Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03927

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03927

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т*** тоотод оршин суух *** овогт ***ийн *** гийн /РД: *** / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогт ***ын ***од /РД:***/ холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 38,290,000 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 9,552,860 төгрөгийг гаргуулах тухай

иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О*** хариуцагч Ж.Э***, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н***,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хариуцагчаас *** маркийн ачааны автомашиныг 33,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 12,000,000 төгрөгөөр *** маркийн ачааны автомашиныг шилжүүлэн өгсөн, үлдэгдэл 21,000,000 төгрөгт нь Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 300 боодол ногоон тэжээлийг нэг боодлыг 8,000 төгрөгөөр тооцож 2,400,000 төгрөг, хариуцагчийн хаан банкны *** тоот данс руу нийт 7,940,000 төгрөг шилжүүлсэн, газар хагалдаг анжис 2,000,000 төгрөгт бодож өгсөн, 300 шуудай төмс 12,000,000 төгрөгт тооцож өгсөн, 10га газарт тариалалт хийсэн ажлын хөлс 600,000 төгрөг, автомашины засварын сэлбэгт 1,350,000 төгрөг төлсөн. Хариуцагч машинаа буцааж авсан боловч машины төлбөрт тооцож төлсөн мөнгийг буцааж төлөхгүй байгаа учир нийт 38,290,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

2.Хариуцагч нь хариу тайлбартаа 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *** маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 12,000,000 төгрөгийг авч, тэр өдрөө Зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Автомашины үлдэгдэл төлбөр 21,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхгүй байсан учир 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс автомашинаа авсан. Нэхэмжлэгч автомашин зээлээр худалдан авахдаа тохиролцоогүй бусдаас авсан анжис, төмсний үрийн үнэ, ажлын хөлсийг автомашины үнэд хамааруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Б.*** нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл автомашиныг үнэ төлбөргүй ашигласан, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 2020, 2021 оны татварын төлбөр 225,860 төгрөг гаргуулах, гэрээний 3.6-д заалтыг үндэслэн алданги 9,327,000 төгрөг, нийт 9,552,860 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа автомашины татвар, торгууль зэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд алданги тооцоод 9,327,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй. Хариуцагч өөрөө гэрээнээс татгалзаад машинаа авчихсан учраас алданги нэхэмжлэх боломжгүй. Гэрээ цуцлагдсан тул хэн аль нь өгсөн авснаа буцаана гэдэг үндэслэлээр машиныг өгчихсөн учраас мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: ***,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: ***,

6.***,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*** гийн нэхэмжлэлээс 35,340,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч Ж.Э*** сөрөг нэхэмжлэлээс 225,860 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 9,327,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагчийг Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн автомашинаа буцаан авсан тул автомашины үнэд тооцон төлсөн нийт 38,290,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Автомашины үлдэгдэл төлбөр 21,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учир нэхэмжлэгчээс автомашинаа буцаан авсан. Нэхэмжлэгчийг автомашин зээлээр худалдан авахдаа тохиролцоогүй газар хагалдаг анжис, төмсний үрийн үнэ, ажлын хөлсийг автомашины төлбөрт гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл автомашиныг үнэ төлбөргүй ашигласан, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 2020, 2021 оны татвар, зөрчлийн торгуулийн төлбөр 225,860 төгрөг гаргуулах, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заалтыг үндэслэн алданги 9,327,000 төгрөг, нийт 9,552,860 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс автомашины 2020, 2021 оны татвар, торгуулийн төлбөр 225,860 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагч нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашинаа авсан учир тус гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ, *** маркийн *** улсын дугаартай ачааны автомашины гэрчилгээний хуулбар, Хаан банк дахь Б.*** гийн *** дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2020 он, 2021 оны албан татвар төлсөн баримт, Б.Н***, С.О***, Ө.П***нарын гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч нь *** маркийн *** улсын дугаартай ачааны автомашиныг 33,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь уг автомашиныг хүлээн авч төлбөрт урьдчилан 12,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг Зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээгээр хариуцагчид төлөхөөр талууд 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна зохигчид уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Талуудын дээрх тохиролцооноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг талуудад үүссэн байна.

Нэхэмжлэгч нь автомашины урьдчилгаа төлбөрт 12,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн бөгөөд үлдэгдэл 21,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх явцад хариуцагч нь гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох автомашиныг өөрийн өмчлөлд буцаан авсан нь талуудын тайлбараар нотлогдож байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу автомашины төлбөрт тооцон шилжүүлсэн мөнгө, эд хөрөнгийг хариуцагч Ж.Эрдэнэтогтохоос шаардах эрхтэй буюу хариуцагч нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

Зохигчид *** маркийн ачааны автомашины урьдчилгаанд 12,000,000 төгрөгөөр *** маркийн ачааны автомашиныг шилжүүлэн өгсөн талаар маргаагүй байна. Мөн автомашины үлдэгдэл үнэ 21,000,000 төгрөгт 300 боодол ногоон тэжээлийг нэг боодлыг 8,000 төгрөгөөр тооцон 2,400,000 төгрөг, хариуцагчийн хаан банкны *** тоот данс руу нийт 7,940,000 төгрөг шилжүүлэн өгсөн талаар маргахгүй байна.

Харин газар хагалдаг анжисыг 2,000,000 төгрөгөөр тооцон өгсөн, 300 шуудай төмсний үрийг 12,000,000 төгрөгөөр тооцон өгсөн, 10га газарт тариалалт хийсний ажлын хөлс 600,000 төгрөг, автомашины засварын сэлбэгт 1,350,000 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Зээлээр худалдах худалдан авах гэрээнээс гадна нэхэмжлэгчтэй хамтран тариалалтын ажил эрхэлж байсан гээд тариалалтын ажилд зориулан бусдаас авсан эд зүйл болох газар хагалдаг анжисыг, мөн өөрсдийн тариалалтын талбайд хийсэн ажлын хөлсийг автомашины үнэд оруулан тооцохгүй гэж маргаж байна.

Зохигчид болон гэрч Б.Н***, С.О***, Ө.П*** нарын мэдүүлгээс үзвэл талууд 10 га талбайд тариалалтын ажил хийхдээ бусдаас 300 шуудай төмсний үрийг худалдан авсан, тухайн үедээ 300 шуудай төмсний үр зах зээлийн ханшаар 12,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан, мөн газар хагалдаг анжисыг 1,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 10га газарт тариалалт хийсний ажлын хөлс болох 600,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай хаана, хэзээ, ямар төрлийн ажил, үйлчилгээ хийхээр тохиролцсон талаар баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн автомашиныг засварлахад засварын сэлбэгт 1,350,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашиныг хариуцагчаас хүлээн авахдаа биет байдлын доголдолтой болох талаар мэдэгдээгүй учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зааснаар нэхэмжлэгч нь автомашиныг доголдолгүй гэж үзэн хүлээн авсан үйлдлээрээ шаардах эрхээ алдсан байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч нь автомашин нэхэмжлэгчийн эзэмшилд байсан хугацааны 2020, 2021 оны тээврийн хэрэгслийн албан татварын төлбөр 225,860 төгрөгийг нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлээр шаардсан бөгөөд нэхэмжлэгч тус шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагч гэрээний зүйл болох автомашины 2020, 2021 оны тээврийн хэрэгслийн албан татварт 225,860 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн Зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.6-д заалтыг үндэслэн алданги 9,327,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээний дагуу алданги шаардах эрхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 225,860 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 9,327,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас автомашины урьдчилгаа төлбөрт авсан 12,000,000 төгрөг, хариуцагчийн хаан банкны *** тоот данс руу шилжүүлэн авсан нийт 7,940,000 төгрөг, 300 боодол ногоон тэжээлийн үнэ 2,400,000 төгрөг, газар хагалдаг анжисны төлбөрт 1,000,000 төгрөг, 300 шуудай төмсний үрийн төлбөрт 12,000,000 төгрөг, нийт 35,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 225,860 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 9,327,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Э*** 35,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*** д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*** гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 225,860 төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.Эрдэнэтогтоход олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,327,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 334,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,796 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 7,425.8 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН