Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00531

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00531

 

 

“д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/00110 дугаар шийдвэртэй,

 

“д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“т-” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсны үр дагаварт 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэгт 900,000 төгрөг гаргуулах, ажлын үр дүн болох 50 ширхэг цаглабарыг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтансүх, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номуунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Календарь захиалга нэртэй фэйсбүүк хуудаснаас хуанли буюу календарь /цаашид цаглабар/ захиалгаар хийдэг “т-” ХХК-ийн талаар мэдээллийг олж, тус компанийн ажилтнуудтай холбогдон 2022 оны ханын цаглабар 50 ширхэгийг хэвлүүлэхээр захиалан, нэг ширхэгийн үнийг 30,000 төгрөгөөр тооцож, урьдчилгааны 70 хувь болох 1,050,000 төгрөгийг өөрийн компанийн данснаас шилжүүлж, захиалгаа баталгаажуулсан.

1.2. Эхний захиалга өгснөөс хойш 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин 50 ширхэг цаглабар нэмэлтээр захиалахаар болж урьдчилгаа 50 хувь болох 750,000 төгрөгийг өмнөх захиалгын үлдэгдэл 30 хувь болох 450,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.3. “т-” ХХК эхний захиалгын 50 ширхэг цаглабарыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны оройн 20 цагийн орчимд манай ажилтанд хүлээлгэн өгсөн бөгөөд шалгаж үзэхэд хэвлэлийн бус, нимгэн бичгийн А4 210x297мм 80 гр жинтэй цаасан дээр, хэвлэлтийн өнгө нь нягтралгүй, чанарын шаардлага хангаагүй байсан.

Мөн Стандарт, Хэмжил зүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн С/56 тушаалаар MNS6789:2019 дугаар Хэвлэлийн бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг баталсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа шаардлагыг хангаагүй тул 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөөний 09 цаг 30 минутад нэмэлт захиалгаа цуцлах тухай утсаар хэлсэн.

1.4. Эхний 50 ширхэг цаглабар стандарт шаардлага хангаагүй боловч нэгэнт хэвлэгдсэн тул эхний захиалгын төлбөрийг тус компаниас нэхэмжлээгүй, зөвхөн нэмэлт захиалгын төлбөрийг буцаан шилжүүлэх талаар “т-” ХХК-д шаардлага тавьж байсан. Иймд “т-” ХХК-аас нэмэлт захиалгын үнийн 50 хувь буюу 750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч компани гурван сар нь зэрэг харагддаг, курсор бүслүүртэй, нүүр нь бүрэлттэй цаглабар хэвлэдэг бөгөөд нэг ширхэгийн үнэ 30,000 төгрөгийн үнэтэй. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14:39 цагт “д-” ХХК-ийг төлөөлж о- гэдэг нэртэй фэйсбүүкээс манай компанийн “Календарь захиалга фэйсбүүк” хуудасны чатаар холбогдож, 50 ширхэг ханын цаглабарыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авахаар захиалга өгсөн.

Тус компани захиалгын урьдчилгаа төлбөр болох 70 хувь буюу 1,050,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  шилжүүлж захиалгаа баталгаажуулсан.

Тухайн өдрийн 20:29 цагт о- гэдэг нэртэй захиалга өгсөн фэйсбүүк чатаас “д-” ХХК-ийн логог илгээсэн. Удалгүй тус компанийн дизайнер гэх хүн б-р фэйсбүүк хаягаас “д-” ХХК-ийн мэдээллийг ирүүлсэн.

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14:50 цагт о- хаягаас цаглабарын нүүр зургийг илгээсэн. Тухайн нүүр зургийн дэвсгэр нь цайвар шар өнгөтэй байсан. Захиалагчаас ирүүлсэн уг дэвсгэр өнгийг өөрчлөхгүйгээр тэдний саналыг үндэслэн зөвхөн дээрх бичвэрийн өнгийг сольсон.

2.2. Захиалгын 50 ширхэг цаглабарыг хэвлэж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 9 цагт бэлэн болгож, захиалгаа авахыг утсаар мэдэгдсэн. Үүний дараа Одонтуяа над руу утсаар залгаж нэмж 50 ширхэг цаглабар захиалсан бөгөөд тухайн өдрийн буюу 12 дугаар сарын 17-ны өдөр 13:57 цагт эхний захиалгын үлдэгдэл төлбөр болох 30 хувь буюу 450,000 төгрөгийг шилжүүлэхдээ нэмэлт захиалгын урьдчилгаа төлбөрийн болох 50 хувь буюу 750,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлж, нэмэлт 50 ширхэг цаглабарын захиалга баталгаажсан. Уг нэмэлт захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авахаар тохиролцсон.

Нэмэлт захиалгын 50 ширхэг цаглабарыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14:00 цагт хэвлэлтэд оруулж, 12 дугаар сарын 18-ны өглөө бэлэн болгосон. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагт цаглабарын нүүрний шар өнгө гологдоод байна тодруулаад хэвлээд өгөөч гэж о- хаягаас чат ирүүлж, 17:33 цагт б-р хаягаас 255 170 0 өнгийн кодыг ирүүлсэн, уг кодын өнгөөр нүүрийг дахин засаж илгээхэд зөвшөөрсөн хариу ирсэн. Уг хүсэлтийн дагуу манайх дахин хэвлээд бэлэн болгосон календарийн нүүрүүдийг сольж үдсэн бөгөөд хариуцагч компани бүх зардлыг гаргасан. Бэлэн болсон талаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15:59 цагт о-, б-р хаягт чат явуулсан боловч хариу өгөөгүй бөгөөд мөн оны 12 дугаар сарын 23-ны 10:39 цагт о- хаягаас гологдоод энд байж л байна, 10:44 цагт захиалсан байгаа 50 ширхэг цаглабарыг буцаагаад урьдчилгаа мөнгөө авах гэсэн юмаа гэсэн чатыг тус тус ирүүлсэн. Хариуцагчаас 10:58 цагт хэвлэсэн бүх цаглабарын зургийг явуулаад захиалсан цаглабарыг аваад мөнгөө өгнө үү гэж чат бичсэн боловч хариу өгөөгүй.

2.3. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 09:30 минутад нэмэлт захиалгаа цуцалсан тухай утсаар мэдэгдээгүй болох нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 цагаас эхлүүлсэн цаглабарын өнгийг дахин тодруулах хүсэлтийг ирүүлснээр нотлогдож байна. Захиалагч нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиалгын цаглабарыг авах байсан ч ирж аваагүй, авах талаар чатаар удаа дараа мэдэгдсэн ч хариу өгөөгүй тул авах талаар чатаар удаа дараа мэдэгдсэн ч хариу өгөөгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчээс болж хариуцагч хохироод байна.

Иймд “д-” ХХК-аас 50 ширхэг цаглабарын үлдэгдэл төлбөр болох үнэ 750,000 төгрөг, нүүр тодруулж хэвлэсэн нэмэлт зардал 150,000 төгрөг, мөн ажлын үр дүн болох 50 ширхэг цаглабарыг хүлээн авахыг даалгаж өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь 50 ширхэг цаглабар хэвлүүлэх захиалга өгч, нэг ширхэгийг 30,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа төлбөрийн 70 хувь болох 1,050,000 төгрөгийг шилжүүлснээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

3.2. 2021 оны 12 дугаар сарын 17-ны оройн 20:00 цагийн орчим нэхэмжлэгч талын захиалсан 50 ширхэг ханын календарийг хүлээж авахаар “д-” ХХК-ийн менежер о- “т-” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байранд очсон ба машин байрлуулах зогсоол байгаагүй учир утсаар залгахад захиалсан цаглабарыг  цаасан хайрцагт хийн гаргаж өгсөн. Гадаа харанхуй, мөн автомашины хөдөлгөөнийг хааж зогссон байсан тул цаглабарыг  шалгаж аваагүй ба маргааш нь буюу 12 дугаар сарын 18-ны өглөө 09:00 цагт ажил дээрээ ирж үзэхэд ханын цаглабарыг хэвлэлийн бус нимгэн бичгийн А4 цаасан дээр хэвлэсэн байсан. Цаглабарын  он, сар, өдрийг бичсэн улаан, цэнхэр өнгө нь бүдэгхэн, хэвлэлтийн стандартын шаардлага хангаагүй байсан.

Хариуцагч “т-” ХХК нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар ашиглах боломжтой, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал чанар, стандартын шаардлага хангахгүй болохыг мэдсэн тэр даруйдаа буюу тухайн өдрийн 09:30 цагийн үед захиалга өгсөн **** дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул “Календарь захиалга” нэртэй фэйсбүүк хуудасны чатаар холбогдон цаас нь цаглабарын   зориулалтын бус, чанарын шаардлага хангахгүй байна гэдгийг хэлж нэмэлт захиалсан 50 ширхэг цаглабарын захиалгыг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан. “т-” ХХК нэмэлт захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож өгөхөөр тохиролцсон ба нэхэмжлэгч 2 хоногийн өмнө захиалгаа цуцлахаар мэдэгдсэн учраас бидний хооронд үүссэн харилцаа нь дуусгавар болсон гэж үзэж байна.

3.3. “д-” ХХК нь эхний захиалсан 50 ширхэг цаглабарыг хүлээн авсан үндэслэлээр эрсдэлээ өөрсдөө хүлээсэн ба харин нэмэлтээр захиалсан 50 ширхэг календарийн урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн 750,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг “т-” ХХК-нд утсаар, фэйсбүүк хуудасны чатаар, мөн албан бичгээр мэдэгдэж байсан болох нь нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “д-” ХХК-ийн 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “д-” ХХК-аас 750,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “т-” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөг, хариуцагчаас төлсөн 96,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “д-” ХХК-аас 92,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс “д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй “т-” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэж нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5.1. Нэмэлт захиалгыг цуцалсан, нэхэмжлэгч өөрөө болон гэрч о-, б- нар нотлохоос гадна “д-” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 18-нд хүргүүлсэн мэдэгдэл /шуудангийн баримтын хамт/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ханын цаглбарар зэрэг баримтаар хангалттай нотлогддог. Гэтэл шүүгч нэмэлт захиалгыг цуцалсан тухай утсаар мэдэгдсэн гэдгээ баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь буруу байхаас гадна хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгоогүй гэж үзэж байна.

5.2. Нэмэлт захиалгыг цуцалж байгааг “т-” ХХК-нд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж улмаар ойн арга хэмжээний хугацаа тулсан зэрэг байдлаас шалтгаалж эхний 50 ширхэг календарийг хүлээж авах, ингэхдээ цаглабарын өнгө бүдэг байгаа учраас өнгийг тодруулах, нүүр хуудсыг солиулах шаардлага тавьж солиулж авсныг мушгин гуйвуулж нэмэлт захиалгын нүүр, өнгийг сольж өгсөн мэтээр дүгнэж /нэмэлт захиалгыг хүлээн аваагүй байхад/ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь илтэд үндэслэл муутай байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн. “т-” ХХК нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350.1.7, 350.1.8-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдолыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах, өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүрэг хүлээх ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж “д-” ХХК нэмэлт захиалгыг цуцалсан, цуцлахдаа мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан журмыг баримталсныг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасны дагууд-” ХХК нь эхний 50 ширхэг календарь шаардлага хангаагүй ч гэсэн нүүр болон будгийг нь тодруулснаар хүлээн авч эрсдэлээ өөрсдөө үүрэх шийдвэр гаргаж, нэмэлт захиалыг цуцалсан бөгөөд мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт гэж үзээд нэмэлт захиалгыг цуцалсан.

5.3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох нэмэлт 50 ширхэг календарийн үнэ болох 750,000 төгрөгийг “д-” ХХК-аас гаргуулж “т-” ХХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн нь илтэд үндэслэл муутай болсон гэж үзэж гомдол гаргаж байна.

“д-” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хариу тайлбараа шүүхэд гарган өгсөн. Нэмэлт захиалгын 50 ширхэг календарийг хүлээн аваагүй атлаа үлдэгдэл 50 ширхэг календарийн үнийг төлөх үндэслэлгүй. Нөгөө талаар уг календарийг компанийн 30 жилийн ойн арга хэмжээнд харилцагч, үйлчлүүлэгч нарт тараах байсан ба одоо энэ календарийг хүлээж авах нь нэхэмжэгчид ашиггүй, хохиролтой байна.

Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...ажлын үр дүн болох 50 ширхэг календарийг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан талаар...” дүгнэсэн боловч тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй байна.

Сүүлийн үед дүүргүүийн шүүхэд шинээр шүүгчээр томилогдон ирж буй шүүгч нар мэргэжлийн мэдлэг, ур чадваргүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгодоггүй, шийдвэрийн бичилтэнд тавигдах шаардлагыг мэддэггүй зэрэг байдлаас болж хэргийн оролцогч, шүүхээр үйлчлүүлж бай аливаа иргэд хохирох байдал бий болгож байгааг анхаарахыг хүсье. ... Шүүгч мэргэжлийн алдаа гаргаж огт болохгүй.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 750,000 төгрөг болон 50 ширхэг календарь хүлээж авахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “д-” ХХК-ийн эрх, ашиг сонирхолыг хөндөж байгаа тул гомдол гаргаж байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэлт захиалгыг цуцлаагүй, ажлын үр дүнг хүлээж авахыг хэрхэн, яаж мэдэгдсэн зэргийг нотлох ёстой. Хариуцагч “т-” ХХК нь нэмэлт 50 ширхэг календарийг хүлээлгэж өгөөгүй гэдгээ өөрөө нотолж байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас нэмэлт захиалга цуцалсан нь гэрч о-, б- болон “д-” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр явуулсан албан бичгээр нотлогдоно гэж маргадаг. Гэвч тухайн гэрчүүд нь компанид захиалга өгч байсан буюу тус хэрэгт ашиг сонирхол бүхий этгээдүүд байдаг. Мөн тэдгээрийн мэдүүлгүүд нь бусад бичгийн нотлох баримтуудтай нэгдмэл байдлаар дэмжигдэж нотлогддоггүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан. Уг зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь захиалагч гэрээг цуцлахаар бол гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж дуусахаас өмнө нөгөө талд мэдэгдэх юм. Гэвч нэхэмжлэгч нь анх гэрээг цуцлах мэдэгдлээ 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр компанид мэдэгдсэн. Энэ нь хэрэгт авагдсан чатад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч тал ажлыг хийж гүйцэтгэсэн байсан тул нэг талын санаачилгаар цуцална гэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “д-” ХХК нь хариуцагч “т-” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсны үр дагаварт 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт 900,000 төгрөг гаргуулах, ажлын үр дүн болох 50 ширхэг календарийг хүлээн авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “д-” ХХК нь “т-” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50 ширхэг ханын цаглабарыг ширхэгийн үнийг 30,000 төгрөгөөр, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 70 хувь буюу 1,050,000 төгрөгийг төлж захиалгыг баталгаажуулсан байна.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэмж 50 ширхэг цаглабарын захиалга өгч, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авахаар тохиролцон эхний захиалгын үлдэгдэл 30 хувь болох 450,000 төгрөг, нэмэлт захиалгын 50 хувь буюу 750,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Талууд гэрээний ажлын үр дүн болох ханын цаглабарын загвар, тоо ширхэгийн  талаар маргаагүй, харин ханын цагалбарыг хэвлэсэн цаасны чанар болон хэвлэлтийн өнгөний нягтралын талаар маргажээ.

 

4.1. Шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл хариуцагч ханын цаглабарыг А4 хэмжээтэй 80 гр жинтэй энгийн бичгийн цаасан дээр хэвлэсэн болох нь үзлэгээр тогтоогджээ.

 

4.2. Гэрээний зүйлийн чанарын талаар талууд тохиролцоогүй боловч гэрээний зүйл нь хэвлэмэл бүтээгдэхүүн байх тул Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан MNS 5553-5:2005 Монгол улсын стандартын Хэвлэмэл бүтээгдэхүүнд тавих ерөнхий шаардлагын “Цаглабар” гэх 5 дугаар хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх талууд гэрээний зүйлийн чанарын талаар тохиролцоогүй гэж зөв дүгнэсэн атлаа уг зүйл нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасан ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэх боломжтой талаар алдаатай дүгнэснийг залруулах боломжтой байна.

Хариуцагч “т-” ХХК нь хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд нэг жилийн хугацаанд ашиглах зориулалттай цаглабарыг үйлдвэрлэхдээ хуулиар тавигдах ердийн шаардлагад нийцүүлж буюу нэг жилийн хугацааны ашиглалтыг албан хэргийн хөтлөлтөд хэрэглэгддэг А4 бичгийн цаас хангаж чадна гэдгийг нотлох үүрэгтэй юм.

Дээр дурдсан стандартын 9-д заасан цаглабарыг нэг буюу хоёр талаас нь лакдах, бүрэх зэрэг ажиллагаа хийх шаардлагагүй гэдгийг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.

 

4.3. Талууд цаглабарын өнгөний сонголтын талаар цахим захидлаар харилцаж байсан байх ба нэхэмжлэгч өнгөний кодыг 255 170 0 гэж сонгожээ. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн сонгосон өнгөөр хэвлэсэн гэдгээ нотлох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.  

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан MNS 6789:2019 Хэвлэлийн бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагын хэвлэлийн бүтээгдэхүүний өнгөд тавигдах шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гаргасан гэдгээ хариуцагч тал нотлох юм. 

 

4.4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “т-” ХХК нь Иргэний хуулийн 353 дугаар зүулийн 353.3 дахь хэсэгт заасан гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой ханын цаглабарыг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэмж захиалсан 50 ширхэг цаглабарын хэмжээгээр гэрээг цуцалж, түүний үр дагаварыг мөн хуулийн 205 дугаар зүйийн 205.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөд төлсөн 750,000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардах эрхтэй юм.

 

4.5. Талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан гэрээ цуцлах журам хамаарахгүй болно. Учир нь нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ цуцалж, хохирол шаардаагүй болно.

 

4.6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх анхаараагүй гэсэн хэсгийг хүлээж авах боломжгүй юм. Учир нь тухайн зохицуулалтын үр дагавар болох үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэхэд урьдчилсан нөхцөл болох үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зарим хэсэг зөрчилтэй байх ба үлдэх үүрэг гүйцэтгэгдээгүй байх тохиолдолд хамаатай юм.

 

Энэ маргааны хувьд үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч тал үүргийг бүрэн гүйцэтгэсэн байх бөгөөд уг гүйцэтгэгдсэн үүрэг доголдолтой эсэх талаар маргасан учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсгийн зохицуулалт хэрэглэгдэхгүй болно. 

 

5.1. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг цуцалсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хөлс шаардах эрхгүй юм.

 

5.2. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар биет байдлын доголдолтой хэвлэмэл бүтээгдэхүүнийг захиалагч хүлээн авах үүрэггүй тул 50 ширхэг цагалбарыг хүлээн авахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болжээ.

 

5.3. Иймд нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 900,000 төгрөг гаргуулах болон 50 ширхэг цагалбарыг хүлээн авахыг даалгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос шүүгчийн мэргэжил, ур чадвар, сахилга хариуцлагатай холбоотой хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т заасан давж заалдах гомдол гаргах хүрээг тодорхойлсон шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгааг заана гэснийг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж найруулах нь оновчтой гэж дүгнэлээ.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/00110 дугаар шийдвэрийн 1,2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “т-” ХХК-аас 750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “д-” ХХК-д олгож, нэхэмжлэгч “д-” ХХК-д холбогдох 900,000 төгрөг гаргуулах, 50 ширхэг цаглабарыг хүлээн авахыг даалгуулах тухай хариуцагч “т-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлан “нэхэмжлэгч “д-” ХХК-аас 92,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид” гэснийг “хариуцагч “т-” ХХК-аас 22,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “д-” ХХК-д” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА