Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/511

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

         1. Шүүгдэгч Д овогт *******ын *******ийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалтанд хээл хахууль өөрөө өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Шүүгдэгч Н овогт *******ийн *******ийг ... шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 2 жилийн хорих ялаар,

 

  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

         4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ээс хууль бус хөрөнгө болох 20.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          6. Шүүгдэгч Ц.*******, Б.******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эдлэх ялыг тоолсугай.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, цагаатгагдсан этгээд нь цагаатгасан шалтгаан, үндэслэлийг эс зөвшөөрвөл  өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           И.ГАНБАТ

 

        ШҮҮГЧИД                                    М.МӨНХБААТАР

 

                                                                                             Х.ОДБАЯР