Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/03583

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоотод оршин суух, Ч овогт О Б /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дугаар хороо, замчдын гудамж, өөрийн байранд байрлах, М-О хувь нийлүүлсэн УТЗ нийгэмлэгт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч О.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Д.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг.Нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд.

1.1.О.Бы миний бие М У 2017 оноос эхлэн 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд У 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б-1-462 дугаар тушаалаар Дотоод аудит, хяналтын албанд Дотоод хяналтын хэлтсийн даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

2.2021 оны 12 дугаар сард нийгэмлэгийн шинэ удирдлага ажлаа хүлээж авснаас хойш тус албаны халагдах ажилтны жагсаалтыг гаргасан. Дотоод хяналтын хэлтсийн даргыг халж өөрийн хүнээ тавина гэсэн яриа гарсаар байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нийгэмлэгийн удирдлагын асуудал хариуцсан замын шинэ орлогч дарга Н.Э албан өрөөндөө дуудан ямар ч шалтгаангүйгээр "шинэ удирдлага тантай хамтарч ажиллахгүй, та өргөдлөө бичиж өгөөд халагд гэсэн. Би ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргаагүй ажлаа хэвийн хийж байгаа, тэтгэврийн нас болоогүй, өргөдлөө өгөхгүй гэсэн. Түүнээс хойш удаа дараа шахаж, ажлын байрны дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шинэ орлогч дарга С.Т албан өрөөндөө дотоод хяналт шалгалтын байцаагч И.Б, В.А нарын хамт бид гурвыг дуудаж өрөөнд оруулаад та гурвыг шалгана, О.Б дарга одоо халагдах өргөдлөө бичээд өгвөл, шалгалтыг зогсоож энэ хоёрыг халахгүй, өгөхгүй бол гурвууланг чинь хална. Дээд удирдлагаас ийм үүрэг өгсөн" гэж хэлсэн. Тэр үед би өргөдлөө бичиж өгөхгүй, надад өргөдөл бичиж өгөх шалтгаан байхгүй. Би ажил хөдөлмөрөө хэвийн явуулж байгаа гэсэн. Тэгээд бид хоёрыг гаргаж, И.Бг авч үлдээд О.Б даргыгаа хууль бус үүрэг даалгавар өгсөн гэж бичээд өг, тэгвэл чамайг халахгүй гэх зэргээр шахаж дарамталсан байсан.

1.3 Ингээд өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөхгүй болохоор У 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/31 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

1.4 Миний бие тус нийгэмлэгт ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд харин ажлын амжилт гарган ажилласан тул удаа дараа шагнагдаж байсан билээ. Тушаалд дурдсан үндэслэлүүд нь зохих хууль, журмын дагуу шалгагдаж тогтоогдоогүй бөгөөд би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байгаа явдал нь хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Түүнчлэн, тушаалд ямар зөрчлийг хэзээ, хаана гаргасан болох нь тодорхойгүй.

1.5 Ажил олгогчоос намайг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ТБ-81/01/18 дугаартай удирдамжийг баталсан, удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй нь сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ гэх тайлбарыг өгч байна.

Миний бие уг удирдамжийг батлаагүй, удирдамжийн төслийг албаны дарга Ж.Пн өгсөн үүрэг даалгаврын дагуу боловсруулж өгсөн бөгөөд дарга уг удирдамжтай танилцаад замын орлогч дарга баталсан. Мөн уг удирдамжийн дагуу тухайн шалгалтын ажлыг би удирдаагүй, шалгалтын үйл ажиллагаанд оролцоогүй, уг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг надад байхгүй байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

1.6.Мөн надад холбогдуулан иргэн н.Бн гаргасан гомдлын дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа шалгалтын удирдамж болон тайлантай танилцуулаагүй, шууд Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Эын удирдан хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэлгүй.

1.7 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт ажилтан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасныг зөрчсөн. Хэрвээ ажил олгогч намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол дээрх хугацааны дотор сахилгын арга хэмжээ авах ёстой байсан.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч байгууллага нь намайг ажлаас халахдаа үндэслэлгүйгээр тушаал гаргасан тул намайг М Уийн Дотоод аудит хяналт шалгалтын дотоод хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 44,548,920 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хоёр:Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1 О.Б ньУ Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ньУ Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Эын удирдан хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ТБ-81/01/18 дугаартай тушаал баталж, худалдан авалт, борлуулалтын албаны захиалга нийлүүлэлтийн мэргэжилтэн Б.Бг шалгах явцдаа хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоогүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хууль бусаар хүнийг эрүүдэн шүүсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг зогсоох буюу дээрх тушаалын үндэслэл болсон.

2.2 Нэхэмжлэгчийн дээрх хууль зөрчсөн үйлдэл буюу сахилгын ноцтой зөрчил нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Б шүүхээс ажилд эгүүлэн тогтоосноор илэрсэн тул, энэ хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй.

2.3 Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл маргаан таслах комиссын шийдвэрийн ямар үндэслэлээр эс зөвшөөрөөд байгаа нь тодорхойгүй байна гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4/, М нийгэмлэг У 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/31 дугаартай тушаал /хх-5-6/, Хөдөлмөрийн гэрээ /хх-7-9/, УБТЗ ХНН-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-10-18/, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын албан бичиг /хх-19/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-204/, хуралдааны тэмдэглэл /хх-205-214/, цалингийн карт /хх-215/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас итгэмжлэл /хх-23/, хариу тайлбар /хх-29-30/, иргэн Б.Б гаргасан гомдлын дагуу явуулсан шалгалтын тайлан /хх-32-38/, О.Баас М Уийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол /хх-39-40/, М  У 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/31 дугаартай тушаал /хх-41-42/, М Уийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах коммисын хуралдааны тэмдэглэл /хх-43-50/,

 

5. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр М Уийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүрэм /хх53-64/, М Уийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулах журам /хх65-82/, М Уийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх албан тушаалын жагсаалт, тушаал, гэрээний загварын хамт /хх-83-90/, Б.Б хөдөлмөрийн гэрээ /хх91-91/, Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл /хх94-96/, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Г.Гс тайлбар авсан тухай тэмдэглэл /хх97/, Тендер, зохион байгуулалт,захиалга нийлүүлэлтийн менежерийн ажлын байрны тодорхойлолт /хх98-100/, Замын орлогч даргад үнэлгээний хорооны даргаас хүргүүлсэн үнэлгээний зөвлөмж, дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх101/, Худалдан авалт, борлуулалтын албаны мэргэжилтэн Г.Ан ажлын байрны тодорхойлолт /хх102-104/, Дотоод, хяналт шалгалтын албанд Ц.Б, Ө.Д, Н.У, Д.Э, П.Ц, И.Б, В.А, Б.Б, Д.Э нарын гаргасан тайлбар, тэмдэглэл /хх103-120/, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлан хэлэлцсэн хурлын тэмдэглэл, хурлын дэг /хх121-122/, Хаан банкны дансны хуулга /хх123/, Тээврийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 588 дугаартай тогтоол /хх124-126/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00542 дугаартай шийдвэр /хх127-135/, Тендерийн урилга /хх135/, Худалдан авалт борлуулалтын албаны менежер Б.Б ажлын төлөвлөгөө /хх137/, Б.Б шалгах удирдамжийн хугацааг сунгуулах талаар илтгэх хуудас /хх138-140/, Б.Б тайлбар авсан тухай тэмдэглэл /хх141-142/, Б.Б диплом, баримт бичиг /хх143-148/, албаны нууцын баталгаа, Б.Б иргэний үнэмлэх, ажлын анкет /хх149/-154/,Б.Б гомдлын дагуу хийгдэх төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж /хх155-156/, О.Бы ажлын байрны тодорхойлолт /157-159/, Б.Б авсан тайлбар /хх160-161/, Ж.Пн ажлын байрны тодорхойлолт/хх162-164/, Б.Б шалгах төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж /165-166/, Д.Эг асууж авсан тэмдэглэл /хх167-171/, Монгол Улсын сангийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, /хх173-174/, Б.Б шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн гэх баримтууд /хх175-179/, Г.Гс тайлбар авсан тухай тэмдэглэл /хх180/, Удирах ажилтны ёс зүйн дүрэм /хх181-186/, / М Уийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 он 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, ээлжийн амралт олгох хуудас /хх-223-224/, зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч М У холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44,548,920 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэгч О.Быг М Уийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,049,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгаж, цалин олговорт илүү нэхэмжилсэн 27,499,770 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа ...нэхэмжлэгч миний бие хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/2/31 дугаартай тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй, ...тушаалд намайг хэзээ, ямар сахилгын зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, ...Б.Б шалгах төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг би батлаагүй, тус шалгалтын бүрэлдэхүүнд орж ажиллагаагүй байхад тус удирдамжийг баталсан, хууль бус үйлдлийг таслах зогсоох, хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан үйлдэл гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх бөгөөд үндэслэлээ ...Б.Б шалгах төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг боловсруулж, батлахдаа хууль зөрчсөн үйлдэл буюу цагдаагийн байгууллагын хийж гүйцэтгэх арга хэлбэрийг ашиглаж, Б.Б болон түүний хамаарал бүхий хүнийг мөрдөн мөшгих, эрүүдэн шүүх зэргээр эрх, эрх чөлөөнд нь халдах нөхцлийн бий болгосон, хууль бус үйлдлийг таслан зогсоох, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй, ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч О.Б нь М нийгэмлэг У 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1/462 дугаартай тушаалаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний дөрийн Б/2/131 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан байна.

 

4.2 Дээрх тушаалын үндэслэлд ...О.Б нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй, жил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөдУ хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.14, 5.3.8,У дүрмийн 5,14, дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.15, 4.3, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэргийг үндэслэл болгожээ.

 

4.3 Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4-т ажилтны хүлээх эрх үүргийг тусгасан байх бөгөөд гэрээний 4.1.4-т ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм, зааврын шаардлагыг бүрэн хангаж, биелүүлнэ гэж,

Мөн хөдөлмөрийн гэрээний 5-д Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох цуцлах үндэслэлүүдийг зохицуулсан байх 5.3.8-д өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийг хохирол учруулсан,

Хөдөлмөрийн гэрээний 5.3.14-т Ажил үүрэгтэй нь холбоотой батлагдсан хууль, дүрэм журам, заавар болон алба, салбар нэгжийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журмаар тухайлан хориглосон заалтыг зөрчсөн гэжээ.

 

4.4 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ТБ-81/01/18 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга О.Б боловсруулж, албаны орлогч дарга Ж.П хянаж, замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных баталжээ. Тус удирдамжаар Худалдан авалт, борлуулалтын албаны захиалга, нийлүүлэлтийн менежер албан тушаалтай Б.Б хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг шалгаж, дүнг удирдлагад танилцуулах зорилгоор баталсан байх бөгөөд шалгалтын үйл ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 2-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч И.Б хийж гүйцэтгэх бөгөөд шалгалтын талаар тайлан бичиж нотлох баримтууд болон шалгалтын бусад материалыг хавсарган удирдлагад танилцуулснаар шалгалтын ажил дуусгавар болно гэжээ.

 

4.5. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дотоод хяналт шалгалтын байцаагч В.Ан бичсэн илтгэх хуудсыг хэлтсийн дарга О.Б хянаж, албаны орлогч дарга Ж.П танилцаж гарын үсэг зураад М нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч дарга И.В.Мд хүргүүлсэн байх бөгөөд уг илтгэх хуудаст ...Б.Б шалгах удирдамжийн хугацааг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу шалгалтын хугацааг сунгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан илтгэх хуудсаар тогтоогдож байна. .

 

4.6 Улмаар Б.Б шалгасан шалгалтын тайланг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өөр Замын нэгдүгээр орлогч даргын удирдан явуулсан шуурхай хурлаар хэлэлцэж, Б.Бг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

4.7 Б.Б нь дээрх ажлаас халах сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00542 дугаартай шийдвэрээр Б.Б урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

 

4.8 Б.Б нь дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга О.Б, дотоод хяналт шалгалтын байцаагч В.Алтантүлхүүр нарт холбогдуулан гомдол гаргасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ТБ-22/01/12 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж баталж, шалгалтын үйл ажиллагааг явуулсан байна. Уг шалгалтын тайланг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэлэлцэж, О.Б нь сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/31 дугаартай тушаал гарч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

4.9 Нэхэмжлэгч О.Б нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлын 29 хоног ээлжийн амралттай байжээ.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч О.Б нь Б.Б шалгах төлөвлөгөөт бус удирдамжийг батлаагүй, харин удирдамжийн төслийг боловсруулсныг албаны дарга хянаж, замын дарга баталсан байна. Иймд хариуцагч талын гаргасан нэхэмжлэгчийн боловсруулж, батлуулсан удирдамжийн улмаас Б.Б эрх зөрчигдсөн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нь Б.Б шалгах шалгалтын бүрэлдэхүүнд ороогүй байх бөгөөд уг шалгалтын тайланг хэлэлцэх үед ээлжийн амралтаа эдэлж байсан тул шалгалтын тайлан хэлэлцэх хуралдаанд оролцоогүй байна.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тайлбарлахдаа ...Б.Б шалгах удирдамж боловсруулж батлуулахдаа хууль зөрчиж, прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тусгасан хууль зөрчсөн, шалгагч нарынхаа Б.Б хууль зөрчиж шалгаж байгаа үйлдлийг таслан зогсоогоогүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч уг удирдамжийг хянасан албаны орлогч дарга, удирдамжийг баталж, үр дагавар үүсгэсэн замын нэгдүгээр орлогч дарга нар нь тухайн зөрчилд ямар оролцоотой болох талаар тайлбар, баримтыг ирүүлээгүй байна.

 

6. Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас үзэхэд Б.Б шалгах төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, энэхүү шалгалтын тайланг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр удирдлагын хурлаар хэлэлцэж, шалгалтын ажиллагаа дуусгавар болсон байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн О.Бы гаргасан сахилгын зөрчил гэж үзсэн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.

 

Б.Б шалгасан шалгалтын тайлан болон нотлох баримтыг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэхдээ тухайн удирдамжийг боловсруулахдаа болон тухайн шалгалтын ажиллагааны явцад О.Б нь холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам зөрчсөн эсэх, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан эсэхийг мэдэх боломжтой байсан байх тул ажил олгогч нь нэхэмжлэгч О.Бд хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

8.Түүнчлэн, хариуцагч байгууллага нь Б.Б гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцохдоо Б.Бод холбогдуулан явуулсан төлөвлөгөөт бус шалгалт нь Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын дагуу явагдсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Гэтэл О.Бы нэхэмжлэлтэй энэхүү хэрэгт хариуцагчаар оролцохдоо Б.Бод холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахдаа Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журмыг зөрчиж шалгалт явуулсан нь сахилгын зөрчил гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/131 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч О.Быг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Нэхэмжлэгч О.Б нь ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 44,548,920 төгрөгийг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож үзэхэд 1 өдрийн цалин 126,290 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч О.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт ажлын 135 хоног ажилгүй байсан байх тул ажилгүй байсан хугацааны цалинд 17,049,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч О.Бд олгож, үлдэх 27,499,770 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Быг М Уийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 17,049,150 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,499,770 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч М У үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М Уээс улсын тэмдэгтийн хураамжид 383,596 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА