Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/00110

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/00110

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд оршин байх, *** ХХК /РД:***,

 

Хариуцагч: *** тоотод оршин байх, *** ХХК /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 750,000 төгрөг гаргуулах;

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 900,000 төгрөг гаргуулах, ажлын үр дүн болох 50 ширхэг календарийг хүлээн авахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М***, Б.Г***

Хариуцагчийн төлөөлөгч А.Б***,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч *** ХХК-иас 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Манай компани 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Календарь захиалга нэртэй фэйсбүүк хуудаснаас хуанли буюу календарь захиалгаар хийдэг *** ХХК-ийн талаар мэдээллийг олж, тус компанийн ажилтнуудтай холбогдон 2022 оны ханын календарь 50 ширхэгийг хэвлүүлэхээр захиалан, нэг ширхэг хуанлийн үнийг 30,000 төгрөгөөр тооцож, урьдчилгааны 70 хувь болох 1,050,000 төгрөгийг өөрийн компанийн данснаас шилжүүлж, захиалгаа баталгаажуулсан. Эхний захиалга өгснөөс хойш 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин 50 ширхэг хуанли нэмэлтээр захиалахаар болж урьдчилгаа 50 хувь болох 750,000 төгрөгийг өмнөх захиалгын үлдэгдэл 30 хувь болох 450,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн. *** компани эхний захиалгын 50 ширхэг хуанлийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд манай ажилтанд хүлээлгэн өгсөн бөгөөд шалгаж үзэхэд календарийг хэвлэлийн бус, нимгэн бичгийн А4 210x297мм 80гр жинтэй цаасан дээр, хэвлэлтийн өнгө нь нягтралгүй, чанарын шаардлага хангаагүй байсан. Мөн Стандарт, Хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн С/56 тушаалаар MNS 6789:2019 дугаар Хэвлэлийн бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг баталсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа шаардлагыг хангаагүй байсан тул 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөөний 9 цаг 30 минутад нэмэлт захиалгаа цуцлах тухай утсаар хэлсэн. Эхний 50 ширхэг календарь стандарт шаардлага хангаагүй боловч нэгэнт хэвлэгдсэн тул бид эхний захиалгын төлбөрийг тус компаниас нэхэмжлээгүй, зөвхөн нэмэлт захиалгын төлбөрийг буцаан шилжүүлэх талаар *** ХХК-д шаардлага тавьж байсан. Иймд *** ХХК-иас нэмэлт захиалгын үнийн 50 хувь буюу 750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани гурван сар нь зэрэг харагддаг, курсор бүслүүртэй, нүүр нь бүрэлттэй календарь хэвлэдэг бөгөөд нэг ширхэгийн үнэ 30,000 төгрөгийн үнэтэй байдаг. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14:39 цагт *** ХХК-ийг төлөөлж *** гэдэг нэртэй фэйсбүүкээс манай компанийн Календарь захиалга фэйсбүүк хуудасны чатаар холбогдож, 50 ширхэг ханын календарийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авахаар захиалга өгсөн. Тус компани захиалгын урьдчилгаа төлбөр болох 70 хувь буюу 1,050,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15:48 цагт манай компанийн Голомт банкны 1825147466 тоот данс руу шилжүүлж захиалгаа баталгаажуулсан. Тухайн өдрийн 20:29 цагт *** гэдэг нэртэй захиалга өгсөн фэйсбүүк чатаас *** ХХК-ийн логог илгээсэн. Удалгүй тус компанийн дизайнер гэх хүн *** фэйсбүүк хаягаас *** ХХК-ийн мэдээллийг ирүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14:50 цагт *** хаягаас календарийн нүүр зургийг илгээсэн. Тухайн нүүр зургийн дэвсгэр нь цайвар шар өнгөтэй байсан. Захиалагчаас ирүүлсэн уг дэвсгэр өнгийг өөрчлөхгүйгээр тэдний саналыг үндэслэн зөвхөн дээрх бичвэрийн өнгийг сольсон. Захиалгын 50 ширхэг календарийг хэвлэж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 9 цагт бэлэн болгож, захиалгаа авахыг утсаар мэдэгдсэн. Үүний дараа *** над руу утсаар залгаж нэмж 50 ширхэг календарь захиалсан бөгөөд тухайн өдрийн буюу 12 дугаар сарын 17-ны өдөр 13:57 цагт эхний захиалгын үлдэгдэл төлбөр болох 30 хувь буюу 450,000 төгрөгийг шилжүүлэхдээ нэмэлт захиалгын урьдчилгаа төлбөрийн болох 50 хувь буюу 750,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлж, нэмэлт 50 ширхэг календарийн захиалга баталгаажсан. Уг нэмэлт захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авахаар тохиролцсон. Нэмэлт захиалгын 50 ширхэг календарийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14:00 цагт хэвлэлтэд оруулж, 12 дугаар сарын 18-ны өглөө бэлэн болгосон. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагт календарийн нүүрний шар өнгө гологдоод байна тодруулаад хэвлээд өгөөч гэж *** хаягаас чат ирүүлж, 17:33 цагт *** хаягаас 255 170 0 өнгийн кодыг ирүүлсэн, уг кодын өнгөөр нүүрийг дахин засаж илгээхэд зөвшөөрсөн хариу ирсэн. Уг хүсэлтийн дагуу манайх дахин хэвлээд бэлэн болгосон календарийн нүүрүүдийг сольж үдсэн бөгөөд манай компани бүх зардлыг гаргасан. Бэлэн болсон талаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:59 цагт *** , *** хаягт чат явуулсан боловч хариу өгөөгүй. 12 дугаар сарын 23-ны 10:39 цагт *** хаягаас гологдоод энд байж л байна, 10:44 цагт захиалсан байгаа 50 ширхэг календариа буцаагаад урьдчилгаа мөнгөө авах гэсэн юмаа гэсэн чатыг тус тус ирүүлсэн. Манайхаас 10:58 цагт хэвлэсэн бүх календарийн зургийг явуулаад захиалсан календариа аваад мөнгөө өгнө үү гэж чат бичсэн боловч хариу өгөөгүй. Тус компани 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09:30 минутад нэмэлт захиалгаа цуцалсан тухай утсаар мэдэгдээгүй болох нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагаас эхлүүлсэн календарийн өнгийг дахин тодруулах хүсэлтийг ирүүлснээр нотлогдож байна. Захиалагч нь 12 дугаар сарын 20-ны өдөр захиалгын календариа авах байсан ч ирж аваагүй, авах талаар чатаар удаа дараа мэдэгдсэн ч хариу өгөөгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар үүргээ биелүүлээгүй тус компаниас хохирлоо нэхэмжлэх болно. Иймд *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэмэлт захиалгын 50 ширхэг календарийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14:00 цагт хэвлэлтэд оруулж, 12 дугаар сарын 18-ны өглөө бэлэн болгосон. Гэтэл 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагт календарийн нүүрний шар өнгө гологдоод байна, тодруулаад хэвлээд өгөөч гэж *** хаягаас чат ирж, 17:33 цагт *** хаягаас 255 170 0 өнгийн кодыг ирүүлсэн бөгөөд уг кодын өнгөөр нүүрийг засаж илгээхэд зөвшөөрсөн хариу ирсэн. Тус компани 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09:30 минутад нэмэлт захиалгаа цуцалсан тухай утсаар мэдэгдээгүй болох нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагт календарийн нүүрний өнгийг тодруулах хүсэлтийг ирүүлснээр нотлогдож байгаа. Бэлэн болсон байсан захиалгын календарийн нүүрний өнгийг бид захиалагчийн уг хүсэлтийн дагуу засаж, тодруулах, бэлэн болгосон календарийн нүүрүүдийг салгаж, шинэ хэвлэсэн нүүрээр сольж үдэх зэрэг ажлыг нэмж гүйцэтгэсэн. Захиалагч нь 12 дугаар сарын 20-ны өдөр захиалгын календариа авах байсан ч ирж аваагүй, авах талаар чатаар удаа дараа мэдэгдсэн ч хариу өгөөгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар үүргээ биелүүлээгүй тус компаниас болж бид хохироод байна. Иймд *** ХХК-иас 50 ширхэг календарийн үлдэгдэл төлбөр болох үнэ 750,000 төгрөг, нүүр тодруулж хэвлэсэн нэмэлт зардал 150,000 төгрөг, мөн ажлын үр дүн болох 50 ширхэг календарийг хүлээн авахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: *** ХХК үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулж харилцагч байгууллагуудад мэндчилгээ хүргүүлэх үүднээс *** ХХК-ийн нэр, лого бүхий 2022 оны ханын календарь хэвлүүлэх ажлыг менежер Б.*** хариуцан ажилласан. Менежер Б.*** нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** гэсэн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хариуцагч *** ХХК-ийн Календарь захиалга гэсэн нэр лого бүхий фэйсбүүк хуудсыг хайж олж, тус пэйж хуудасны чатаар тэдэнтэй холбогдож, календарийн материал, загвар, өнгө будгийн талаар тодруулга хийж, 50 ширхэг календарь хэвлүүлэхээр захиалга өгч, нэг ширхэгийг 30,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа төлбөрийн 70 хувь болох 1,050,000 төгрөгийг шилжүүлснээр Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. 2021 оны 12 дугаар сарын 17-ны оройн 20:00 цагийн орчим нэхэмжлэгч талын захиалсан 50 ширхэг ханын календарийг хүлээж авахаар *** ХХК-ийн менежер Б.*** *** ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд очсон ба машин байрлуулах зогсоол байгаагүй учир утсаар залгахад захиалсан календарийг цаасан хайрцагт хийн гаргаж өгсөн. Гадаа харанхуй болсон байсан бөгөөд автомашины хөдөлгөөнийг хааж зогссон байсан тул календарийг шалгаж аваагүй ба маргааш нь 12 дугаар сарын 18-ны өглөө 09:00 цагт ажил дээрээ ирж захиалсан календарийг үзэхэд ханын календарийг хэвлэлийн бус нимгэн бичгийн А4 цаасан дээр хэвлэсэн байсан, календарийн он, сар, өдрийг бичсэн улаан, цэнхэр өнгө нь бүдэгхэн, хэвлэлтийн стандартын шаардлага хангаагүй байсан. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-т зааснаар хариуцагч *** ХХК нь ашиглах боломжтой, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал чанар, стандартын шаардлага хангахгүй болохыг мэдсэн тэр даруйдаа буюу тухайн өдрийн 09:30 цагийн үед захиалга өгсөн 99034766 дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул Календарь захиалга нэртэй фэйсбүүк хуудасны чатаар холбогдон Календарь хэвлэсэн цаас нь календарийн зориулалтын бус, чанарын шаардлага хангахгүй байна гэдгийг хэлж нэмэлт захиалсан 50 ширхэг календарийн захиалгыг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. *** ХХК нэмэлт захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож өгөхөөр тохиролцсон ба нэхэмжлэгч 2 хоногийн өмнө захиалгаа цуцлахаар мэдэгдсэн учраас бидний хооронд үүссэн харилцаа нь дуусгавар болсон гэж үзэж байна. *** ХХК нь эхний захиалсан 50 ширхэг календарийг хүлээн авсан үндэслэлээр эрсдэлээ өөрсдөө хүлээсэн ба харин нэмэлтээр захиалсан 50 ширхэг календарийн урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 750,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг *** ХХК-нд утсаар, фэйсбүүк хуудасны чатаар, мөн албан бичгээр мэдэгдэж байсан болох нь нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ***

 

6. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ***

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: ***

 

8. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: ***

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** ХХК болон *** ХХК-иуд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ *** ХХК нь *** ХХК-ийн сонгосон загвараар ханын календарь 50 ширхэг хэвлэж өгөх, 1 ширхэг календарийн үнийг 30,000 төгрөгөөр тохирч урьдчилгаа төлбөрийн 70 хувь буюу 1,050,000 төгрөгийг хүлээн авах, 12 дугаар сарын 17-ны өдөр ажлыг хийж гүйцэтгэн *** ХХК-д хүлээлгэн өгөх;

2/ *** ХХК нь ажлын хөлс нийт 1,500,000 төгрөг төлөх, 12 дугаар сарын 15-ны өдрөө ажлын хөлс 1,050,000 төгрөгийг төлсөн, ажлын үр дүн буюу календарийг хүлээн авахдаа үлдэгдэл 30 хувийг төлөх;

 

*** ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэмэлтээр 50 ширхэг календарийн захиалга өгч эхний захиалгын үлдэгдэл төлбөр болох 30 хувь буюу 450,000 төгрөг, нэмэлт захиалгын урьдчилгаа төлбөрийн болох 50 хувь буюу 750,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг төлсөн. *** ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт захиалгын 50 ширхэг календарийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тохиролцооны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан нэмэлт захиалгын үнийн 50 хувь буюу 750,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хариуцагч *** ХХК-ийн зүгээс дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа ...Тус компани 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09:30 минутад нэмэлт захиалгаа цуцалсан тухай утсаар мэдэгдээгүй, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагт календарийн нүүрний шар өнгө гологдоод байна, тодруулаад хэвлээд өгөөч гэж өнгийн кодыг ирүүлсэн бөгөөд уг кодын өнгөөр нүүрийг засаж илгээхэд зөвшөөрсөн хариу ирсэн гэсэн агуулгаар тайлбарласан ба улмаар шүүхэд *** ХХК-иас 50 ширхэг календарийн үлдэгдэл төлбөр болох үнэ 750,000 төгрөг, нүүр тодруулж хэвлэсэн нэмэлт зардал 150,000 төгрөг гаргуулах, ажлын үр дүн болох 50 ширхэг календарийг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан судлаад дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгч нэмэлтээр захиалсан календарийн урьдчилгаа төлбөрт төлсөн 750,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ ...Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-т үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Захиалсан эд хөрөнгө доголдолтой болохыг мэдсэн даруйдаа хариуцагчид мэдэгдэж, дараагийн захиалгыг цуцалсан болно. *** ХХК нэмэлт захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож өгөхөөр тохиролцсон ба нэхэмжлэгч 2 хоногийн өмнө захиалгаа цуцлахаар мэдэгдсэн гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг доголдолтой гэсэн үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож, урьдчилгаанд өгсөн төлбөрийг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь ажлын үр дүн буюу ханын календарийг хэвлэлийн бус нимгэн бичгийн А4 цаасан дээр хэвлэсэн байсан, календарийн он, сар, өдрийг бичсэн улаан, цэнхэр өнгө нь бүдэгхэн, Стандарт, Хэмжил зүйн газраас баталсан хэвлэлтийн бүтээгдэхүүнд тавигдах стандартын шаардлага хангаагүй гэж ажлын үр дүнг доголдолтой гэж үзэж нэмэлтээр захиалсан 50 ширхэг календарийн урьдчилгаа төлбөрт төлсөн 750,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч захиалга өгөхдөө календарийн цаас буюу материалын талаар, календарийн он, сар, өдрийн бичвэрийн өнгө буюу хэвлэлтийн өнгийн талаар тухайлан тохиролцоогүй байна. Харин нэхэмжлэгч нь захиалга өгөхдөө календарийн ерөнхий загвараа сонгож, календарийн нүүр хуудасны загварыг тохиролцож, календарийн нүүр хуудасны өнгийн кодыг өгч захиалга хийсэн байна. Энэ нь зохигчдын хүсэлтээр 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдож байна.

Хариуцагч *** ХХК-иас ханын календарийн нүүр хуудасны загварыг нэхэмжлэгчид интернэтээр зураг илгээн харуулж, нэхэмжлэгч нь нүүр хуудасны зургийн дэвсгэр өнгийг цайвар шар өнгөтэй болгон өөрчлөх санал гаргасныг хариуцагч хүлээн авч өөрчлөн календарийг хэвлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий календарийг стандартын шаардлага хангаагүй гээд хэвлэлийн бус, нимгэн бичгийн 80 гр цаасан дээр хэвлэсэн гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий календарийг Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэг буюу гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ заалттай нийцээгүй, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт заасан гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д заасан гэрээ цуцлах эрх нь холбогдох этгээдийн эрх өөрчлөхөд чиглэсэн хүсэл зоригийн илэрхийлэл тул нөгөө талдаа хүрснээр хуулийн хүчин төгөлдөр болдог учир захиалагч гэрээг цуцалж дуусгавар болгохоо ажил гүйцэтгэгчид буюу *** ХХК-д мэдэгдсэнээр энэ эрх хэрэгжинэ.

Нэхэмжлэгч нь ...нэмэлт захиалгын 50 ширхэг календарийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авахаар захиалга өгсөн хэдий ч 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анхны захиалгын 50 ширхэг календарийг хүлээж авахдаа цуцалсан тухайгаа нэн даруй мэдэгдсэн гэж тайлбарласан.

2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч компанийн *** гэсэн хаягаас 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 минутад ...сүүлийн 50 ширхэг календарийн өнгийг нь тодруулаад хэвлээд өгөөч, эхний ирсэн календариуд өнгө нь бүдэг байна гээд гологдоод байна *** гэсэн хаягаас 17:33 минутад ...өнгө нөгөө 255 170 0 ээр хийхээр тохирлоо гэж зурвас илгээсэн байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө нэмэлт захиалгаа цуцалсан тухай утсаар мэдэгдсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй буюу Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй гэж шүүхээс үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох нэмэлт захиалгын үнийн 50 хувь буюу 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч *** ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Тус компани 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09:30 минутад нэмэлт захиалгаа цуцалсан тухай утсаар мэдэгдээгүй, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагаас эхлүүлэн календарийн өнгийг дахин тодруулах хүсэлтийг ирүүлснээр нотлогдож байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэсэн агуулгаар тайлбарласан ба улмаар шүүхэд *** ХХК-иас 50 ширхэг календарийн үлдэгдэл төлбөр болох үнэ 750,000 төгрөг, нүүр тодруулж хэвлэсэн нэмэлт зардал 150,000 төгрөг тус тус гаргуулах, ажлын үр дүн болох 50 ширхэг календарийг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Дээр дурдсанчлан талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн болох календарийг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгчээс 750,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгаанаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэмэлт зардалд 150,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *** ХХК-ийн 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-иас 750,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *** ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөг, хариуцагчаас төлсөн 96,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *** ХХК-иас 92,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН