Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00294

 

 

 

 

 

 

 

2023 02 01 210/МА2023/00294

 

 

*** ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/03037 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 123,184,132 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2021 оны 01 сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн *** маркийн *** УН улсын дугаартай экскаватораа хариуцагч *** ХХК-д 10 сарын хугацаатай түрээслүүлэхээр *** дугаартай экскаватор түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу *** ХХК-ийн *** сумын нутагт байрлах *** талбайд хөрс хуулалтын ажил хийсэн. *** ХХК нь экскаваторын төлбөрт сард 45,000,000 төгрөг төлөхөөр тохирсон бөгөөд 2021 оны 11 сарын 25-ны өдрийн тооцоо нийлэхэд 85,902,463 төгрөгийн үлдэгдэл байна. Миний зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч элдэв шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрлээ. Түрээсийн гэрээнд ...Түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцож төлөх гэж заасны дагуу алданги шаардаж байна. Төлбөр төлөх хугацаа нийт 208 хоногоор хэтэрсэн. Нэхэмжлэлийн дүн болох 85,902,463 төгрөгөөс 0.2 хувийн алдангийг 217 хоногоор бодоход 37,281,668 төгрөгийн алданги болж байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 85,902,463 төгрөг, алданги 37,281,668 төгрөг, нийт 123,184,131 төгрөгийг *** ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч *** ХХК нь *** сумын нутагт уул уурхайн олборлолт хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн компанийн хувьд дэлхийн нийтийн эдийн засаг, БНХАУ, Монгол Улсын хил гаалийн асуудал, Олон улсын болон дотоодын улс төрийн шийдвэр, хөл хорио хязгаарлалтаас үүдэн компанийн хөрөнгө оруулалт санхүүгийн нөхцөл байдал компанийн үйл ажиллагаа, төлбөрийн чадвар ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл, манай компани уул уурхайн экспортоос өөр орлогын эх үүсвэргүй юм. Маргаан бүхий гэрээний хэрэгжих хугацаанд Ковид-19 цар тахлын тархалт зэргээс хамаарч компанийн уурхайн үйл ажиллагааг удаа дараа нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас хааж хязгаарлаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж олгохгүй байсан тул төлбөр төлөх боломжгүй байсан. Гэрээний 9.1, 9.2-т давагдашгүй хүчин зүйлсийг тооцохоор заасан тул алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-аас түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 85,902,463 төгрөг, алданги 13,916,199 төгрөг, нийт 99,818,662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773,871 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657,043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх 2022 оны 12 сарын 16-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч шүүгч хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзлыг хүлээн авч тус шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэлгүй, татгалзлыг хүлээн авалгүй хэргийг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.б. Анхан шатны шүүх шийдвэртээ "...иймд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдал арилсан буюу 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл 81 өдрийн алданги 13,916,199 төгрөг, түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 85,902,463 төгрөг... гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бодит байдалд *** сумын онцгой комиссоос манай компанийн уурхайг хааж, хязгаарлаж үйл ажиллагаа явуулах боломжийг олгохгүй байсан бөгөөд нэхэмжлэгч хүртэл шүүх хуралдаанд сул зогсолт гарсан талаар мэдүүлдэг.

4.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийн үнэн бодит нөхцөл байдлыг тогтоосон, нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий гэрээтэй холбоотой, давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор холбогдох байгууллага болох *** сумын Засаг даргын тамгын газар болон сумын онцгой комиссоос холбогдох баримт материалыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс хүлээж авалгүй хэргийг хангалттай нотлох баримтад үндэслэж шийдвэрлэхгүй, зөвхөн талуудын тайлбар мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.г. Мөн шүүхийн зүгээс хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангаагүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд зөв тодорхойлоогүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,916,199 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед Мон лаа ХХК-ийн уул уурхайн үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдаж байсан. Тухайн үед аймаг, орон нутгийн засаг захиргаанаас хорио, цээр тавьж, үйл ажиллагааг нь зогсоох албан бичиг хүргэгдсэн боловч уг байгууллага бичиг баримтад захирагддаггүй. Ажилчид нь Ковид-19 цар тахал туссан байхад ажлыг нь хийлгүүлж байсан. *** ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа саад учруулсан. Шүүх хуралдааныг хариуцагч талаас 2, 3 удаа хойшлуулсан бөгөөд *** сумаас хязгаарлалт тогтоож, Ковид-19 цар тахлын үед ажиллуулахгүй гэх баримтыг гаргуулж, хэрэгт хавсаргах боломж байсан боловч гаргаж өгөөгүй. Мөн өмгөөлөгч авахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дараа нь өмгөөлөгчгүй орно гэж хэлсэн. 10 сарын хугацаанд экскаваторыг түрээслүүлсэн боловч түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байгаагүй. Мөн нэг талыг баримтлан нотлох баримтыг үндэслэж шийдвэрлээгүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 85,902,463 төгрөг, алданги 37,281,668 төгрөг, нийт 123,184,131 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *** ХХК нь дээрх шаардлагаас түрээсийн төлбөр 85,902,463 төгрөгийг зөвшөөрч, алданги 37,281,668 төгрөгийг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ ...Ковид-19 цар тахал болон эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй... гэж тайлбарлажээ.

 

3.   Талууд 2021 оны 01 сарын 12-ны өдөр *** тоот Экскаваторын түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *** нь *** ХХК-ийн эзэмшил, ашиглалтад хөрс хуулалтын ажил хийхэд нь зориулж 2014 онд үйлдвэрлэгдсэн *** УН улсын дугаартай *** маркийн экскаваторыг шилжүүлэх, *** ХХК нь нэг сард 45,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

3.1.  Хэрэгт авагдсан *** ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий баримтаас үзэхэд түрээслэгч нь өмнө дурдсан *** УН улсын дугаартай *** маркийн экскаваторыг 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд эзэмшил, ашиглалтдаа байлгасан, мөн түрээслүүлэгчид төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 85,902,463 төгрөг байгаа үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх 3/

3.2.  Талууд 2021 оны 01 сарын 12-ны өдрийн *** тоот Экскаваторын түрээсийн гэрээ-ний 4.1.4-т Түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцож төлөх нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

3.3.  Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч *** нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр, алдангийг хариуцагч *** ХХК-аас шаардах эрхтэй.

 

4.   Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг нь хариуцагчийг түрээсийн төлбөр болон алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх ...өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд алданги төлөх хариуцлагаас чөлөөлөгдөнө... гэсэн үндэслэлээр хариуцагчаас 13,916,199 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

5.   Хариуцагч талын гаргасан ...шүүгч хуульд заасан журмын дагуу татгалзлыг шийдвэрлүүлээгүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй, өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангаагүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал:

5.1.  Даргалагчаас татгалзал байгаа эсэхийг асуухад оролцогчид татгалзал байхгүй гэж хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсаныг хуульд заасан үндэслэлээр татгалзсан гэж үзэхгүй тул шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах боломжгүй. /хх 88-91, 96-97/

5.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь татгалзлаа өөрөө нотлох, татгалзалтай холбоотой нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч талын гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарч байхаас гадна хариуцагч талын гаргуулахыг хүссэн нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

5.3.  Анхан шатны шүүх 2022 оны 11 сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, 2022 оны 12 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж тус тус хойшлуулсан байх тул хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад ...Өмгөөлөгч хөдөө орон нутагт байгаа учраас энэ хуралд ирж амжаагүй, өмгөөлөгчгүй оролцох боломжтой... гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх 61-62, 63-64, 73-76, 77-79, 89/

 

6.   Анхан шатны шүүх хариуцагчаас 99,818,662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,365,469 төгрөгийг хэрэгсэхгүй болгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс дурдах нь зүйтэй гэж үзлээ. Энэ алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/03037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 657,044 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР