Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2022/03723

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 16а байр, Засгийн газрын IX байр, өөрийн байранд байрлах, ЖДҮГ /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  тоотод байрлах, Х ХХК /РД:000000000/,

 

Хариуцагч: Х аймаг, Өмнөдэлгэр сум,  дугаар баг, Гурванбаян төв гудамж, 00 тоотод оршин суух, Х овогт Д Б /РД:000000000000/,

 

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо, Орчлон хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Х овогт Б Н /РД:00000000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,028,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Х ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2011/02 тоот зээлийн гэрээ болон 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2011/02 тоот барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сүү боловсруулж, цөцгий үйлдвэрлэх төслийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Д.Б өмчлөлийн Б дүүргийн 0 дүгээр хороо цэргийн хотхон хаягт байрлах улсын бүртгэлийн 0000000000 дугаартай, 00000000 гэрчилгээний дугаар бүхий мөсөн зоорийн зориулалттай 70 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 10,000,000 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 30,028,500 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Х ХХК болон хариуцагч Б.Ннар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгчтэй 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 2011/02 дугаартай зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн төслийн зээл авсан. Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр авсан эд хөрөнгө буюу үхэр нь цаг агаарын тааламжгүй байдлаас болон мал маллаж байгаа хүмүүсийнхээ хариуцлагагүй байдлаас болж байхгүй болсон байдаг. Тийм учраас зээлийг буцаан төлөх боломжгүй болсон. Зээлийг 2015 онд төлж дуусах ёстой байсан боловч дээр дурдсан шалтгаанаар төлж чадаагүй. Тухайн үед сангаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь баталсан байдаг. Хэрэв зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй бол яах ёстой талаар гэрээн дээр тодорхой зааж өгсөн. Тухайлбал зээлийн гэрээний 4.6-д сан нь зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн дотор зээлдэгчид мэдэгдэх ёстой гэсэн байгаа. Мөн гэрээний 6.1.1-д зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үнийн дүнгээр алданги тооцно гэж заасан. Ингээд 6.1.2-т зээлээ хугацаанд нь төлөөгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хуульд зааснаар захиран зарцуулна гэж заасан. Энэ мэтчилэн гэрээнд талуудын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Зээлдэгч нь графикийн дагуу эргэн төлөлт хийгээгүй бол зээлийн харилцааг яаж зохицуулах талаар гэрээнд заасан байхад сан нь өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээл төлөх талаар хариуцагч нарт мэдэгдээгүй, шаардаагүй. Мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн зүйл огт яригдаагүй явсаар энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Зээл төлөх талаар Х ХХК-д шаардлага тавьж байгаагүй, тийм баримт хэрэгт байхгүй. Х ХХК өмнө нь өөр нэртэй байсан боловч тухайн нэр нь үйл ажиллагаанд нь нөлөөлөөд байна гэж үзэж, зан үйлийн байдлаар 2015 оны 1 дүгээр сард хуулийн этгээдийн нэрээ өөрчилсөн. Гэхдээ сан нь нэрээ сольсон гэдгийг сайн мэдэж байсан. Хариуцагчийн хувьд нэрээ сольж зайлсхийсэн юм байхгүй, захирлынх нь холбоо барих утас болон компанийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг байршил, төсөл хэрэгжүүлж байсан газар нь хэвээрээ байсан. Тийм байхад зээлээ төл гэж албан ёсоор нэг ч удаа шаардлага тавьж байгаагүй учраас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Б.Ннь төсөл бичиж аавынхаа газрыг барьцаанд тавьсан гэдэг. Гэтэл тухайн барьцаатай холбоотой итгэмжлэл нь нотариатаар гэрчлүүлээгүй итгэмжлэл байгаа. Энэ талаар Б.Нболон Д.Б нар хоёулаа нотариатаар орсон зүйл байхгүй гэдгээ хэлдэг. Мөн барьцаалсан эд хөрөнгө нь мөсөн зоорь байсан, үйл ажиллагаанаас болоод тухайн зоорь нь хайлаад шороо нь нурсан буюу тухайн эд хөрөнгө нь байхгүй болсон. Тиймээс одоо үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэхгүй нураасан, устсан. Нэхэмжлэгч нь зээлийн хуваарийн дагуу тухайн үед нь шаардлага тавьж хандсан бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан. Гэтэл сан өөрөө зээл төлөх талаар шаардаагүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар Д.Б, Б.Ннарт хандаагүй, холбоо бариагүй. Иймд уг маргаанд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Мөн зээлийн гэрээний дагуу хийгдсэн гэх барьцааны гэрээг хэзээ байгуулсан бэ? гэдэг цаг хугацааны асуудал яригдана. Барьцааны гэрээ гэдэг нь өөрөө үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу үндсэн зээлийн гэрээг дагалдаж орж ирдэг. Гэтэл барьцааны гэрээ нь 4 сарын 07-ны өдөр байгуулагдсан, үндсэн зээлийн гэрээ нь 6 сард байгуулагдсан байдаг. Энэ нөхцөл байдлыг харахаар тухайн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Х аймгийн Өмнөдэлгэр сумын -р багын иргэн Д овогтой Б миний бие Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн сангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчаар оролцож байгаа билээ. Миний бие нь 2011 оны хавар өөрийн төрсөн хүү Б.Н мал аж ахуй, газар тариалангийн бизнесийг дэмжих зорилгоор өөрийн өмчлөлийн Нийслэлийн Б дүүргийн -р хороо /хуучнаар хаягдсан Оросын Дивизийн/-ны нутаг дэвсгэрт байх 30 тонн махны багтаамжтай мөсөн зоорийг барьцаалуулахыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгч байсан нь үнэн билээ. Харин уг итгэмжлэлийг одоо хавтаст хэргийн материалаас харахад нотариатаар батлуулаагүй байна. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалуулж, барьцаалж байгаа этгээдүүдийн хувьд Иргэний хуулийн 43.2.3.-т зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн; байх шаардлагатай байдаг. Тэгэхээр итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн үйл явдал болсон бол миний бие хүүтэйгээ дагалдан очиж энэ хөрөнгөө барьцаалсан бол үйлдэл маань төгс болсон энэхүү барьцаагаар энэхүү итгэмжлэлээр зээл мөнгө авсныг мэдэх бололцоотой байсан байна. Гэтэл уг зээлийг Х ХХК нь авсан болохыг миний бие нэхэмжлэлийг гардан авснаар анхлан мэдэж байна. Нөгөө талаас барьцаалагч нь таны зоорь байгаа юу, таны мөсөн зоорийг хүү чинь барьцаанд тавьсан шүү, бүрэн бүтэн байна уу, гэж ирж үзсэн уулзаж эсхүл зээл төлбөрөө төлөөрэй гэж нэг ч удаа надтай уулзаж холбогдож байгаагүй, мөн зээлдэгч болох манай хүү надад нэг ч хэлээгүй нь намайг мэдэхгүй байх байдалд байлгасан байна. Хэрэгт авагдсан итгэмжлэл ч Иргэний хуульд заасан бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангаагүй, Тухайлбал: Иргэний хуулийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэснийг хангаагүй байна. Уг зооринд намар мал мах авч өвөл хавар нь худалдаанд гарган борлуулдаг үйл ажиллагааг эрхэлдэг байсан бөгөөд 2011 оны, намар хамгийн сүүлд ашигласнаас хойш 3-4 жил ашиглахгүй байж байгаад хариуцсан манаачийн үйл ажиллагааны муугаас доторх суурь мөсний хайлалт болж цөмөрч ашиглах аргагүй болсон бөгөөд одоо зөвхөн нурсан овоолоостой шороо болж үлдсэн юм. Тодруулбал одоо мөсөн зоорь байхгүй гэсэн үг. Иймд нэхэмжлэгчээс гаргаж байгаа зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөс гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.Нэхэмжлэгч тал нь хэрэгт итгэмжлэл /хх-3/, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, 2011 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2011/02 дугаар зээлийн гэрээ /хх-5-10/, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2011/02 дугаар зээлийн барьцааны гэрээ /хх-11-14/, төслийн зээлийн өргөдөл /хх-15-18/, Б дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн албан бичиг /хх-19/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-20-23/, Х ХХК-ийн дүрэм /хх-24-27/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-28/, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-29/, зээлийн хөшүүргийн тооцоо /хх-30/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-31/, итгэмжлэл /хх-32/, Монгол улсын засгийн газрын тогтоол /хх-33/, ЖДҮГ даргын тушаал /хх-78/, томилолтоор ажиллах удирдамж /хх-79/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

5. Хариуцагч Х ХХК нь итгэмжлэл /хх-37/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-38/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-39-40/, хариу тайлбар /хх-48/, төлбөрийн баримт /хх-93/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-94/, нэхэмжлэх /хх-95/, итгэмжлэл /хх-96/ зэрэг нотлох баримтыг өгсөн байна.

 

6.Хариуцагч Б.Н зүгээс хэрэгт итгэмжлэл /хх-72/, хариу тайлбар /хх-87/-ыг хэрэгт өгсөн байна.

 

7.Хариуцагч Д.Б зүгээс хэрэгт хариу тайлбар /хх74-75/ ирүүлж, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

8. Шүүхийн санаачилгаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг /хх-64/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-65-66/ нотлох баримтаар цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЖДҮГ нь хариуцагч Х ХХК, Д.Б, Б.Ннарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,028,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэг: Зээлийн гэрээний үүрэгт 30,028,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Х ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2011/02 тоот зээлийн гэрээ болон 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2011/02 тоот барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулан 20,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, Сүү боловсруулж, цөцгий үйлдвэрлэх төслийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Д.Б өмчлөлийн Б дүүргийн  дүгээр хороо цэргийн хотхон хаягт байрлах улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 000000 гэрчилгээний дугаар бүхий мөсөн зоорийн зориулалттай 70 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ...гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлж авсан 20,000,000 төгрөгөөр төслийн үйл ажиллагаанд зориулж авсан үнээнүүд нь байгаль цаг уурын таагүй байдал, туршлагагүй малчин болон эдийн засгийн таагүй байдлаас шалтгаалж үгүй болж төслийн үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсноор төлбөр төлөх эх үүсвэргүй болсон, ... гэрээний хугацаа 2015 онд дууссан байхад нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс барьцаа хөрөнгө устсан, ...нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон С ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн болон хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, нэхэмжлэх, төлбөрийн баримт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь өмнө нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хариуцагч Х ХХК нь өмнө нь С гэх нэртэй байсан байх бөгөөд талууд ийнхүү нэрээ өөрчлөхөөсөө өмнө буюу 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2011/02 тоот зээлийн гэрээг байгуулсан байна.

3.2 Талууд уг зээлийн гэрээг байгуулсан болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

4. Талуудын хооронд 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 2011/02 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч нь 20,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаатайгаар зээлсэн байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийг 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 13-ны өдөр 833,333 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.

Дээрх зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар болон хариуцагч Х ХХК нарын хооронд үүссэн байх бөгөөд уг гэрээнд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Нгарын үсэг зурсан байна.

 

Талуудын дээрх тохиролцооноос үзвэл Жижиг, дунд үйлдвэрийн газар болон хариуцагч Х ХХК нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох 20,000,000 төгрөгийг хариуцагч Х ХХК-д шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийн зээлийг авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээнд заасан зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

5.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дууссан байх бөгөөд энэ өдрөөс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхтэй байсан хэдий ч нэхэмжлэгч тал нь энэ хугацаанд гэрээний үүрэг шаардаагүй үндэслэлээ тайлбарлахдаа ...хариуцагч компани нэрээ сольсон гэдгийг мэдээгүй учраас хариуцагч компанитай холбогдох боломжгүй байсан, ...мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул шүүхээр эрэн сурвалжлуулж, хаягийг олж тогтоосны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар С ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 06-ны нэрээ Х ХХК болж, нэрээ өөрчилсөн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01573 дугаартай шийдвэрээр хариуцагч компанийг эрэн сурвалжилж, хаягийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр олж тогтоосон болох нь Б дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн албан бичгээр тогтоогдож байна. /аа-19/.

Иймд нэхэмжлэгч талыг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасантай нийцнэ.

 

Иймд нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

6.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх алдангид 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдлийн 0,1 хувийн алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний төлбөр болох 20,000,000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн алданги тооцох эрхтэй.

 

Гэрээний 6.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр алдангийг тооцвол 1 хоногт 20,000 төгрөг болж байх ба үүнийг 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2,490 хоногоор тооцвол нэхэмжлэгч нь 49,800,000 төгрөгийн алданги нэхэмжлэхээр байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын зардалд 28,500 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэхүү зардал нэхэмжлэгчээс гарсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчээс дээрх зардлыг гарсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

8.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

9.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар нь хариуцагч Х ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор хариуцагч Б.Н 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2011/02 дугаартай Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, хариуцагч Д.Б өмчлөлийн Б дүүргийн 0 дүгээр хороо цэргийн хотхон хаягт байрлах улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 000000 гэрчилгээний дугаар бүхий мөсөн зоорийн зориулалттай 70 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар-ийн хариуцагч Б.Н 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 2011/02 дугаартай Зээлийн барьцааны гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээний 1.2-т ...барьцаалуулагч ба сан, захиалагчийн хооронд байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №2011/6/20 тоот Зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож, энэхүү гэрээний 3.1 дэх хэсэгт заасан зүйлийг барьцаалж байна гэжээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар барьцааны эрх нь үндсэн үүргийн харилцааны шаардах эрхгүйгээр үүсэж, оршин тогтнож, бусдад шилжих боломжгүй буюу үндсэн үүргийн харилцаа үүссэн тохиолдолд үүсдэг нэмэлт шаардах эрх юм.

Гэтэл талуудын хооронд үүссэн зээлийн гэрээ 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан байхад барьцааны гэрээ 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан байгаа нь үндсэн үүрэг болох зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад барьцааны гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан дээрх Зээлийн барьцааны гэрээ-д 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №2011/6/20 тоот Зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож, хөрөнгийг барьцаалсан гэж тусгасан байхад нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 2011/02 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд талууд 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн барьцааны гэрээ-г нэхэмжлэгчийн Х ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хариуцагч Д.Б өмчлөлийн Б дүүргийн 1 дүгээр хороо цэргийн хотхон хаягт байрлах улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 000000 гэрчилгээний дугаар бүхий мөсөн зоорийн зориулалттай 70 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

10.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Х ХХК-аас 30,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,500 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч Б.Н, Д.Б нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар-ын хариуцагч Д.Б, Б.Ннарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 308,092 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА