Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/02938

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбэ, 10-44 тоот хаягт байрлах, “Г” ХХК /РД:2706776/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 43 дугаар байр, 31 тоот хаягт оршин суух, А Ч /РД:ЧЗ73051206/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 41,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч А.Ч холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 41,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Г” ХХК нь А.Ч 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр “Г” ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 7 дугаар хороолол 42А байрны 1 дүгээр орц 1 дүгээр давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 97 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг А.Ч шилжүүлэх, А.Ч нь гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.

“Г” ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг А.Ч 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Харин А.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө (гэрээний зүйл)-ийн эзэмшил, ашиглалтыг “Г” ХХК-д буцааж өгсөн. “Ажлын байр түрээслэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1-т “Түрээслэгч нь түрээсийн төлбөр 1 жилд 14,400,000 төгрөг төлнө” гэж заасан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг төлөөгүй. Хариуцагч А.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 28 сарын төлбөр нийт 33,600,000 төгрөгөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж, 27,600,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.

Иргэний хуульд заасан агуулгаас харвал бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан бол үүнд ногдох төлбөрийг төлөх нь хуульд нийцэхээр байна. Мөн агуулга зүйн хувьд ч бусдын эд хөрөнгийг эзэмшиж, ашиглачихаад төлбөрийг төлөхгүй байх нь шударга ёсонд нийцэхгүй. Гэтэл А.Ч нь “Г” ХХК-тай тохиролцож байгуулсан гэрээний үүргийг биелүүлдэггүй, санаатайгаар хайхрамжгүй хандаж байгаа нь хууль ёс, шударга ёсонд үл нийцнэ. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “Түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд Түрээслүүлэгчид бэлнээр буюу дансаар төлөх бөгөөд төлбөрийн хугацааг хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дунгийн 0,2 хувиар бодож алданги төлнө” гэж заасан. А.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 882 хоног үүргээ биелүүлээгүй бөгөөд алданги нийт 48,686,400 төгрөг болж байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги 13,800,000 төгрөгийг шаардаж байна. А.Ч нь гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны хөлсөнд 27,600,000 төгрөгийг, алдангид 13,800,000 төгрөг, нийт 41,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, иймээс А.Чулуунцэцэгээс 41,400,000 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрт 19,200,000 төгрөгийг зөвшөөрнө. Түрээсийн хугацаанд цар тахлын улмаас огт ажиллуулаагүй тул цар тахлын үеийн хуульд нийцүүлэн шаардах эрхгүй юм. Тийм учраас 8,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл ковид цар тахал 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 08-ны хооронд түрээсийн Уран зургийн урлангийн үйл ажиллагааг ажиллуулахыг Засгийн газраас болон Нийслэлийн онцгой комиссоос хаасан тул энэ хугацааны гэрээний хариуцлага нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болно. Алданги болох 13,800,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна, талуудын хооронд хийсэн түрээсийн гэрээний хугацаанд уг гэрээний 7 дугаар зүйлд заасан Давагдашгүй хүчин зүйл буюу халдварт өвчний тархалтын улмаас гэрээний дагуу алданги, торгууль ноогдох хариуцлагаас чөлөөлөхөөр талууд тохиролцсон гэрээний зохицуулалтаар алданги шаардах эрхгүй тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас 22,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түрээсийн гэрээний зохицуулалтаар шаардах эрхгүй, түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй юм” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 364,950 төгрөг төлсөн баримт, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн У.Төгсжаргалд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ, Ш.Мэндбатын Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Итгэмжлэл, Ү-2205055884, Ү-2205055887 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 226, 181, 183, 2021 оны 1, 27, 91 дүгээр тогтоолыг тус тус нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “Г” ХХК-ийн нэхэмжлэлээс 25,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 16,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А.Ч 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан, түрээслэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 28 сарын түрээсийн төлбөр 33,600,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 27,600,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний 5.4-т зааснаар алдангид 13,800,000 төгрөгийг тооцож, нийт 41,400,000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ковид-19 халдварт цах тахлын улмаас огт ажиллаагүй тул 8,400,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй, гэрээнд зааснаар давагдашгүй хүчин зүйлийн улмаас алданги, торгууль ногдуулах хариуцлагаас чөлөөлөхөөр талууд тохиролцсон тул алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 22,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, түрээсийн гэрээний зохицуулалтаар шаардах эрхгүй, гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 14ий өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдаж, Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав хутагт жамсранжав гудамж 42а байрны 1-р орцны 1 давхарт үйлчилгээний хэсэгт байрлах 97 м.кв талбайг 1 жилийн 14,400,000 төгрөгийн төлбөртэйгөөр, 24 сарын хугацаатайгаар түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу буюу сар бүр түрээсийн төлбөрт 1,200,000 төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

5. Талууд түрээсийн гэрээний зүйлийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашигласан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 28 сарын төлбөр 33,600,000 төгрөгөөс 6,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, Коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас ажиллаагүй хугацааны түрээсийн төлбөр, алданги төлөх эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

6. Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний зүйл нь үйлчилгээний зориулалттай засаж тохижуулсан нийт 97 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг ажлын байрны зориулалтаар түрээслүүлсэн гэж, хариуцагчаас тухайн газарт уран зургийн үйл ажиллагаа явуулж, зурсан зургаа бусдад худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарласнаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ”, 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055884 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав хутагт жамсранжав гудамж 42а байр, 3 тоот, 40,3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн байрны 4 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055887 дугаарт бүртгэлтэй, 50,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус түрээслүүлэхээр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан байх боловч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээсийн төлбөр, алданги шаардах эрхгүй.

 

8. Хариуцагч А.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эд хөрөнгийг ашигласан эсэх үйл баримтад маргаагүй бөгөөд тухайн цаг хугацаанд эд хөрөнгийг ашиглаж, үр шимийг хүртэж байсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эд хөрөнгөө ашиглуулсан хугацаанд олох байсан орлогоо шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс буцаан шаардах шаардлагад олох ёстой байсан орлого, үр шим хамаарах бөгөөд буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар үүснэ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Хатуу хөл хорио тогтоосон буюу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 226, 2021 оны 1, 27, 91 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор нийт 63 хоног ажиллаж чадаагүй тул энэ хугацааны төлбөрөөс чөлөөлөгдөх ёстой” гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ хугацаанд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн үлдэгдэл төлбөр 27,600,000 төгрөгөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааны төлбөрт ногдох 2,400,000 төгрөгийг хасаж үлдэх 25,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Ч 25,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 283,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.БАТХУЯГ