Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2022/00894

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 148/ШШ2022/00894

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 5 дугаар хэсэг, 126Б тоотод оршин суух хаягтай, ТА48070199 регистрийн дугаартай, Харнууд овогт *******ын *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 149 тоотод оршин суух хаягтай, УБ69033019 регистрийн дугаартай, Сартуул овогт *******гийн *******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4,764,955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Н.*******, иргэдийн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь Н.*******од холбогдуулан гэм хорын хохиролд 4,764,955 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Н.*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч буюу иргэний нэхэмжлэгч С.******* миний биед болон эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь МУ-ын хуулийн дагуу тогтоогдож ирсэн тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчийн үүргийн дагуу С.******* би өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсанаас үүссэн гэм хорын хохирлоо дор дурдснаар нэхэмжилж байна. Үүнд:

1. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн болон нүдний эмчийн Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ хийлгэж үзүүлэх зөвлөгөөний дагуу явж үзүүлэхэд гарсан зардал бүгд 120,340 төгрөг,

2. Нүдний аяган ясны цөмрөлт хугаралт гэмтлийг хэвтрийн дэглэмд асаргаа сувилгаанд байж бороолуулан анхан шатны хүндрэлийн үе шатанд охин Б.******* 14 хоног ажлаа орхин сахиж ирсэн тул энэ асарч сувилж ирсэн хугацааны цалин 1,884,615 төгрөгийг нэхэмжилж байна.

3. Бусдад зодуулснаас баруун нүд гэмтэж энэ гэмтэл нүдний хараанд нөлөөлж цаашид юм харахгүй болох магадлалтай, болор суулгуулж хараа тогтоох хагалгаа хийлгэ гэсэн. Энэ хагалгааны зардал мөнгө өндөр настан надад алга. Тэгэхээр хагалгааны зардал төлбөр 1,760,000 төгрөгийг Н.*******оос гаргуулахаар

4. Миний охин Б.******* ажлын газраасаа 3,500,000 төгрөг зээлээр аваад аав ******* миний биеийг эмнэлэгт авч явж үзүүлэн нэмэлт хоол тэжээл болон гэмтэл хурдан бороолуулан эдгээх зорилгоор эмчийн зөвлөгөөний дагуу ардын эмчилгээний зориулалтаар хойлогны мах хүнээс 250,000 төгрөгөөр авч, дархлаа дэмжиж байсан тул зарцуулсан 3,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг нэхэмжилнэ.

Энэхүү нэхэмжлэлийн дагуу гэм хорын хохирол бүгд 4,764,955 төгрөгийг Н.*******оос гаргуулахаар гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.******* хариу тайлбартаа:

Миний бие нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулсаны улмаас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж ял шийтгэл авсан болно. Тухайн үед хохирлын асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн учраас одоо төлөх боломжгүй.

Шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь өмнө нь эрүүгийн хэргийн шүүхээс орохоос өмнө шийдвэрлэгдсэн баримт байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч Э.******* Хэрэг иргэн хоорондын маргаанаас үүссэн гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах нь зөв гэж үзэж байна. Гэхдээ тодорхой баримтыг үндэслэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 27/84 дүгээр тодорхойлолт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, УБТЗ-ын зорчих тасалбарууд, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 04/584 дүгээр тодорхойлолт, Царбрум ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын падаан, рентген кабинетын тодорхойлолт, толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний дүгнэлтийн хуулбар, эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбар, Б.*******ийн өргөдөл, хүсэлт, арматурчин албан тушаалтай Б.*******ийн нийт гар дээр авсан цалингийн тодорхойлолт, Зэт жи ай ХХК-ийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/47 дугаар магадлал, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоол, эмнэлгийн магадлагааны хуулбар, Зэт жи ай ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, Хөх чулуут супермаркетын баримт, CU дэлгүүрийн баримт, Ану тулга ХХК-ийн баримт, УБ сонгдо эмнэлгийн баримт, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас гаргасан болон талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримт байхгүй байна.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Н.*******од холбогдуулан гэм хорын хохирол 4,764,955 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулсан үйлдэлдээ ял шийтгэлээ хүлээсэн, хохирлыг тухайн үед төлсөн тул одоо төлөх боломжгүй, шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь эрүүгийн шүүхэд гарган өгч шийдвэрлүүлсэн баримт байна гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага нийт 4,764,955 төгрөгөөс 1,835,285 төгрөгийг хангаж, 2,929,670 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Хариуцагч Н.******* нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 5 дугаар хэсэг, 126б тоотод байрлах С.*******ын гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар маргалдан С.*******ын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Н.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн, тус шийтгэх тогтоолыг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/47 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 19-25 дугаар тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эрүүл мэндэд халдсан гэм буруутай үйлдэл, учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхаар тодорхойлогдоно.

Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч С.*******ын биед зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар, баруун шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсанд зохигч маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

С.*******ын нэхэмжлэлд дурдснаар Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 120,340 төгрөг, охин Б.******* 14 хоног ажлаа орхиж сахьсан тул 14 хоногийн цалин 1,884,615 төгрөг, нүдний болор солих хагалгааны зардал 1,760,000 төгрөг, эм тариа, дархлаа дэмжих зорилгоор нэмэлт хоол тэжээл, бүтээгдэхүүн авсан зардал 1,000,000, нийт 4,764,955 төгрөгийн зардал гарснаас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 120,340 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч С.******* нь хүүхдүүдийн хамт 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан байх бөгөөд нэхэмжлэгч нь өндөр настай, гэмтлийн улмаас баруун нүд нь гэмтсэн, түүний хажууд хүн асарч, халамжилж явах шаардлагатай болсон байх тул түүнтэй хамт явсан хүүхдүүдийн замын зардлыг уг хэргээс шалтгаалан гарсан зардал хэмээн үзэж 53,800 төгрөг зарцуулсан болох нь УБТЗ-ын зорчих тасалбарын баримтаар,

Нүдний болор солих хагалгааны зардал нь 1,760,000 төгрөгийн төлбөртэй болох нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 27/84 дүгээр тодорхойлолтоор,

эм тариа, дархлаа дэмжих зорилгоор нэмэлт хоол тэжээл, бүтээгдэхүүн авсан зардал 1,000,000 төгрөг нэхэмжилснээс эм тариа авах, эмнэлэгт үзүүлэхэд 21,485 төгрөгийн зардал гарсан болох нь Хөх чулуут супермаркет, CU дэлгүүр, Ану тулга ХХК, УБ сонгдо эмнэлэг зэрэг байгууллагуудын баримтуудаар тус тус тогтоогдож байх тул дээрх 1,835,285 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин охин Б.******* нь 14 хоног ажлаа орхиж сахьсан тул 14 хоногийн цалин 1,884,615 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй боловч нотлох баримтаар ирүүлсэн Б.*******ийн өргөдөл, хүсэлт, арматурчин албан тушаалтай Б.*******ийн гар дээр авсан нийт цалингийн тодорхойлолт, Зэт жи ай ХХК-ийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Зэт жи ай ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтууд нь харилцан зөрүүтэй, тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхээс цаг хугацааны хувьд өмнө авагдсан байх тул нэхэмжлэгч С.*******ыг асарсан 14 хоногоос хэд хоногт нь охин Б.******* нь ажиллах байсан нь тодорхойгүй, асарч сувилж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэхэд гарсан 66,540 төгрөгийн, эм тариа, дархлаа дэмжих зорилгоор нэмэлт хоол тэжээл, бүтээгдэхүүн авсан 978,515 төгрөгийн зардлууд нь нотлох баримтаар тогтоогдохгү байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,929,670 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх хэрэгт авагдсан Царбрум ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын падаан баримт нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэхээс цаг хугацааны хувьд өмнө байх тул шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн баримт байна гэх агуулга бүхий хариуцагчийн татгалзлын зарим хэсэг нь үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, уг баримтыг үнэлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 53,800 төгрөг, нүдний болор солих хагалгааны зардал 1,760,000 төгрөг, эм тариа, дархлаа дэмжих зорилгоор нэмэлт хоол тэжээл, бүтээгдэхүүн авсан зардал 21,485 төгрөг, нийт 1,835,285 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, баримтаар нотлогдоогүй 2,929,670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах нь зөв гэж үзэж байна. Гэхдээ тодорхой баримтыг үндэслэх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу хариуцагч Н.*******оос 1,835,285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,315 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.*******оос 1,835,285 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******т олгож, үлдэх 2,929,670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 44,315 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА

 

ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН

 

Б.МӨНХЗУЛ