Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/02254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ЭӨЧ-186, Ажилчны 1 дүгээр гудамж, SB төв 401 тоотод байрлах, “М” ХХК /РД:2637731/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 220-н мянгат, Болор бизнес төвийн байр, 102 тоотод байрлах, “С” ХХК /РД:2645254/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,692,800 төгрөг, гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохирол 102,641,600 төгрөг, нийт 204,334,400 төгрөг гаргуулах,

 

Сөрөг шаардлага: Ажлын хөлсөнд илүү төлсөн 66,364,726 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 51,517,890 төгрөг, торгууль 264,211,200 төгрөг, нийт 382,093,816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “С” ХХК-д холбогдуулан гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохирол 137,053,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,692,800 төгрөг, гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохирол 102,641,600 төгрөг, нийт 204,334,400 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

1.1. М” ХХК болон “С” ХХК нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байдаг. Тус гэрээгээр гүйцэтгэгч “М” ХХК нь Баянзүрх дүүргийн 14-р хороо Өгөөмөр техник худалдааны төвийн үйлчилгээний 13,344 метр квадрат талбайтай барилгын ажлыг зургийн дагуу барилгын төмөр бетон каркасыг хуанлийн 116 өдөрт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч “С” ХХК гэрээнд заагдсан хөлсийг график хугацаанд төлөх үүргийг хүлээсэн.

1.2. Гүйцэтгэгч манай компани барилгын төмөр бетон каркасны ажлыг 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гүйцэтгэсэн бөгөөд 33 хоног дээрээ ажлаа гүйцэтгэж байхад Захиалагч “С” ХХК 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх нь” албан бичгээр гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байдаг.

1.3. М” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл барилгын суурийн А, Е, О, С, 01, 02, 03, Ь, К дугаар блокийн төмөр бетон каркасны ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Суурийн төмөр бетон каркасны нийт талбай 3,936 м.кв байх ба манай компани 2361.6 м.кв-ыг хийж гүйцэтгэсэн. Үүнийг гэрээний 3.2-т заагдсан үнэ 99,000 төгрөгөөр тооцон үзэхэд 233,798,400 төгрөг болно. Гэрээний урьдчилгаа төлбөр 132,105,600 төгрөгийг гүйцэтгэгч манай компани авсан. Тиймээс 233,798.400 төгрөгийн гэрээний төлбөрөөс урьдчилгаа 132,105,600 төгрөгийн төлбөрийг хасаж тооцоход 101,692,800 төгрөг болж байх ба үүнийг захиалагч талаас “Барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээ”-ний 3.2, 3.4, 3.5, 6.1.6, 7.1.2-т заасны дагуу шаардах эрхтэй болно.

1.4. Захиалагч “С” ХХК барилга угсралтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг барилгын ажил эхлэх үед суурилуулаагүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас гэрээнд заасан ажил цаг хугацаандаа гүйцэтгэх боломж дутмаг байсан боловч гүйцэтгэгч талаас боломжит нөхцөл байдлыг дайчлан үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан.

1.5. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас жил бүр дараа жилд аж ахуйн нэгж, байгууллагын нийт Монгол ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг батлан гаргадаг. Үүний дагуу аж ахуйн нэгж нь холбогдох журамд заасан баримт бичгийг бүрдүүлэн төрийн байгууллагуудад албан ёсны хүсэлт гаргаж шат дараалалтайгаар төрийн байгууллагын зөвшөөрлийг авч байж гадаадын ажиллах хүч Монгол Улсад хөдөлмөр эрхлэх боломжтой болдог.

1.6. М” ХХК нь “С” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гадаадын ажиллах хүчийг хөдөлмөр эрхлэгчээр Монгол Улсад оруулж ирэхээр Л.Төмөрчөдөр болон БНХАУ-ын иргэн Тang Jianyi нартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Анд интернэшнл” ХХК-тай “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”, БНХАУ-ын хүний нөөцийн үйлчилгээний “Жинин Жиншэнбан” ХХК-тай “Хөдөлмөрийн гэрээ” тус тус байгуулан гэрээгээр тохиролцсон БНХАУ-ын 50 ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлэгчээр ажиллуулахаар тохиролцон гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулан, гэрээний талаас гадаадын ажиллах хүчийг нийлүүлж эхэлсэн.

1.7. Манай “М” ХХК нь Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10/2218 дугаар албан бичгээр БНХАУ-ын 50 иргэнийг Монгол Улсад хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэгчээр урих зөвшөөрлийг авч тухайн БНХАУ ажилчид нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 26 хүн, 6 дугаар сарын 03-ны өдөр 17 хүн, 7 дугаар сарын 03-ны өдөр 14 хүн, нийт 57 хүн Монгол Улсын хилээр орж ирсэн бөгөөд тухайн ажилчид барилгын талбайд ажил гүйцэтгэхээр гаргасан байдаг.

1.8. Гүйцэтгэгч талаас барилгын ажлын эхний үе шатанд гадаад ажилчдын тоог хангалттай хэмжээнд бүрдүүлж байсан бөгөөд төрийн байгууллагаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр үе шаттайгаар гадаад ажилчид нэмэгдэн орж ирж байсан. Үүний зэрэгцээ бидний зүгээс барилгын талбайд БНХАУ-ын дээрх ажилчдаас гадна 61 Монгол ажилчдыг ажиллуулан гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө барилгыг хүлээлгэн өгөх зорилготой_оор ажиллаж байсан. Мөн Захиалагч талын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор буюу барилгын ажлаа түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд “МХХК-с 2019 оны 4 дүгээр сараас эхлэн БНХАУ руу Захиалагч талын нийлүүлэх барилгын хэв хашмал, тоног төхөөрөмжүүд болон өргөх крантай холбоотой худалдан авах, зуучлах, тээвэрлэх бүхий л үйл ажиллагаанд гурван удаа өөрийн менежерийг Захиалагч талын менежерүүдтэй хамт явуулсан бөгөөд барилга угсралтад нэн шаардлагатай кран угсрах, ажлыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Захиалагч талтай хамтран хийж гүйцэтгэж дууссан байдаг.

1.9. Мөн гэрээнд зааснаар Гүйцэтгэгч талаас барилгын ажлыг үе шат нэг бүрээр ажлын чанар гүйцэтгэлийг Захиалагч талын төлөөлөх эрх бүхий этгээдэд болон зураг төсөл зохиогчоос талбай дээр биечлэн байлцуулж тухай бүр шалгуулж зөвшөөрөл авсны дараа барилгын материал болох арматур, бетоныг Захиалагч талд захиалан авч барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэн Захиалагч талыг төлөөлөх эрх бүхий этгээдээр ажлын явцыг баталгаажуулсан байдаг.

1.10. Гэтэл Захиалагч тал гэрээний нэг талд урьдчилан мэдэгдэлгүй 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот албан мэдэгдлээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г нэг талын санаачилгаар цуцалж байгаа талаар мэдэгдсэн.

1.11. Захиалагч тал гэрээг цуцлах үндэслэлээ "... 50 Хятад ажилтнаар барилгын ажил гүйцэтгүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн ... ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон тул ... гэрээний 10.1.4 дүгээр зүйл, 6.1.8 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байгаа ...” гэж тус гэрээг дуусгавар болгож тухайн өдрөөс эхлэн захиалагч талын харуул хамгаалалт нь гүйцэтгэгч талын ажилчдыг барилгын талбайд нэвтрүүлээгүй болно.

1.12. Хариуцагч “СХХК-ийн энэхүү гэрээ цуцалсан үндэслэлийг “МХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэрээг цааш үргэлжлүүлэх тухайгаа 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр УП/2659 тоот албан бичгээр мэдэгдлийн хариуг өгсөн боловч “С” ХХК нь гэрээг цааш үргэлжлүүлээгүй болно.

1.13. Мөн “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-ний 3.3-т зааснаар Захиалагч нь Гүйцэтгэгчээс барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материал болон түүнтэй холбоотой тээвэр, машин механизмаас бусад бүх шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, бүх төрлийн барилгын материал, тээвэр, харуул хамгаалалт, цахилгаан, дулаан, хог, усны төлбөр болон итгэмжлэгдсэн лабораторид сорьцын шинжилгээ авах үнэ зэрэг талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалтай холбогдон гарах зардлуудыг хариуцахаар заасан. Харин Гүйцэтгэгч нь өөрийн ажил гүйцэтгэж буй ажилчдын ажиллах хүчний цалин хөлс, Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, хоол, унаа зэрэг зардлуудыг хариуцахаар заасан.

1.14. Үүний дагуу “М” ХХК нь гадаад ажилчдыг Монгол Улсад албан ёсоор хөдөлмөр эрхлэгчээр ажиллуулах болсонтой холбоотойгоор нийт 269,158,600 төгрөгийн зардлыг гэрээт ажлын эхэнд гарсан байдаг.

1.15. Гэтэл “С” ХХК нь үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө гэрээ цуцалснаар “МХХК-д 102,641,600 төгрөгийн хохирол учирсан болно. “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-ний 8.4-т “Гэрээний хугацаанд аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талдаа учирсан хохирол, эрсдэл, зардлыг буруутай тал нь нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

1.16. Тиймээс учирсан 102,641,600 төгрөгийн хохирлыг шаардах эрхтэй болно. Иймд “М” ХХК болон “С” ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 101,692,800 төгрөг, ЗахиалагчС” ХХК-д хугацаанаас нь өмнө “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г цуцалсантай холбоотойгоор учирсан хохирол 102,641,600 төгрөг, нийт 204,334,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хавсаргасан “Иргэн Б.Солонго, Ж.Булганмаа нарын Худалдаа үйлчилгээний төвийн барилга “МХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ” гэх баримтад барилгын зоорины давхрын каркасны ажлын 60 хувийг буюу 2361,6 м2 талбайн ажлыг хийсэн гэж тайлбарлах боловч энэ нь бусад баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2. Хариуцагчаас нэхэмжлэгчид илүү төлсөн ажлын хөлсөнд 66,364,726 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь барилгын мэргэшсэн төсөвчний гаргасан төсөвт өртгийн дүгнэлтэд үндэслэсэн. Тодруулбал, зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу “МХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийг “Рино констракшн" ХХК болон мэргэшсэн төсөвчин Ц.Пүрэвжаргалаар тооцуулсан.

2.3. Төсөвт өртгийг тооцоход ажиллах хүчний зардал 48,178,899 төгрөг, машин ашиглалт 3,705,270 төгрөг, ашиг 7,782,625 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 5,966,679 төгрөг, нормчлолын сан 107,400 төгрөг, нийт 65,740,874 төгрөг гарсан.

2.4. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Гэрээт ажлын нийт хөлс нь НӨАТ болон бусад татвар хураамж багтсан ба нэгж м2 барилгажих талбайн үнэ 99,000 төгрөг байна" гэж заасан бөгөөд мэргэшсэн төсөвчин нь үүний дагуу хийж гүйцэтгэсэн ажилд холбогдох төсөвт өртгийг тооцоолсон болно. Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.5. Нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “СХХК-г зохигчийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Барилга ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалснаас үүдэж өөрт 137,053,600 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарладаг.

2.6. Хариуцагч нь Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.8-д “Ажил гүйцэтгэх явцад Гүйцэтгэгч нь ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон тохиолдолд Захиалагч нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, учирсан хохирлоо шаардах” эрхтэй, мөн Гэрээний 10 дугаар зүйлийн 10.1.4-т “Гэрээний 7.2.24 /Гүйцэтгэгч нь барилгын ажлыг Хавсралт 1-д заасан Хятад ажилчдаар гүйцэтгүүлэх бөгөөд Хятад ажилчдын тоо 50 байна/-т заасан Хятад ажилчдыг ажиллуулах үүргээ Гүйцэтгэгч биелүүлээгүй тохиолдолд” гэрээг захиалагч тал дангаар цуцална гэж тус тус заасныг үндэслэн “МХХК-д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 дугаартай “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан.

2.7. Талуудын хооронд тус гэрээг байгуулахаар 2019 оны 03 дугаар сараас эхлэн гэрээний нөхцөлүүдийн талаар хэлэлцэж, и-мэйл болон албан бичгээр саналаа солилцож ирсэн. Тодруулбал, “МХХК-иасСХХК-д 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ш/2466 дугаартай “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнийн саналыг “С” ХХК хүлээн зөвшөөрч, нэгж м2 барилгажих талбайн үнэ 99,000 төгрөг байхаар Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тусгасан. Түүнчлэн уг үнэд барилгын түр хашаа барих, краны суурь цутгах, ажилчдын түр байр барих, тоног төхөөрөмж угсрах ажлын хөлс багтсан байдаг.

2.8. Нэхэмжлэгчээс барилгын ажлыг удаашралтай гүйцэтгэх болсон шалтгаанаа барилга угсралтын талбайд шаардлагатай тоног төхөөрөмжийг хариуцагч байгууллага байлгаагүйгээс үүдсэн гэж тайлбарладаг. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр барилгын ажлыг цамхагт кран угсарсны дараа хийж гүйцэтгэнэ гэсэн тохиролцоо байдаггүй. Харин Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг барилгын зураг төсөл, норм, дүрэм, стандартын дагуу Захиалагчийн хүсэл сонирхол, тавьсан шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Иймд “М” ХХК барилгын ажлыг захиалагч болох “С” ХХК болон барилгын зураг төсөл зохиогчийн тавьсан шаардлагын дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй юм.

2.9. Захиалагч болон зохиогчоос гүйцэтгэгч байгууллагад барилгын ажлыг гараар хийх шаардлага нь барилгын норм, дүрэм стандартад нийцсэн хууль ёсны шаардлага байсан. Тодруулбал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Бетон ба төмөр бетон бүтээц. Үндсэн дүрэм”-ийн 5.1.3, 8.1.5, .8.4.2-т тус тус зааснаар бетоны бэхжилтийн хугацаа заагаагүй бол хамгийн багадаа 28 хоног бэхжүүлэх, уг хугацаанд ачаалуулахгүйгээр бат бэхийг хангасан байх шаардлага тавигддаг. Үүний дагуу нэхэмжлэгчийг барилгын ажлыг гараар хийж гүйцэтгэх зүй ёсны шаардлага тавьсан.

Энэ нь гэрч А.Амарбаярын “... суурийн бетон бэхжээгүй байсан тул газар шорооны ажлыг гараар гүйцэтгэх шаардлагатай байсан ... бетон 28 хоногийн бэхжилт аваагүй үед бетон бүтээц дээр ямар ч төрлийн ачаа өгч болохгүй...” гэх мэдүүлэг, гэрч М.Төртогтын “... бетоны бэхжилт хэдэн арван жил үргэлжилдэг. Эхний 28 хоногийн хувьд 70 орчим хувийн бэхжилт авсан гэж үздэг. Тэрнээс хойш бэхэжсээр байдаг. ... бетон зуурмаг 28 хоногийн хугацаанд бэхжилт аваагүй байхад түүнд ачаалал өгөх, механизм явуулж болохгүй ... бетон зуурмаг бэхжээгүй байхад ажлыг бэхжилт авах хүртэл хүлээнэ. Эсвэл гараар хийдэг...” гэх мэдүүлгээр тус тус нотлогддог.

2.10. Мөн “М” ХХК нь барилгын ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй, гэрээгээр тохиролцсон тооны Хятад ажилчдыг ажиллуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдоно.

2.11. Хариуцагч “СХХК-сМХХК-д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэлдээ гүйцэтгэгч болох “МХХК-н барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд гаргасан зөрчлийн талаарх баримтыг хавсаргасан. Тус баримтад “М” ХХК нь улны хэв хашмал хийж, өндөржилт хийхэд хүлцэх алдааг хэтрүүлсэн, баганын гаргалгаа арматур зөрүүтэй хийгдсэн, ханын арматурын хэмжээ алдагдсан, суурийн холбоос дам нурууны доод бүсний хамгаалалтын үе барилгын зургаас зөрүүтэй хийгдсэн, материал хадгалалтын горим зөрчдөг” болохыг тус тус дурдсан.

Мөн барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийсэн “Рино констракшн” ХХК-н дүгнэлтээр “... цутгамал ханын хамгаалалтын үе, гаргалгаа арматурын алхам зургийн дагуу хийгдээгүй, суурь суух түвшин 4 см байх ёстойг 9 см болгож алдсан, суурийн дам нурууны хамгаалалтын үе зургаас зөрүүлсэн...” болохыг тогтоосон.

Түүнчлэн гэрчээр асуугдсан мэдүүлэгтээ А.Амарбаяр “... М ХХК барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ алдаа, дутагдал, доголдол гаргаж байсан. Суурийн хөрсний түвшинг алдсан. Суурийн дамнуургын хомуутын хэмжээг ажлын зургаас томруулж матсан буюу нугалсан. Ингээд суурийн дамнуурган хамгаалалтын үеийг багасгасан. Эдгээр алдаа дутагдлаас болж тухай бүрд нь засаж залруулах ажлыг хийх гээд ажил хойшилж байсан. Алдаа дутагдалгүй барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн бол хугацаандаа гүйцэтгэх боломжтой байсан. ... Арматурын хадгалалтыг хөндий ус чигээс хамгаалсан саравчинд эвсэл битүү хучиж хадгалах ёстой. Энэ горимыг зөрчсөн... хомуутын хэмжээг ажлын зургаас зөрүүтэй гүйцэтгэсэн. М ХХК-н арматур бэлтгэж байсан арматурчны буур хэмжээ тарьснаас үүдэлтэй...” гэх,

М.Төртогтын “... Хүлцэх алдааг задлахгүйгээр засаад явж байсан. Хүлцэх биш алдааг задлуулаад засуулаад цааш явдаг байсан. Энэ алдаа блок болгон дээр давтагддаг байсан... Алдаа болгон дандаа давтагддаг... Алдаагаа зассан гэж хэлдэг түүнийг тухай бүрд очиж үздэг байсан. Алдаа засагдсан бол ажлыг цааш үргэлжлүүлнэ, засагдаагүй бол дахин гүйцэтгүүлдэг. М ХХК блок болгон дээр алдаагаа давтдаг байснаас болоод барилгын ажил удаашралтай явагддаг байсан. М ХХК арматурыг ил задгай хадгалж байсан...” гэх,

Г.Хандаагийн “... арматурыг ерөөсөө хучдаггүй байсан. Ямар нэгэн дэр модгүй шууд газар дээр нь хураасан. Бороо орсон үед хучдаггүй ... барилга дээр хом гэж хэрэглэдэг төмрийг маш их хэмжээгээр ямар ч инженерийн тооцоо судалгаагүй байхгүйгээр буруу матсан...” гэх мэдүүлэг, зургийн нотлох баримтаар барилгын ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь нотлогдоно.

2.12. Нэхэмжлэгч байгууллагын буруутай дээрх алдаа дутагдлаас үүдэн барилгын ажил хугацаандаа явагдахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм. Түүнчлэн “МХХК-с барилгын талбайд гэрээнд заасан 50 тооны Хятад ажилчдыг бүрэн ажиллуулж байгаагүй болох нь гэрч Г.Хандаагийн “... барилгын талбайд хамгийн ихдээ 25 хятад ажилчин, 2 хятад инженертэй нийт 27 хүн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

М ХХК-н хөтөлсөн Өгөөмөр худалдаа үйлчилгээний төвийн барилга дээр ажилласан ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгсөн бүртгэлийн дэвтрээр нотлогддог.

2.13. Гэрээ байгуулахад нэхэмжлэгч “М” ХХК Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар “Туршлага, ажиллах хүч, техникийн боломж: Гүйцэтгэгч гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардагдах дадлага, туршлага, чадвартай, ажиллах хүч, тоног төхөөрөмжтэй болно” гэж баталгаа гаргаж байсан.

2.14. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас Гадаадын иргэн, харьяатын газарт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн 10/2218 дугаартай “Ажиллах хүчний тухай” албан бичгээр “М” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 50 иргэнийг Монгол Улсад “НС” ангиллын визтэй хөдөлмөр эрхлүүлэхээр урих зөвшөөрөл олгогдож байсан хэдий ч энэ нь тэдгээр хүмүүсийг Монгол Улсад оруулж ирж, зохигчийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажилласан гэх нотолгоо болохгүй юм.

2.15. Дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтаар “М” ХХК нь барилгын ажлыг бүрэн чанартай хийж гүйцэтгэх чадамжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч гаргасан алдаа зөрчлөө барилгын ажил гүйцэтгэх хугацаандаа засаж залруулаагүй, байнга давтдаг байсан учир үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгох шаардлагагүй. Тиймээс хариуцагч “СХХК-г зохигчийн хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсантай холбоотойгоор хохирол нэхэмжлэх шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч “С” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 66,364,726 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 51,517,890 төгрөг, торгууль 264,211,200 төгрөг, нийт 382,093,816 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.МХХК-н гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас “СХХК-д ихээхэн хэмжээний хохирол учирсан. Тухайлбал барилгын материалыг зохих ёсоор хурааж, хадгалаагүйгээс ихээхэн хэмжээний арматур зэвэрсэн, каркасанд хэрэглэх төмөр хийцүүдийг буруу хийснээс болж ихээхэн хэмжээний төмөр ямар ч ашиглах боломжгүй болж 33,430,690 төгрөгийн үнэлгээ бүхий материал хаягдлын зардал гарсан.

3.2. М” ХХК-тай байгуулсан “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ” дуусгавар болсон шалтгаанаар барилгын талбай, бараа материалд хяналт тавих, дараагийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахтай холбоотой “СХХК-д гарсан зардлыг компанийн цалингийн зардлаар тооцсон. Уг зардлыг тооцсон хугацаа нь “М” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс дараагийн гүйцэтгэгч компанитай гэрээлэх 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар бодсон. Ингэхэд “С” ХХК дээрх үндэслэлээр үйл ажиллагааны зардалд 18,087,200 төгрөг зарцуулсан байна.

3.3. М” ХХК-тай байгуулсан “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-ний 7.2.24-т заасан “Хятад ажилчдыг ажиллуулах үүргээ Гүйцэтгэгч биелүүлээгүйгээс Захиалагч гэрээг дангаар цуцалж үүссэн үндэслэл бүхий л хохирлыг Гүйцэтгэгч барагдуулах бөгөөд Гэрээний үнийн дүнгийн 20%-ийг Захиалагчид үл маргах журмаар төлнө” гэж заасны дагуу гэрээний нийт төлбөр 1,321,056,000 төгрөгийн 20% болох 264,211,200 төгрөгийг “МХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

3.4. М” ХХК Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.31-д “Бүх цутгамал төмөр каркасны ажлыг иж бүрэн гүйцэтгэх бөгөөд багана, дам нурууг ямар ч өө сэвгүй тэгшхэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм журмыг мөрдөх...”, 7.2.32-т "Барилгад хэрэглэгдэх бүх төрлийн материал, бэлдэц, тоног төхөөрөмжийг буулган авч, эмх цэгцтэй технологийн дагуу хураан авч хадгалж, бүрэн байдлыг хариуцах" үүргийг тус тус хүлээсэн боловч Өгөөмөр техник худалдааны төвийн үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилгын талбай дээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрэм журмыг мөрдөх үүргээ биелүүлээгүй. Энэ нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан зургийн үзүүлэлтүүдээр нотлогддог.

3.5. Зохигчийн хооронд байгуулсан Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.8-д “Ажил гүйцэтгэх явцад Гүйцэтгэгч нь ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон тохиолдолд Захиалагч нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, учирсан хохирлоо шаардах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 8.4-т “Гэрээний хугацаанд аль нэг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талдаа учирсан хохирол, эрсдэл, зардлыг буруутай тал нь нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зохицуулсан тул “М” ХХК үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “С” ХХК өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

3.6. Түүнчлэн Гэрээний 7.2.24-т “Хятад ажилчдыг ажиллуулах үүргээ Гүйцэтгэгч биелүүлээгүйгээс Захиалагч гэрээг дангаар цуцалж үүссэн үндэслэл бүхий л хохирлыг Гүйцэтгэгч барагдуулах бөгөөд Гэрээний үнийн дүнгийн 20%-ийг Захиалагчид үл маргах журмаар төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр ... гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан ... хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасанд хамаарах юм.

3.7. Иймд дээр дурдсан үндэслэлээр “МХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажилд илүү төлсөн 66,364,726 төгрөгийг, барилгын материалыг зохих ёсоор хадгалж, ашиглаагүйн улмаас учирсан хаягдал материалын хохирол 33,430,690 төгрөг, гүйцэтгэгч “М” ХХК-тай байгуулсан гэрээг түүний буруугаас хугацаанаас нь өмнө цуцалж, дараачийн барилгын ажил гүйцэтгэгч компанийг олох хүртэлх хугацаанд “СХХК-иас гаргасан зардал 18,087,200 төгрөг, зохигчийн хооронд байгуулсан гэрээний 7.2.24-т зааснаар гэрээг цуцлахад гүйцэтгэгчээс захиалагчид үл маргах журмаар төлөх 264,211,200 төгрөгийн хамт, нийт 382,093,816 төгрөгийг “МХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

4.1. С” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулгадаа “МХХК-ийн буруугаас барилгын ажлын явцад гаргасан хаягдал материалын үнэлгээ тооцон 33,430,690 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаж барилгын ажил гүйцэтгэх шинэ компани сонгон шалгаруулахтай холбогдуулан “СХХК-д гарсан үйл ажиллагааны зардал 18,087,200 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5 -т зааснаар гэрээ цуцлагдсаны улмаас гүйцэтгэгч тал захиалагчид гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийн төлбөр төлөх үүрэгтэй гэж 264,211,200 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

4.2. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Учир нь: Хариуцагч “С” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Хохирлын үнэлгээний тайлан” гэх нэртэй баримтыг сөрөг нэхэмжлэлд хавсарган шүүхэд ирүүлсэн байна. Энэхүү үнэлгээний тайлан нь хуульд заасан шаардлага хангаагүй, хохирлын үнэлгээний тайлан гэх баримтыг боловсруулсан шинжээчид хууль сануулаагүй тул тухайн шинжээч нь үнэлгээг үнэн бодит гаргасан эсэх, хариуцагч “С” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй эсэх нь тодорхой, тооцоолол нь үндэслэлгүй гарсан байх тул “М” ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

4.3. МХХК-иас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “С” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сараас эхлэн барилгын материалын захиалга, материал сонголтын ажилд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэг нэмэлт хөлс тооцолгүй ажиллаж байсан бөгөөд 6 дугаар сарын 01-ний өдрөөс барилгын талбайд инженер, ажилчид ажиллаж эхэлсэн үеэс ажлын хөлсийг тооцож эхэлсэн.

4.4. Талуудын хооронд байгуулсан “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3.6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.5, 6.2.6, 6.2.7, 6.2.17-т зааснаар Гүйцэтгэгчээс барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материал ба түүнтэй холбоотой тээвэр, машин механизм бусад бүх шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл тээврийн хэрэгсэл, бүх төрлийн барилгын материал, тээвэр, харуул хамгаалалт, цахилгаан, дулаан, хог, усны төлбөр болон итгэмжлэгдсэн лабораторид сорьцын шинжилгээ авах үнэ, Захиалагчийн талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал зэрэгт холбогдон гарах зардлуудыг Захиалагч тал хариуцна гэж тохиролцсон байдаг. Үүний дагуу Барилгын материалыг хураах, хучихад зориулагдах материалыг мөн захиалагч талаас бэлтгэн өгөхөөр байгаа. “СХХК-иас барилгын материалыг хураах, хадгалахад шаардлагатай материалыг бэлтгэн өгснөөр Гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч барилгын материалыг зохих ёсны хадгалалт хамгаалалтын ажлыг гүйцэтгэн захиалагч талд шалгуулан ажиллаж байсан.

Мөн тухайн үед ашиглахаар захиалж байсан арматурыг ажлыг гүйцэтгэлд бэлтгэн тооцооллын дагуу зарцуулсан байхад хаягдал болгон ашиглаагүй мэт үзэж, мөн ажил гүйцэтгэх хугацаанд “МХХК-д барилгын материалын хаягдал гэж акт, торгууль огт тавьж байгаагүй мөртлөө одоо жилийн дараа хаягдал материал гаргаж байсан мэт нэхэмжлэл гаргаж байгаа нь огт ойлгомжгүй, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд хариуцагч талаас хаягдал материалын үнэлгээ гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

4.5. Мөн хариуцагч талаас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалсны үр дагаварт шинэ гүйцэтгэгч компани сонгон шалгаруулахтай холбоотойгоор “СХХК-д гаргасан үйл ажиллагааны зардал гэж 18,087,200 төгрөгийг нэхэмжлэн, мөн л хохирлын үнэлгээ гэх баримтыг үндэслэл болгож байна. Хариуцагч тал 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үйл ажиллагааны зардал гэж өөрийн компанийн ажилчдын цалин хөлс, НДШ, ХАОАТ шимтгэл зэргийг зардалд тооцон нэхэмжилсэн нь мөн л үндэслэлгүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийн зардал нь тухайн байгууллагад тогтмол гардаг цалин, холбогдох татвар хураамжийн зардал бөгөөд гэрээний харилцаа дуусгавар болсон болоогүй гарах ёстой тухайн байгууллагын тогтмол зардал юм.

4.6. С” ХХК нь дангаар 07 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлан наадмын амралтын дараах өдөр буюу 07 дугаар сарын 18-ны өдөр “М” ХХК нь өөрийн багаж, ажилчдын түр байр зэргийг авахаар Өгөөмөр худалдаа үйлчилгээний төвийн барилгын талбайд очиход “СХХК-ийн харуул хамгаалалтын ажилчид талбай руу нэвтрүүлээгүй төдийгүй барилгын талбайд шинэ гүйцэтгэгч компани барилгын гүйцэтгэлийн ажлыг эхлүүлсэн байдаг. М ХХК-иас баталгаажуулан авсан фото зураг байдаг болно. Мөн гэрч нарын мэдүүлгээр одоог хүртэл барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл өнөөдрийг хүртэл барилга ашиглалтад ороогүй шалтгаан нөхцөл нь тодорхойгүй байхад шууд “МХХК-ийг буруутгаж “С” ХХК нь ирээдүйд олох байсан орлогын тооцон нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй болно. Бүтэн сар гаруй хугацаанд барилгын ажлын гүйцэтгэл явагдаагүй мэт үндэслэлгүй тайлбарыг гаргаж байгаа нь байж боломгүй юм.

4.7. С” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 7.2.24-т зааснаар гэрээг цуцлагдсаны улмаас гүйцэтгэгч тал захиалагчид гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх төгрөгийг үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэж үзэж гэрээний нийт үнийн дүн болох 1,321,056,000 төгрөгөөс 20 хувийг тооцон 264,211,200 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5-т “Гэрээний 7.2.24-т заасан Хятад ажилчдыг ажиллуулах үүргээ Гүйцэтгэгч биелүүлээгүйгээс Захиалагч гэрээг дангаар цуцалж үүссэн үндэслэл бүхий л хохирлыг Гүйцэтгэгч барагдуулах үүрэгтэй бөгөөд Гүйцэтгэгч гэрээний үнийн дүнгийн 20%-ийг Захиалагчид үл маргах журмаар төлнө” гэсэн заалт байдаг. Энэхүү гэрээний заалтыг “МХХК-иас хүлээн зөвшөөрөх боломжгүй, өөрчлөлт оруулах, гэрээнээс хасах саналыг “СХХК-ийн удирдлагатай биечлэн болон утсаар, мэйлээр харилцан саналаа илэрхийлж байсан. Гэтэл Захиалагч талаас гэрээний 8.5 дахь заалтыг оруулахгүй тохиолдолд гэрээг байгуулах боломжгүй талаар шахаж араггүйн байдлаас энэ заалтыг хэвээр үлдээн гэрээг байгуулсан байдаг.

Гэрээний 8.5 дахь заалт нь хэт нэг талыг баримталсан заалт байдаг төдийгүй, гэрээнд хэрэв Захиалагч тал гэрээний үүргээр зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэрээний зохицуулалтыг “С” ХХК нь гэрээндээ оруулаагүй болно. Нөгөөтээгүүр Захиалагч тал гэрээний нэг талд урьдчилан мэдэгдэлгүй 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 12 тоот албан мэдэгдлээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г нэг талын санаачилгаар цуцалсан.

Захиалагч тал гэрээг цуцлах үндэслэлээ "... 50 Хятад ажилтнаар барилгын ажил гүйцэтгүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн ... ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон тул ... гэрээний 10.1.4 дүгээр зүйл, 6.1.8 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байгаа ...” гэж тус гэрээг дуусгавар болгож тухайн өдрөөс эхлэн захиалагч талын харуул хамгаалалт нь гүйцэтгэгч талын ажилчдыг барилгын талбайд нэвтрүүлээгүй болно.

4.8. Хариуцагч “СХХК-ийн энэхүү гэрээ цуцалсан үндэслэлийг “МХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэрээг цааш үргэлжлүүлэх тухайгаа 05 дугаар сарын 05-ны өдөр УП/2659 тоот албан бичгээр мэдэгдлийн хариуг өгсөн боловч “С” ХХК нь гэрээг цааш үргэлжлүүлээгүй болно.

4.9. Хэрэв барилгын Гүйцэтгэгч алдаа дутагдал гаргасан, материалын үргүй хаягдал гаргах зэрэг зөрчил гаргасан бол Захиалагч талаас Гүйцэтгэгчийг өөрийн зардлаар нэмж гүйцэтгүүлэхээр шаардах эрх нь гэрээнд заасан байтал Захиалагч “С” ХХК-иас огт энэ эрхээ хэрэгжүүлэн Гүйцэтгэгчээс ийм шаардлага тавьж байгаагүй болно.

4.10. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5-т зааснаар “... үүссэн үндэслэл бүхий хохирлыг ...” гэж зааснаар “С” ХХК нь өөрийн санаачилгаар гэрээ цуцалсны үр дагаварт өөрт нь ямар үндэслэл бүхий хохирол учирсан нь гэдэг нь тодорхойгүй, хохирлын үнэлгээний тайланг гэх зүйл нь үндэслэлгүй, өөрийн хамаарал бүхий этгээдээр дүгнэлт гаргуулсан гэж үзэхээр, өөрийн компанийн тогтмол зардлыг нэхэмжилж байгаа зэрэг нь үндэслэл бүхий хохиролд тооцогдохгүй болно. Иймд “С” ХХК-ийн “М” ХХК-д холбогдуулан 315,729,090 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Үүнд: СХХК-ийн Өгөөмөр Барилгын ажилд гарсан зардлын тооцоолол, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “МХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “МХХК-ийн дүрэм, “МХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "С” ХХК болон “МХХК-ийн хооронд байгуулсан “Барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээ”, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 07/2019 дугаар “МВС” ХХК болон Л.Төмөрчөдөр, БНХАУ-ын иргэн Tang Jiany нартай байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Анд интернэшнл” ХХК болон “МХХК-ийн хооронд байгуулсан “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”, “Анд интернэшнлХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “М” ХХК болон “Жинин Жиншэнбан” ХХК Хятад улсын хүний нөөцийн үйлчилгээний компанитай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хятад хэл дээрх “Тодорхойлолт” 2 хуудас, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хятад хэл дээрх “Тодорхойлолт” 2 хуудас, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хятад хэл дээрх “Тодорхойлолт” 2 хуудас, Хятад ажилчдын визний төлбөр хураан авсан баримт 2 хуудас, “МХХК-ийн харилцах дансны хуулга 1 хуудас, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 10/2218 дугаар Гадаадын иргэн, Харьяатын газарт гаргасан “Ажиллах хүчний тухай” албан бичиг хавсралтын хамт 3 хуудас, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 10/3842 дугаар Гадаадын иргэн, Харьяатын газарт гаргасан “Ажиллах хүчний тухай” албан бичиг хавсралтын хамт 1 хуудас, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Гадаадын Иргэн, Харьяатын газрын 04/0304 дугаар тодорхойлолт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БЗД-ийн 14-р хорооны тодорхойлолт, ХХҮЕГ болон ГИХГ-т төлсөн Гадаад ажилчдын үйлчилгээний хураамжийн баримт 4 хуудас, БНХАУ-ны ажилчдад зарцуулсан зарлагын баримт болон орчуулгын хамт 17 хуудас, "М" ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Цалин батлах тухай 465 дугаар тушаал, ажилчдын цалингийн жагсаалт, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Гэрээ цуцлах мэдэгдэл” хавсралттай, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн УП/2659 дугаар “МХХК-ийнмэдэгдэлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг, барилгын ажлын талбайн фото зураг 10 хуудас, Барилга угсралтын ажлын 6-р сарын тайлан 2 хуудас, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хурлын протокол 2 хуудас, Гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 460 дугаар “Гадаад улсад албан томилолтоор ажиллуулах тухай” тушаал, Л.Төмөрчөдөрийн гадаад паспортын хуулбар 5 хуудас, “Жинин Жиншэнбан” хүний нөөцийн үйлчилгээний ХХК-иасМХХК-д ирүүлсэн “Цалингийн төлбөрийн нэхэмжлэх” болон орчуулгын хамт 2 хуудас, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тэмдэглэл 27 хуудас.

 

6. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Үүнд: Улсын бүртгэлийн гэрчилгээ, “М” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан тоотыг 6 хуудас хавсралтын хамт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт болон орлогын мэдүүлэг, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл 33 хуудас, фото зураг 12 хуудас, Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийсэн дүгнэлт 8 хуудас, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн RC-T12/18-1 дугаартай төсвийн тайлан, “Рино констракшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Ц.Пүрэвжаргалын мэргэшсэн төсөвчний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Хохирлын үнэлгээний тайлан, “М” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 03, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Барилга угсралтын суурийн арматурын захиалга”-н баримт, “С” ХХК-н 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102,916,120 төгрөгийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт, “Улаанбаатар менежмент” ХХК-н 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №1390 дугаартай нэхэмжлэх, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн баримт болон орлогын баримт, “М” ХХК-н 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Барилга угсралтын суурийн арматурын захиалга”-н баримт, “С” ХХК-н 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 105,177,400 төгрөгийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл болон бэлэн мөнгөний зарлагын баримт, “Улаанбаатар менежмент” ХХК-н 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №1873 нэхэмжлэх, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлэг, төлбөрийн баримт, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зарлагын баримт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл болон зарлагын баримт, №2067 нэхэмжлэх, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2506 зарлагын баримт болон орлогын мэдүүлэг, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Барилгын материалын захиалгын баримт, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн өргөдөл болон бэлэн мөнгөний зарлагын баримт, 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Бат бэх ремкон ХХК-ийн нэхэмжлэх болон орлогын мэдүүлэг, 2019 оны 06 дугаар сарын 19, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Барилгын материалын захиалгын баримт, өргөдөл, зарлагын баримт, барилгын материалын хэмжээний баримт 28 хуудас, Барилга угсралтын ажлын график 2 хуудас, “С” ХХК-н захирлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай “БНХАУ-ын Шандун хотод томилолтоор ажиллуулах тухай” тушаал, “С” ХХК-н 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн огноотой “УБ-Шандун томилолтын зардлын тооцоо”, “С” ХХК-н захирлын 2019 оны 06 дугаар сарын 07 өдрийн 20 дугаартай “БНХАУ-н эрзэн хотод томилолтоор ажилпуулах тухай” тушаал, “С" ХХК-н 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “УБ-Замын үүд-Эрээн томилолтын зардлын тооцооны хуудас.

 

7. Шүүх зохигчийн хүсэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хятад ажилчдын гарсан цалин хөлс, бусад зардлын тооцоо”, “Хавсралт №3-Татвар хураамжийн тооцоо” нэртэй баримтуудыг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Тооцооны хуудас, “Анд интернэйшнл” ХХК-ийн шугамаар 2019 онд БНХАУ-ын 47 иргэн визийн зөвшөөрөл авсан талаарх лавлагаа болон зөвшөөрөл авсан 24 иргэдийн мэдээлэл, гэрчээр А.Амарбаяр, Г.Хандаа, М.Төртогт, П.Батням нарыг асууж, [email protected] мэйл хаягт үзлэг хийж, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 233,798,400 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн ба урьдчилгаа төлбөрт авсан 132,105,600 төгрөгийг хасаж, үлдэгдэл 101,692,800 төгрөгийг, хариуцагч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул учирсан хохирол буюу гадаадаас ажиллах хүч авчрахад гарсан зардал 102,641,600 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч гэрээнд заасан 50 хятад ажилчдаар барилгын ажил гүйцэтгүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон тул гэрээг цуцалсан, гүйцэтгэгч 2361,6 метр квадрат талбайн суурийн ажлыг хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан тул хохирол шаардах эрхгүй гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

4.1. Гүйцэтгэгч “М” ХХК-ийн гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн суурийн ажлын гүйцэтгэлийн төсвийг тусгай зөвшөөрөлтэй “Рино констракшн” ХХК-ийн мэргэшсэн төсөвчнөөр тооцуулахад 67,740,878 төгрөг гарсан тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 132,105,600 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасаж, илүү төлсөн 66,364,726 төгрөгийг,

4.2. “Рино констракшн” ХХК, санхүүгийн шинжээч Ц.Болортуяа нарын гаргасан хохирлын үнэлгээний тайлангаар гарсан гүйцэтгэгчийн буруугаас ажлын явцад гаргасан хаягдал материалын үнэлгээ 33,430,690 төгрөг, гүйцэтгэгчийн буруугаас гэрээ цуцлагдсаны торгууль буюу гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 264,211,200 төгрөгийг,

4.3. Дахин гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахтай холбоотой “СХХК-д гарсан зардлыг компанийн цалингийн зардлаар тооцож, М” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс дараагийн гүйцэтгэгч компанитай гэрээлэх 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаагаар бодож үйл ажиллагааны зардалд гарсан 18,087,200 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

5.1. Шүүхийн журмаар томилуулсан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, бодит зардлыг 269,151,000 төгрөг гэж гаргасан тул гүйцэтгэгчийг 66,364,726 төгрөгийн хөлс илүү авсан гэх үндэслэлгүй,

5.2. Ажил гүйцэтгэх хугацаанд барилгын материалын хаягдал гэж акт, торгууль огт тавьж байгаагүй атлаа гэрээ цуцлагдсанаас жилийн дараа хаягдал материал гаргаж байсан мэт үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үнэлгээний тайлангаар гарсан материал нь манайд хүлээлгэж өгсөн материал, манай буруугаас ашиглах боломжгүй болсон гэж нотолсон баримт байхгүй, мөн захиалагч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул гэрээнд заасан торгууль шаардах эрхгүй,

5.3. Дахин гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахтай холбоотой “СХХК-д гарсан зардлыг компанийн цалингийн зардлаар тооцож 18,087,200 төгрөг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн байгууллагад тогтмол гардаг цалин, холбогдох татвар хураамжийн зардал нь гэрээг дуусгавар болсон, болоогүй гарах ёстой тухайн байгууллагын тогтмол зардал юм гэжээ.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “М” ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах иргэн Солонго, Бурмаа нарын худалдаа үйлчилгээний төвийн барилгын каркас угсралтын ажлыг 1 метр квадрат талбайг 99,000 /НӨАТ-тай/ төгрөгийн хөлстэйгөөр, 50 хятад ажилчдаар гүйцэтгүүлэх үнийн саналыг хариуцагчид хүргүүлсэн байна. /1-р хх 121/

 

Хариуцагч “С” ХХК дээрх саналыг хүлээн авснаар зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ”  /цаашид “гэрээ” гэх/ байгуулагдаж, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр техник худалдааны төвийн үйлчилгээний 13,344 м2 барилгын ажлын зургийн дагуу барилгын төмөр бетон каркасын ажлыг 1 метр квадрат талбайг 99,000 төгрөгийн хөлстэйгөөр, 116 өдөрт багтаан хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээж, гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг БНХАУ-ын 50 иргэн/ажилчнаар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ. /1-р хх 14/

 

Гүйцэтгэгч барилгын ажлыг гүйцэтгэх явцад захиалагчаас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот мэдэгдлээр гэрээнд заасан ажлыг 50 хятад ажилчдаар гүйцэтгүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн, гүйцэтгэгч нь ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон гэх үндэслэлээр гэрээний 6.1.8, 10.1.4 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалсан байна. /1-р хх 83/

 

7. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, гэрээний урьдчилгаа төлбөрт 132,105,600 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан, гэрээ цуцлагдаж дуусгавар болсон үйл баримтын талаар маргаагүй байна. Харин гэрээ цуцлагдсан үндэслэл, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ажлын хөлс болон гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй эсэх талаар маргаан үүсжээ.

 

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

9. Үндсэн нэхэмжлэлийн тухай.

 

9.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл барилгын суурийн А, Е, D, C, G1, G2, G3, L, K дугаар блокийн төмөр бетон каркасны ажилд нийт 2361.6 м2 талбай буюу 233,798,400 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж, харин хариуцагчаас гүйцэтгэгчийн хийсэн ажлын гүйцэтгэлийн төсвийг мэргэшсэн төсөвчнөөр тооцуулахад 67,740,878 төгрөг гарсан гэж маргасан.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ болгож “Рино констрашн” ХХК, мэргэшсэн төсөвчин Ц.Пүрэвжаргал нарын гаргасан гүйцэтгэлийн төсвийг нотлох баримтаар өгсөн ба тус төсөвт “... гэрээний дагуу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэгч “МВС” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн суурийн ажлын гүйцэтгэлийн төсвийг тооцов. Төсөвт өртгийн дүн/тоогоор 65,740,874 төгрөг” гэжээ. /2-р хх 118/

 

Барилгын зураг төсөв зохиогч “Рино констрашн” ХХК нь зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ “М” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийсэн ажлын хэмжээг 1296.15 м2 гэж тооцолон гаргасан /1-р хх 225/ байх бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... энэ 1298.15 м2 талбайтай ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг зөвшөөрч байна” гэж тайлбарлаж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн хийсэн ажлын төсвийг 65,740,874 төгрөг /гэрээнд заасан ажлын хөлсөөр тооцвол 664 м2/ гэж тооцон гаргасан “Рино констрашн” ХХК, мэргэшсэн төсөвчин Ц.Пүрэвжаргал нарын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гүйцэтгэлийн төсөв дээрх байдлаар үгүйсгэгдэж байх тул үнэн зөв гэж үзэх боломжгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон ба Барилгын төсөвчдийн холбоо шинжээчээр ажиллан 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэлтийг гаргасан.

 

Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь 3,493.79 м2 талбай хэмжээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба тус дүнг талуудын гэрээгээр тохиролцсон 1 метр квадратыг 99,000 төгрөгөөр тооцвол 345,885,210 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн урьдчилгаа төлбөр 132,105,600 төгрөгийг хасвал 213,779,610 төгрөг болох хэдий ч нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2361.6 м2 талбай буюу 233,798,400 төгрөг гэж тодорхойлж, үүнээс авсан урьдчилгаа төлбөр 132,105,600 төгрөгийг хасаж, үлдэх 101,692,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ.

 

Гэрээний 2.1-д “Гүйцэтгэгч нь гэрээгээр гүйцэтгэх ажлыг гэрээний хавсралт 1-д заасан хятад ажилчид Монгол Улсад ажиллах холбогдох эрхийг авч барилгын ажлыг гүйцэтгэж эхлэх өдрөөс эхлэн хуанлийн 116 өдөрт багтаан талуудын харилцан тохиролцож баталсан Хавсралт 2-т заасан ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгэнэ”, 7.2.24-т “Гүйцэтгэгч нь барилгын ажлыг Хавсралт 1-д заасан хятад ажилчдаар гүйцэтгүүлэх бөгөөд хятад ажилчдын тоо 50 байна” гэж талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчаас гаргасан “гэрээнд заасан ажлыг 50 хятад ажилчдаар гүйцэтгүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд “гэрээнд заасан ажлыг монгол болон хятад ажилчдаар гүйцэтгүүлж байсан, хятад ажилчдыг үе шаттайгаар оруулж ирж байсан” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч 50 хятад ажилчдаар ажлыг гүйцэтгүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх боловч гэрээ хэрэгжих хугацаанд хятад болон монгол ажилчдаар ажил гүйцэтгүүлж байсныг захиалагч хүлээн зөвшөөрч, ажил хийх зөвшөөрөл олгож байсан болох нь гэрч Г.Хандаагийн “... барилгын талбайд хамгийн ихдээ 25 хятад ажилчин, 2 хятад инженертэй нийт 27 хүн ажиллаж байсан, ... 12 цагаас эхлэн хятад ажилчид ажилдаа орсон, монгол ажилчдаа амраасан” гэх мэдүүлэг /2-р хх 98/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн хуулбар /1-р хх 242-250, 2-р хх 1-24/, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /2-р хх 52-77/, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Барилга угсралтын ажлын 6-р сарын тайлан” /1-р хх 97/ болон талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Мөн ажил гүйцэтгэх явцад гарсан алдаа, зөрчлийг талууд харилцан зөвшилцөж тухай бүр засаж байсан нь гэрч А.Амарбаярын “... Алдаа дутагдлыг газар дээр нь хэлээд захиалагч болон гүйцэтгэгч талын инженерүүдийг байлцуулан газар дээр нь шийдвэрлэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх 92/-ээр нотлогдож байх бөгөөд хариуцагч ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэх боловч энэхүү үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг 233,798,400 төгрөгөөр тооцон, үүнээс урьдчилгаа төлбөрт авсан 132,105,600 төгрөгийг хасаж, үлдэх 101,692,800 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9.2. Захиалагчаас “гэрээнд заасан ажлыг 50 хятад ажилчдаар гүйцэтгүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн, гүйцэтгэгч нь ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон” гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хариуцагч гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохирол буюу гадаадаас ажиллах хүч авчрахад гарсан зардал нийт 102,641,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, харин хариуцагч нэхэмжлэгчийг гэрээнд заасан 50 хятад ажилчдаар ажил гүйцэтгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул хохирол шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Гэрээ нэгэнт дуусгавар болсон үйл баримтын талаар зохигчдийн хэн аль нь маргаагүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээ цуцлагдсан эсэх нь ач холбогдолгүй байх бөгөөд харин гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь гэрээний 2.1, 7.2.24-т зааснаар барилгын ажлыг 50 хятад ажилчдаар гүйцэтгүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцагч гэрээний 10.1-д заасан “Гэрээг дараах тохиолдолд Захиалагч дангаар цуцална”, 10.1.4-т заасан “Гэрээний 7.2.24-т заасан хятад ажилчдыг ажиллуулах үүргээ гүйцэтгэгч биелүүлээгүй тохиолдолд” гэсэн нөхцөлийн дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол буюу  гадаадаас ажиллах хүч авчрахад гарсан зардал 102,641,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй.

 

10. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

10.1. Хариуцагч нь 66,364,726 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ гүйцэтгэгчийн хийсэн суурийн ажлын гүйцэтгэлийн төсвийг тусгай зөвшөөрөлтэй “Рино констракшн” ХХК, мэргэшсэн төсөвчнөөр тооцуулахад 67,740,878 төгрөг гарсан тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 132,105,600 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасаж, илүү төлсөн 66,364,726 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Рино констрашн” ХХК, Ц.Пүрэвжаргал нарын гаргасан гүйцэтгэлийн төсөв нь барилгын зураг төсөв зохиогч “Рино констрашн” ХХК-ийн гаргасан “М” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн ажлын хэмжээ 1298.15 м2 талбай гэх баримтаар, уг хэмжээг хүлээн зөвшөөрсөн хариуцагч талын тайлбараар тус тус үгүйсгэгдсэн ба нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл барилгын суурийн А, Е, D, C, G1, G2, G3, L, K дугаар блокийн төмөр бетон каркасны ажилд нийт 3,493.79 м2 талбай бүхий буюу 345,885,210 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хариуцагчийн 66,364,726 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй байна.

 

  10.2. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн гүйцэтгэгчийн буруугаас ажлын явцад гаргасан хаягдал материалын үнэ 33,430,690 төгрөг, гүйцэтгэгчийн буруугаас гэрээ цуцлагдсаны торгууль буюу гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 264,211,200 төгрөгийг гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Дээрх үнэлгээний тайланд дурдсан хаягдал материал нь гүйцэтгэгчид ажил гүйцэтгэхэд зориулан хүлээлгэн өгсөн материал, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ашиглах боломжгүй болсон гэх шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх бөгөөд захиалагчаас энэ талаар нэхэмжлэгчид холбогдуулан гомдол, шаардлага гаргаж байсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цуцлагдсан байх тул хариуцагч нь гэрээний үүрэгт торгууль гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 

Иймд хариуцагчийн гаргасан хаягдал материалын үнэ 33,430,690 төгрөг, торгууль 264,211,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13.3. Хариуцагчаас гэрээ цуцлагдсанаас дахин гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахтай холбоотой гарсан зардалд 18,087,200 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-д “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн “дахин гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахтай холбоотой “СХХК-д гарсан зардлыг компанийн цалингийн зардлаар тооцож 18,087,200 төгрөг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн байгууллагад тогтмол гардаг цалин, холбогдох татвар хураамжийн зардал нь гэрээг дуусгавар болсон, болоогүй гарах ёстой тухайн байгууллагын тогтмол зардал юм” гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          

14. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас 101,692,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 102,641,600 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагчийн 382,093,816 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлыг зохигчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-иас 101,692,800 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 102,641,600 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагчийн 382,093,816 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,338,218 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,226,370 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 666,414 төгрөгийг, шинжээчийн зардал 2,485,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТХУЯГ