Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2023/00154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Twin tower-1 байр 13 давхарт байрлах “И” ХХК /РД:6060854/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол, 32б байр, 37 тоот хаягт оршин суух, О овогт Б Д /РД:ШЖ80112613/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол, 32б байр, 37 тоот хаягт оршин суух, Б овогт Э-О Н /РД:ЧЙ87091166/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,534,243.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Хариуцагч Б.Д, Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Б.Д, Э.Н нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 27,534,243.55 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.Д, Э.Н нар нь “И” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр В14021070904 тоот “Зээлийн гэрээ", I14021070904 тоот “Ипотекийн гэрээ”-г тус тус байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд 000411910 гэрчилгээний дугаартай, Ү-2203000227 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 326 байр, 37 тоот орон сууцны зориулалттай, 24 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Б.Д, хамтран зээлдэгч Э.Н нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний зөрчлийг арилгах тодорхой хугацаа өгсөн боловч зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй, зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан. Зээлдэгч, хамтран зээлдэгч нарын В14021070904 тоот зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөг, зээлийн хүү 2,882,109.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,523.71 төгрөг, нийт 27,518,743.55 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Д, хамтран зээлдэгч Э.Н нараас В16021061203 тоот зээлийн гэрээний үүрэгт 27,518,743.55 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад холбогдон гарсан нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 27,534,243.55 төгрөгийг гаргуулан “И” ХХК-д олгуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Д хариу тайлбартаа: “... Би И ХХК-ний зээлийн шаардлагыг хангаж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлээ анх зээл хүсэхдээ тайлбарласнаар буюу бизнесээ өргөжүүлэх зорилгоор авсан бөгөөд зориулалтаар нь ашигласан. Миний бие барилгын материал захиалан авах үедээ захиалгын хөлс болон түүнтэй холбоотой бүхий л төлбөр тооцоо буюу тээврийн зардал, барилгын материалын үнэ зэрэг бүх төлбөрүүдээ урьдчилан төлсөн байсан. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор БНХАУ хилээ хааж, урдаас орж ирж байгаа барилгын бараа материалын үнэ огцом өсч, тээврийн зардал хэд дахин нэмэгдсэнээс шалтгаалж тогтворгүй болсон нь нийтэд илэрхий юм. Энэхүү нөхцөл байдлын улмаас тухайн зээлийн хөрөнгө надад ямар ч ашиггүйн дээр цэвэр алдагдал болж хувирсан. Ковид-19 цар тахлын нөхцөл өндөржүүлсэн байдал хэдийгээр арилсан ч миний бие энэхүү санхүүгийн хямралаас гарах ямар ч боломжгүй болсон. Цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдлууд нь жижиг бизнес эрхэлдэг над шиг хүмүүст хүндээр тусч, үр дагавар нь арилахгүй үргэлжилсээр байна. Гэхдээ миний бие хэдий хүнд нөхцөлд байсан ч гэсэн төгрөгийн зээлийг төлсөн. “И” ХХК-тай байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад “И” ХХК нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна. Б.Д би үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөгийг хүүгийн хамт зээлийн гэрээний хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байнагэжээ.

 

3. Хариуцагч Э.Н хариу тайлбартаа: “... Би “И” ХХК-ний зээлийн шаардлагын дагуу, нөхөр Б.Д бизнесийн зээл авах хүсэлтийг дэмжиж 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулсан. Нөхөр маань 30,000,000 төгрөгийн зээлээ бизнесээ өргөжүүлэх зорилгоор авсан бөгөөд зориулалтаар нь ашигласан. Миний хувьд дээрх зээлийг авч ямар нэгэн байдлаар захиран зарцуулж, ашиглаагүй. Гэхдээ “И” ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хамтран зээлдэгчийн хувьд гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, Зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, Ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, зээлийн хүсэлтийн маягт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр В14021070904 тоот “Зээлийн гэрээ", I14021070904 тоот “Ипотекийн гэрээ”-г тус тус байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй буюу зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчил гаргасан тул үндсэн зээлийн үлдэгдэл 24,605,110.47 төгрөг, хүү 2,882,109.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,523.71 төгрөг, нийт 27,518,743.55 төгрөгийг, нотариатын зардал 15,000 төгрөгийн хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусна. Иймд зээлийн төлбөрийг гэрээний хугацаандаа төлж барагдуулна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан зээлийн болон ипотекийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулгаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр №В14021070904 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.Д, Э.Н нар нь 30,000,000 төгрөгийг сарын 2,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хариуцагч Б.Д өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 32б байр, 37 тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 2021 оны 07 дугаар сарын 09ий өдөр I14021070904 дугаартай ипотекийн гэрээг байгуулсан байна.

 

5. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгийг хүлээн авч, 13,947,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтад маргаагүй ба харин зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зээлдэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй хэдий ч хууль болон гэрээнд заасан журмын дагуу гэрээг цуцлах учиртай.

 

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийнВ14021070904 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд зээлийн төлбөрт нийт 13,947,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлжээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт үйлчилнэ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10-т заасан шаардлагын дагуу талууд зээлийн гэрээний Арав дахь хэсэгт гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлах нөхцөлийг тусгасан байх ба 10.4-д “Зээлдүүлэгч гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж, дуусгавар болох тохиолдолд зээлдэгчид энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлахдаа хариуцагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба “мэдэгдэл хүргүүлж байгаагүй” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарласан.

 

Нэхэмжлэгч гэрээг цуцлахдаа хууль болон гэрээнд заасан журмыг баримтлаагүй буюу хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж, зөрчлөө арилгах боломжийг олгоогүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсээгүй гэж дүгнэлээ.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт 27,534,243.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийн удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “И” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 27,534,243.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ