Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/00008

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******од холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4,764,955 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмждэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Гэм хорын хохиролд 4,764,955 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2. ... ******* би өөрийн эрүүл мэндэд гэм хор учирснаас үүссэн гэм хорын хохирлоо дор дурдснаар нэхэмжилж байна. Үүнд:

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн болон нүдний эмчийн Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ хийлгэж үзүүлэх зөвлөгөөний дагуу явж үзүүлэхэд гарсан зардал бүгд 120,340 төгрөг,

-Нүдний аяган ясны цөмрөлт хугаралт гэмтлийг хэвтрийн дэглэмд асаргаа сувилгаанд байж бороолуулан анхан шатны хүндрэлийн үе шатанд охин ******* 14 хоног ажлаа орхин сахиж ирсэн тул энэ асарч сувилж ирсэн хугацааны цалин 1,884,615 төгрөгийг нэхэмжилж байна.

-Бусдад зодуулснаас баруун нүд гэмтэж энэ гэмтэл нүдний хараанд нөлөөлж цаашид юм харахгүй болох магадлалтай, болор суулгуулж хараа тогтоох хагалгаа хийлгэ гэсэн. Энэ хагалгааны зардал мөнгө өндөр настан надад алга. Тэгэхээр хагалгааны зардал төлбөр 1,760,000 төгрөгийг *******оос гаргуулахаар,

-Миний охин ******* ажлын газраасаа 3,500,000 төгрөг зээл аваад аав Баатар миний биеийг эмнэлэгт авч явж үзүүлэн нэмэлт хоол тэжээл болон гэмтэл хурдан бороолуулан эдгээх зорилгоор эмчийн зөвлөгөөний дагуу ардын эмчилгээний зориулалтаар хойлогны мах хүнээс 250,000 төгрөгөөр авч, дархлаа дэмжиж байсан тул зарцуулсан 3,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг нэхэмжилнэ.

Энэхүү нэхэмжлэлийн дагуу гэм хорын хохирол бүгд 4,764,955 төгрөгийг *******оос гаргуулахаар гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

Миний бие нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулсны улмаас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж ял шийтгэл авсан болно. Тухайн үед хохирлын асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн учраас одоо төлөх боломжгүй. Шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь өмнө нь эрүүгийн хэргийн шүүхээс орохоос өмнө шийдвэрлэгдсэн баримт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаар дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 1,835,285 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 2,929,670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 44,315 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолд ...Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022.03.31-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлтэд *******ын биед зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зүүн нүдний доод зовхи, баруун зүүн хацар, баруун шуунд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо... гэж дүгнэлт гаргасан.

 

Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийдвэрт баруун нүд нь гэмтсэн талаар бичсэн байна. Мөн ******* нь нүдний болор солиулах хагалгааны зардал нэхэмжилсэн. ҮҮнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тусгай мэргэжпийн буюу нүдний эмч үзээд энэ хүний зүүн нүдэнд /миний учруулсан гэмтэл буюу ухархайн ханын хугарал гэмтлээс шалтгаалаад/ болор солиулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан зүйл байхгүй.

 

2.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал дээр ******* хэлэхдээ эмч намайг хагалгаанд орох боломжгүй нас өндөр гэж хэлсэн гэж ярьж байсан. Иймд энэ хүний зүүн нүдний болор солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай эсэх талаар тусгай мэргэжпийн эмчийн болон ерөнхий эрүүл мэндийн эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд миний бие гарсан зардлыг төлөхөд бэлэн байгаагаа хэлмээр байна. ******* нь үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Миний бие анхан шатны шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч *******т 150.000 төгрөг бэлнээр өгч эмчилгээндээ зарцуулсан мөнгийг төлсөн. Энэ талаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдсан байгаа болно. Мөн зохих эрүүгийн хариуцлагаа хүлээсэн. Миний төлсөн 150.000 төгрөг нь *******ын Улаанбаатар хот явах зардал мөн дархлаа дэмжих эм тарианы зардалд орох ёстой гэж үзэж байна. Харин *******ын охин *******ийн ажилтай холбоотой нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа болно.Иймд миний гомдлыг Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч миний гэм хорын хохирол гаргуулан тухайн нэхэмжлэлийг хүлээж аваад нотлох баримтын хүрээнд баруун нүд гэмтлийн улмаас хагалгаа дийлэхгүй харин болор суулгуулж хараа тогтоолгох шаардлагатай гэсэн эмчийн үндэслэл бүхий нотлох баримтанд тулгуурлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

 

Хариуцагч Дэлгэрцогт нь миний баруун зүүн нүдэнд гэмтэл учруулснаас баруун нүдэнд үүссэн цус хуралтын улмаас хүүхэн хараанд нөлөөлж хараа муудсан гэж УБ хотын 1-р эмнэлэгийн нүдний эмч Тодрол зөвлөгөө өгч нүдний фото зураг нүдний дуранд харуулсан оншилгоо цаашид 3 сар болгон аймгийн нүдний эмчид үзүүлж байх, жилд 1 удаа хотод ирж үзүүлж байх бүх заавар зөвлөгөө картан дээр бичсэн байгаа. Хуулбарыг хавтас хэрэгт баримт болгож өгсөн мөн 2022 оны 03 дугаар сарын 24 нд Дэлгэрцогтод зодуулсаны дараа 03 дугаар сарын 28 нд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ТОМАГРАФИК-т харуулсан СD болон тайлбар бичиг, фото зурагтай хавтас хэрэгт баримт болгож өгсөн. Иймд Дэлгэрцогтын гаргаж байгаа гомдол ямарч үндэслэлгүй юм. Төрийн хууль шудрага үйлчилж хэн нэгэнд давуу эрх олголгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж тайлбар гаргав. Харин миний охин зодуулсны маргааш ирж намайг хэвтрийн дэглэм барих эмчийн зөвлөмжийн дагуу 14 хоног сахисан үүний хүчинд би амьд гарсан. Сахиурын зардал гарган хангалттай нотлох баримт бүрдүүлж өгсөн байхад лист бичүүлээгүй гэсэн үндэс зааж хассан энэ талаарх нотлох баримтыг нягталж шийдвэрт өөрчлөлт оруулан шийдэж өгөхийг давхар хүсч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. ...Эрүүгийн хэргийн хоёр шатны шүүхийн шийдвэрээр *******ын баруун нүдэнд гэмтэл учирсан гэдэг нь хангалттай нотлогдсон. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол нэхэмжлэхдээ хангалттай нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүх гэм хорын хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурлаж асуудлыг шийдвэрлэсэн. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.4-д зааснаар ...хянан шийдвэрлэсэн маргааны талаар маргах эрхгүй гэж... заасан. Нэгэнтээ энэ маргааныг шат шатны шүүх хэлэлцээд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 5 дугаар хэсэг 126-б тоотод оршин суух ******* нь мөн аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 149 тоотод оршин суух *******од холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол хор уршиг 4.764.955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч *******ын ...******* нь нүдний болор солиулах хагалгааны зардал нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тусгай мэргэжпийн буюу нүдний эмч үзээд энэ хүний зүүн нүдэнд /миний учруулсан гэмтэл буюу ухархайн ханын хугарал гэмтлээс шалтгаалаад/ болор солиулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Энэ байдлыг харгалзан гомдлыг минь шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлогдсон хариуцагч ******* гэм буруутайд тооцогдож Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 96 тоот шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 47 тоот магадлал гарсан нь хүчин төгөлдөр үйлчилж, ******* гэм буруугийн талаар маргаангүй байна.

 

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн өөрт нь учирсан хохирол хор уршгийг арилгах буюу нүдэнд болор суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа талаар эрүүл мэндийн картанд эмчийн бичсэн дүгнэлт, болор суулгах хагалгааны үнэ төлбөрийн талаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 27/84 тоот албан бичиг болон бусад баримтуудад анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж 1.835.285 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2.929.670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндсэлэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

 

Харин нэхэмжлэгч *******ын охин ******* нь эцэг *******ыг биедээ хүндэвтэр гэмтэл авсан даруйд өөрийн ажилладаг байгууллагаас эмнэлэгийн магадлагаагаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл чөлөөлөгдсөн, түүнчлэн эцэг *******ыг 2 сарын хугацаанд сахисан байж болох боловч цалингаа бүрэн гүйцэд авч чадаагүй болохоо баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл түүний цалин орлого хасагдаж олгогдсон нь нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын бууралттай төлөгдсөн байдлаар нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн эм, тариа, дархлаа дэмжих нэмэлт хоол тэжээл, бүтээгдэхүүн авсан зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, ирүүлсэн 21.485 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нотлогдоогүй цалингийн зөрүү 1.884.615 төгрөг, хоол хүнсны зардалд 978.515 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардалд 66.540 төгрөг бүгд 2.929.670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 894 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 44.315 /дөчин дөрвөн мянга гурван зуун арван тав/ төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ                         Д.БУЯНЖАРГАЛ

                                              ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Б.ЭРДЭНЭХИШИГ