэдээлэл зөрсөн талаар ямар нэгэн шаардлага тавиагүй атлаа 2 жилийн дараа гэнэт татвар төлөөгүй хугацаанд алданги торгууль ногдуулж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 5.1.2, 5.1.3 “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд тодорхой байх, шударга байх” зарчмыг хангаагүй, 12.1.1-д заасан “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах татвар төлөгчийн эрх”-ийг эдлүүлээгүй үйлдэл болсон.

Женерал теч ХХК нь 225,500,000 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах 22,500,000 төгрөгийн татварыг төлж барагдуулах бөгөөд Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу 9,020,000 төгрөгийн торгууль, 4,363,425 төгрөгийн алдангиас чөлөөлөгдөх хүсэлтэй байна.” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж******* ХХК-ийн хувьд энэхүү орлогыг НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалтын орлого хэмээн ойлгож тайлагнасан. Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.3, 3.1 болон 3.2-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэх дээд шатны байгууллага буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Сангийн яаманд НӨАТ-аас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад оруулж батлагдсан гэж ойлгосны дагуу тайлагнасан байдаг. Улмаар Ж******* ХХК-ийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тухайн үед хүсэлт өгсөн гэдгийг мэдээгүй бөгөөд уг журмын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас Сангийн яаманд НӨАТ-аас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад хүсэлтийг хүргүүлсний дагуу чөлөөлөгддөг гэж ойлгосон байсан. Тиймээс үүнийг НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалтын орлогоор тайлагнасан. Хэрвээ НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй байсан бол 2020 болон 2021 онд төсөл хэрэгжүүлэгч нэгж болон Ж******* ХХК-ийн тайлан хоорондын зөрүү гэж илэрч болох бөгөөд татвар ногдох орлогыг хугацаанд нь тайлагнаж төлөх боломжтой байсан. Тухайн үед Ж******* ХХК болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хоорондын тайлан зөрж үүнийг илрүүлсэн бол үүнийг хугацаанд нь төлөх боломжтой байсан. Бид нөхөн ногдуулалтын актын 22,500,000 төгрөгийг төлөх хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь гэвэл сүүлд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хариуцагчаар татах үед ирүүлсэн хариу тайлбар болон түүний хавсралтад ирсэн баримтыг харж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан.

Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх талаарх Татварын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлд татвар төлөгч татварыг ногдуулан тайлагнасан төлбөл зохих татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан гэж тайлбарласан байсан. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар алданги, торгуулиас чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тиймээс дээрх хуулийн 1 дүгээр зүйлийг энэ тохиолдолд төсөөтэй хэрэглэж болно гэж үзэж байна. Учир нь манай байгууллага татвараа хугацаанд нь тайлагнасан бөгөөд тайлагнахдаа НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасан НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалтын орлогоор тайлагнасан. Иймд Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан журмын дагуу чөлөөлөгдөж тайлагнах юм байна гэж ойлгож тайлагнасан. Хэрвээ тухайн үед хоёр талын тайлангийн үнийн дүн зөрж, зөрсөн болох нь илэрсэн тохиолдолд хугацаандаа багтааж татварыг нөхөн төлөх боломжтой байсан. Гэтэл өөр ойлголттой байсан учраас чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан тул уг тохиолдолд алданги, торгуулиас нэг удаа чөлөөлж болно хэмээн үзэж байна.

Тухайн жил Коронавирус цар тахлаас шалтгаалж бизнес хийхэд хүндрэл үүссэн. Бид 518,000,000 төгрөгийн борлуулалтыг хийсэн бөгөөд тухайн үед байгууллагуудыг нийгмийн даатгал болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг олон зүйлээс чөлөөлсөн ч манай компанийг чөлөөлөөгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Мөн 518.000.000 төгрөгийн борлуулалтын дотор 258.000.000 төгрөгийн мэргэжлийн боловсролын түвшнийг дэмжих Азийн хөгжлийн сангийн ажил, 222,500,000 төгрөгийн “Хүнс, тэжээл нийгмийн халамжийн төсөл-Нэмэлт санхүүжилт”-ийн ажил гэсэн хоёр ажлыг олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Гэтэл нэг ажил нь НӨАТ-аас чөлөөлөгдөж, нөгөө ажил нь НӨАТ-аас чөлөөлөгдөөгүй. Улмаар яагаад нэг ажлыг чөлөөлж, нөгөө ажлыг чөлөөлөөгүй талаар тодруулж маргаан үүсгэсэн байгаа. Тухайн бараа нь хүмүүнлэгийн бараанд орохгүй, мөн хүсэлт өгөөгүй учраас НӨАТ-аас чөлөөлөөгүй гэсэн тайлбарыг эхлээд өгсөн бол бид олон хүний цаг завыг гарздаж хэрэг маргаан үүсгэхгүй байсан. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар ногдуулахдаа тодорхой байх, зайлшгүй байх, шударга байх, үр дүнтэй байх гэсэн 4 зарчмыг хангасан байж татварын акт нь гарах ёстой. Гэтэл бидэнд хэт өндөр торгуулийн акт тавьж буй нь шударга бус байгаа учраас дээрх зарчмыг хангахгүй байна гэж үзсэн. Мөн татварын байгууллагын үүрэгт татварын байгууллага нь мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж аваад баталгаажуулах ёстой. Харин мэдээлэл зөрсөн тохиолдолд залруулах шаардлагыг тухайн зөрчил илэрснээс хойш 3 хоногийн дотор мэдэгдэх ёстой. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байна гэсэн бол 2020 оны 1 дүгээр улиралд залруулах боломжтой байсан. Гэтэл 2 жилийн дараа шалгалтаар эдгээр нөхцөл байдлыг үүсгэж, НӨАТ төлөх ёстой байсан байна гэж байгаа нь буруу бөгөөд зуун хувь манай байгууллагын алдаанаас болсон гэж бодохгүй байна. Ж******* ХХК нь татвараа нуун дарагдуулах, татвараас зайлсхийх тухай санаа сэдэл байгаагүй. Тиймээс уг алданги, торгуулиас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасны дагуу олон улсын байгууллагын хүмүүнлэгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа зэрэг нь орж байгаа. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т дараах барааг албан татвараас чөлөөлнө гэсэн. Үүний гадаад улсын Засгийн газар олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж хөнгөлөлттэй бараа гэдэгт мөн хамаарч байгаа. Сангийн сайдын тушаалын дагуу “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төсөл нь уг заалтад хамаарч байгаа. Мөн НӨАТ-аас чөлөөлөгдөх ямар нэг заалт байхгүй бөгөөд сүүлд шүүхийн журмаар нотлох баримтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргуулсны дагуу харьцуулалтын аргаар санал авах хүсэлтийн 7 дугаар заалтад НӨАТ орно гэдгийг анхнаасаа зарласан гэдгийг шүүхийн журмаар нотлох баримт гаргуулж мэдсэн. Түүний өмнө Ж******* ХХК-тай байгуулсан гэрээнд НӨАТ орно гэх ямар нэг заалт байхгүй учраас НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон журмын 3 дугаар зүйлийн 3.1-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Сангийн яам руу хүсэлт хүргүүлж хууль, гэрээ, журмын дагуу татвараас чөлөөлөгдөж байна гэж ойлгосон. Үүний дагуу 2020 оны 06 дугаар сарын НӨАТ-ын тайлангаа илгээж, 2020 оны 07 дугаар сард баталгаажуулсан.

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-д хуулиар тогтоосон хугацааг зааж өгсөн. Тиймээс татвар төлөх хугацаа хэзээнээс үүссэн болох нь ач холбогдол бүхий байна. Иймд дээрх хууль, дүрэм, журмыг үндэслэж Ж******* ХХК нь татвараас чөлөөлөгдөх бүрэн боломжтой байна. Улсын Их Хурлын баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн хугацаанд оногдуулсан тайлагнасан татварыг хугацаанд нь төлөөгүйн торгууль, алдангиас чөлөөлнө” гэж заасан. Үүний дагуу Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1, мөн НӨАТ-ын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, чөлөөлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг үндэслэж торгууль, алдангиас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй байна.

Тиймээс торгууль 9,020,000 төгрөг, алданги 4,363,425 төгрөгийг хасаж, НӨАТ-ын нөхөн татвар болох 225,500,000 төгрөгөөр нөхөн ногдуулалтын актын багасгаж өгнө үү хэмээн хүсэж байна.

Хариуцагч талаас 1-д татвараа нуун дарагдуулсан гэж байна. Гэхдээ нуун, дарагдуулсан зүйл огт байхгүй. 2-т Биднийг татвар төлөхөө мэдээгүй гэж байна. Гэхдээ бид НӨАТ-ын хуулиа мэдээд чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан. НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэж бодоод тайлангаа илгээснийг баталгаажуулсан учраас НӨАТ төлөх үүрэг үүсээгүй гэж ойлгосон. Хэрэв баталгаажаагүй байсан бол төлөх байсан гэж бодох байсан. Компанийн зүгээс ямар нэг байдлаар татвараас зайлсхийх гэсэн оролдлого хийгээгүй. Сайдын тушаалаар уг төсөл бүхлээрээ хамрагдсан байхад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь Сангийн яаманд хүргүүлж НӨАТ-аас чөлөөлөгдөөд явна гэж ойлгосон.” гэв.

2. Хариуцагч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: "Ж******* ХХК-ийн 2018.01.01-2022.01.31-ний өдрийг дуусталх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ******* дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.С*******, Р.Ц******* бид "Татварын хяналт шалгалт хийх удирдамж"-ын дагуу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2622200361 тоот олгогдсон томилолтыг үндэслэн НӨАТ хэсэгчилсэн хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот нөхөн ногдуулалтын актаар 225,500,000.00 төгрөгийн зөрчилд 22,550,000.00 төгрөгийн нөхөн татвар, 9,020.000.00 төгрөгийн торгууль, 4,363,425.00 төгрөгийн алданги нийт 35,933,425.00 төгрөгийн төлбөр ногдуулсан. Нэхэмжлэгч тал 225,500,000 төгрөгийн нөхөн татварыг төлөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлсэн байгаа.

Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д татвар төлөгчийн татварын тайланг тодорхойлсон татварын хууль, тогтоомжид тогтоосноор татвараа төлж барагдуулах ёстой өдөр гэж заасан. Нэхэмжлэгч талаас 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш мэдсэн, хэрвээ мэдсэн бол татвараа төлөх байсан гэж хэлж байна. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэлтсээс тайланг баталгаажуулахад ногдуулсан татвар гэх мөрөндөө 225,500,000 төгрөг гэдгээ үнэн, зөв тайлагнах ёстой байсан бөгөөд үнэн зөв тайлагнах үүргээ мэдээгүй байсан гэж байна. Гэтэл үнэн зөв тайлагнаагүй бөгөөд энэ хугацаанд тухайн мөрөн дээрээ тайлагнасан бол НӨАТ төлөх үүрэг нь үүсэх байсан. Тиймээс бид уг хугацаандаа буруу тайлагнасан байна гэж үзээд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тооцож торгууль, алдангиа ногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн 73 дүгээр зүйлийн 73.1-д Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан зарчмыг үндэслэн тогтооно гэж заасны дагуу алдангийг хэрхэн тооцохыг Сангийн сайд тогтоосон гэсэн үг. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сангийн сайдын тушаалд татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,045 хувь байна. Улмаар бид тухайн газарт хяналт, шалгалт хийж хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй болохыг илрүүлж Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйл болон Сангийн сайдын тогтоолыг үндэслэж 4,363,000 төгрөгийн алдангийг ногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, 225,500,000 төгрөгийг чөлөөлөх татвар гэх хэсэгт тайлагнасан тул ногдуулаагүй гэж үзээд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т заасныг баримталж 9,000,000 төгрөгийг торгууль ногдуулсан.

Татварын тайланг үнэн, зөв татварын албанд ирүүлэх нь татвар төлөгчийн үүрэг юм. Мэдээгүй гэж хэлснээр татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тиймээс алданги, торгууль ногдуулсан татварын актыг хэвээр үлдээж өгнө үү. Нэхэмжлэгч тал НӨАТ-ын татвараас чөлөөлөгдөнө гэж татвараа буруу тайлагнасан. Татвараа үнэн зөв тайлагнах нь үүрэг бөгөөд шалгуур хангасан тайлан, хангаагүй тайлан гэж байдаг. Хангасан тайлан гэдэгт худалдан авалт, борлуулалтаа тавьж өгөөд илэрхий зөрүүтэй байвал шалгуур хангаагүй гэж үздэг. Гэтэл тайлагнах татварыг чөлөөлөгдөнө гэж тайлагнасан нь татвар төлөгчийн өөрийн буруу. Мөн чөлөөлөгдөхөөр тайлагнасан учраас тайлагнасан гэж үзэхгүй. Хэрвээ тухайн байгууллага татвараа үнэн зөв тайлагнасан байвал төлөх татвар нь нэмэгдэнэ. 2020 оны 06 дугаар сарын татварын тайланд тусгагдсан 9,300,000 төгрөг гэдэг нь 225,000,000 төгрөгийг хасаад гарсан дүн юм.

Хуульд заасан хугацаанд татвар ногдох орлогоор тайлагнасан бол алданги, торгуулиас чөлөөлөгдөх байсан, гэтэл татвар ногдохгүй чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан учраас алданги, торгуулиас чөлөөлөгдөхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “татварын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч хүчингүй болгуулах”-аар, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан “нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад тус компанийн гүйцэтгэсэн ажил үйлчилгээг оруулж хүргүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагуудаасаа татгалзан нөхөн ногдуулсан татварыг төлөхөө хүлээн зөвшөөрч, “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2022 оны хуулийн дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлүүлэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хуулийн заалтын дагуу нийлүүлсэн бараа, үйлчилгээний орлогыг татварын тайланд  чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан, татвараас зайлсхийх, нуун дарагдуулах санаа зорилго байгаагүй, ийнхүү тайлагнасан тул Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2022 оны хуулийн дагуу алданги, торгуулиас чөлөөлөгдөх боломжтой” хэмээн маргаж, хариуцагч тал “татвараа буруу тайлагнаж татварын ногдол үүсгээгүй тул энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” хэмээн тайлбарлажээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд, хууль тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Ж******* ХХК-иас гаргасан татварын алданги, торгуулиас чөлөөлүүлэх шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1. Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт"-ийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд нэхэмжлэгч Ж******* ХХК нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан GD-17/19 дугаартай гэрээгээр 225,500,000 төгрөгийн хяналтын камер төхөөрөмж нийлүүлж, уг борлуулалтын орлогыг 2020 оны 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр авсан бараа албан татвараас чөлөөлөгдөнө" гэх заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан байна.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр авсан бараа албан татвараас чөлөөлөгдөх"   заалтыг хэрэглэх зохицуулалт болох  Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалаар баталсан Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журмаар төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яам нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтыг батлах бөгөөд Ж******* ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэсэн 225,500,000 төгрөгийн ажил үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад оруулаагүйгээс Сангийн яамнаас баталсан жагсаалтад багтаагүй байна.

            Өөрөөр хэлбэл Ж******* ХХК-ийг татвараас зайлсхийх буюу төсөвт төлөх татварын хэмжээг бууруулах хариуцлага хүлээлгэхээр зөрчил үйлдсэн гэж үзэхээс илүүтэй Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхийн хүрээнд татвараас чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан гэж үзэхээр байна. Учир нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх төслийн нэгжийн жагсаалтад багтаагүй нь тус компаниас үл хамаарах нөхцөл байдал бөгөөд төслийн зорилго, санхүүжилтийн хувьд чөлөөлөгдөхөөр авч, тус компанийн нийлүүлсэн тухайн үнийн дүн бүхий ажил үйлчилгээний хувьд төслийн гол зорилгод нийцээгүй нь буюу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жагсаалтад хамруулаагүй үндэслэл нь төсөл хэрэгжүүлэгчээс хамаараагүй байна. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд чөлөөлөгдөх орлогоор тайлагнаж татварын ногдол үүсгэн тайлагнаагүйг төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчилд тооцохооргүй буюу торгууль ногдуулах, цаашлаад хугацаандаа төлөөгүйн алданги тооцох зөрчил гэж үзэхээргүй байна. 

            2. Коронавируст халдварын цар тахлын эрсдэлийн үед бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор цар тахлын эрсдэлийн үед татвар төлөгч .... аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор “татвар төлөгч ... аж ахуйн нэгжийг татвар, торгууль, алдангиас чөлөөлөх, татварын зарим зохицуулалт хийх, ... орлогын дүн, өмчийн төрлөөс хамааруулан зарим төрлийн татвараас чөлөөлөх, тодорхой хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийн нэг удаа чөлөөлөх зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүнд даалгасан”-аар Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 09, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлүүдээр 2020 оны 2 дугаар сарын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлдөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр заасан.

            Хэдий энэ хуулийн үйлчлэлд “ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан алданги, торгууль” хамаарах ч, дээр дүгнэснээр татвар төлөгч Ж******* ХХК-ийн хувьд тухайн ажил, үйлчилгээний 225,500,000 төгрөгийн орлогыг хуулийн дагуу чөлөөлөгдөх орлого гэж ойлгон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан байх тул  цар тахлын эрсдэлийн үед татвар төлөгч аж ахуйн нэгжийг дэмжих энэ хуулийн зорилгод нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасан татварын хяналт шалгалт хийх, татвар хураах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үйл ажиллагаанд баримтлах “зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх зарчим”-д болон мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь “татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхтэй” гэсэн заалтад нийцнэ гэж үзсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.6, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 12 дугаар зүйлийн 12.1.2, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020 оны 4 дүгээр сарын 09, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн/-ийн 1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн НА-******* нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 4,363,425 төгрөгийн алданги, 9,020,000 төгрөгийн торгуулиас чөлөөлж, төлбөрийг 13,383,425 төгрөгөөр бууруулсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны  дагуу нэхэмжлэгч Ж******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА