Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00179

 

*ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/04257 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *ын хариуцагч *д холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү 2222, 105 дугаар байрны 1201 тоот 4 өрөө орон сууцыг *д Хаан банк-ны барьцаанд тавих эрх олгох зорилгоор нотариатч *д хандаж, үйлчилгээ авч зохих төлбөрийг төлсөн. Нотариатч дээрх итгэмжлэлийг хийхэд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж зөвхөн Хаан банк-ны барьцаанд тавих итгэмжлэл олгох тухайгаа хэлэхэд нотариатч итгэмжлэлийг өөрийн компьютертээ бичиж байсан. Миний хувьд хүүхэд уйлаад байсан учир нотариатын өрөөнөөс гарч гадаа хүүхдээ саатуулж байгаад эргэж орж ирэхэд та гарын үсгээ зур гэхэд зурсан. Гэтэл дээрх итгэмжлэлд миний хэлсэн Хаан банк-ны барьцаанд тавих талаар үг үсэг оруулаагүй байна. Нотариатын хийсэн үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2-ыг илт зөрчсөн. Үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлээгүй илт хууль бус итгэмжлэл болсон гэж үзэж байгаа. Иймд итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 249 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хийхэд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг, мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь заалтыг зөрчиж хийгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. * нь Хаан банк-ны барьцаанд тавих эрх олгох итгэмжлэлийг хийлгэнэ гэж хэлээд гадаа хүүхдээ саатуулна гээд гарсан байсан. Би итгэмжлэлийг бичээд нотариатын тамга тэмдгийг дарсны дараа * нь хүүхдээ тэвэрч орж ирээд гарын үсэг зурсан. Түүнд эрх, үүрэг, үүсэх үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй нь үнэн. Мөн Хаан банк гэх үгийг бичээгүй бусдад гэж бичсэн нь алдаа болсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3.Гуравдагч этгээд Зуун найман ойл ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн Хаан банк-нд үйлчлэх итгэмжлэл үйлдэхийг нотариатч *д хандсан. Гэтэл итгэмжлэлд Хаан банк гэдэг үгийг дурдаагүй байна гэдэг. Гэрч * нь итгэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банк-нд барьцаалж зээл авах талаар хүсэлт гаргаж байсан эсэх талаар судлахад тийм үйл баримт тогтоодоггүй. Хаан банкнаас ямар нэгэн зээл авах хүсэлт гаргаж байгаагүй гэдэг албан бичиг ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нотариатч итгэмжлэлийг тайлбарлахгүйгээр шууд гарын үсэг зуруулсан гэдэг. Нэхэмжлэгч * нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, бичиг үсэг мэддэг хүн байх тул тайлбар нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 64, Нотариатын тухай хуулийн 7, 21 дүгээр зүйлийг хангасан итгэмжлэл олгогдсон байдаг. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр * нь Зуун найман ойл ХХК болон Эс эм би трейд ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлээр шатахуун худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нөхцөл болгож, энэ итгэмжлэлд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь гуравдагч этгээд Зуун найман ойл ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэргийг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Миний бие шүүхэд итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаacaa татгалзаж, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шийдвэрлүүлэхээр тайлбар гаргасаар байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй итгэмжлэлийн талаар үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч * нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь заалтыг илт зөрчин нэхэмжлэгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, эрх зүйн үр дагаврыг тайлбарлан зөвлөгөө өгөөгүй энэ үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар, мөн гэрчээр шүүх хуралдаанд оролцсон *ын мэдүүлгээр нотлогдож байна. Түүнчлэн намайг байцуулалгүйгээр, оролцуулалгүйгээр итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хийж, нөхөн гарын үсэг зуруулсан үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Мөн миний Хаан банк-ны зээлийн барьцаанд тавихыг хүссэн хүсэл зоригоо илэрхийлснийг илт эсрэг агуулгатай итгэмжлэлийг бичиж, гарын үсэг нөхөн зуруулсан. Үүнийг шүүх нягтлан үзэлгүй гарын үсэг зурсан нь итгэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэн хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 40.3 дах хэсэгт заасан "хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх заалтыг ноцтой зорчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шийдвэрлүүлэхээр шүүхэд тайлбар гаргасаар байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлгүй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй итгэмжлэлийн талаар үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн. Нотариатч * нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтууд. Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2 дахь заалтыг илт зөрчин төлөөлүүлэгчид эрх, үүрэг, эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй. * намайг байлцуулахгүй итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хийж, нөхөн гарын үсэг зуруулсан болохоо хүлээн зөвшөөрч шүүхэд хариу тайлбараа гаргасан, мөн хариуцагчийн тайлбарыг гэрчээр шүүх хуралдаанд оролцсон *ын мэдүүлэг давхар нотолж байхад шүүх энэ талаар хууль, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын тайлбар, мэдүүлгийг няцаасан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар нь бодит үнэнд нийцсэн, нотлох баримтаар нотлогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар нь тодорхой үйл баримт болон нотлох баримтаар нотлогдсон байх ёстой. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэлээ авч, 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийсэн үйл баримт байдаг. Тухайн үйл баримтыг тайлбарлахдаа гэрч нь Хаан банк ХХК-аас 2, 3 сарын турш хөөцөлдөж байгаад болохгүй байсан тул Зуун найман ойл ХХК-аас авсан гэж мэдүүлсэн. Гэтэл тухайн үйл баримт болоогүй болох нь тодорхой харагддаг. Итгэмжлэлийг уншаагүй, намайг гараад ирсэн хойно хийсэн байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргаж, гуравдагч этгээд Зуун найман ойл ХХК эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Нэхэмжлэгч * нь *д 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү-2222, Их Монгол Улс гудамж, 105-1201 тоот хаягт байрлах, Ү-2206058229 тоот улсын бүртгэлийн дугаар, №000668503 тоот гэрчилгээтэй, 117,67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалж зээл авахыг зөвшөөрч байгаа тул гэрээ болон барьцаалбар байгуулах, лавлагаа авах, зээлийн мөнгийг хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгож, тус итгэмжлэлийг хариуцагч буюу нотариатч * гэрчилсэн байна. /хх-ийн 5-р тал/

4.а.Дээрх байдлаар орон сууц барьцаалах эрхийг олж авсан * нь Эс эм би трейд ХХК-ийг төлөөлөн, Зуун найман ойл ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, хоёр компанийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус орон сууцыг барьцаалан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 31-32-р тал/

4.б.Нэхэмжлэгч * нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах эрхийг *д олгохдоо зөвхөн Хаан банк-нд барьцаалуулах талаар нотариатч *д хэлсэн, тухайн үед хүүхэд уйлаад байсан учир буцаж ирж, итгэмжлэлд нөхөж гарын үсэг зурсан, нотариатч нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн гэх үндэслэлээр итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан.

4.в.Хэдийгээр хариуцагч * нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн боловч маргаан бүхий орон сууцыг барьцаалагч буюу гуравдагч этгээд Зуун найман ойл ХХК нь эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон байна. Энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч, итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх учиртай.

4.г.Төлөөлөл нь иргэний эрх зүйн хэлцлийн нэг төрөл болохын хувьд төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой байх шаардлага тавигддаг. Нэхэмжлэгч *аас *д 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхийг бусдад гэж тодорхой заасан байхаас гадна нэхэмжлэгч * нь итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцаж гарын үсгээ зурсан талаар тэмдэглэжээ. Нэхэмжлэгч * нь эрх зүйн чадамжгүй, мөн бичиг үсэг мэддэггүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нотариатч * нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2-т заасан үүргийг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч * нь итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг буруу ташаа ойлгосон гэж үзэх үндэслэлгүй, итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул нотариатын үйлдэл хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/04257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт ... гэснийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт гэж, ... итгэмжлэлийн ... гэснийг итгэмжлэлийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Г.ДАВААДОРЖ