Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00273

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 30 210/МА2023/00273

 

 

 

А ТБАГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/3723 дугаар шийдвэртэй

А ТБАГ-ын нэхэмжлэлтэй, Б ХХК, А.Б , Б.В нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,028,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б ХХК, Б.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхорол, хариуцагч Б ХХК, Б.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Б ХХК нь А-тай 2011 оны 06 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ, 2011 оны 04 сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сүү боловсруулж, цөцгий үйлдвэрлэх төслийн зориулалтаар зээлсэн.

Зээлийн барьцаанд А.Б-ийн өмчлөлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо Цэргийн хотхон хаягт байрлах, улсын бүртгэлийн 00000 дугаар бүртгэлтэй, 00001 дугаар гэрчилгээтэй мөсөн зоорийн зориулалттай 70 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул 2022 оны 05 сарын 16-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 30,028,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

 

2. Хариуцагч Б ХХК, Б.В нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б ХХК нь А тай 2011 оны 06 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн төслийн зээл авсан.

Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр авсан эд хөрөнгө буюу үхэр нь цаг агаарын тааламжгүй байдал, мал маллаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй зэргээс болж байхгүй болсны улмаас зээлийг буцаан төлөх боломжгүй болсон.

Зээлийг 2015 онд төлж дуусах ёстой байсан боловч дээр дурдсан шалтгаанаар төлж чадаагүй. Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй бол яах талаар гэрээнд тодорхой заасан. Тухайлбал зээлийн гэрээний 4.6-д сан нь зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн дотор зээлдэгчид мэдэгдэх ёстой гэж, 6.1.1-д зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үнийн дүнгээр алданги тооцно гэж, 6.1.2-т зээлээ хугацаанд нь төлөөгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хуульд зааснаар захиран зарцуулна гэж тус тус заасан.

Иймд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээл төлөх талаар хариуцагч нарт мэдэгдээгүй, шаардаагүй.

Зээл төлөх талаар Б ХХК-д шаардлага тавьж байгаагүй ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Б ХХК урьд өөр нэртэй байсан ба 2015 оны 01 сард хуулийн этгээдийн нэрээ өөрчилсөн, нэхэмжлэгч энэ талаар сайн мэдэж байсан.

Хариуцагч компани нэрээ сольж зайлсхийгээгүй, захирлын холбоо барих утас болон компанийн хаяг байршил, төсөл хэрэгжүүлж байсан газар хэвээр байсан. Гэтэл зээл төлөхийг шаардаж байгаагүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй.

2.2. Б.В нь төсөл бичиж аавынхаа газрыг барьцаанд тавьсан гэдэг ч барьцаатай холбоотой итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлээгүй байдаг. Б.В , А.Б нар нотариатаар орж итгэмжлэл олгоогүй.

Мөн барьцаалсан эд хөрөнгө нь мөсөн зоорь байсан, үйл ажиллагаанаас болоод тухайн зоорь хайлж, шороо нь нурж байхгүй болсон. Иймд барьцаа хөрөнгийг одоо үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн хуваарийн дагуу тухайн үед нь шаардлага тавьж хандсан бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан.

2.3. Барьцааны гэрээ нь 2011 оны 04 сарын 07-ны өдөр байгуулагдсан, үндсэн зээлийн гэрээ нь мөн оны 06 сард байгуулагдсан. Энэ нөхцөл байдлаар тухайн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч А.Б ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Миний бие нь 2011 оны хавар өөрийн төрсөн хүү Б.В-ийн мал аж ахуй, газар тариалангийн бизнесийг дэмжих зорилгоор өөрийн өмчлөлийн Нийслэлийн Багануур дүүргийн 3-р хороо /хуучнаар хаягдсан Оросын Дивизийн/-ны нутаг дэвсгэрт байх 30 тонн махны багтаамжтай мөсөн зоорийг барьцаалахыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн. Уг итгэмжлэлийг нотариатаар батлуулаагүй байна.

Иргэний хуулийн 43.2.3.-т зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалуулж, барьцаалж байгаа этгээдүүд нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлүүлсэн байх шаардлагатай.

Итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлж хүүгийн хамт очиж хөрөнгөө барьцаалсан бол энэхүү итгэмжлэлээр зээл авсныг мэдэх байсан. Гэтэл уг зээлийг Б ХХК нь авсан болохыг миний бие нэхэмжлэлийг гардан авснаар анх мэдсэн.

3.2. Нөгөө талаас барьцаалагч нь зоорь байгаа эсэх, мөсөн зоорийг барьцаалж байгаа талаар болон зээлийн төлбөр төлөх талаар уулзаж байгаагүй.

Хэрэгт авагдсан итгэмжлэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангаагүй.

Уг зооринд намар мал мах авч өвөл хавар нь худалдаанд гарган борлуулдаг үйл ажиллагааг эрхэлдэг байсан бөгөөд 2011 оны, намар хамгийн сүүлд ашигласнаас хойш 3-4 жил ашиглаагүй ба хариуцсан манаачийн үйл ажиллагааны улмаас доторх суурь мөс халж ашиглах боломжгүй болсон.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А ТБАГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А -ын хариуцагч А.Б , Б.В нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 308,092 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Б ХХК, Б.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь 2013 оны 07 сарын 13-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрөө авахаар эргэн төлөлтийн хуваарь гаргасан ба гэрээний 6.1, 7.1-д зааснаар нэхэмжлэгч тал нь зээлээ хугацаандаа буюу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй 90 хоног хэтэрсэн тохиолдолд уг зээлийг хэрхэн төлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрх энэ үеэс үүссэн ба нэхэмжлэгч энэ хугацаанаас хойш ямар нэгэн байдлаар зээл төлөхийг шаардаагүй. Гэтэл шүүх 2020 онд хариуцагч компанийг эрэн сурвалжлуулсан байна хэмээн шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байхад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн шалтгаангүйгээр хэтрүүлсэн байж 2020 онд хариуцагч компанийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй мэт болгож шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч компанийг эрэн сурвалжлуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

5.2. Хариуцагч компанийн хувьд "В " гэдэг компанийн нэрээ хонхор газар тариа буудай ургах нь муу байснаас болж нэрээ "Б" болгон өөрчилсөн. Энэ сүсэг бишрэл, зан үйлтэй холбоотой байсан.

Компанийн нэр өөрчлөгдсөн ч захирал болоод байршил, үйл ажиллагаа, зээлийг зориулж авсан төсөл хэрэгжүүлэх газар өөрчлөгдөөгүй. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн хууль буруу тайлбарлан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шийдвэрийн зарим хэсгийг буюу "Б" ХХК-aac зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч тал зээлийг хугацаанд нь төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн атлаа та бүхэн шаардаагүй, бид хаягтаа байсан гэх мэтээр тайлбарлаж байгаа нь зээлдэгч анхнаасаа зээлийг төлөх зорилгогүй байсныг илтгэж байна.

Хариуцагч зээл авснаас хойш одоог хүртэл эргэн төлөлт хийгээгүй ба А ТБАГ-аас Б ХХК нь зээл авахдаа В нэртэй байсан. Хуулийн этгээд болон зээлдэгчийн хаягт өөрчлөлт орсон буюу тухайн компани шилжсэн тохиолдолд зээлдэгчид мэдэгдэх ёстой байсан. Хаяг болон нэрэнд өөрчлөлт орсон тухайгаа мэдэгдээгүйн улмаас хаяг нь тогтоогдохгүй байсан.

6.2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нар хаягтаа байгаагүй, дараа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ/2020/01573 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлах ажиллагаа 2 жил орчим хугацаанд хийгдэж 2022 оны 04 сарын 05-ны өдөр хаягийг нь олж тогтоосон. Ингээд тус хаягийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

2. Нэхэмжлэгч А ТБАГ нь хариуцагч Б ХХК, Б.В нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг гаргуулах, А.Б ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ТБАГ нь Б ХХК-тай (хуучнаар В ХХК) 2011 оны 06 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь 20,000,000 төгрөгийг сүү боловсруулж, цөцгийн тос үйлдвэрлэх иж бүрдэл бүхий жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгуулах, ажлын байр шинээр бий болгох зориулалтаар 4 жилийн хугацаатай зээлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх5-10/

 

3.а. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2011 оны 04 сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, А.Б ийн өмчлөлийн, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Цэргийн хотхон хаягт байрлах мөсөн зоорийн зориулалттай 70 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. /хх11-14/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Хэргийн 22 дахь талд авагдсан В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2015 оны 01 сарын 06-ны өдөр тус компанийн оноосон нэрийг Б болгон өөрчилсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.а. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б ХХК, Б.В нар нь 2011 оны 06 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

4.б. Зохигчийн тайлбар, хэргийн 93, 95 дахь талд авагдсан хариуцагч компанийн нэхэмжлэх, төрийн сангийн гүйлгээ хийсэн баримт зэргээр нэхэмжлэгч А ТБАГ нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-д шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдал тогтоогдсон байна.

 

5. Талуудын хооронд 2011 оны 06 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 сарын 13-ны өдөр дуусгавар болсон хэдий ч В ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрийг Б болгон өөрчилсөн талаар зээлдэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулсныг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэнэ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

5.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01573 дугаар захирамжийн дагуу хариуцагч Б.В-ийг олж тогтоосон тухай Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 04 сарын 05-ны өдрийн албан бичгийг үндэслэн уг өдрөөс нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасантай нийцсэн, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч А ТБАГ нь хариуцагч Б ХХК, Б.В нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч А ТБАГ нь хариуцагч Б ХХК, Б.В нараас зээлийн гэрээний алдангид 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

6.а. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцүүлэн тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК, Б.В нараас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ТБАГ-т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нотариатын зардал 28,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхдээ уг зардлыг бодитоор төлж хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

8. Нэхэмжлэгч А ТБАГ нь 2011 оны 04 сарын 07-ны өдрийн барьцааны гэрээг үндэслэн хариуцагч А.Б-ийн өмчлөлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Цэргийн хотхон хаягт байрлах улсын бүргэлийн 00000 дугаар бүртгэлтэй, 00001 гэрчилгээтэй, мөсөн зоорийн зориулалттай 70 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

8.а. Үндсэн зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулах боломжгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн баримтлан энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээнэ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б ХХК, Б.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 102/ШШ2022/03723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК, Б.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ