Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2023/00165

 

 

 

 

 

 

 

 

2023 01 16 210/МА2023/00165

 

 

* йгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/04018 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * йгийн хариуцагч * лд холбогдуулан гаргасан 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр * лд 45,000,000 төгрөгийг хөрөнгө оруулах зорилгоор бэлнээр өгсөн. Уг мөнгийг өгөх болсон шалтгаан нь ...Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд 50 хүүхдийн цэцэрлэг барих зөвшөөрлийг улсаас авсан. Цэцэрлэг барихын тулд эхлээд кемп барих хэрэгтэй, мөн ажилчдын цалин, тоног төхөөрөмжийн зардал гэх мэт бэлтгэл ажлын мөнгө хэрэгтэй байна. Хэрвээ хөрөнгө оруулалт хийвэл ашгийн 50 хувийг өгнө гэж хэлсэн тул тухайн өдрөө * лын цэцэрлэг барих ажилд хөрөнгө оруулах тухай гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Уг гэрээг албан ёсоор нотариатаар гэрчлүүлээгүй ба цэцэрлэгийн үндсэн ажил эхлэх үед хөрөнгө оруулалтын гэрээг нотариатаар баталгаажуулахаар тохиролцсон. Харин 45,000,000 төгрөгийг хэзээ ямар зорилгоор авч байгаа талаар бичгээр бичүүлэн авч үлдсэн. Түүнчлэн, * л нь * ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан тул өөрийн бичиж өгсөн баримт дээр компанийн тамга дарж, гарын үсэг зурсан болно. Гэтэл цэцэрлэг барина гэх газарт ямар ч ажил хийгдэхгүй байсан, мөн * л надаас авсан 45,000,000 төгрөгийг хувьдаа ашиглаж байна гэж сонсоод * лоос асуухад ...ажил хийх боломжгүй байна, түр хүлээчих, ажил удахгүй эхэлнэ гэж хэлсэн тул хүлээсэн. 2020 оны эхээр дахин асуухад удахгүй ажил эхэлнэ гэдгээс өөр хариулт өгөөгүй ба удахгүй ковидын нөхцөл байдал гэнэт тохиолдож эхэлсэн тул миний бие хөрөнгө оруулалт дахиж өгөх шаардлагагүй, найдваргүй гэж үзэж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мөнгөө буцааж авахаар хэлэхэд ...одоо шууд өгөх боломжгүй, удахгүй өгнө гэж хэлсэн. Энэ хугацаанд мөнгөө авахын тулд удаа дараа * лтой холбогдох гэж оролдсон боловч утсаа авдаггүй, надад ямар ч мөнгө өгөөгүй, зайлсхийж явсаар байсан. * л нь цэцэрлэг барих зорилгоор надаас мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд албан ёсны хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй, мөнгө буцааж өгөөгүй бөгөөд түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр * лд бэлнээр өгсөн 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: * лоор бичиг хийлгэж гарын үсэг зуруулж авсан болохоос биш бодитоор мөнгө өгөөгүй бөгөөд компанийн тамгыг * л дараагүй. Харин компанийн тамга, гэрчилгээ, зөвшөөрөл, санхүүгийн эрх хэмжээ, хөрөнгө, эрх мэдэл бүгд одоогийн нэхэмжлэгч * йд байгаа. * ХХК-ийн үүсгэн байгуулагч * л нь одоогийн байдлаар тус компанийн 20 хувийн хувьцааг эзэмшдэг. * й уг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. * йн нэхэмжлэл, мөн хавсаргасан баримтад дурдсанаар хэргийн жинхэнэ хариуцагч иргэн * л биш, харин * ХХК байхаар байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 45,000,000 төгрөг нь * ХХК-ийн данс руу Дорноговь аймагт барьж байсан хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийнэ гэж байсан тул уг компанийн данс руу шилжүүлсэн байх магадлалтай. Хөрөнгө оруулалтын зорилготой 45,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэх хэлцэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, нотариатаар гэрчлүүлээгүй гэж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.7 дах хэсэгт зааснаар хэлцэлд хүсэл зориг илэрхийлэгч нэг тал буюу мөнгө өгөх гээд байгаа этгээд гарын үсэг зураагүй бөгөөд уг мөнгөө хаана, хэнээс авч ирээд өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл дансаар шилжүүлэх эсхүл гарын үсэг зуруулаад өгөх ёстой. Гэрч * нар мэдүүлэхдээ ...ууттай мөнгө байсан гэж хэлсэн болохоос биш хэдэн төгрөг байсан гэдгийг гэрчлэхгүй байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч * лоос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч * йн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан баримтыг гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрхи баримтыг * л бичсэн, гарын үсэг нь мөн гэдгийг удаа дараа хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү мөнгийг * л аваагүй, компанийн тамга дарагдсан учир * ХХК-ийн дансанд орсон байх гэж тайлбарладаг. Гэвч 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хариуцагчаас гаргасан хариу тайлбарт ...* лоос ийм бичиг хийлгэж гарын үсэг зуруулж авсан болохоос биш бодитоор, биетээр мөнгө өгөөгүй. Тамгыг ч * л дараагүй... гэж дурдсан нь мөн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээр дээрхи мөнгийг * л нэхэмжлэгчээс зээлсэн, компанийн тамгыг дараагүй нь нотлогдож байна. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй баримтад компанийн тамга дарагдсан учир мөнгийг * л авсан гэж харагдахгүй, тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараар нэхэмжлэгч * й 45,000,000 төгрөгийг * лд хүлээлгэж өгсөн. Мөнгө хүлээж авсан гэх баримтыг хариуцагч өөрийн гарааг бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрч * нарын мэдүүлгээр * й 45,000,000 төгрөгийг * лд зээлж баримт үйлдэгдэх үед дээрх гэрчүүд хамт байлцсан. Мөн гэрчүүд тухайн үед * ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар байсан бөгөөд ...мөнгө манай компанитай холбоогүй, зээлээгүй. Хэрвээ компаниар зээлсэн бол албан ёсоор компанийн албан бланк, хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл, гарын үсэг зурагдах байсан. 45,000,000 төгрөгийг * л тоолоод авч явсан... талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар иргэн * й нь 45,000,000 төгрөгийг * лд зээлсэн болох нь хангалттай нотлогдоно гэж үзэж байна. Мөн гэрч * ийн мэдүүлгээс үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр * л нэхэмжлэгчийн гэр лүү мөнгө авах гэж орсон, төслийн ажил хийгдээгүй дампуурсан гэж тайлбарласан боловч хариуцагчийн дүү төслийн ажлыг дуусгасан, * ХХК-тай ямар ч хамааралгүй байсан гэдэг нь хариуцагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолсон гэж үзэж байна. Хэд хэдэн нотлох баримтуудаар хариуцагч мөнгө авсан бөгөөд хариуцах ёстой этгээд гэдэг нь нотлогдож байхад зөвхөн компанийн тамга дарсан гэх шалтгаанаар хариуцах этгээд биш гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй. Хөдөлбөргүй үнэн гэж нотлогдсон баримт байхгүй, хариуцагчийн тайлбараас өөрөөр нотлогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага хангаагүй нь өөрөө хэргийг үндэслэлгүй, нотлох баримтад үндэслэж шийдвэрлэж чадаагүй гэж үзэхээр байна. Харин * л нь компанийг төлөөлж тус мөнгийг авсан гэдэг нь ямар ч баримтаар нотлогдоогүй байна. Дээрх үндэслэлээр * л мөнгийг аваагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд ямар нэг хуулийн зүйл, заалтыг дурдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргасан. Ямар шийдвэр гаргуулах гэж байгаа талаараа тайлбарлахгүй байна. Уг маргаанд * гэж гэрч оролцож байгаагүй. Үндэслэлгүй тайлбар хэлж байна. Хариуцагч нь үндэслэлгүйгээр 45,000,000 төгрөг олж авсан зүйл байхгүй. Тус мөнгийг эзэмшсэнээс үүсэх үүрэг байхгүй. 50 хүүхдийн цэцэрлэгийг хувь хүн барьж гүйцэтгээгүй. Өөр компани барьж гүйцэтгэсэн. Хувь хүн буюу Б.Ганборгил уг маргааны хариуцагч биш. Хувь хүнд тамга байхгүй. Уг хэлцэлд * ХХК гэсэн тамга дарагдсан. Агуулгаас нь харахад * ХХК-д өгсөн байж болзошгүй. Түүнээс биш иргэнд өгсөн байх боломжгүй. Зохигчид * ХХК-тай хамаарал бүхий буюу хувьцаа эзэмшигч нар. * й нь * ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. 2019 онд мөнгө өгсөн гэж тайлбарлаж байгаа атлаа 3 жилийн хугацаанд огт нэхэмжлэл гаргаж, маргаагүй. Гэрч * нар бор цаастай зүйл байсан гэснээс мөнгө байсан гэж хэлээгүй. Нөгөө гэрч нь мөнгө авч гарч ирээгүй гэж мэдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Нэхэмжлэгч * й нь хариуцагч * лд холбогдуулан 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...бичиг хийлгэж, гарын үсэг зуруулсан болохоос бодитойгоор мөнгө өгөөгүй, компанийн тамгыг * л дараагүй, хариуцагч биш, * ХХК-ийн данс руу мөнгө шилжсэн байх гэх агуулга бүхий тайлбар гаргажээ. /хх-15/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус үйл баримтын талаар талуудаас тодруулан, мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай.

 

5. Нэхэмжлэгч * й хариуцагч * лоос хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн 45,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас буюу зэмшсэнээс үүсэх үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан эсэхийг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

Түүнчлэн, хэргийн 6 дугаар талд зохигчдын үйлдсэн бичгийн баримт байх бөгөөд уг баримтад * ХХК-ийн захирал * л гээд гарын үсэг зурсан байна.Тус компанитай * й, * л нар ямар хамааралтай эсэх үйл баримтыг тодруулснаар талуудын маргаж байгаа мөнгөн хөрөнгийг хэн хариуцах нь тодорхой болох, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоход ач холбогдолтой байна.

 

6. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондох маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/04018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЦОГТСАЙХАН