Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/04257

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/04257

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух,*** овогт ***ийн ** /РД:***/,

Хариуцагч: ***-ын байранд байрлах, Баянгол дүүргийн тойргийн нотариатч *** *** ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** тоотод байрлах, *** ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатын үйлдлийг хүчингүйд болгуулах нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М***,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б***

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг

(хариуцагч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт ирүүлсэн)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч С.*** д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 249 дугаарт бүртгэж итгэмжлэл олгосон Баянгол дүүргийн нотариатч С.*** гийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.М*** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би өөрийн өмчлөлийн *** тоот 4 өрөө орон сууцыг *** д *** ны барьцаанд тавих эрх олгох зорилгоор нотариатч С.*** д хандаж үйлчилгээ авч зохих төлбөрийг төлсөн. Нотариатч дээрх итгэмжлэлийг хийхэд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж зөвхөн *** ны барьцаанд тавих итгэмжлэл олгох тухайгаа хэлэхэд нотариатч итгэмжлэлийг өөрийн компьютертээ бичиж байсан. Миний хувьд хүүхэд уйлаад байсан учир нотариатын өрөөнөөс гарч гадаа хүүхдээ саатуулж байгаад эргэж орж ирэхэд та гарын үсгээ зур гэхэд зурсан. Гэтэл дээрх итгэмжлэлд миний хэлсэн *** ны барьцаанд тавих талаар үг үсэг оруулаагүй байна. Нотариатын хийсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь заалтыг илт зөрчсөн. Үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлээгүй илт хууль бус итгэмжлэл болсон гэж үзэж байгаа. Анх нотариатын үйлдсэн итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан. Одоо нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч С.*** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн *** дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хийхэд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь заалтыг зөрчиж хийгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. *** нь *** ны барьцаанд тавих эрх олгох итгэмжлэлийг хийлгэнэ гэж хэлээд гадаа хүүхдээ саатуулна гээд гарсан байсан. Би итгэмжлэлийг бичээд нотариатын тамга тэмдгийг дарсны дараа *** нь хүүхдээ тэвэрч орж ирээд гарын үсэг зурсан. Түүнд эрх, үүрэг, үүсэх үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй нь үнэн. Мөн *** гэх үгийг бичээгүй бусдад гэж бичсэн нь алдаа болсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн *** анд үйлчлэх итгэмжлэл үйлдэхийг нотариатч С.*** д хандсан. Гэтэл итгэмжлэлд *** гэдэг үгийг дурдаагүй байна гэдэг. Гэрч *** нь итгэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг *** анд барьцаалж зээл авах талаар хүсэлт гаргаж байсан эсэх талаар судлахад тийм үйл баримт тогтоодоггүй. *** наас ямар нэгэн зээл авах хүсэлт гаргаж байгаагүй гэдэг албан бичиг ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нотариатч итгэмжлэлийг тайлбарлахгүйгээр шууд гарын үсэг зуруулсан гэдэг. Нэхэмжлэгч *** нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд бөгөөд итгэмжлэлээс харахад итгэмжлэл дээрээ гарын үсэг зурсан байдал нь бичиг үсэг мэддэг хүн байгаа учир тайлбар нь үндэслэлгүй. Тухайн эд хөрөнгийг *** ны барьцаанд тавьсан эсвэл *** ХХК-ийн барьцаанд тавьсан эрх зүйн үр дагавараар ялгаа байхгүй. Нэгэнт барьцаанд тавих хүсэл зориг байсан бол ямар ч ялгаагүй учир нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйл болон Нотариатын хуулийн 7, 21 дүгээр зүйлүүдийн шаардлагыг хангасан итгэмжлэл олгогдсон байдаг. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгч *** нь *** ХХК болон Эс эм би трейд ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нөхцөл болгож энэ итгэмжлэлд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах агуулга бол олгосон итгэмжлэлийг байхгүй болгуулах боловч цаад агуулгаараа зээлийн гэрээний нэг хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ийм агуулгаар гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн байсан юм бол хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах энэ үйлдэлтэй холбоотой ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь гуравдагч этгээд *** ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Тиймээс хариуцагчийн зөвшөөрлийг батлахгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: ***

6.Хариуцагчаас тайлбар татгалзалаа нотлохоор: ***

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар татгалзалаа нотлохоор: ****

8.Гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

*** 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Нотариатын хийсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь заалтыг зөрчиж миний хүсэл зоригийг илэрхийлээгүй илт хууль бус итгэмжлэл болсон гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагч нотариатын үйлдлийг хийхэд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь заалтыг зөрчиж хийгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна хэмээн нотариатын үйлдлийг хүчингүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч *** аас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах 117.67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалж зээл авахыг зөвшөөрч байгаа тул гэрээ болон барьцаалбар байгуулах, лавлагаа авах, зээлийн мөнгийг хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, холбогдох бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах эрхийг *** д 1 жилийн хугацаатайгаар олгосон байх ба уг итгэмжлэлийн үнэн зөвийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.*** мөн өдөр *** 9 дугаарт бүртгэж гэрчилсэн байна.

 

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй.

 

Нотариатч С.*** нь нэхэмжлэгч *** т эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, итгэмжлэлийг өөрийнх нь хүсэл зоригийн дагуу олгогдож байгаа эсэхийг тодруулаагүй, эрх зүйн үр дагаварыг тайлбарлаж, зөвлөгөө өгөөгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд уг нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Итгэмжлэл гэрчлэх үйлдэл хийхдээ нотариатч бичгээр үйлдсэн итгэмжлэлд төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг тодорхой, илүү ойлгогдохуйц байдлаар тод бичвэрээр тусгаж, итгэмжлэлээс үүдэх эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгсөн байдлаа баталгаажуулж Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтанд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно гэх бичвэрийг бусад хэсгээс ялгагдахуйц байдлаар налуу бичвэрээр үйлдсэн байх тул уг итгэмжлэлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр үйлдэж, гарын үсэг зурсан *** ыг эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг ойлгоогүй гэж үзэх боломжгүй юм.

Хэрэв тайлбарлаж өгөөгүй тохиолдолд дээрх бичвэрийг уншсан *** тэр талаар нотариатчаас тухайн үед нь тодруулан тайлбарлуулах, улмаар бусдад өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг олгохгүй байх боломж түүнд бүрэн байсан тул шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцыг *** ны барьцаанд тавих эрх олгох зорилгоор иргэн *** д итгэмжлэл олгосон гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан *** ны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаарын *** регистрийн дугаартай *** нэр дээр хадгаламж барьцаалсан зээлээс өөр зээлийн данс бүртгэлгүй байна гэсэн албан бичгээр үгүйсгэгдэж байна.

Үүнээс гадна Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд итгэмжлэл гэрчлэхийг заасан бөгөөд 41 дүгээр зүйлийн 41.1-д Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ гэж заасан байна.

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар нотариатч С.*** гийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 болон 41 дүгээр зүйлийн 41.1-д тус тус заасанд нийцнэ гэж үзнэ. Иймд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гуравдагч этгээд нь ирээдүйд өөрт нь холбогдож гарах шаардлагаас урьдчилан сэргийлж, өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд маргааны бүхий итгэмжлэлээр иргэн *** нь *** ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан гэрээг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан учир тус компанийн хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.*** д холбогдох *** итгэмжлэлийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН