Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2022/02126

 

 

 

 

 

 

 

 

2022 12 16 210/МА2022/02126

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/02254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,692,800 төгрөг, гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас учирсан хохирол 102,641,600 төгрөг, нийт 204,334,400 төгрөг гаргуулах үндсэн, ажлын хөлсөнд илүү төлсөн 66,364,726 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 51,517,890 төгрөг, торгууль 264,211,200 төгрөг, нийт 382,093,816 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 * ХХК болон * ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч * ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр техник худалдааны төвийн үйлчилгээний 13,344 м.кв талбайтай барилгын ажлыг зургийн дагуу буюу хуанлийн 116 өдөрт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч * ХХК нь гэрээнд заасан хөлсийг графикт хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг ажлыг гүйцэтгэгч тал 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд 33 дах хоногт захиалагч * ХХК 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан.

1.2 * ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл барилгын суурийн А, Е, О, С, 01, 02, 03, Ь, К дугаар блокийн нийт 2361,6 м.кв талбайг хийж гүйцэтгэсэн. Үүнийг гэрээний 3.2-т заасан үнэ 99,000 төгрөгөөр тооцон үзэхэд 233,798,400 төгрөг болно. Уг үнээс гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 132,105,600 төгрөгийг хасаж тооцоход 101,692,800 төгрөг болж байх ба үүнийг гэрээний 3.2, 3.4, 3.5, 6.1.6, 7.1.2-т заасны дагуу шаардах эрхтэй болно.

1.3 * ХХК барилга угсралтын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг барилгын ажил эхлэх үед суурилуулаагүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас гэрээнд заасан ажил цаг хугацаандаа гүйцэтгэх боломж дутмаг байсан боловч гүйцэтгэгч талаас боломжит нөхцөл байдлыг дайчлан үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан.

1.4 * ХХК нь * ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гадаадын ажиллах хүчийг хөдөлмөр эрхлэгчээр Монгол улсад оруулж ирэхээр * болон БНХАУ-ын иргэн Тang Jianyi нартай тохиролцсон бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 26 хүн, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17 хүн, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14 хүн, нийт 57 ажилчдыг барилгын талбайд ажил гүйцэтгэхээр гаргасан. Мөн * ХХК-аас 2019 оны 04 дүгээр сараас эхлэн БНХАУ руу захиалагч талын нийлүүлэх барилгын хэв хашмал, тоног төхөөрөмжүүд болон өргөх крантай холбоотой худалдан авах, зуучлах, тээвэрлэх бүх ажиллагаанд удаа дараа өөрийн менежерийг хамт явуулсан бөгөөд барилга угсралтад нэн шаардлагатай кран угсрах ажлыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл захиалагч талтай хамтран хийж гүйцэтгэсэн.

Мөн гэрээний 3.3-т захиалагч нь гүйцэтгэгчээс барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай материал болон түүнтэй холбоотой тээвэр, машин механизмаас бусад бүх шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, бүх төрлийн барилгын материал, тээвэр, харуул хамгаалалт, цахилгаан, дулаан, хог, усны төлбөр болон итгэмжлэгдсэн лабораторид сорьцын шинжилгээ авах үнэ зэрэг талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудалтай холбогдон гарах зардлуудыг хариуцахаар заасан. Харин гүйцэтгэгч нь өөрийн ажил гүйцэтгэж буй ажилчдын ажиллах хүчний цалин хөлс, Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, хоол, унаа зэрэг зардлуудыг хариуцахаар заасан. Үүний дагуу * ХХК нь гадаад ажилчдыг Монгол улсад албан ёсоор хөдөлмөр эрхлэгчээр ажиллуулах болсонтой холбоотойгоор нийт 269,158,600 төгрөгийн зардлыг гэрээт ажлын эхэнд гарсан. Гэтэл * ХХК үндэслэлгүйгээр хугацаанаас өмнө гэрээ цуцалснаар * ХХК-д 102,641,600 төгрөгийн хохирол учирсан. Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээний 8.4 болон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт заасны дагуу учирсан хохиролд 102,641,600 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд * ХХК-аас нийт 204,334,400 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалснаас 137,053,600 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарладаг. Хариуцагч нь гэрээний 6.1.8, 10.1.4, 7.2.24-т тус тус заасныг үндэслэн * ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж гэрээг цуцалсан. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр барилгын ажлыг цамхагт кран угсарсны дараа хийж гүйцэтгэнэ гэсэн тохиролцоо байхгүй. Харин гэрээний 4.1-д заасны дагуу * ХХК барилгын ажлыг захиалагч болох * ХХК болон барилгын зураг төсөл зохиогчийн тавьсан шаардлагын дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй. Захиалагч нь гүйцэтгэгчид барилгын ажлыг гараар хийх шаардлага тавьсан нь барилгын норм, дүрэм стандартад нийцсэн, хууль ёсны шаардлага байсан.

Мөн * ХХК нь барилгын ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй, гэрээгээр тохиролцсон БНХАУ-ын ажилчдыг ажиллуулаагүй болох нь хэрэгт авагдсан барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд гаргасан зөрчлийн талаарх баримт, зохиогчийн хяналт хийсэн * ХХК-ийн дүгнэлт, гэрч * р, М.Т, Г.Х нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч байгууллагын буруутай алдаа дутагдлаас үүдэн барилгын ажил хугацаандаа явагдахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, * ХХК-аас барилгын талбайд 50 ажилтныг ажиллуулаагүй болох нь гэрч Г.Х-гийн мэдүүлэг, * ХХК-ийн хөтөлсөн Өгөөмөр худалдаа үйлчилгээний төвийн барилгад ажилласан ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгсөн бүртгэлийн дэвтрээр нотлогддог. Нэхэмжлэгч * ХХК нь гэрээний 9.4-т зааснаар баталгаа гаргасан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас Гадаадын иргэн, харьяатын газарт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн 10/2218 дугаартай Ажиллах хүчний тухай албан бичгээр 50 ажилтныг визтэй хөдөлмөр эрхлүүлэхээр урих зөвшөөрөл олгогдсон боловч Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирж гэрээний дагуу ажилласан болох нь нотлогдоогүй.

2.2 Дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтаар * ХХК нь барилгын ажлыг бүрэн чанартай хийж гүйцэтгэх чадамжгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй, алдаа зөрчлөө барилгын ажил гүйцэтгэх хугацаандаа засаж залруулаагүй, байнга давтдаг байсан учир үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгох шаардлагагүй. Иймээс хариуцагч * ХХК-ийг зохигчийн хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсантай холбоотойгоор хохирол нэхэмжлэх шаардлага нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга:

3.1 Хариуцагч * ХХК нь * ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 66,364,726 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 51,517,890 төгрөг, торгууль 264,211,200 төгрөг, нийт 382,093,816 төгрөг гаргуулахаар шаардсан. * ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас * ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Тухайлбал, барилгын материалыг зохих ёсоор хурааж, хадгалаагүйгээс ихээхэн хэмжээний арматур зэвэрсэн, каркасанд хэрэглэх төмөр хийцүүдийг буруу хийснээс болж ихээхэн хэмжээний төмөр ямар ч ашиглах боломжгүй болж 33,430,690 төгрөгийн үнэлгээ бүхий материал хаягдлын зардал гарсан. * ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон шалтгаанаар барилгын талбай, бараа материалд хяналт тавих, дараагийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахтай холбоотой * ХХК-д гарсан зардлыг компанийн цалингийн зардлаар тооцвол 18,087,200 төгрөг зарцуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2.24-т заасны дагуу нийт төлбөр 1,321,056,000 төгрөгийн 20 хувь болох 264,211,200 төгрөгийг * ХХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй.

3.2 * ХХК нь гэрээний 7.2.31, 7.2.32 болон барилгын норм, дүрэм журмыг мөрдөх үүргээ биелүүлээгүй болох нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан зургийн үзүүлэлтүүдээр нотлогддог. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 6.1.8, 8.4 болон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас * ХХК өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд * ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажилд илүү төлсөн 66,364,726 төгрөг, барилгын материалыг зохих ёсоор хадгалж, ашиглаагүйн улмаас учирсан хаягдал материалын хохирол 33,430,690 төгрөг, гүйцэтгэгч * ХХК-тай байгуулсан гэрээг түүний буруугаас хугацаанаас нь өмнө цуцалж, дараачийн барилгын ажил гүйцэтгэгч компанийг олох хүртэлх хугацаанд * ХХК-аас гаргасан зардал 18,087,200 төгрөг, зохигчийн хооронд байгуулсан гэрээний 7.2.24-д зааснаар гэрээг цуцлахад гүйцэтгэгчээс захиалагчид үл маргах журмаар төлөх 264,211,200 төгрөг, нийт 382,093,816 төгрөгийг * ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Учир нь * ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирлын үнэлгээний тайлан хуульд заасан шаардлага хангаагүй, шинжээчид хууль сануулаагүй тул үнэлгээг үнэн бодит гаргасан эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх нь тодорхой, тооцоолол нь үндэслэлгүй гарсан байх тул * ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс барилгын талбайд инженер, ажилчид ажиллаж эхэлсэн үеэс ажлын хөлсийг тооцож эхэлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.6, 6.2.4, 6.2.5, 6.2.6, 6.2.7, 6.2.17-д захиалагч талын холбогдон гарах зардлуудыг тохиролцсон. * ХХК-аас барилгын материалыг хураах, хадгалахад шаардлагатай материалыг бэлтгэн өгснөөр гүйцэтгэгчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч барилгын материалыг зохих ёсны хадгалалт хамгаалалтын ажлыг гүйцэтгэн захиалагч талд шалгуулан ажилласан. Гэтэл жилийн дараа хаягдал материал гаргасан гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн үйл ажиллагааны зардал гэж өөрийн компанийн ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын шимтгэл зэргийг зардалд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн байгууллагад тогтмол гардаг цалин, холбогдох татвар хураамжийн зардал юм. * ХХК нь гэрээ цуцалсны дараа өөрийн багаж, ажилчдын түр байр зэргийг авах гэсэн боловч талбайд нэвтрүүлээгүй, шинэ гүйцэтгэгч компани барилгын гүйцэтгэлийн ажлыг эхлүүлсэн байсан. Мөн гэрч нарын мэдүүлгээр одоог хүртэл барилгын ажил бүрэн дуусаагүй байхад шууд буруутгаж, ирээдүйд олох байсан орлогын тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

4.2 Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5-д заасныг * ХХК-аас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиалагч тал гэрээний нэг талд урьдчилан мэдэгдэлгүй 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот албан мэдэгдлээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Хэрэв барилгын гүйцэтгэгч алдаа дутагдал гаргасан, материалын үргүй хаягдал гаргах зэрэг зөрчил гаргасан бол захиалагч талаас гүйцэтгэгчийг өөрийн зардлаар нэмж гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй талаар заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд * ХХК нь өөрийн санаачилгаар гэрээ цуцалсны үр дагаварт өөрт нь ямар үндэслэл бүхий хохирол учирсан нь тодорхойгүй, хохирлын үнэлгээний тайлан гэсэн нь үндэслэлгүй, өөрийн хамаарал бүхий этгээдээр дүгнэлт гаргуулсан гэж үзэхээр, өөрийн компанийн тогтмол зардлыг нэхэмжилж байгаа зэрэг нь үндэслэл бүхий хохиролд тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасныг баримтлан * ХХК-аас 101,692,800 төгрөгийг гаргуулж * ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 102,641,600 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагчийн 382,093,816 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,338,218 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,226,370 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 666,414 төгрөгийг, шинжээчийн зардал 2,485,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 102,641,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан.

6.1 * ХХК болон * ХХК-ийн нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээг байгуулсан. Дээрх гэрээг * ХХК-ийн зүгээс үндэслэлгүйгээр цуцалсан. * ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх барилгын суурийн А, Е, Б, С, 01, 02, 03, Ь, К дугаар блокийн төмөр бетон каркас 2,361.6 м.кв-ыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж, гэрээний 3.2-т заасан үнэ 99,000 төгрөгөөр тооцон үзэхэд 233,798,400 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзсэн. Иймээс 233,798,400 төгрөгийн гэрээний төлбөрөөс авсан урьдчилгаа 132,105,600 төгрөгийн төлбөрийг хасаж тооцоход 101,692,800 төгрөг болж байх ба үүнийг захиалагч талаас барилгын ажил захилгаар гүйцэтгэх гэрээний 3.2, 3.4, 3.5, 6.1.6, 7.1.2-д заасны дагуу шаардах эрхтэй.

6.2 * ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу * болон БНХАУ-ын иргэн нартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хүний нөөцийн үйлчилгээ үзүүлэх БНХАУ-ын Жинин Жиншэнбан ХХК-тай хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулан БНХАУ-ын 57 ажилтныг Монгол улсад хөдөлмөр эрхлүүлэхээр хилээр оруулж, тухайн ажилчид барилгын талбайд бүгд ажил гүйцэтгэсэн болох нь гэрч болон хэргийн материалд авагдсан баримтуудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх захиалагч тал гэрээг цуцлах үндэслэл болох "...50 хятад ажилтнаар барилгын ажил гүйцэтгүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн, ажлыг бүрэн чанартай гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон, гэрээний 10.1.4, 6.1.8-д тус тус заасныг үндэслэн гэрээг цуцалж байгаа... гэж тус гэрээг дуусгавар болгосон хариуцагч * ХХК-ийн гэрээ цуцлах үндэслэлийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж үзсэнгүй.

6.3 Мөн анхан шатны шүүх ...Энэхүү хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь гэрээний 2.1, 7.2.24-т зааснаар барилгын ажлыг 50 хятад ажилчдаар гүйцэтгүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцагч буюу захиалагч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч талын гэрээг хугацаанаасаа өмнө цуцлагдсанаас өөрт учирсан хохирол буюу гадаадаас ажиллах хүч оруулахад гарсан зардал болох 102,641,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч * ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдаагүй, гэрээний хэрэгжих хугацаанд хариуцагч * ХХК-аас гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй талаар мэдэгдэл өгч байгаагүй, ажлын гүйцэтгэлийг тухай бүр хүлээн авч дараагийн ажлын зөвшөөрлийг өгч явж байсан гэдгийг хэрэгт авагдсан барилга угсралтын ажлын 06 дугаар сарын тайлангаар нотлогдоно. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дах хэсэгт зааснаар захиалагч нь үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан тул гүйцэтгэгч талаас гарсан зардлыг нөхөн төлөх үүргийг хүлээх ёстой. Нэхэмжлэгч талын ажиллах хүч гадаадаас оруулахад гаргасан зардал болох 102,641,600 төгрөг нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд эхний үед гарч, гэрээний нийт хугацаанд үргэлжлэх хугацаанд хуваагдах ёстой зардал буюу гүйцэтгэгч нийт ажлын хөлснөөс хасагдах зардал байтал, ажлын хөлсийг бүрэн авахгүйгээр гэрээ дуусгавар болсон тул энэ зардал нь шууд хохирол болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн ...нэхэмжлэлээс үлдэх 102,641,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй... болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хэргийн 121 дүгээр талд авагдсан үнийн санал хүргүүлэх тухай баримтад краны суурь цутгах ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгэхээр тохиролцсон. Энэхүү ажлыг хэзээ гүйцэтгэсэн нь хэргийн 97-98 талд авагдсан баримтаар нотлогдоно. Крантай холбоотой асуудалд * ХХК-ийн буруу байхгүй, * ХХК өөрийн хүлээсэн үүргийг хожуу гүйцэтгэсэнтэй холбоотой юм.

7.1 Тухайн үнийн санал хүргүүлэх тухай баримт болон талуудын хооронд байгуулсан гэрээнд барилгын ажилчдын тоог 50 хятад ажилчид байна гэж тохиролцсон. Гэтэл үе шаттайгаар 57 хятад ажилчдыг оруулж ирэн нийт 57 хятад ажилчид болсон гэж тайлбарладаг. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 50 хүнийг зэрэг талбайд ажиллуулаагүй гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгч талын хятад ажилчдыг үе шаттайгаар оруулж ирэн нийт 57 хятад ажилчин ажиллуулсан нь үндэслэлгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 84, 175-176 дугаар талд авагдсан баримтуудаар ямар зөрчил гаргаж байсныг инженер н.Отгонзориг болон * ХХК-ийн зохиогчийн хяналтын хэрэгжүүлсэн н.Төрцогт дүгнэлт гаргаж, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Хэрэгт авагдсан барилгын ажлын тэмдэглэлийн дэвтэрт * ХХК-аас барилгын ажлыг хүлээж авсан гарын үсэг байхгүй, хүлээж авсан тэмдэглэл үйлдээгүй гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, * ХХК-аас 66,364,726 төгрөгийг гаргуулж * ХХК-д олгохоор өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдол гаргасан байна.

8.1 Нэхэмжлэгчээс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэхдээ ...хэрхэн, яаж тооцсон нь тодорхойгүй, зөрүүтэй, тооцооллын илэрхий алдаатай дүгнэлт гаргасан. Улмаар шинжээчийн дүгнэлт дэх барилгын А, Е, С, Р, 01, 02, 03, I, К блокуудын суурийн талбайн нийлбэрийг тооцоход харилцан адилгүй, 51.23 м.кв зөрүү үүссэн ба нэхэмжлэгчийн тодорхойлсон суурийн талбайн нийт 3,936 м.кв хэмжээ нь шинжээчийн дүгнэлттэй нийцээгүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

8.2 Зохигчид гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэж акт үйлдээгүй, ажлын төлбөрийг харилцан адилгүй тодорхойлж маргасан байхад нэхэмжлэгч * ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тооцооллыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй. * ХХК маргаан бүхий барилгын зураг төслийг боловсруулсан бөгөөд тус компанийн мэргэшсэн төсөвчин Ц.П * " ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртгийг 65,740,874 төгрөг болохыг тооцсон. Хэрэгт нотлох баримтаар авагдсан * ХХК-аас 2018 онд боловсруулсан зурагт +0.00=1296.15 гэж тэмдэглэсэн нь барилгын суурийн далайн түвшнээс дээш хэмжээг илтгэдэг. * " ХХК-ийн хийсэн ажлын хэмжээ гэх гарчигтай зургийн доод хэсэгт байх +0.00=1296.15 тэмдэглэгээ м.кв-г илэрхийлэхгүй, зөвхөн цэнхэр, ногооноор тэмдэглэсэн хэсэг нь гүйцэтгэсэн ажлын талбайг илэрхийлэх тул шүүх хуралдааны явцад уг 1296.15 гэх тоог м.кв талбайн ажил гүйцэтгэсэн гэж буруу ойлгосон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон мэргэшсэн төсөвчин Ц.Пүрэвжаргалын тооцсон төсвийг үгүйсгэж дүгнэсэн.

8.3 * ХХК-д гэрээний төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 132,105,600 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч * ХХК-аас * " ХХК гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэх 33 хоногийн хугацаанд ажиллахад гарсан гүйцэтгэлийн төсөв болох 65,740,874 төгрөгийг хасаж үлдэгдэл 66,364,726 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заасны дагуу * ХХК илүү төлсөн хөлсийг буцаан шаардах үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, * ХХК-аас 66,364,726 төгрөгийг гаргуулж * ХХК-д олгохоор өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Төсвийн задаргааг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж хөндлөнгийн шинжээч томилогдон дүгнэлт гаргасан. Өөрсдийн хүсэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт шүүхийн шатанд гаргасан шинжээчийн дүгнэлт биш учраас харьцуулах боломжгүй.

9.1 Шинжээчийн дүгнэлтэд мэргэшсэн төсөвчний тамга дарагдаж, дугаар авагдсан, нээлттэй мэдээллийн сангаар бүх төсөвчний мэдээлэл нээлттэй буюу нийтэд илэрхий үйл баримт байна. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй. Төсөвчний төсөвт өртгийн задаргааг хавсаргасан. Задаргаанаас үзэхэд 149,000,000 төгрөгт нэмэгдэл зардал болон цалингийн нэмэгдлийг тус бүрд нь гаргаж өгсөн. Энэхүү нийлбэр дүнгээр тооцоход 269,000,000 төгрөг болж байхад 149,000,000 төгрөгийг баримталсан нь үндэслэлгүй. Нийт 3,936 м.кв ажлыг хийсэн гэж шинжээчийн дүгнэлтээр үзсэн. Нэхэмжлэгч 2,361 м.кв ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Гэтэл 51 м.кв асуудал үндэслэлгүй.

9.3 Шинжээчээр дахин шинжилгээ хийлгэх үндэслэлийг гаргаж хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан. Учир нь дахин шинжээч томилогдох, нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 225 дугаар хуудсанд 1,297 м.кв гэж талууд тооцоо нийлж, гарын үсэг зурсан баримт авагдсан. Тооцоо нийлсэн актад хийсэн ажлын нийт талбай м.кв гэх тодотголтой 1,297 м.кв ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тооцооллыг гаргаж өгсөн. Шүүхээс энэхүү тооцоолол, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй. Гэвч нэхэмжлэгч талаас хийж гүйцэтгэсэн ажлын м.кв-ыг багасгаж өгсөн. Үүнтэй холбогдуулан шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, хийж гүйцэтгэсэн ажлаас нийт хөлсийг гаргаж, түүнээс шилжүүлсэн төгрөгийг хасахад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ гарч байна. Харин хохирлын тухайд гомдолд дурдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 101,692,800 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 102,641,600 төгрөг, нийт 204,334,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсөнд илүү төлсөн 66,364,726 төгрөг, хаягдал материалын төлбөр 33,430,690 төгрөг, торгууль 264,211,200 төгрөг, дахин гүйцэтгэгч компани сонгон шалгаруулахад гарсан зардал 18,087,200 төгрөг, нийт 382,093,816 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч * ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр техник худалдааны төвийн үйлчилгээний 13,344 м.кв талбай бүхий барилгын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэн, 116 хоногт багтаан хүлээлгэн өгөх, хариуцагч * ХХК нь ажлын гүйцэтгэлийн баталгаажуулалт, нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хуанлийн 5 хоногт багтаан төлбөрийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 14-27/

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

4.2 Хариуцагч * ХХК нь нэхэмжлэгч * ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн мэдэгдэлдээ ... гүйцэтгэгч тал гэрээний үндсэн үүрэг болох 50 Хятад ажилтнаар барилгын ажил гүйцэтгүүлэх үүргээ удаа дараа зөрчсөн, мөн ажлыг бүрэн гүйцэтгэх чадамжгүй болох нь илэрхий болсон тул гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ. /хх-ийн 83-р тал/. Тус мэдэгдлийг хүргүүлснээр талуудын байгуулсан Барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна.

4.3 Гэрээг цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгодог бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэхэмжлэгч * ХХК нь 233,798,400 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн бол хариуцагч * ХХК нь нэхэмжлэгчийг 65,740,874 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж харилцан өөр тайлбарыг гарган маргасан.

4.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбоо ТББ нь нэхэмжлэгч * ХХК-ийг нийт 3493,79 м.кв талбай бүхий суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэжээ. /4хх-ийн 27-36-р тал/

Шүүх дээрх талбай бүхий төмөр бетонон каркасны барилга угсралтын ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон 1 м.кв-ийн үнэ 99,000 төгрөгөөр бодож 345,885,210 төгрөг байхаас хариуцагч * ХХК-ийн төлсөн 132,105,600 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 213,779,610 төгрөг гэж тооцсон байх ба нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд нэхэмжилсэн 101,692,800 төгрөгийн хэмжээнд бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэгдсэн байна.

4.5 Хариуцагч талаас татгалзлаа нотлохоор гаргасан * ХХК-ийн дүгнэлтэд нэхэмжлэгч * ХХК-ийг нийт 65,740,874 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар тусгасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч нь 1293,15 м.кв /1293,15 х 99,000 = 128,021,850/ талбай бүхий ажил гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /2хх-ийн 120, 4хх-ийн 68-р тал/. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас татгалзлаа нотлохоор гаргасан дээрх дүгнэлт болон хариуцагчийн тайлбар хоорондоо зөрүүтэй байх тул нэхэмжлэгчийг 65,740,874 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Иймд хариуцагч талын гэрээний төлбөр гаргуулсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, илүү төлсөн ажлын хөлсийг буцаан гаргуулна гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч буруугүй бөгөөд гэрээнд заасан ажлыг тодорхой тооны хятад ажилчдаар зохих ёсоор гүйцэтгүүлэх үүргээ зөрчөөгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй. Иймд шүүх гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрхгүй гэж дүгнэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 3.3-т ажиллах хүчний зардлыг гүйцэтгэгч хариуцахаар тусгасан байх тул нэхэмжлэгч нь үүнтэй холбоотойгоор хохирол шаардах эрхгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

6. Хаягдал материалын төлбөр 33,430,690 төгрөг, дахин гүйцэтгэгч компани сонгон шалгаруулахад гарсан зардал 18,087,200 төгрөг, торгууль 264,211,200 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

6.1 Ажлын хөлсөнд илүү төлсөн 66,364,726 төгрөг гаргуулах шаардлагын тухайд * ХХК-ийн дүгнэлт нь Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ын шинжээчийн дүгнэлт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр няцаагдсан тул хариуцагч * ХХК-ийг ажлын хөлсөнд 66,364,726 төгрөг илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/02254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 671,158 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,156,188 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЦОГТСАЙХАН