Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00184

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00184

 

**********ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03583 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: **********ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***************т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, О.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би ***************т 2017 оноос эхлэн 6 дахь жилдээ ажиллаж байсан. 2021 оны 12 дугаар сард нийгэмлэгийн шинэ удирдлага ажлаа хүлээж авснаас хойш тус албаны халагдах ажилтны жагсаалтыг гаргасан. Дотоод хяналтын хэлтсийн даргыг халж өөрийн хүнээ тавина гэсэн яриа гарсаар байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нийгэмлэгийн удирдлагын асуудал хариуцсан замын шинэ орлогч дарга ******* албан өрөөндөө дуудан ямар ч шалтгаангүйгээр "шинэ удирдлага тантай хамтарч ажиллахгүй, та өргөдлөө бичиж өгөөд халагд гэсэн. Би ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргаагүй ажлаа хэвийн хийж байгаа, тэтгэврийн нас болоогүй, өргөдлөө өгөхгүй гэсэн. Түүнээс хойш удаа дараа шахаж, ажлын байрны дарамт үзүүлж, ялгаварлан гадуурхаж эхэлсэн. Өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөөгүй болохоор Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/31 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Би тус нийгэмлэгт ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Тушаалд дурдсан үндэслэлүүд нь зохих хууль, журмын дагуу шалгагдаж тогтоогдоогүй бөгөөд би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байгаа явдал нь хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Түүнчлэн, тушаалд ямар зөрчлийг хэзээ, хаана гаргасан болох нь тодорхойгүй. Би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ТБ-81/01/18 дугаартай удирдамжийг батлаагүй, удирдамжийн төслийг албаны дарга ******ийн өгсөн үүрэг даалгаврын дагуу боловсруулж өгсөн бөгөөд дарга уг удирдамжтай танилцаад замын орлогч дарга баталсан. Мөн надад холбогдуулан иргэн ********ын гаргасан гомдлын дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа шалгалтын удирдамж болон тайлантай танилцуулаагүй, шууд Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга *******ын удирдан хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт ажилтан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж заасныг зөрчсөн. Хэрвээ ажил олгогч намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол дээрх хугацааны дотор сахилгын арга хэмжээ авах ёстой байсан. Дээрх үндэслэлээр хариуцагч байгууллага нь ажлаас халахдаа үндэслэлгүйгээр тушаал гаргасан тул ***************ийн Дотоод аудит хяналт шалгалтын дотоод хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 44,548,920 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ********** нь ***************ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогоогүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь ***************ийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга *******ын удирдан хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ТБ-81/01/18 дугаартай тушаал баталж, худалдан авалт, борлуулалтын албаны захиалга нийлүүлэлтийн мэргэжилтэн ********ыг шалгах явцдаа хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоогүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хууль бусаар хүнийг эрүүдэн шүүсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг зогсоох буюу дээрх тушаалын үндэслэл болсон. Нэхэмжлэгчийн дээрх хууль зөрчсөн үйлдэл буюу сахилгын ноцтой зөрчил нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн ********ыг шүүхээс ажилд эгүүлэн тогтоосноор илэрсэн тул, энэ хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл маргаан таслах комиссын шийдвэрийн ямар үндэслэлээр эс зөвшөөрөөд байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **********ыг ***************ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 17,049,150 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,499,770 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч **********ы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ***************т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ***************ээс улсын тэмдэгтийн хураамжид 383,596 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн **********тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ********** нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ТБ-81/01/18 дугаартай тушаал батлуулж, уг тушаалаар батлагдсан шалгалт хийх удирдамжийг өөрөө боловсруулахдаа Дотоод аудит, хяналт шалгалтын зохион байгуулах журмыг зөрчин Худалдан авалт,борлуулалтын албаны захиалга нийлүүлэлтийн мэргэжилтэн ********ыг шалгуулан мөн хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.8, 5.3.14-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй тул мөн Монгол улсын иргэний халдашгүй эрхийг зөрчин хууль бусаар хүнийг эрүүдэн шүүсэн, хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хууль бус ажиллагааг таслан зогсоогоогүй, ажлын байрны тодорхойлолтын 2.5 дахь хэсэгт заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт нь *************** дотоод аудит, хяналт, шалгалтын албаны дүрэм. ***************-ийн дотоод аудит, хяналт, шалгалтыг зохион байгуулах журам, хөдөлмөрийн гэрээ, Дотоод аудит, хяналт, шалгалтын албаны орлогч даргын ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөөт бус хяналт, шалгалтын удирдамж NТБ-22/01/18 зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэхүү 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ТБ-21/01/18 дугаартай "Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж"-ыг ********** нь боловсруулсан бөгөөд уг удирдамжийн "Шалгах ажлын хамрах хүрээ, чиглэл"-д ******** нь эхнэр *********гийн хамт хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор...үйл ажиллагаа явуулсан эсэх...гэж тодорхойлсон байгаа юм. /165/

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоод аудит, хяналт, шалгалтыг зохион байгуулах журам-ын 7.4 дэх хэсэгт Шалгах ажиллагааг хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд ажлын бус цагаар явуулахыг хориглоно гэсэн зөрчсөн байхад энэ баримтыг хянаж үзээд ********** нь шалгах хугацааг сунгах илтгэл бичиж зөрчлийн үргэлжлүүлэх боломж бүрдүүлж өгсөн байдаг.

Мөн доод тушаалын ажилтнууд нь шалгах хүрээг нэмэгдүүлэх Чойрт байх ********ын эхнэр *********г эгч болох н.Энх-амгалантай хяналттай телефон утсаар яриулсан байдаг бөгөөд улмаар Чойр өртөөнд очиж цагдаагаас явж байна, хүргэнийг чинь шоронд хийнэ гэж айлгаж банкны харилцах дансны хуулгыг авахуулсан байдаг. Дээрх хууль бус уйл ажиллагааны удирдамж болон илтгэх хуудас зэргийг биечлэн хянаж, шалгалтын хугацааг сунгуулах заавар зөвлөгөө өгсөн шууд удирдах албан тушаалтан нь ********** өөрөө болохыг шүүгч анхаарсангүй. /xx165, 238/

Аж ахуйн нэгж хэзээ ч ажилтныхаа гэр бүлийг шалгах эрхгүй бөгөөд ийм удирдамж үйлдэх ёсгүй бөгөөд хүний халдашгүй эрхэд халдах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг 30 гаруй жил хуульчаар ажилласан ********** сайн мэдэх ёстойг шүүх анхаарч, дүгнэлт өгсөнгүй.

Төлөвлөгөөт бус шалгалтын хамрах хүрээ нь зөвхөн нийгэмлэгийн холбогдох ажилтнууд байх ёстой атал гэр бүл, найз нөхдийн хамаарал бүхий этгээдүүд гэж эхнэр, төрсөн эгч, найзуудын хувийн мэдээллийг хууль зөрчин цуглуулсан, шалгасан зэрэг хууль бус бөгөөд хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдлүүд хийсэн нь шалгалтын явцад тогтоогдсон. Эдгээрийг шүүгч үнэлсэнгүй хэт нэг талыг баримталж шийдвэрээ гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 03 дугаар сарын 10-ны өдөр бичгээр хүлээн авч танилцаад 2022 оны 03 дугаар сарны 25-ны өдрийн ********ыг хууль бусаар шалгасан эсэхийг тогтоох зорилгоор ТБ-22/01/12 дугаартай "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж" батлан шалгалт явуулсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийг 8.1.2-т заасан эрх зүйн харилцаа үүссэн байхад шүүгч шийдвэрийн үндэслэлээ хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтыг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхэд халдсан ********ыг эгүүлэн тогтоосон бөгөөд хүний баталгаатай эдлэх эрхийн халдсан этгээдийг шалган тогтоож хариуцлага ногдуулсан болохыг шүүгч анхаарсангүй.

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ********ыг ажилд эгүүлэн тогтоосон №102/ШШ2022/00542 дугаартай шийдвэр нь ажлаас халсан үндэслэлтэй шууд бус хамааралтай юм.

Харин ажилтан ******** нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дотоод аудитын албаны нэр бүхий байцаагч нарын шалгалт хийсэн үйлдэлд гомдолтой байгаа талаарх гомдлыг 2022 оны 03 дугаар сарны 25-ны өдрийн ***************-т гаргаснаар тус гомдлын дагуу хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлаар хэлэлцэн улмаар нэхэмжлэгч **********ыг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. ********** нь Замын удирдлагад худал илтгэх хуудас бичиж Худалдан авалт, борлуулалтын менежер ********ыг ажлаас халуулсан болох нь тогтоогдсоныг шүүх анхаарсангүй.

Мөн ********** нь маргаан таслах комиссын шийдвэрийг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгааг хянан үзэх ёстой байтал атал тийм үйл ажиллагаа явуулалгүй өөрөө дур зоргоор дүгнэлт хийж байгаа нь шинэ хөдөлмөрийн хуулийн зохицуулалтыг шүүгч огт ойлгоогүйг харуулж байна.

Хуучин хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүхийн журмаар хянан хэлэлцдэг байсан бол шинээр хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн хуулиар нэхэмжлэгчийн маргаан таслах комиссын ямар шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа гомдлыг хүрээнд шүүх шийдвэрлэдэг болсныг анхаарсангүй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2022/00542 дугаартай шүүхийн шийдвэрээр **********ы удирдан хийсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гэдгийг шүүгч анхаарсангүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д: Түүнчлэн, хариуцагч байгууллага нь ********ын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцохдоо ********од холбогдуулан явуулсан төлөвлөгөөт бус шалгалт нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын зохион байгуулах журмын дагуу явагдсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Гэтэл **********ы нэхэмжлэлтэй энэхүү хэрэгт хариуцагчаар оролцохдоо ********од холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахдаа Дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмыг зөрчиж шалгалт явуулсан нь сахилгын зөрчил гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна гэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой шинж чанарыг үгүйсгэсэн шийдвэр болжээ.

Мөн иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхэд халдсан дээрх ноцтой зөрчил буюу хүний эрхийн зөрчил дээр хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байдаг. Үүнийг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтуудыг үндэслэж гаргасан. Би 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тушаал батлаагүй. Замын хөдөлгөөний удирдлагад худал илтгэх хуудас өгсөн зүйл байхгүй. Шалгалтын бүрэлдэхүүнд нь ороогүй, шалгалтыг удирдаж явуулаагүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Шинэ Хөдөлмөрийн тухай хуульд эд хөрөнгийн хариуцлагын талаар тодорхой заачихсан байдаг. Хэрэв би эд хөрөнгө хариуцдаг хүн байсан бол шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байсан. Анхан шатны шүүх Ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцохдоо алдаа гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зааснаар хянаж үзнэ үү гэх хүсэлттэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ***************т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44,548,920 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 29-30/

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...********ыг шалгах төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг баталсан, хууль бус үйлдлийг таслах зогсоох, хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргасан үйлдэл биш, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...********ыг шалгах төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг боловсруулж, батлахдаа хууль зөрчсөн үйлдэл буюу цагдаагийн байгууллагын хийж гүйцэтгэх арга хэлбэрийг ашиглаж, ******** болон түүний хамаарал бүхий хүнийг мөрдөн мөшгих, эрүүдэн шүүх зэргээр эрх, эрх чөлөөнд нь халдах нөхцөлийг бий болгосон, хууль бус үйлдлийг таслан зогсоох, хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэх агуулгаар тус тус тайлбарласан.

4.а. *************** замын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний дөрийн Б/2/131 дугаартай тушаалаар **********ыг ***************ийн хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.1.4, 5.3.14, 5.3.8, ***************ийн дүрмийн 5.14, дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.15, 4.3, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл зэргийг үндэслэл болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

4.б. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ********ыг шалгах 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ТБ-81/01/18 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга ********** боловсруулж, албаны орлогч дарга ****** хянаж, замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных баталж, шалгалтын тайланг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр замын нэгдүгээр орлогч даргын удирдан явуулсан шуурхай хурлаар хэлэлцэж, шалгалтын ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна. /хх. 165-166/

4.в. Гэтэл хариуцагч байгууллагаас ******** нь дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга **********, дотоод хяналт шалгалтын байцаагч ************ нарт холбогдуулан гомдол гаргасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ТБ-22/01/12 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж баталж, шалгалтын тайланг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэлэлцэж, ********** нь сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/2/31 дугаартай тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. /хх. 5-6, 205-214/

4.г. Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг нэхэмжлэгч **********д хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зөрчил гарснаас хойш зургаан сарын хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.д. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалт нь сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй бол хариуцлага хүлээлгэх ажил олгогчийн эрхийг хязгаарласан зохицуулалт бөгөөд уг зургаан сарын хугацаанд илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа багтах тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан "2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ТБ-81/01/18 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга ********** боловсруулсан, хууль бус үйл ажиллагааны удирдамж болон илтгэх хуудас зэргийг биечлэн хянаж, шалгалтын хугацааг сунгуулах заавар зөвлөгөө өгсөн шууд удирдах албан тушаалтан нь ********** өөрөө болохыг шүүгч анхаараагүй, мөн уг шалгалтын хамрах хүрээ нь зөвхөн нийгэмлэгийн холбогдох ажилтнууд байх ёстой атал гэр бүл, найз нөхдийг нь хамаарал бүхий этгээд гэж хувийн мэдээллийг хууль зөрчин цуглуулсан, шалгасан нь хууль бус хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдлүүд хийсэн нь шалгалтын явцад тогтоогдсон гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч байгууллага нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гомдлын дээр дурдсанаас бусад хэсэгт дүгнэлт өгөх, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлийг дүгнэх, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцох эсэх талаар дүгнэх шаардлагагүй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч **********ы ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцож үзэхэд 1 өдрийн цалин 126,290 төгрөгөөр тооцсонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,196 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР