Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/03037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 763 дугаар байр, 603 тоот хаягт оршин суух, А овогт Б А /РД:ЧИ84080472/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Экспресс тауэр, 5 давхар, 501 тоот хаягт байрлах, “М-л” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 123,184,131.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь  “М-л” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 123,184,131.9 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн 2014 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол Улсад орж ирсэн, DWGCECAUPE 1010357 арлын дугаартай, улбар шар өнгийн Doosan DX-520 маркийн 9300 УН улсын дугаартай экскаватораа хариуцагч “М-л” ХХК-д 10 сарын хугацаатай түрээслүүлэхээр экскаватор түрээсийн гэрээ /21/01-12 дугаар бүхий/ байгуулсан. Уг гэрээний дагуу манай экскаватор “М-л” ХХК-ний Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах “Элстэйн” нэртэй хүдрийн уурхайн талбайд хөрс хуулалтын ажил хийсэн. “М-л” ХХК нь экскаваторын төлбөрт сард 45,000,000 төгрөг төлөхөөр тохирсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлэхэд 85,902,463 төгрөгийн үлдэгдэл байна. Миний зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж компанийн захирал н.Э, нягтлан н.О, уурхайн дарга Э.Э нартай биечлэн уулзаж байсан боловч элдэв шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрлээ. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “... Түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцож төлөх ...” гэсний дагуу төлбөр төлөх хугацаанаас хойш /2021 оны 11 дүгээр сарын 25-2022 оны 06 дугаар сарын 20/ нийт 208 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэлийн дүн болох 85,902,463 төгрөгөөс 0,2 хувийн алдангийг 217 хоногоор бодож 35,735,424.608 төгрөгийн алданги болж байна. Иймд би түрээсийн төлбөрийн үлдэгдэл 85,902,463 төгрөг дээр алданги 37,281,668.9 төгрөгийг нэмж нийт 123,184,131.9 төгрөгийг “М-л” ХХК-иас нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М-л” ХХК нь нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт Уул уурхайн олборолт хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн компанийн хувьд дэлхийн нийтийн эдийн засаг, БНХАУ, Монгол Улсын хил гаалийн асуудал, Олон улсын болон дотоодын улс төрийн шийдвэр, хөл хорио хязгаарлалтаас үүдэн компанийн хөрөнгө оруулалт санхүүгийн нөхцөл байдал компанийн үйл ажиллагаа, төлбөрийн чадвар ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлэх юм бол манай компани уул уурхайн экспортоос өөр орлогын эх үүсвэргүй юм. Маргаан бүхий гэрээний хэрэгжих хугацаанд ковид-19 цар тахлын тархалт зэргээс хамаарч манай компанийн уурхайн үйл ажиллагааг удаа дараа нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас хааж хязгаарлаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж олгохгүй байсан учраас төлбөр төлөх боломжгүй байсан. Гэрээний 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт давагдашгүй хүчин зүйлсийг тооцохоор заасан тул алданги төлөх үндэслэлгүй” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 773,871 төгрөг төлсөн баримт, Doosan DX-520 маркийн 9300 УН улсын дугаартай экскаваторын тооцооны баримт, Экскаваторын түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, “Аюуд проперти” ХХК-ийн 22/108 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлээс 99,818,662 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 23,365,469.9 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “М-л” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, өөрийн өмчлөлийн экскаваторыг түрээслүүлсэн боловч түрээслэгч нь түрээсийн төлбөр 85,902,463 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээний 4.1.4-д зааснаар алдангид 37,281,668,9 төгрөгийг тооцож, нийт 123,184,131.9 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ковид-19 цар тахлын улмаас манай компанийн уурхайн үйл ажиллагааг удаа дараа нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас хааж хязгаарлаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж олгохгүй байсан учраас төлбөр төлөх боломжгүй байсан. Гэрээний 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт давагдашгүй хүчин зүйлсийг тооцохоор заасан тул Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 385 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолд заасан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд алдангаас чөлөөлөгдөнө гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 21/01-12 дугаар Экскаваторын түрээсийн гэрээгээр Б.А нь өөрийн өмчлөлийн Doosan DX-520 маркийн 9300 УН улсын дугаартай экскаваторыг “М-л” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь нэг сарын түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Түрээсийн гэрээг 10 сарын хугацаатай буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байх бөгөөд хариуцагч компанийн санхүүгийн баримтаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх түрээсийн үлдэгдэл төлбөрийг 85,902,463 төгрөг гэж тооцон гаргаж, нэхэмжлэгч энэхүү дүнгээр үндсэн төлбөрийг нэхэмжилжээ.

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээг бичгээр байгуулах шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.

 

6. Нэхэмжлэгч экскаваторыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч гэрээнд заасан хугацаанд экскаваторыг ашигласан талаар талууд маргаагүй бөгөөд түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс нэхэмжилсэн алдангийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Doosan DX-520 маркийн 9300 УН улсын дугаартай экскаваторыг “М-л” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч экскаваторыг гэрээнд заасан зориулалтын дагуу буюу хөрс хуулалтын ажилд ашигласан талаар маргаагүй ба гэрээний хугацаа дуусахад түрээсийн үлдэгдэл төлбөр 85,902,463 төгрөг болох нь хэрэгт авагдсан “М-л” ХХК-ийн санхүүгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 85,902,463 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

8. Түрээсийн гэрээний 4.1.4-д “Түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх хугацааг хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданг тооцож төлнө” гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

 

9. Гэрээний 9.1-д “Давагдашгүй хүчин зүйлс гэж гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчлэн болон бүрэн биелүүлэх боломжгүй эсвэл саатуулсан гал түймэр, үер, ус, иргэний бослого үймээн, хувьсгал, газар хөдлөлт, хорио цээр, байгалийн гамшиг гарсан нөхцөлийг хэлнэ”, 9.2-т “Давагдашгүй хүчин зүйл гэж тодорхойлсон нөхцөлийн улмаас аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчлэн болон бүрэн биелүүлэх боломжгүй болбол гэрээний биелэлтийг тухай нөхцөл байдлыг арилгах хүртэл хугацаагаар хойшлуулах бөгөөд аливаа хариуцлага хүлээхгүй...” гэж талууд харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 385 дугаар тогтоолд заасан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Өндөржүүлсэн байдал зарлсан хугацаанд алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгднө” гэсэн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж тухайн хугацаан дахь нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Иймд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдал арилсан буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 81 өдрийн алданги 13,916,199 төгрөг, түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 85,902,463 төгрөг, нийт 99,818,662 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч “Мон-лаа” ХХК-иас түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 85,902,463 төгрөг, алданги 13,916,199 төгрөг, нийт 99,818,662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773,871 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657,043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БАТХУЯГ