Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04018

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04018

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, Оргил стар ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Ш-ын Б /РД: .../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Т овогт Д-ын Г /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш.Б миний бие 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн танил болох Д.Г-той харилцан тохиролцож 45,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зорилгоор бэлнээр өгсөн. Уг мөнгийг өгөх болсон шалтгаан нь ...Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд 50 хүүхдийн цэцэрлэг барих зөвшөөрлийг улсаас авсан. Цэцэрлэг барихын тулд эхлээд кемп барих хэрэгтэй, мөн ажилчдын цалин, тоног төхөөрөмжийн зардал гэх мэт бэлтгэл ажлын мөнгө гарна. Цэцэрлэгийн үндсэн ажлууд хийгдээд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байна. Хэрвээ хөрөнгө оруулалт хийвэл ашгийн 50 хувийг таньд өгнө, би ажлаа олсон та хөрөнгө оруулахад болно гэж Д.Г хэлсэн тул тухайн өдрөө Д.Г-ын цэцэрлэг барих ажилд хөрөнгө оруулах тухай гэрээг байгуулсан. Эхний ээлжинд хөрөнгө оруулна гэснийг баталгаажуулж байгаа юм гээд хөрөнгө оруулах хувь хэмжээ, хийгдэх ажлыг нарийн тусгалгүйгээр гэрээ байгуулсан болно. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Г нь өөрийн танил Ц.Я, М нартай манай гэрт ирж ...нэгэнт хөрөнгө оруулахаар болсон юм чинь эхний ээлжинд 45,000,000 төгрөг өгөөч, бэлтгэл ажлаа хийх мөнгө хэрэгтэй байна, ажлаа эхэлж байя гэсэн тул тус өдөр бэлнээр 45,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Мөн тухайн үед 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээг албан ёсоор нотариатаар гэрчлүүлж хийгээгүй байсан ба яг цэцэрлэгийн үндсэн ажил эхлэх үед Хөрөнгө оруулалтын гэрээгээ хийж нотариатаар баталгаажуулна гэж тохирсон. Харин 45,000,000 төгрөгийг хэзээ ямар зорилгоор авч байгаа талаар гараар нь бичүүлэн авч үлдсэн юм. Түүнчлэн Д.Г нь С.А ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан тул өөрийн бичиж өгсөн баримт дээр компанийн тамга дарж, гарын үсэг зурсан болно. Гэтэл цэцэрлэг барина гэх газарт ямар ч ажил хийгдэхгүй байсан, мөн Д.Г надаас авсан 45,000,000 төгрөгийг хувьдаа ашиглаж байна гэж сонсонгуутаа Д.Г-оос асуухад ... ажил хийх боломжгүй байна, түр хүлээчих, ажил удахгүй эхлэнэ гэж хэлсэн тул хэсэг хүлээсэн. 2020 оны эхээр дахин асуухад удахгүй ажил эхлэнэ гэдгээс өөр хариулт өгөөгүй ба удахгүй ковидын нөхцөл байдал гэнэт тохиолдож эхэлсэн тул миний бие хөрөнгө оруулалт дахиж өгөх шаардлагагүй, найдваргүй юм байна гэж үзээд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мөнгөө буцааж авах тапаар хэлэхэд ...одоо шууд өгөх боломжгүй, удахгүй өгнө гэж хэлсэн. Тухайн үед 45,000,000 төгрөгөө буцаан шаардахаар шүүхэд хандах гэсэн боловч Д.Г-ын бичиж өгсөн баримт болон 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хийсэн гэрээг олоогүй өдийг хүрсэн. Энэ хугацаанд мөнгөө авахын тулд хэд хэдэн удаа Д.Гтой холбогдох гэж оролдсон боловч огт утсаа авдаггүй, надад ямар ч мөнгө өгөөгүй, зайлсхийж явсаар байсан. Д.Г нь цэцэрлэг барих зорилгоор надаас мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд албан ёсны хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй, мөнгө буцааж өгөөгүй бөгөөд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Г-д бэлнээр өгсөн 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбатын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар зөвшөөрөхгүй байна. Д.Г-оор ийм бичиг хийлгэж гарын үсэг зуруулж л авсан болохоос биш бодитоор, биетээр мөнгө өгөөгүй. Тамгыг ч Д.Г дараагүй, компанийн тамга, гэрчилгээ, зөвшөөрөл, санхүүгийн эрх хэмжээ, хөрөнгө, эрх мэдэл бүгд одоогийн нэхэмжлэгч Ш.Б-д байгаа. Нэхэмжлэлд хавсаргасан баримтанд дурьдаад байгаа С.А ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Г нь одоогийн байдлаар тус команийн 20 хувийн хувьцааг эзэмшдэг. Ш.Б уг компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Ш.Б-н нэхэмжлэл, мөн хавсаргасан баримтанд дурьдснаар хэргийн жинхэнэ хариуцагч иргэн Д.Г биш харин С.А ХХК байхаар байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 45,000,000 төгрөг нь С.А ХХК-ийн данс руу Дорноговь аймагт барьж байсан хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийнэ гэж байсан тул уг компаний данс руу шилжүүлсэн байх магадлалтай. Хөрөнгө оруулалтын зорилготой 45,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг хэлцэл дээр нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, нотариатаар гэрчлүүлээгүй. Д.Г ганцаараа бичиж өгсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн 42.2Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 42.7Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан. Гэтэл хэлцэл дээр хүсэл зориг илэрхийлэгч нэг тал буюу мөнгө өгөх гээд байгаа этгээд гарын үсэг зураагүй тэгэхээр энэ хэлцэлд хариуцагч хөрөнгө оруулалтын асуудлаар нэхэмжлэгч мөнгө хүлээлгэж өглөө шүү гэж гарын үсэг зураагүй. Энэ их мөнгийг нэхэмжлэгч тал аль банкнаас авсан, хэнээс авч ирээд өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Дансаар шилжүүлэх эсвэл гарын үсэг зуруулаад өгөх ёстой. Б.М, Ц.Я нараар гэрчлүүлсэн гээд байгаа юм. Тэр хоёр хэдэн төгрөг, хаанаас авчирсан талаар ч мэдэхгүй, ууттай мөнгө байсан гэж хэлсэн болохоос биш хэдэн төгрөг байсан гэдгийг гэрчлэхгүй байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн С.А ХХК-ийн тэмдэг бүхий баримтыг хавсаргажээ.

 

4. Хариуцагч Д.Г нь хариу тайлбарын хамт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22111001013884 тоот төрөл садангийн лавлагаа, Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн .... тоот, мөн Х.С-ийн эзэмшлийн ... дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргасан.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтийг хангаж Б.М, Ц.Я, Д.Б нарыг гэрчээр асууж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Г-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, Ш.Б миний бие 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн танил болох Д.Г-той харилцан тохиролцож 45,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зорилгоор бэлнээр өгсөн. Уг мөнгийг өгөх болсон шалтгаан нь ...Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд 50 хүүхдийн цэцэрлэг барих зөвшөөрлийг улсаас авсан. Цэцэрлэг барихын тулд эхлээд кемп барих хэрэгтэй, мөн ажилчдын цалин, тоног төхөөрөмжийн зардал гэх мэт бэлтгэл ажлын мөнгө гарна. Цэцэрлэгийн үндсэн ажлууд хийгдээд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байна. Хэрвээ хөрөнгө оруулалт хийвэл ашгийн 50 хувийг таньд өгнө, би ажлаа олсон та хөрөнгө оруулахад болно гэж Д.Г хэлсэн тул тухайн өдрөө Д.Г-ын цэцэрлэг барих ажилд хөрөнгө оруулах тухай гэрээг байгуулсан. Эхний ээлжинд хөрөнгө оруулна гэснийг баталгаажуулж байгаа юм гээд хөрөнгө оруулах хувь хэмжээ, хийгдэх ажлыг нарийн тусгалгүйгээр гэрээ байгуулсан болно. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Г нь өөрийн танил Ц.Я, Б.М нартай манай гэрт ирж ...нэгэнт хөрөнгө оруулахаар болсон юм чинь эхний ээлжинд 45,000,000 төгрөг өгөөч, бэлтгэл ажлаа хийх мөнгө хэрэгтэй байна, ажлаа эхэлж байя гэсэн тул тус өдөр бэлнээр 45,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Мөн тухайн үед байгуулсан гэрээг албан ёсоор нотариатаар гэрчлүүлж хийгээгүй байсан ба яг цэцэрлэгийн барилгын үндсэн ажил эхлэх үед хөрөнгө оруулалтын гэрээгээ хийж нотариатаар баталгаажуулна гэж урьдчилан тохиролцсон. Харин 45,000,000 төгрөгийг хэзээ ямар зорилгоор авч байгаа талаар гараар нь бичүүлэн авч үлдсэн юм. Түүнчлэн Д.Г нь С.А ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан тул өөрийн бичиж өгсөн баримт дээр компанийн тамга дарж, гарын үсэг зурсан болно. Гэтэл цэцэрлэг барина гэх газарт ямар ч ажил хийгдэхгүй байсан, мөн Д.Г надаас авсан 45,000,000 төгрөгийг хувьдаа ашиглаж байна гэж сонсонгуутаа Д.Г-оос асуухад ... ажил хийх боломжгүй байна, түр хүлээчих, ажил удахгүй эхлэнэ гэж хэлсэн тул хэсэг хүлээсэн. 2020 оны эхээр дахин асуухад удахгүй ажил эхлэнэ гэдгээс өөр хариулт өгөөгүй ба удахгүй ковидын нөхцөл байдал гэнэт тохиолдож эхэлсэн тул миний бие хөрөнгө оруулалт дахиж өгөх шаардлагагүй, найдваргүй юм байна гэж үзээд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мөнгөө буцааж авах талаар хэлэхэд ...одоо шууд өгөх боломжгүй, удахгүй өгнө гэж хэлсэн. Мөнгөө авахын тулд хэд хэдэн удаа Д.Г-той холбогдох гэж оролдсон боловч огт утсаа авдаггүй, надад ямар ч мөнгө өгөөгүй, зайлсхийж явсаар байсан. Д.Г нь цэцэрлэг барих зорилгоор надаас мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд албан ёсны хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй, мөнгө буцааж өгөөгүй бөгөөд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, Д.Г-оор ийм бичиг хийлгэж гарын үсэг зуруулж л авсан болохоос биш бодитоор, биетээр мөнгө өгөөгүй. Тамгыг ч Д.Г дараагүй, компанийн тамга, гэрчилгээ, зөвшөөрөл, санхүүгийн эрх хэмжээ, хөрөнгө, эрх мэдэл бүгд одоогийн нэхэмжлэгч Ш.Б-д байгаа. Нэхэмжлэлд хавсаргасан баримтанд дурьдаад байгаа С.А ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Г нь одоогийн байдлаар тус команийн 20 хувийн хувьцааг эзэмшдэг. Харин Ш.Б уг компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Ш.Б-н нэхэмжлэл, мөн хавсаргасан баримтанд дурьдснаар хэргийн жинхэнэ хариуцагч иргэн Д.Г биш, харин С.А ХХК байхаар байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 45,000,000 төгрөг нь С.А ХХК-ийн данс руу Дорноговь аймагт барьж байсан хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийнэ гэж байсан тул уг компаний данс руу шилжүүлсэн байх магадлалтай. Хөрөнгө оруулалтын зорилготой 45,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэдэг хэлцэл дээр нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, нотариатаар гэрчлүүлээгүй. Д.Г ганцаараа бичиж өгсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн 42.2Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 42.7Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан. Гэтэл хэлцэл дээр хүсэл зориг илэрхийлэгч нэг тал буюу мөнгө өгөх гээд байгаа этгээд гарын үсэг зураагүй, энэ хэлцэлд хариуцагч хөрөнгө оруулалтын асуудлаар нэхэмжлэгч мөнгө хүлээлгэж өглөө шүү гэж гарын үсэг зураагүй. Энэ их мөнгийг нэхэмжлэгч тал аль банкнаас авсан, хэнээс авч ирээд өгсөн гэдгээ нотолж чадахгүй байна. Дансаар шилжүүлэх эсвэл гарын үсэг зуруулаад өгөх ёстой. Б.М, Ц.Я нараар гэрчлүүлсэн гээд байгаа юм. Тэр хоёр хэдэн төгрөг, хаанаас авчирсан талаар ч мэдэхгүй, ууттай мөнгө байсан гэж хэлсэн болохоос биш хэдэн төгрөг байсан гэдгийг гэрчлэхгүй байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Ш.Б нь тус шүүхэд гаргасан ... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн танил болох Д.Г-той харилцан тохиролцож Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх, ашгийн 50 хувийг авахаар харилцан тохоролцож 45,000,000 төгрөг өгсөн, гэрээг бичгээр байгуулж чадаагүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан 1. Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд баригдах 50-н хүүхдийн цэцэрлэгийн барилгын төслийн санхүүжилтийг иргэн Ш.Б-гээс гаргуулж байгаатай холбоотойгоор уг төслийн санхүүжилтийн хяналтыг хөрөнгө оруулагч талын давуу эрхтэйгээр хянан оролцохыг зөвшөөрч байна. Уг хяналтыг хийхэд Хасбанкны online application-ийг ашиглаж болно. 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 2019/өдөр дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцов. С.А ХХК-ийн захирал Д.Г, хөрөнгө оруулагч Ш.Б, 2. 2019 оны 09 дүгээр сарын 20-нд 45,000,000 төгрөг хүлээн авлаа гэх баримтыг гаргаж өгсөн, мөн Б.М-аас Дорноговь аймгийн Сайншанд суманд нэг ажил авах гээд байна гэж нэг найзтайгаа яриад л 45 сая төгрөгийг өөрөө хувиараа ээжийнхээ компаниар авсан гэх мэдүүлгийг, гэрч Ц.Я-гээс ...тухайн үед С.А ХХК нь Шинэ Яармаг хороолол дээр гражийн барилгын угсралтын ажил гүйцэтгэж байсан, энэ ажлын хугацаа нэлээн дөхсөн дуусаж байсан тул захиалагч талаас байнга ажлын талбар дээр байхыг шаардаад тэнд яг ажиллаж байхад Ш.Б ирж уулзаж мөнгө өгөхөөр боллоо гэсэн, тэгээд Д.Г-оо чи наашаа суу, урьд нь ярилцаж тохиролцсон учраас энэ мөнгийг чамд өгч байна гээд өгсөн гэх мэдүүлгүүдийг авахуулсан. Дээрх баримт, мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Г-д Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд хөрөнгө оруулалт хийх, ашгийн 50 хувийг авахаар харилцан тохоролцож 45,000,000 төгрөгийг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээрх баримтад Д.Г нь С.А ХХК-ийг төлөөлж захирал Д.Г гэж гарын үсэг зурсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Д.Г биш байна.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Г-оос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Бн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Нэхэмжлэгч Ш.Б нь 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас зөв тодорхойлон дахин гаргахад энэ шийдвэр саад болохгүй дурдах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г-оос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР