Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2022/00746

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 148/ШШ2022/00746

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум 10 баг 380 байр А корпус, өөрийн байр хаягтай гэх, Чингис хаан банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг Хонгорморьт 1 хэсэг гудамж 023 тоотод оршин суух хаягтай гэх Боржигон овогт *******гийн ******* /РД:МЬ71042614/-д холбогдох:

Зээлийн төлбөрт 41,239,923 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Чингис хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Чингис Хаан Банк ХХК нь зээлдэгч Ж.*******тай байгуулсан 2019 оны 06-р сарын 07-ны өдрийн ЗГ/106 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний (Зээлийн гэрээ)-ний дагуу 30.000.000.00 (гучин сая) төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.******* эрхийн улсын Ү-1317005436 дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий хувийн сууц зориулалттай тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж 2019 оны 06-р сарын 07-ны өдрийн БГ/106 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2020 оны 02-р сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 8 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 4,565,675.79 төгрөг, зээлийн хүүнд 3,652,624.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,859.95 төгрөг, нийт 8,220,160 төгрөгийг төлсөн бөгөөд, 2020 оны 02-р сарын 20-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.

Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 20 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэгч ч бодиттой төлөлт огт хийгдээгүй юм.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 25,434,324 төгрөг, зээлийн хүүнд 13,063,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,558,560 төгрөг, нийт 40,056,779 төгрөгийг тус банканд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26- р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-ийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06-р сарын 07-ны өдрийн ЗГ/106 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 25,434,324 төгрөг, зээлийн хүүнд 13,063,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,558,560 төгрөг, нийт 40,056,779 төгрөгийг гаргуулж,

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06-р сарын 07-ны өдрийн БГ/106 тоот Барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-1317005436 дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү! гэжээ.

Чингис хаан банк нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... Чингис хаан банк ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ж.*******гаас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээл, хүүний тооцооллоор үндсэн зээлд 25,434,324.00 төгрөг, зээлийн хүүнд 13,063,895.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,558,560.00 төгрөг нийт 40.056.779.0 төгрөгийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Нэхэмжлэл гаргасан зээл, хүүний тооцоолол 2022 оны 06 дугаар сарын 277-ны өдрөөс хойш 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэл зээлийн хүү 986,969.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,174.87 төгрөг нийт 1,183,144.00 төгрөг нэмж бодогдсон байна.

2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,434,324.00 төгрөг, зээлийн хүү 14,050,864.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,754,734.87 төгрөг нийт 41.239.923.0 төгрөг болж 1,183,144.00 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 06-р сарын 07-ны өдрийн ЗГ/106 тоот дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага 1,183,144.00 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 41,239,923.00 төгрөгийг төлүүлж өгнө үү! ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

.... Үндсэн зээл, зээлийн хүү дээр төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Өмнөх хурал дээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлагаар шүүх хуралдаанд оролцож байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан. Зээлдэгч бол зээлээ хугацаанд төлөөгүй. Зээлийн хугацаа дууссан ч зээлээ төлөөгүй. Өөрсдөө зээл төлөх үүргээ хүлээнэ. Жилийн хугацаанд бол зээл төлөх шаардлага тавьсан. Тийм учраас одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ковидтой холбоотой хэрэглээний зээл дээр хөнгөлөлт үзүүлж байсан. Ганцхан орон сууцны асуудал дээр хөнгөлөлт дэмжлэг үзүүлсэн. Чингис хаан банк-ны хувьд бусад зээл дээр хөнгөлөлт үзүүлээгүй. Яагаад гэвэл Монгол банкны шийдвэрийн дагуу гэх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл 25,230,324 төгрөгийг зөвшөөрч байна. Хүүг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацаа дуусаад жил болсон.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Чингис хаан банк нь хариуцагч Ж.*******д холбогдох зээлийн төлбөрт 41,239,923 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Зээлдэгч нь Чингис хаан банктай 2019 оны 06-р сарын 07-ны өдөр ЗГ/106 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан байна.

Уг зээлийн барьцаанд Ү-1317005436 дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий хувийн сууцыг барьцаалуулахаар талууд тохиролцсон байна.

Зээлдэгч үндсэн зээл 25,434,324 төгрөг, хүү 14,050,864,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,754,734 төгрөг нийт 41,239,923 төгрөгийг төлөөгүй болох нь зээл хүүг буцаан төлөх хуваарь, дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх боловч коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь доголдож зогссоны улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн үндэслэлгүйгээр хүү хуримтлагдсан гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 10 дугаар зүйлд төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ.

Хариуцагчийн зээл нь дээр дурдсан хуульд заасан ипотекийн зээлд хамаарахгүй боловч ковид -19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар нийтэд ил бодит нөхцөл байдал тул нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 25,434,234 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,050,864,13 төгрөг, нийт 41,239,923 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэс хаан банкнд олгож, үлдэх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1,754,734,87 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий Ү-1317005436 дугаартай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ж.*******аас 41,239,923 төгрөг гаргуулан Чингэс хаан банкнд олгож, 1,754,734,87 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий Ү-1317005436 дугаартай орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,234 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 358,234 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Чингэс банкнд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ