Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2022/02705

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б.П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХА-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг Капитал банкны эрх хүлээн авагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Л.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Б.П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Б.П” ХХК нь гэрээний үндсэн дээр “Капитал банк” ХХК-ийн захиалгаар барилга угсралтын ажил гүйцэтгэх болон “Капитал банк” ХХК-ийн өмчлөлийн, үл хөдлөх хөрөнгүүдийн засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг хариуцан ажиллаж ирсэн.

“Б.П” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дээрх 8 ажилтай холбоотой нэхэмжлэлийг гаргаж, бүртгүүлсэн.

Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2019 оны 08 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт, материалаа нотариатаар баталгаажуулж ирүүлэхийг мэдэгдсэн. Үүний дагуу холбогдох материалуудыг нэмж хүргүүлсэн.

Гэтэл Капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 2278 дугаар албан бичгээр материал бүрэн ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байдаг.

“Б.П” ХХК-ийн гаргасан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “... гэрээ, тооцоолол, шаардах эрхээ нотлох баримт материалыг бүрэн ирүүлээгүй, Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэмэлт баримт материал ирүүлэх тухай 2019.08.12-ны өдрийн 1108 дугаар албан бичигт хариу ирүүлээгүй” гэж татгалзсан.

Мөн татгалзсан шалтгааны нэг болох “гэрээ, тооцоолол, шаардах эрхээ нотлох баримт материалыг бүрэн ирүүлээгүй” гэх үндэслэл нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан “үндэслэл бүхий эргэлзээ гэдэг”-т ойлгох 4 заалтынх нь аль ойлголтод хамаарч байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Тухайлбал, “Б.П” ХХК-ийн гүйцэтгэсэн дээрх 8 ажил нь нэгэнт хийгдсэн ажлууд бөгөөд, капитал банкны эрх хүлээн авагчийн зүгээс ямар ажлууд хийж гүйцэтгэсэн талаар хангалттай мэдэж байгаа атлаа “Б.П” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нөхцөл байдлаар үгүйсгэгдээд байгааг татгалзалдаа тодорхой дурдаагүй юу ямар гэрээ, тооцоолол, шаардах эрхээ нотлох ямар баримт материал нь дутуу байгааг тодорхой дурдалгүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. “Б.П” ХХК нь Капитал банкны эрх хүлээн авагч дээрх 8 ажилтай холбоотой баримт, материалыг бүрэн хүргүүлсэн.

“Б.П” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан болно.

“Б.П” ХХК нь Капитал банкны эд хөрөнгүүдэд хийсэн ажлуудынхаа төлбөр тооцоог тус газраас нэхэмжлэх эрхгүй болж, “Б.П” ХХК-н эрх, ашиг ноцтой зөрчигдөж байна.

Иймд “Б.П” ХХК-ийн гэрээний үндсэн дээр хийсэн доорх ажлууд:

1.Дархан Уул аймгийн Дархан сумын 16-р багт Капитал банкны захиалгаар баригдаж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын суурь, зоорины давхрын карказ угсралтын ажил,

2.Булган аймагт, Булган сум, 5-р багт Капитал банкны захиалгаар баригдаг байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын суурь, барилгын карказ угсралтын ажил.

3.Баянзүрх дүүрэг Сити молл орон сууцны барилгын ажил,

4.Баянгол дүүрэг гурвалжингийн гүүрний баруун урьд байрлах үйлдвэрийн зориулалтай газар,

5.Баянзүрх дүүрэг Өргөө хотхоны барилгын авто гараашны засвар үйлчилгээний ажил,

6.Дорноговь аймаг Замын үүд 65 айл орон сууцны засвар, ашиглалтын зардал,

7.Нарны гүүрний доор Саруул төвийн барилгын ажил,

8.Капитал банкинд хийсэн 2019 оны 1-4 сарын засвар болон бусад ажил

гэсэн ажлуудын нэхэмжлэл болон хавсралт баримтуудыг хүлээн авч, “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд багтаахыг Капитал банкны эрх хүлээн авагчид даалгаж өгнө үү.

           

1.1.Нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа: “К.Б” ХХК дахь БЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.4, 71.3-т заасныг зөрчиж, “Б.П” ХХК-ийн гүйцэтгэсэн 8 барилгын ажилд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгах тухай.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч “Б.П” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04/85 дугаар “Нэхэмжлэл гаргах тухай” албан бичгээр “К.Б” ХХК дахь БЭХАид хандаж, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хугацаанд дор дурдсан 8 барилгын ажлын гүйцэтгэлд холбогдох нэхэмжлэлийг 650 хуудас нотлох баримтын авч хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Нэхэмжлэл хүлээн авсан тухай” 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор нотлогддог.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2278 дугаар “Нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзах тухай” албан бичгээр “К.Б” ХХК дахь БЭХАийн орлогч Т.Одонтунгалаг нь татгалзсан хариуг өгсөн болно.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчаар Мягмарын Адилбишийг 1 жилийн хугацаатай томилсон ба Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2-т заасны дагуу банкийг төлөөлж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхийг Банкны эрх хүлээн авагч Мягмарын Адилбиш эдлэх хуулийн зохицуулалттай атал эрх хэмжээ нь олгогдоогүй этгээд болох орлогч Т.Одонтунгалагаас нэхэмжлэгчид татгалзсан хариу өгсөн нь хууль зөрчсөн байна.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3, 71.2.4, Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай журам”-ын 5.7-д тус тус заасныг баримталсан хууль зүйн үндэслэлтэй татгалзлыг “Бишрэлт проперитз” ХХК-д ирүүлээгүй.

Хэдийгээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2544 дүгээр албан бичгийн хариуг “Капитал банк” дахь банкны эрх хүлээн авагч өгсөн боловч энэхүү албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг холбогдох хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг зөвлөж байна” гэсэн тодорхойгүй хариуг өгсөн байдаг.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А-302 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.8-д “Дараахь тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий эргэлзээтэй гэж үзэж болно:

Шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл; Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл; Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл; Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн” гэж тус тус заасан байна.

Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2544 дүгээр албан бичгийн  хариуг “Капитал банк” дахь банкны эрх хүлээн авагч нь “Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай журам”-ын 5.7-д “Банкны эрх хүлээн авагч нь ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үнэн зөв, бодитой эсэхийг Банкны тухай хуулийн 71.2.1, 71.2.2-т заасны дагуу шалгаж, үндэслэлгүй гэж үзэх эсхүл нэхэмжлэлийг шаардлагаас татгалзаж буй хэмжээг тодорхойлно” гэж заасныг зөрчиж, “Б.П” ХХК-иас ирүүлсэн нэгэнт хийж гүйцэтгэсэн нь нотлогдож буй, өөрсдөө хүлээн авсан 8 барилгын ажлын гүйцэтгэлээс нотлогдохгүй гэж татгалзаж буй хэмжээгээ тодорхойлж өгөөгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд орох эрхтэй этгээд болох тухайд:

“Капитал банк” ХХК болон “Б.П” ХХК, “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хэлцэл” болон “Капитал банк” ХХК, “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн хооронд №10/249 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №10/249 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар байгуулж, нийт 11 объект, газрын барилгын ажлыг эхлүүлэх, засвар хийх, арчлалт хамгаалалтыг хариуцан гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээ хэлцлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8 барилгын ажлыг нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн бөгөөд “Капитал банк” дахь банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 323 дугаар албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1585 дугаар “Хамтран ажиллах тухай” албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04/86 дугаар “Төсвийн задаргааг ирүүлэх тухай” албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан “Хөрөнгө хүлээлцсэн акт”-уудаар “Капитал банк” ХХК болон “Б.П” ХХК, “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцлүүд нь цуцлагдаагүй хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, ажил гүйцэтгүүлж байсан нь нотлогдож байна.

Ийнхүү “Капитал банк” ХХК болон “Б.П” ХХК, “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах тухай” тушаалаас хойш ч биелүүлсээр ирсэн, мөн хариуцагчаас гэрээ хэлцэл цуцлагдаагүй учраас үүргээ биелүүлэхийг шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдсан барилгын ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсийг “Б.П” ХХК нь өөрийн болон, Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн нэрийн өмнөөс шаардах эрхтэй этгээд мөн болно.

Иймд “К.Б” ХХК дахь БЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.4, 71.3-т заасныг зөрчиж, “Б.П” ХХК-ийн гүйцэтгэсэн 8 барилгын ажилд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг “К.Б” ХХК дахь БЭХАид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шаардлагын үндэслэлийн хувьд “Б.П” ХХК нь “Капитал банк” ХХК-тай хэд хэдэн гэрээ хэлцэл байгуулж хамтарч ажиллаж байсны үр дүнд нийт шүүхэд гаргасан 8 төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа.

Энэ нь 12.700.000.000 орчим төгрөгийн үнэлгээтэй ажил болсон байна. Дээр дурдсан ажлуудыг бүгдийг нь банканд хүлээлгэж өгсөн. Банкны зүгээс тухайн эд хөрөнгө банкны нэр дээр бүртгэлтэй байна, хүлээж авсан байна гэдэг талаар баримтуудыг гаргаж өгч байгаа юм.

Мөн тухай газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээж аваад дуудлага худалдаагаар оруулсан гэдгээ баримтаар гаргаж өгсөн байдаг. Хийсэн ажлуудын үр дүнг банк хүлээж аваад цааш нь захиран зарцуулсан байна.

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Капитал банк” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай албан бичигт эрх хүлээн авагчийн орлогч н.Одонтунгалаг гэдэг хүн хариу өгсөн. н.Одонтунгалаг нь Банкны эрх хүлээн авагчийн шийдвэрлэх эрх үүрэгт халдсан байна. Мөн татгалзаж байгаа үндэслэл нь өөрөө хуульд заасан үндэслэл биш байх тул үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна. Татгалзаж байгаа үндэслэл нь холбогдох баримт бичиг байхгүй гэдэг. Энэ нь өөрөө тодорхойгүй. Хүлээн авах тухай заавар гаргасан байсан. Энэ нь Банкны тухай хуулийн аль хэсэгт хамаарч байгаа нь мөн адил тодорхойгүй. Гэрчүүдийн мэдүүлэг болон анх 650 хуудас баримт гаргаж өсгөн. Тухайн баримтаа  нэмсээр байсан. Сүүлд үзлэг хийлгэхэд 1100-1200 хуудас баримт болчихсон байсан. Хангалттай баримт өгөөд байхад холбогдох баримт байхгүй гэдэг үндэслэлээр татгалзаад байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Төлбөр авагчийн дараалалт оруулахыг даалгаж өгнө үү гэх үндсэн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

            2.Хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХА Т.Дэлгэрхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасан чиг үүрэгтэйгээр банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Б.П” ХХК болон Капитал банк ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр “Б.П” ХХК-ийн гүйцэтгэсэн 8 ажлын гүйцэтгэлд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч, “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд багтаахыг Капитал банкны эрх хүлээн авагчид даалгах” гэж тодорхойлсон. Дээрх шаардлагад хамаарах нэр бүхий 8 ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч тухайн ажил, үйлчилгээг ямар гэрээнд үндэслэж гүйцэтгэсэн, мөн “Капитал банк” ХХК тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө ямар үүрэг хүлээсэн, эрх зүйн харилцаа үүссэн эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийт 10 баримтыг нэхэмжлэлд хавсаргасан ба үүнд 2 төрлийн хамтран ажиллах гэрээ багтсан. Дээрх гэрээг үзэхэд: “Капитал банк” ХХК болон “Б.П” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн К-11/380 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний үндэслэх хэсэгт “Энэхүү гэрээний зорилго нь Банкны санал болгосон үл хөдлөх хөрөнгийг “Б.П” ХХК-ийн зүгээс худалдан борлуулах, үл хөдлөх хөрөнгийн үнийн мэдээллээр хангахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.” гэж заасан нь тухайн гэрээгээр барилгын засвар үйлчилгээ, ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулаагүй байхад ажлын хөлс нэхэмжлэх нь үндэслэлгүй. “Б.П” ХХК болон “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн К7/210 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний хувьд “Капитал банк” ХХК тухайн гэрээний аль нэг талаар оролцоогүй байдаг тул дээрх гэрээний дагуу банкинд үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүрэгтэй оролцдог. Дээрх хамтран ажиллах гэрээ болон нэхэмжлэлийн шаардлага хоорондоо уялдаа холбоогүй байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан 8 ажил үйлчилгээг “Б.П” ХХК бус өөр иргэн, байгууллага гүйцэтгэсэн талаарх баримт мэдээллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх боломжтой болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            2.1.Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гүйцэтгэсэн 8 барилгын ажлынхаа үнийн дүнг дараалалд оруулж, банкны эрх хүлээн авагчаас авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. 2019 оны 11 дүгээр сард өгсөн холбогдох бичиг баримт байхгүй гэдэг нь ойлгомжтой байна. Банкны тухай хууль буюу Банк татан буулгах журамд зааснаар нэхэмжлэлийн дараалалд ямар бичиг баримтыг үндэслэж оруулах бэ? түүнийг хэрхэн хангах бэ? гэдгийг нэн түрүүнд харгалзан үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаад байгаа 650, 1100 ширхэг баримтууд нь Банкны тухай хууль, Дараалалд оруулах журамд заасан бичиг баримтуудыг хангаагүй. Гэрчээр дуудаж ирүүлсэн Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд ажиллаж байсан н.Хандсүрэн бол маш тодорхой ярьсан. Санхүү тайлан бүртгэл дээр банк хооронд битгий хэл аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн тайлан бүртгэл дээр ямар баримт хуулийн дагуу бүрдсэн, ямар баримт хууль бус гэдгийг хамгийн эхний ээлжид шалгах хэрэгтэй.

Нэхэмжлэгчийн дараалалд оруулахаар шаардаад байгаа баримтууд нь ямар гэрээний үндсэн дээр “Капитал банк” ХХК, “Б.П” ХХК, “Бишрэлт инженеринг” ХХК зэрэг аль нэг компанитай холбогдсон баримт нэг ширхэг ч байхгүй. Өнөөдөр “Капитал банк” ХХК нь банк болохоос биш барилгын компани биш. Нэхэмжлэгч талаас шаардаад байгаа 8 ажил нь бүгд барилгын ажил байгаа. Хоорондоо холбоотой хуулийн этгээдүүд байсан. Тухайн үед байгуулсан буюу одоо хавтаст хэрэгт авагдсан 2 ширхэг хамтран ажиллах гэрээ байгаа. Тус гэрээ нь худалдан борлуулах гэсэн агуулга бүхий 2 гэрээ байгаа. Энэ нь зөв юм. Банкны тухай хуульд тодорхой заасан байгаа.  Банк иргэдээс хурааж авсан, Банкны нэр дээр өмчлөх бус хөрөнгөд бүртгэж байгаа хөрөнгө дээр барилга баримт юм уу? ямар нэгэн ашиг хонжоо олох зорилготойгоор тус хөрөнгийг ашиглахгүй. Энэ нь хориглосон заалтад ордог. Зөвхөн хадгалах, хамгаалах, худалдан борлуулах эрхийг өгдөг. Банк бол барилгын ажлыг хийж гүйцэтгэх үндэслэл байхгүй. Хууль зөрчсөн асуудал болно. Өмчлөх бус үндсэн хөрөнгөд бүртгэсэн хөрөнгүүдийг худалдан борлуулах, харуул хамгаалалт, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар “Б.П” ХХК-тай хамтын ажиллагаагаар хийсэн. Тиймээс яагаад дараалалд бүртгээгүй бэ? гэвэл  “Капитал банк” ХХК-г эрх хүлээн авагч 2019 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авахад  “Б.П” ХХК дээр ямар ч өр авлага үүсээгүй байсан. Ямар ч тайлан бүртгэгдээгүй байсан. Энэ талаар тайлан баланс манайх дээр ирээгүй. Нэхэмжлэгч талаас тайлан дээрээ бүртгэх боломж байна уу? бүх тайлан, санхүүгийн бүртгэлийг явуулна уу гээд хэд хэдэн уулзсан. Эхний удаа 650 хуудас баримт гаргаж өгсөн. 8 ажил нь яг юунд зориулагдсан ажил бэ? Барилгын ажил байж болох ч гэсэн ямар гэрээний үндсэн дээр, ямар ямар үйл ажиллагаа явагдаад, юунд зарцуулагдсан бэ? Банкны зүгээс орон нутагт салбар байгуулах, салбарын дотоод засвар хийхийг зөвшөөрдөг. Тиймээс нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дараалалд оруулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж банкны эрх хүлээн авагчаас хариу хүргүүлсэн. Банкны тухай хууль болон журамд заасан үндэслэлээр  татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Журмын 5.8.1-д шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нь банкны санхүү, тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллийг зөрчвөл гэж байгаа. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс санхүү, тайлан бүртгэлд нэхэмжлэгч талаас өр, авлага бүртгэгдээгүй. Мөн банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл гэж байгаа. Үүн дээр ямар хэлцлийг яриад байгаа нь тодорхойгүй. “Капитал банк” ХХК-тай ямар хэлцэл хийсэн, ямар хэлцлийн үндсэн дээр хамаарахгүй хэлцэл гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна.  Банкны тухай хууль болон бусад хуулийг зөрчиж хийсэн хэлцэл гэж байгаа. Банк бол барилга барьдаг байгууллага биш юм. Банк бол Банкны тухай хуульд заасан 7, 8 үйл ажиллагаа явуулах эрх нь тодорхой болсон, тусгай хуулиар зохицуулагдсан байгууллага байдаг. Хууль зөрчиж хийсэн хэлцэл гээд байгаа нь тодорхойгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн К11380 тоот хамтар ажиллах гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн К7210 тоот хамтран ажиллах гэрээний асуудлыг ярьж байна. Энэ хоёр гэрээний үндсэн дээр барилгын ажлууд явагдсан гэж үзээд байх шиг байна. Санхүүгийн тайланд өгсөн 650 буюу 1100 хуудас баримт нь Санхүү, тайлан бүртгэлийн тухай хуульд зааснаар “Капитал банк” ХХК нь “Б.П” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр банкны салбарын засвар үйлчилгээг энэ гэрээний үндсэн дээр хийлж, нэхэмжлэлээ “Капитал банк” ХХК-д хүргүүлнэ. “Капитал банк” ХХК нь өр авлага үүсгэнэ. Гэтэл 650 буюу 1100 ширхэг баримт дотор нь “Капитал банк” ХХК-тай холбоотой нэг ч баримт байхгүй байна. Тиймээс бид юуг үндэслэж дараалалд оруулах юм бэ? Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн санхүү тайлан бүртгэлтэй холбоотой баримт бичгүүд нь хуульд нийцэхгүй, хамааралгүй гэж үзэж байна” гэв.        

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, 2020.09.18-ны 04/95 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.10.22-ны К-11/380 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2019.06.17-ны 04/85 дугаартай “Б.П” ХХК-ийн нэхэмжлэл гаргах тухай албан бичиг, 2019.05.15-ны өдрийн 393 дугаартай Капитал банкны эрх хүлээн авагчийн албан бичиг, 2019.11.21-ны өдрийн 2278 дугаартай Капитал банкны эрх хүлээн авагчийн албан бичиг, 2019.12.20-ны өдрийн 2544 дугаартай Капитал банкны эрх хүлээн авагчийн албан бичиг, 2019.06.18-ны нэхэмжлэл хүлээн авсан тухай тодорхойлолт, 2015.06.03-ны өдрийн К7/210 дугаартай хамтран ажиллах гэрээ,  2021.03.08-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Б.П” ХХК-ийн 2019.12.05-ны өдрийн 04/78 дугаартай албан бичиг, Бишрэлт группийн барилга үйлдвэрлэл инженерингийн компанийн хийгдсэн ажлуудын тооцоон нэгтгэл, 2019.06.10-ны өдрийн Капитал банк болон “Б.П” ХХК-ийн хамтран ажиллах гэрээнд хийгдсэн ажлуудын зардлын нэгтгэл, 2021.03.31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодруулах тухай, бүртгэл хяналтын карт, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.11.05-ны өдрийн 2074 дугаартай албан бичиг, “Б.П” ХХК-ийн 2019.06.17-ны өдрийн 04/85 дугаартай албан бичиг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.11.13-ны өдрийн 2179 дугаартай албан бичиг, “Б.П” ХХК-ийн 2019.10.03-ны өдрийн 04/47 дугаартай албан бичиг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.05.13-ны өдрийн 333 дугаартай албан бичиг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.08.12-ны өдрийн 1108 дугаартай албан бичиг, 2015.10.22-ны өдрийн хэлцэл, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.05.15-ны өдрийн 393 дугаартай албан бичиг, “Б.П” ХХК-ийн 2019.05.24-ний 04/77 дугаартай албан бичиг, албан тоот хүлээлгэж өгсөн батламж, “Б.П” ХХК-ийн 2019.05.14-ний 04/72 дугаартай албан бичиг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.09.23-ны өдрийн 1585 дугаартай албан бичиг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.10.03-ны өдрийн 1766 дугаартай албан бичиг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.05.15-ны өдрийн 377 дугаартай албан бичиг, “Б.П” ХХК-ийн 2015.06.03-ны 04/72 дугаартай албан бичиг, Шаардах эрх шилжүүлэх тухай 2019.05.15-ны өдрийн 001 дугаартай гэрээ, Бишрэлт инженеринг энд констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.06.23-ны 10/949 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн тухай акт, “К.Б” ХХК дахь БЭХА хөрөнгө хүлээлцсэн акт, 2018.12.24-ний өдрийн Булган аймгийн Булган сумын 5-р багт Капитал банкны захиалгаар баригдаж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-3 дугаар давхрын каркас угсралтын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, 2018.06.19-ний өдрийн Булган аймгийн Булган сумын 5-р багт Капитал банкны захиалгаар баригдаж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-3 дугаар давхрын каркас угсралтын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, 2018.12.24-ний өдрийн Булган аймгийн Булган сумын 5-р багт Капитал банкны захиалгаар баригдаж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-3 дугаар давхрын каркас угсралтын ажлын гүйцэтгэл, Булган аймаг, санхүүжилтийн тооцооны баталгаа, Нарангэрэл мандал ХХК-ийн 2018.03.12-ны 0018-03 дугаартай албан бичиг, Наранмандал ХХК-ийн 2018.04.05-ны өдрийн албан бичиг, Капитал банкны үйлчилгээтэй орон сууцны барилга ажлын явц, Эй Эн И И ХХК-ийн 2018.03.13-ны 59 дүгээр албан бичиг, 2017.08.25-ны өдрийн 19 дугаартай Барилгын зөвшөөрлийн гэрчилгээ, Бишрэлт инженеринг энд констракшн ХХК-ийн 2018.12.05-ны Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багт Капитал банкны захиалгаар баригдаж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын суурь, зоорины давхрын каркас угсралтын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, 2018.10.04-ний өдрийн 01 дугаартай Дархан-Уул аймаг дахь барилгын ажлын явцын талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, 2018.03.26-ны Дархан молл төслийн тооцоолол, 000329144 дугаартай Капитал банкны аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018.06.15-ны өдрийн 01А/229 дугаартай захирамж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 02-17-08 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөл, “Б.П” ХХК-ийн захиалгаар бариулж буй, 2018.10.22-ны өдрийн Бишрэлт молл үйлчилгээтэй орон сууцны барилгын орон сууцны хэсгийн дотор заслын ажлыг гүйцэтгэсэн тооцооны баталгаа, 2018.08.28-ны өдрийн Бишрэлт молл үйлчилгээтэй орон сууцны барилгын орон сууцны хэсгийн дотор заслын ажлыг гүйцэтгэсэн тооцооны баталгаа, шинэ хүч констракшн ХХК-ийн 2017.10.06-ны өдрийн 070/17 дугаартай албан бичиг, 049/17 дугаартай хүсэлт хүргүүлэх албан бичиг, 007/17 дугаартай үнийн санал хүргүүлэх албан бичиг, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, East Square Residence Well mart худалдаа үйлчилгээтэй орон сууцны барилгын В, С блокийн 7-16 давхрын дотор заслын ажлыг хүлээлцсэн тухай акт, 2018.09.10-ны өдрийн 05/09/18 дугаартай Агаар сэлгэлт, салхивч хоолойн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2017.05.11-ний өдрийн 03/05/17 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2015.10.13-ны Хөнгөн бетон блок нийлүүлэх тухай гэрээ, Алтай гацуурт ХХК-ийн 2015.11.30-ны өдрийн 15/65 дугаартай албан бичиг, 2021.05.17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.05.27-ны өдрийн нэмэлт тайлбар, Дархан-Уул аймгийн Дархан сум 16-р баг Найрамдал талбайн хөрөнгө хүлээлцсэн акт, Булган аймаг Булган сум хөрөнгө хүлээлцсэн акт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нам Ян Жүгийн гудамжинд баригдаж ашиглалтанд орж байгаа 112 айлын орон сууц хүлээлцсэн акт, Эй Эн И И ХХК-ийн 2019.02.28-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, 2019.02.28-ны өдрийн Капитал банкны захиалгаар гүйцэтгэсэн бусад ажлуудын тооцооны тухай, 2018.06.25-ны өдрийн 2017/01 дугаартай Дархан тооцооны баталгаа, “К.Б” ХХК дахь БЭХА 2020.09.23-ны 3007 дугаартай албан бичиг, 2020.05.04-ний өдрийн 34 дугаартай хамтран ажиллах гэрээ, Бишрэлт инженеринг энд констракшн ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хороонд байгуулсан 2017.05.29-ний БУ19-287117 дугаартай гэрээ, орлогын ордерууд, Голомт банкны цахим гүйлгээний баримт, төлбөрийн хариуцлагын өргөдөл, ОСНАА-н Ганманлай ХХК-ийн нэхэмжлэх, капитал банкны шилжүүлгийн мэдээлэл, 2018.01.01-ний өдрийн Инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ, “К.Б” ХХК дахь БЭХА 2020.09.28-ны өдрийн 3046 дугаартай албан бичиг, Эрүүгийн цагдаагийн албаны 2020.10.19-ний 11 И-3/6650 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2019.05.27-ны өдрийн 1707 дугаартай  зөвшөөрөл, 2019.06.16-ны 002 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ, 2021.06.21-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үндсэн хөрөнгийн товчоо тайлан, “Б.П” ХХК-ийн санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, “Б.П” ХХК-ийн 2019.11.29-ний 04/74 дугаартай албан бичиг, “Б.П” ХХК-ийн 2019.11.29-ний 04/70 дугаартай албан бичиг, 2021.07.23-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулах тухай, “Б.П” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.09.24-ний 04/103 дугаартай итгэмжлэл, “Б.П” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  2022.04.18-ны04/17 дугаартай итгэмжлэл, “Б.П” ХХК-ийн 2022.05.20-ны 04/23 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн,

 

            4.Хариуцагчаас 2021.01.13-ны өдрийн 54 дугаартай итгэмжлэл, баримтуудыг гаргаж өгсөн, 2021.02.24-ний өдрийн 347 дугаартай хариу тайлбар, 2021.01.28-ны өдрийн 237 дугаартай итгэмжлэл, Монгол банкны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-97 дугаартай тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020.04.03-ны өдрийн А-111 дугаартай тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020.09.02-ны өдрийн А-354 дугаартай тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020.10.05-ны өдрийн А-394 дугаартай тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн 2021.10.08-ны өдрийн А-268 дугаартай тушаал, 2021.12.14-ний 1948 дугаартай итгэмжлэл, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2021.12.29-ний өдрийн 5-47 дугаартай тушаал, 2022.02.14-ний 167 дугаартай итгэмжлэл, Монгол банкны ерөнхийлөгчийн 2021.10.08-ны А268 дугаар тушаал, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2022.04.15-ны 625 дугаартай албан бичиг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2022.05.27-ны 853 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн,

 

            5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Мөнгөнсүхийн мэдүүлэг, Ш.Хандсүрэнгийн мэдүүлэг, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2019.05.20-ны А-39 дугаартай Зааварчилгаа батлах тухай тушаал, банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэлийн дүнг шалгах, баталгаажуулах зааварчилгаа, “К.Б” ХХК дахь БЭХАийн 2022.03.28-ны 469 дугаартай нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2019.08.13-ны танилцуулга, мастер инженеринг групп ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дотоодын дансны хуулга, Капитал банк ХХК-ийн 000007742 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, дотоодын дансны хуулга, Капитал банк ХХК-ийн 000005784 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, дотоодын дансны хуулга, Капитал банкны ХХК-ийн 578556 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дотоодын дансны хуулга, Голден сэркл ХХК-ийн 000309582 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дотоодын дансны хуулга, 2022.08.10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр авагдсан 4 хавтас баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Б.П” ХХК нь хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХАид холбогдуулан ““Б.П” ХХК болон “Капитал банк” ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр “Б.П” ХХК-ийн гүйцэтгэсэн 8 ажлын гүйцэтгэлд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч, “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд багтаахыг “К.Б” ХХК дахь БЭХАид даалгахтухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу “Б.П” ХХК-ийг төлбөр авагчийн дараалалд оруулахыг “К.Б” ХХК дахь БЭХАид даалгах” тухай гэж тодруулсан.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:  “Б.П” ХХК нь “Капитал банк” ХХК-тай гэрээ хэлцэл байгуулж хамтарч ажиллаж байсны үр дүнд 8 төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн, 12,700,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй.

Уг ажлуудыг банканд хүлээлгэж өгсөн, банкны зүгээс тухайн эд хөрөнгө банкны нэр дээр бүртгэлтэй, хүлээж авсан байна гэдэг талаар баримтууд байгаа юм.

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай албан бичигт эрх хүлээн авагчийн орлогч н.Одонтунгалаг хариу өгсөн нь Банкны эрх хүлээн авагчийн шийдвэрлэх эрх, үүрэгт халдсан.

Татгалзаж байгаа үндэслэл нь өөрөө хуульд заасан үндэслэл биш, үндэслэлгүйгээр татгалзсан. Холбогдох баримт бичиг байхгүй гэж татгалзаж байгаа үндэслэл нь өөрөө тодорхойгүй. Банкны тухай хуулийн аль хэсэгт хамаарч байгаа нь тодорхойгүй.

Хангалттай баримт өгөөд байхад холбогдох баримт байхгүй гэдэг үндэслэлээр татгалзаад байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаад байгаа 650, 1100 ширхэг баримтууд нь Банкны тухай хууль, дараалалд оруулах журамд заасан бичиг баримтуудыг хангаагүй.

Банк хооронд үүссэн тайлан бүртгэл дээр ямар баримт хуулийн дагуу бүрдсэн, ямар баримт хууль бус гэдгийг хамгийн эхний ээлжид шалгах хэрэгтэй.

Дараалалд оруулахаар шаардаад байгаа баримтууд нь ямар гэрээний үндсэн дээр “Капитал банк” ХХК, “Б.П” ХХК, “Бишрэлт инженеринг” ХХК зэрэг аль нэг компанитай холбогдсон баримт байхгүй.

Хавтаст хэрэгт авагдсан 2 ширхэг хамтран ажиллах гэрээ байгаа. Тус гэрээ нь худалдан борлуулах гэсэн агуулга бүхий 2 гэрээ.

Банк иргэдээс хурааж авсан, Банкны нэр дээр өмчлөх бус хөрөнгөд бүртгэж байгаа хөрөнгө дээр ямар нэгэн ашиг хонжоо олох зорилготойгоор тус хөрөнгийг ашиглахгүй. Банк бол барилгын ажлыг хийж гүйцэтгэх үндэслэл байхгүй.

Өмчлөх бус үндсэн хөрөнгөд бүртгэсэн хөрөнгүүдийг худалдан борлуулах, харуул хамгаалалт, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын талаар “Б.П” ХХК-тай хамтын ажиллагаагаар хийсэн.

Эрх хүлээн авагч 2019 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авахад  “Б.П” ХХК дээр ямар ч өр авлага үүсээгүй, ямар ч тайлан бүртгэгдээгүй байсан.

Банкны тухай хууль болон журамд заасан үндэслэлээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Журмын 5.8.1-д шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нь банкны санхүү, тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллийг зөрчвөл гэж байгаа. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс санхүү, тайлан бүртгэлд нэхэмжлэгч талаас өр, авлага бүртгэгдээгүй. Мөн банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл гэж байгаа. Банкны тухай хууль болон бусад хуулийг зөрчиж хийсэн хэлцэл гэж байгаа.

650 буюу 1100 ширхэг баримт дотор нь “Капитал банк” ХХК-тай холбоотой нэг ч баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн санхүү тайлан бүртгэлтэй холбоотой баримт бичгүүд нь хуульд нийцэхгүй, хамааралгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч “Б.П” ХХК болон “Капитал банк” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр К-11/380 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зуучлагч нь банкнаас санал болгосон банкны өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, газар, эрсдэлд орсон, эрсдэлд орж болзошгүй зээлдэгчийн эзэмшлийн ҮХЭХ /өмчлөгч, эзэмшигчдийн хүсэлтээр/, банкны санхүүжилтээр баригдсан барилга, орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө /харилцагчийн хүсэлтээр/, банкны өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг худалдан борлуулах, зуучлалын хөлс нь тухайн худалдан борлуулсан хөрөнгийн үнийн дүнгийн 3 хувиар төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

            “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК болон “Б.П” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр К7/210 дугаартай “Хамтран ажиллах” гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Бишрэлт группийн харьяа болон НОК-ын хооронд барилга угсралт хийх, зөвлөх үйлчилгээ, инженерингийн хяналт болон ажил гүйцэтгэх чиглэлээр мэдээллээр хангахтай холбоотой үйл ажиллагаа болон бараа материал худалдан авах үйл явцыг зохицуулах зорилгоор барилга угсралтын зөвлөх үйлчилгээ, инженерингийн хяналт болон ажил гүйцэтгэх чиглэлээр хэрэгцээ шаардлагын дагуу бүх хэлбэрээр хамтран ажиллах, төлбөр тооцоог хоорондын тооцоогоор ажил гүйцэтгэсний дараа тохиролцохоор талууд харилцан тохиролцсон байна.

 

            “Капитал банк” ХХК, “Б.П” ХХК, “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-иуд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хэлцэл” хийж, уг хэлцлээр “Б.П” ХХК нь Капитал банкны газар, үл хөдлөх эд хөрөнгө, объектууд, салбар нэгжийн хөрөнгийг цаг тухай бүрт нь газар дээр нь очиж үнэлэн дүн шинжилгээ хийх, ашигт үйлийн дүнг гаргаж танилцуулах, зураг төсөл зохиолгох, засварлах, зуучлах, холбогдох бүхий л бичиг баримтыг хөөцөлдөх, зардал мөнгийг тодорхой хэмжээгээр гаргах, тайлагнах, улмаар гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нараар барилга угсралтын болон засал чимэглэлийн ажил үйлчилгээг явуулах, төлбөр тооцоог нэхэмжлэх,

 

            “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК нь “Капитал банк” ХХК болон “Б.П” ХХК-ийн өмнөөс газар, үл хөдлөх эд хөрөнгө, объектууд, салбар нэгжийн хөрөнгийг амаар болон бичгээр хийгдсэн гэрээ хэлцлийн үндсэн дээр барилга угсралтын ажил хийх, засал чимэглэл гүйцэтгэх, туслан гүйцэтгэгч сонгон ажиллуулах, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан төлбөр тооцоог бараа материалаар барагдуулах тооцох,

 

            “Б.П” ХХК нь “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу Капитал банкны захиалгат ажлыг санал болгож гүйцэтгүүлэх, төлбөр тооцоог нийлэх, нэхэмжлэх, бараа бартераар барагдуулах, “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК-ийн талын өмнөөс нэхэмжлэхээр харилцан тохиролцжээ.

 

            “Б.П” ХХК болон “Бишрэлт энд инженеринг констракшн” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №001 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, “Бишрэлт холдинг” ХХК, “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК, “Б.П” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №2015/075 тоот “Хамтран ажиллах гэрээ”, “Б.П” ХХК болон Бишрэлт инженеринг энд констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №К7/210 тоот “Хамтран ажиллах гэрээ”, Капитал банк ХХК болон “Б.П” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №К-11/380 “хамтран ажиллах гэрээ”, Капитал банк болон “Б.П” ХХК, Бишрэлт инженеринг энд констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хэлцлийн дагуу Капитал банк ХХК-д үзүүлсэн үйлчилгээ, хийж гүйцэтгэсэн барилга угсралт, барилгын бүх төрлийн ажил, засвар, засал, чимэглэл, бусад хариуцан гүйцэтгэсэн ажлуудын төлбөр тооцоог нийлэх, харилцан дүгнэх, тэдгээр ажлын төлөгдөөгүй төлбөрийг капитал  банкны эрх хүлээн авагчаас шаардах эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Мөн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №002 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Капитал банк болон Бишрэлт инженеринг энд констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2015.06.23-ны өдрийн №10/249 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээ болон 2015.06.23-ны өдрийн №10/249 тоот “Ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт оруулсан 2015.06.26-ны өдрийн №10/01 тоот хавсралт нэмэлт гэрээний дагуу “Капитал банк” ХХК-д үзүүлсэн үйлчилгээ, хийж гүйцэтгэсэн барилга угсралт, барилгын бүх төрлийн ажил, засвар, засал чимэглэл, бусад хариуцан гүйцэтгэсэн ажлуудын төлбөр тооцоог нийлэх, харилцан дүгнэх, тэдгээр ажлын төлөгдөөгүй төлбөрийг “К.Б” ХХК дахь БЭХАаас шаардах эрхийг шилжүүлж авсан байна.

 

Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилсон байх бөгөөд Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагааг албадан татан буулгах комисс буюу банкны эрх хүлээн авагч гүйцэтгэж, эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн А-111 дугаар тушаалаар 2020.04.08-ны өдрөөс эхлэн 2020.10.08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгагдсан, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар банкны эрх хүлээн авагчийг томилж, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар  сарын 05-ны өдрийн А-394 дүгээр тушаалаар 2020.10.08-ны өдрөөс эхлэн 2021.10.08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тус тус сунгагдсан байна.

 

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах үндсэн чиг үүрэгтэй, үүнийг хуулийн 69 дүгээр зүйлд илүү нарийвчлан зохицуулсан.

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2.2-т зааснаар Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоон, олон нийтэд мэдээлэх, хуульд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох ажиллагааг явуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч бүрэн эрхийн дагуу хуульд заасан энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй эсэх, энэ нь “Б.П” ХХК буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

 

            “К.Б” ХХК дахь БЭХА Капитал банкийг дампуурсантай холбогдуулан шаардах эрх бүхий этгээдүүдээс нэхэмжлэл хүлээн авах хугацааг Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасантай нийцүүлэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хугацаагаар тогтоосон тухай үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Дурдсан чиг үүргийн хүрээнд хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХА нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авах хугацааг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж, олон нийтэд мэдээлэх зэрэг ажиллагаа явуулсан байх ба, энэхүү арга хэмжээний хүрээнд нэхэмжлэгч “Б.П” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дээрх гэрээнүүд болон эрх шилжүүлэх гэрээнүүдийн дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах нэхэмжлэлийг хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХАид гаргажээ.

 

Улмаар “К.Б” ХХК дахь БЭХАийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1108 дугаар албан бичгээр “...нэхэмжлэлээ хугацаандаа ирүүлсэн боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хянан үзэхэд гэрээ, тооцоолол, шаардах эрхээ нотлох баримт, материал байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт, материалаа нотариатаар баталгаажуулж 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх, тогтоосон хугацаанд холбогдох материалаа ирүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үнийн дүнг баталгаажуулах дараалалд оруулахгүй болохыг мэдэгдэж” байна гэсэн хариу өгсөн байна.

 

“К.Б” ХХК дахь БЭХАийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2278 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хянан үзэхэд гэрээ, тооцоолол, шаардах эрхээ нотлох баримт материалыг бүрэн ирүүлээгүй, нэмэлт баримт материал ирүүлэх тухай 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1108 дугаартай албан бичигт хариу ирүүлээгүй үндэслэлээр Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Талууд нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзсан тухай дээрх албан бичгийн хувьд маргаан үүсгэсэн, энэ талаар талууд нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн татгалзлын тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурддаг. 

 

Дээрх албан бичиг буюу шийдвэрийг “К.Б” ХХК дахь БЭХАийн орлогч Т.Одонтунгалаг гаргасан бөгөөд тэрээр Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/97 дугаар тушаалын хавсралтаар банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Т.Одонтунгалагийг орлогчоор баталж, тэрээр орлогчийн хувьд хариу өгснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл, “К.Б” ХХК дахь БЭХАийг төлөөлөх эрх бүхий этгээд хариу өгсөн гэж үзэх нь зүйтэй.

 

Харин хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХАийг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг Банкны тухай хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй гэж шүүх үзсэн болно.

 

Учир нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэртээ гэрээ, тооцоолол, шаардах эрхээ нотлох баримт материалыг бүрэн ирүүлээгүй, мөн нэмэлт баримт материал ирүүлэх албан бичигт хариу ирүүлээгүй гэж заасан.

 

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор банкны эрх хүлээн авагч дараахь шийдвэрийг гаргана,

71.2.1-д “нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах,

 

Түүнчлэн, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А-302 дугаар тушаалаар “Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх” журмын 5.7-д Банкны эрх хүлээн авагч нь ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үнэн зөв, бодитой эсэхийг Банкны тухай хуулийн 71.2.1, 71.2.2-т заасны дагуу шалгаж, үндэслэлгүй гэж үзэх эсхүл нэхэмжлэлийг шаардлагаас татгалзаж буй хэмжээг тодорхойлно.

5.8-д Дараахь тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий эргэлзээтэй гэж үзэж болно.

5.8.1-д Шаардах эрх бүхий эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл;

5.8.2-т Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл;

5.8.3-т Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл;

5.8.4-т Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн бол гэж журамласан байна.

 

Хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХА үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзана гэх зохицуулалтыг үндэслэсэн боловч дээрх журамд заасны дагуу үндэслэл бүхий эргэлзээтэй гэдэг чухам аль үндэслэлээр татгалзсанаа бүрэн тусгаагүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа ...Банкны эрх хүлээн авагчийн зүгээс санхүү, тайлан бүртгэлд нэхэмжлэгч талаас өр, авлага бүртгэгдээгүй, банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл, Банкны тухай хууль болон бусад хуулийг зөрчиж хийсэн хэлцэл, банк барилга барьдаг байгууллага биш, банк бол банкны тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага, Санхүүгийн тайланд өгсөн 650 буюу 1100 хуудас баримт дотор нь “Капитал банк” ХХК-тай холбоотой нэг ч баримт байхгүй гэж тайлбарлах боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй.  

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх журмын 5.8.1 5.8.2 5.8.3-т заасан үндэслэлээр татгалзсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

“К.Б” ХХК дахь БЭХАийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн танилцуулгаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, шаардлага хангасан баримт материал ирүүлээгүй байгууллагын нэхэмжлэлийг Банкны тухай хуулийн 71.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байгаа шалтгаанаар Банкны тухай хуулийн 73.1.9 дэх хэсэгт заасан дараалалд оруулах боломжгүй байгаа байгууллагын нэхэмжлэлд “Б.П” ХХК ажлын хөлс 12.1 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн, нотлох баримт болон гүйцэтгэсэн ажлын талаар баримт бичиг байхгүй, холбогдох этгээдийн жагсаалтад бүртгэгдсэн нэхэмжлэлийг баталгаажуулах эсэх асуудлыг Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх, ажлын хөлсний нэхэмжлэл, нотлох баримт байхгүй, нотлох баримтууд шаардан албан бичиг явуулсан талаар дурдсан байдаг.    

 

Хэрэгт авагдсан дээрх танилцуулгаар нотлох баримт болон гүйцэтгэсэн ажлын талаар баримт бичиг байхгүй, нотлох баримтууд шаардан албан бичиг явуулсан, хэрвээ баримт ирүүлэхгүй бол дарааллаас хасах санал гаргасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хууль болон журамд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрсөн, банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл, банкны хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл нь үндэслэл бүхий эргэлзээтэй гэх нөхцөлд хамаарч байхад нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, шаардлага хангасан баримт материал ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

 

Түүнчлэн, талуудын хувьд нэхэмжлэлд дурдагдаад байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, Найрамдал талбайн барилгын нил суурийн ажил, Булган аймгийн Булган сумд байрлах барилгын ажил, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нам Янжүгийн гудамжинд баригдаж ашиглалтанд орж байгаа 112 байрын орон сууц, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд багт орших “Годенсэркл” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 155 байр 65 айлын үйлчилгээний төв, авто зогсоолтой орон сууц болох зарим ажлуудыг хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХАид акт үйлдэж нэхэмжлэгч “Б.П” ХХК хүлээлгэж өгч байсан болон зарим эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, зарим барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг хамтран зохион байгуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Дархан-Уул аймгийн 16 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан үйлчилгээний орон сууц, түүнд хамаарах газар нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Капитал банк” ХХК-ийн өмчлөх бус хөрөнгийн дансанд бүртгэгдсэн, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан үйлчилгээний орон сууцны зориулалттай барилгын суурь, карказ, түүнд хамаарах газар нь 2017 оны 11 сарын 04-ний өдөр “Капитал банк” ХХК-ийн өмчлөх бус хөрөнгийн дансанд бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нам яанжүгийн гудамжинд 11в байр 0 тоот хаягт байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь “К.Б” ХХК дахь БЭХАийн данс, тайлан бүртгэлд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар “Мастер инженеринг групп” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь, 2018 оны 11 сарын 02-ны өдөр Хувьцааг өмчлөх бус хөрөнгөд бүртгэгдсэнээр шилжиж ирсэн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, үйлдвэрийн төв бүс Ажилчны гудамж, 61/1 тоот хаягт байрлалтай агуулахын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь “К.Б” ХХК дахь БЭХАийн данс, тайлан бүртгэлд 2019.04.09-ний өдрийн байдлаар 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр банкны өмчлөх бус хөрөнгийн дансанд бүртгэгдсэн, Дорноговь аймгийн Зам-Үүд сумын Сүлд багт орших, 65 айлын орон сууц, үйлчилгээний төв, автозогсоолтой барилга нь “К.Б” ХХК дахь БЭХАийн данс, тайлан бүртгэлд “Голден серкл” ХХК, Капитал банк ХХК, Монголтаг ХХК-ийн өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2018 оны 11 сарын 02-ны өдөр хувьцааг өмчлөх бус хөрөнгийн бүртгэгдсэнээр шилжиж ирсэн болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, “Капитал банк” ХХК-ийн өмчлөх бус хөрөнгийн дансанд нэхэмжлэгч “Б.П” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн гэх ажлуудын хөрөнгө бүртгэлтэй байх бөгөөд талуудын хооронд хийсэн гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл, банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч аль гэрээ, хэлцэл нь дээрх үндэслэлд хамаарсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлээ баримтаар нотлоогүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

            Дээрх нөхцөл байдлаас нэхэмжлэгч “Б.П” ХХК нь нэхэмжлэлийг үндэслэлгүй хүлээн авахаас татгалзсан байдал тогтоогдож байх тул Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Б.П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлбөр авагчийн дараалалд оруулахыг “К.Б” ХХК дахь БЭХАид даалгуулах тухай шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Гэвч ийнхүү нэхэмжлэлийг хүлээн авахыг “К.Б” ХХК дахь БЭХАид даалгаж байгаа нь нэхэмжлэгчийн гаргах нэхэмжлэлийн шаардлагыг материаллаг эрх зүйн үүднээс хариуцагч шууд хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэж буй явдал биш бөгөөд Банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр, хэрхэн хангах, нэхэмжлэлийн дараалалд хэрхэн оруулан шаардлагыг хангах нь “К.Б” ХХК дахь БЭХАийн бүрэн эрхийн асуудал болно. Тус асуудлаар тухайлан дахин маргаан үүсгэх бол уг маргааныг холбогдох харьяаллын шүүх хянан шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Б.П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлбөр авагчийн дараалалд оруулахыг хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХАид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Б.П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К.Б” ХХК дахь БЭХАаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б.П” ХХК-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС