Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00212

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00212

 

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03927 дугаар шийдвэртэй

А.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.В-д холбогдох

38,290,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 9,552,860 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагчаас Исузу Порвард маркийн ачааны автомашиныг 33,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 12,000,000 төгрөгөөр Протер маркийн ачааны автомашиныг шилжүүлэн өгсөн, үлдэгдэл 21,000,000 төгрөгт нь Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 300 боодол ногоон тэжээлийг нэг боодлыг 8,000 төгрөгөөр тооцож 2,400,000 төгрөг, хариуцагчийн хаан банкны 5032334565 тоот данс руу нийт 7,940,000 төгрөг шилжүүлсэн, газар хагалдаг анжис 2,000,000 төгрөгт бодож өгсөн, 300 шуудай төмс 12,000,000 төгрөгт тооцож өгсөн, 10 га газарт тариалалт хийсэн ажлын хөлс 600,000 төгрөг, автомашины засварын сэлбэгт 1,350,000 төгрөг төлсөн. Хариуцагч машинаа буцааж авсан боловч машины төлбөрт тооцож төлсөн мөнгийг буцааж төлөхгүй байгаа учир нийт 38,290,000 төгрөгийг гаргуулахаар гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Протер маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа 12,000,000 төгрөгийг авч, тэр өдрөө Зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Автомашины үлдэгдэл төлбөр 21,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлөхгүй байсан учир 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс автомашинаа авсан. Нэхэмжлэгч автомашин зээлээр худалдан авахдаа тохиролцоогүй бусдаас авсан анжис, төмсний үрийн үнэ, ажлын хөлсийг автомашины үнэд хамааруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. А.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл автомашиныг үнэ төлбөргүй ашигласан, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 2020, 2021 оны татварын төлбөр 225,860 төгрөг гаргуулах, гэрээний 3.6-д заалтыг үндэслэн алданги 9,327,000 төгрөг, нийт 9,552,860 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1. автомашины татвар, торгууль зэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд алданги тооцоод 9,327,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй. Хариуцагч өөрөө гэрээнээс татгалзаад машинаа авчихсан учраас алданги нэхэмжлэх боломжгүй. Гэрээ цуцлагдсан тул хэн аль нь өгсөн авснаа буцаана гэдэг үндэслэлээр машиныг өгчихсөн учраас мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Воос 35,340,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,950,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 225,860 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.В-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,327,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 334,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,796 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 7,425.8 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1. 2020 оны12 сард 2,100,000 төгрөгт тооцож 300 боодол ногоон тэжээл авч, 18,900,000 төгрөг үлдсэнийг 2021 оны 01 сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар гэрээ байгуулсан. Гэтэл А.Б нь хугацаандаа төлбөрөө төлж дуусгаагүй.

6.2. Нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий хүмүүсээр гэрчийн мэдүүлэг өгүүлж шүүхийн шийдвэрт нөлөөлсөнд гомдолтой байна. Би А.Б-аас үрийн төмс аваагүй, үрийн төмс өөрсдөө ирээд үнэгүй ав гэсэн зарын дагуу авч тариалсан. 2020 оны 05 сарын үед үрийн төмс 1 шуудай нь 8,000 төгрөг байсныг фэйсбүүк дэх Жаргалан сумын зард байгаа ба илэрхий өндөр үнээр тооцож төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

6.3. 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 240,000 төгрөг, 700,000 төгрөг нь А.Бгийн надаар худалдан авахуулсан түлш, сэлбэгийн үнийн өр төлбөр бөгөөд автомашины төлбөрт хамааралгүй.

6.4. Ажлын хөлс болох 600,000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчтай хаана, хэзээ, ямар төрлийн ажил, үйлчилгээ хийхээр тохиролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд гэрч нарын зөрүүтэй мэдүүлэг болон эргэлзээтэй зүйлүүдэд шинжээч томилж 1 га газарт хэдэн кг үрийн төмс ордог, тухайн үрийн төмсний үнэ зэргийг хөдөлбөргүй тогтоолгосны дараа үнэн бодитоор шийдвэрлэхийн тулд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

6.5. Талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас гадна 12 га талбайн 8 га талбайд төмс тариалах хамтран ажиллах харилцаа үүссэнийг шүүх энэ маргаантай хольж шийдвэрлэсэн.

300 шуудай үрийн төмсийг хариуцагч хүлээн аваагүй ба 12,000,000 төгрөг гэх зах зээлийн үнийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй.

6.6. Мөн анжисыг 1,000,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч нь Б.Н-тай тохиролцоогүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 240,000 төгрөг, 700,000 төгрөг, ажисны үнэ 2,000,000 төгрөг, 300 шуудай үрийн төмсний үнэ 12,000,000 төгрөг, тариалалтын хөлс 720,000 төгрөг, сэлбэгийн үнэ 1,350,000 төгрөг нийт 15,010,000 төгрөгийг зөвшөөрөхгүй тул хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.В-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнэд тооцон өгсөн нийт 38,290,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч автомашин нэхэмжлэгчийн эзэмшилд байсан хугацааны татвар болон торгуулийн төлбөр, алдангид нийт 9,552,860 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2020 оны 09 сарын 12-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б.В нь Isuzu forward (исузу форвард) маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг 21,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч А.Б нь автомашины үнийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. (хх5)

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Учир нь: Талууд зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулсан байх боловч гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.1-263.2.4-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдгаараа худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай юм.

 

4. Худалдан авагч А.Б нь гэрээний зүйл болох автомашиныг хүлээн авсан, түүний үнэд 33,000,000 төгрөг төлөхөөс 12,000,000 төгрөгт портер маркийн автомашин тооцон өгч, үлдэх 21,000,000 төгрөгийг төлөхөөр худалдагч Б.В-той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4.а. А.Б нь автомашины үнэд 2021 оны 02 сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн оны 05 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 7,000,000 төлсөн талаар талууд маргаангүй.

 

4.б. Харин худалдан авах гэрээний үнэд тооцон А.Б-аас Б.Вод өгсөн гэх анжис, 300 шуудай үрийн төмс, 300 боодол ногоон тэжээлийн үнэ, автомашины сэлбэг, түлш зэргийн үнийн дүн маргааны зүйл болжээ.

 

5. Худалдагч Б.В нь худалдан авагч А.Б-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж автомашинаа буцаан авсан тул А.Б Иргэний хуулийн 205 дугаар зүйллийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийн дүнд тооцон өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан.

 

5.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн.

 

5.б. Нэхэмжлэгч автомашины үнэд тооцон хариуцагчид өгсөн 300 боодол ногоон тэжээлийн 1 боодлыг 8,000 төгрөгөөр бодож 2,400,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч үнийн дүнг эс зөвшөөрч 1 боодол ногоон тэжээлийн үнийг 7,000 төгрөг байсан гэж маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ.

 

Анхан шатны шүүх талуудын дээрх маргаантай үйл баримтыг маргаагүй гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.в. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэл болох 300 боодол ногоон тэжээлийн 1 боодлыг 8,000 төгрөгөөр бодож 2,400,000 төгрөгт тооцож өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж хариуцагчаас 300 боодол ногоон тэжээлийн үнэд 2,100,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

6. Мөн нэхэмжлэгч нь 300 шуудай үрийн төмсийг 12,000,000 төгрөгт тооцож өгсөн гэж нэхэмжилж, энэ байдлаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй хэдий ч хариуцагч давж заалдах гомдолдоо 1 шуудай үрийн төмсийг 8,000 төгрөг гэж тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Иймд хариуцагчийн тодорхойлсон хэмжээнд буюу 300 шуудай үрийн төмсний 1 шуудайг 8,000 төгрөгөөр тооцож түүнээс 2,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2,000,000 төгрөгт тооцон анжис өгсөн гэх боловч тус анжисыг нэхэмжлэгчид өгсөн гэх Б.Н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ анжисны үнийг 1,000,000 төгрөгөөр худалдсан гэж мэдүүлжээ.

 

8. Харин нэхэмжлэгч 2021 оны 05 сарын 25-ны өдөр 240,000 төгрөг, 700,000 төгрөг нийт 940,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийг автомашины үнэд тооцон өгөөгүй гэх баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагын автомашины сэлбэгийн 1,350,000 төгрөгт холбогдох хэсгийг шаардах эрхээ алдсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасанд нийцсэн тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас талуудын зөвшөөрсөн 12,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг дээр 300 боодол ногоон тэжээлийн үнэ 2,100,000 төгрөг, 300 шуурай үрийн төмснийн үнэ 2,400,000 төгрөг, анжисны үнэ 1,000,000 төгрөг, автомашины үнэд төлсөн 940,000 төгрөг нийт 25,440,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 12,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

10. Нэхэмжлэгч А.Б-д холбогдуулан гаргасан хариуцагч Б.В-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан хэвээр үлдээх нь зүйтэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...35,340,000 гэснийг ...25,440,000 гэж, ...1,950,000 гэснийг ...12,850,000 гэж,

3 дахь заалтын ...334,650 гэснийг ...285,150 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.В-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,800 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ