Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00579

 

2023.03.17 210/МА2023/00579

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02938 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Чт холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 41,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Г ХХК нь А.Чтэй 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Г ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 7 дугаар хороолол 42А байрны 1 дүгээр давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай, 97 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг А.Чт шилжүүлэх, А.Ч нь 1 жилд 14,400,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2.Г ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг А.Чт 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Харин А.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг төлөөгүй.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 28 сарын төлбөр нийт 33,600,000 төгрөгөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг,

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж, 27,600,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.

1.3. Г ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгсөн.

1.4.Гэрээний 5.4-т түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутамд төлбөрийн дүнгийн 0,2 хувиар бодож алданги төлөхөөр заасан. А.Ч нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 882 хоног үүргээ биелүүлээгүй, алданги нийт 48,686,400 төгрөг болох боловч Иргэний хуульд гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 13,800,000 төгрөгийг шаардаж байна.

А.Чээс түрээсийн төлбөр 27,600,000 төгрөг, алданги 13,800,000 төгрөг, нийт 41,400,000 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 19,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин Засгийн газар болон Нийслэлийн онцгой комисс Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд уран зургийн урлангийн үйл ажиллагаа явуулахыг хаасан тул энэ хугацаанд төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй. Тийм учраас 8,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2.Алданги 13,800,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Талуудын хооронд хийсэн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйл буюу халдварт өвчний тархалтын улмаас алданги, торгууль ногдох хариуцлагаас чөлөөлөхөөр тохиролцсон тул алданги шаардах эрхгүй.

2.3.Түрээсийн гэрээний зохицуулалтаар шаардах эрхгүй, түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.

Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагаас 22,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Чээс 25,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16,200,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 283,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Ажлын байр түрээслэх гэрээний 2.3-д зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаатай байгуулагдсан. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш талууд гэрээг сунгаагүй. Тиймээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 20 сарын хугацааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох 24,000,000 төгрөгөөс түрээслэгчийн төлсөн 6,000,000 төгрөгийг хасаж 18,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Харин 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 8 сарын түрээсийн төлбөр гэж 9,600,000 төгрөгийг шаардах эрхгүй.

Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой үнэлээгүй, дуусгавар болсон гэрээний үүрэг болгож 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр гэж 9,600,000 төгрөгийг А.Чээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

4.2.Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болоход түрээслэгч түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тодорхой байхад нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардан шүүх болон эрх бүхий бусад байгууллагад хандах бүрэн боломжтой байсан. Гэтэл 8 сарын хугацаа өнгөрсний дараа 8 сарын түрээсийн төлбөрт 9,600,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь илтэд өөрийн давуу байдлыг ашиглан түрээслэгч талыг хохироосон хууль бус үйлдэл юм.

Энэ хугацаанд А.Чийн зүгээс түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж, түрээсийн байрыг буцаан өгч хүлээлцсэн акт үйлдэх хүсэлт хариуцагчид гаргаж байсан.

Гэтэл шүүх нэхэмжлэгч талын хэрэгжүүлэх боломжтой шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй зориуд хугацаа хожиж уг хугацааны түрээсийн төлбөр гэж нэхэмжилснийг хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талд давуу байдал олгож шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 25,200,000 төгрөгийн төлбөрөөс 9,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхэд хариуцагчийн гаргаж байгаа гомдолтой холбоотой маргаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хэлэлцээгүй тул шүүгч харгалзан үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн шүүхэд гаргасан хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд үүнтэй холбоотой нөхцөл байдлыг дурдаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д манай байгууллагыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

5.2.Хэргийн үйл баримтаас харахад, 2021 оны 09 дүгээр сард гэрээ дууссан гэж байгаа боловч хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн төлбөрөө төлсөн. Манай талыг хүлээн авахгүй байна гэсэн атлаа өөрөө түрээсийн төлбөрийг төлсөн. Гэрээний төлбөрөө төлөхгүй байгаатай холбоотой манай компани шаардаж 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээний зүйлийг хүлээн авсан. Хариуцагч өөрөө ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Чт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн үлдэгдэл төлбөр 27,600,000 төгрөг, алданги 13,800,000 төгрөг, нийт 41,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүй, 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 7 сарын түрээс 8,400,000 төгрөг болон алданги 13,800,000 төгрөг, нийт 22,200,000 төгрөг шаардах эрхгүй, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус гэж маргажээ. /хх/

 

3.Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ бичгээр байгуулагдаж, түрээслүүлэгч Г ХХК нь ... дүүрэг, ... дугаар хороо, .... байрны ... давхарт .... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 24 сарын хугацаатай шилжүүлэх, түрээслэгч А.Ч нэг сарын 1,200,000 төгрөгийн түрээс төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх6-7/

Талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан боловч мөн хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир тус гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хэрэгт нэхэмжлэгч Г ХХК-ийн нэр дээр олгогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2205055884, Ү-2205055887 дугааруудтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2 гэрчилгээ авагджээ. (хэргийн 49, 50 дахь тал)

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4.Нэхэмжлэгч нь түрээсийн байрыг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч түрээсийн төлбөрт нийт 9,000,000 төгрөг төлсөн, мөн түрээсийн байрыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид буцааж өгсөн бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

5.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны эзэмшил ашиглалтын төлбөрт 25,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг бодит байдлаар нэхэмжлэгчид буцаах боломжгүй тул түүнээс түрээсийн гэрээнд заасан түрээсийн хэмжээгээр төлбөр гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцжээ.

Шүүх хариуцагчийн татгалзалд дурдагдсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэх 63 хоногт тооцогдох төлбөр 2,400,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6.Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус буюу талуудад эрх, үүрэг үүссэн гэж үзэхгүй тул түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний хугацааг сунгаагүй, хугацаа дууссанаас хойшхи 8 сарын хугацааны түрээсийн төлбөр 9,600,000 төгрөгийг шаардах эрхгүй, түрээслүүлэгч шаардах эрхээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Одоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА