Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/05063

 

 

 

 

 

 

 

 

2022 12 05

101/ШШ2022/05063

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Ж /-д холбогдох,

83,294,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Т ХХК нь тээвэр зуучийн үйл ажиллагаа болон зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Ш.Ж нь манай Т ХХК-ийн харилцагч бөгөөд тус компаниас тээвэр зуучийн үйлчилгээ авсан. Мөн Ш.Ж нь манай компаниар дамжуулан тээвэрлүүлсэн Hydraulic Excavator EC55BPRO маркын VCEEC арлын дугаартай 1 экскаватор, VCEE арлын дугаартай 1 ширхэг экскаватор буюу нийт 2 ширхэг экскаватор худалдан авалтын үлдэгдэл төлбөрөө манай компанийн зээлээр төлүүлсэн байдаг. Тухайлбал: Ш.Ж нь VCEE арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-ын үйлдвэрлэгчээс 13,000 доллараар худалдан авсан ба тус экскаваторын төлбөрөөс 9,100 долларыг нь Т ХХК Ш.Ж ийн өмнөөс төлсөн. Мөн Ш.Ж нь VCEEC арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-ын үйлдвэрлэгчээс 37,519,950 төгрөг буюу 84,450 юанаар худалдан авсан ба тус экскаваторын төлбөрөөс 26,187,945 төгрөгийг нь Т ХХК Ш.Ж ийн өмнөөс төлсөн. Манай байгууллагын зээлийн санхүүжилтийн үйлчилгээний журмын дагуу зээлийн санхүүжилтэд сарын 2,8 хувийн хүү төлөхөөр заасан байдаг ба 6 сарын хугацааны дотор эргүүлэн төлөх үүрэгтэй боловч Ш.Ж нь өнөөдрийг хүртэл төлөөгүй манай байгууллагыг хохироож байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Ш.Ж нь манай байгууллагад дараах төлбөрийг төлөх тооцоо байна. Үүнд: VCEE арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-аас худалдан авахад төлөх төлбөрийн зориулалттай зээлд 9,100 ам доллар, түүний хүү 4662.84 ам доллар нийт 13,762.84 ам доллар буюу Монгол банкны ханшаар тооцон төгрөгт хөрвүүлбэл нийт 44,005,580 төгрөг, VCEEC арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-аас худалдан авах төлбөр төлөх зориулалттай зээлд 26,187,945 төгрөг, түүний хүү 13,100,956 төгрөг нийт 39,288,901 төгрөг. Дээрх төлбөрийг нэгтгэн тооцвол: Ш.Ж нь нийт 2 ширхэг экскаваторын худалдан авах зорилгоор олгосон зээлд нийт 55,284,467 төгрөг, түүний хүүд 28,010,014 төгрөг, нийт 83,294,481 төгрөг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олгосон зээл, түүний хүүг Ш.Ж өөс шаардах эрхтэй юм. Иймд хариуцагч Ш.Ж өөс үндсэн зээлд 55,284,467 төгрөг, хүүд 28,010,014 төгрөг нийт 83,294,481 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан талаар маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 55,284,467 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч Ш.Ж нь нэхэмжлэгчээс худалдаж аваад тодорхой хэмжээний мөнгө нэмээд гуравдагч этгээдэд зараад дундаас нь ашиг орлого олох журмаар үйл ажиллагаа явуулдаг. Талуудын хооронд хүү төлөх, зээлээр худалдаж авч байгаа талаар тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулсан зүйл огт байдаггүй, үндсэн төлбөрийг төлөх эрх, үүргийн харилцаа үүссэн. Гэтэл ямар үндэслэлээр хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлээс уншихад 2.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлнө гэсэн зүйл дурддаг. 28,010,014 төгрөгийн хүүний асуудал хаанаас ямар байдлаар гарч ирээд байгааг ойлгохгүй байгаа, тооцоолол, нотлох баримтын хувьд, тохиролцооны хувьд үндэслэлгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёр бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөх нь үнэн. Өмнө нь олон удаа их хугацаа орохгүйгээр гуравдагч этгээдэд өгөөд мөнгөө аваад төлчихдөг харилцаанд орж байсан ч энэ удаа экскаваторыг худалдан авсан гуравдагч этгээдүүд нь найдваргүй байж таараад мөнгөө төлөхгүй удсан асуудал байгаа. 28,010,014 төгрөгийн хүү үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, 4/, итгэмжлэл /хх-5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-6/, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ /хх-7/, Т ХХК-ийн үйлчилгээний нөхцөл /хх-8-9/, 2021.02.26-ны өдрийн SHW20210202 дугаартай нэхэмжлэх, падаан /хх-10, 11/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-12/, Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавар /хх-13/, 2021.03.11-ний өдрийн SHW20210311 дугаартай Проформа нэхэмжлэх /хх-14, 15/, 2021.03.23-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-16/, С ББСБ ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-17/, харилцагчийн төлбөр тооцооны хүснэгт -хх-18/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/, итгэмжлэл /хх-29/, хариу тайлбар /хх-30/.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

г


1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ш.Ж өд холбогдуулан зээлийн үлдэгдэл 55,284,467 төгрөг, хүүгийн төлбөр 28,010,014 төгрөг, нийт 83,294,481 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

3. Хариуцагч нь худалдан авсан барааны төлбөрийн үлдэгдэл 55,284,467 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүү төлөхөөр тохиролцоогүй тул 28,010,014 төгрөг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Ш.Ж нь Т ХХК-аар дамжуулан БНХАУ-ын үйлдвэрлэгчээс VCEE арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг 13,000 доллараар худалдан авсан ба тус экскаваторын төлбөрөөс 9,100 долларыг нь Т ХХК Ш.Ж ийн өмнөөс төлсөн, мөн Hydraulic Excavator EC55BPRO маркын VCEEC арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг 84,450 юанаар буюу 37,519,950 төгрөгөөр худалдан авсан ба тус экскаваторын төлбөрөөс 26,187,945 төгрөгийг нь Т ХХК Ш.Ж ийн өмнөөс төлсөн үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч Ш.Ж нь дээр дурдсанаар 2 ширхэг экскаваторын худалдан авалтыг хийсэн болон нэхэмжлэгч Т ХХК-аас түүний худалдан авсан 2 ширхэг экскаваторын төлбөрт 9,100 ам.доллар, 26,187,945 төгрөгийг тус тус төлсөн талаар маргаагүй.

6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг үндэслэн хариуцагчаас зээл болон хүүгийн төлбөр гаргуулахаар шаардсан байх ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох бөгөөд хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч Ш.Ж нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин тэдгээрийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна.

7. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 263.2-т гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ эсхүл үнийг тодорхойлох журмын талаар заавал тусгахаар заасан.

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Т ХХК-ийн үйлчилгээний нөхцөл гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд тус компанийн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр хариуцагч үйлчилгээ авсан тул гэрээ байгуулсан гэж үзэн, үйлчилгээний нөхцөлийн 1.14-д зээлээр худалдан авалтын хугацаа 6 сар гэж заасны дагуу хариуцагч төлбөрөө төлөөгүй тул 1.13-т сарын хүү 2,8 хувь, үлдэгдэл төлбөр болон татварын нийт дүнгээс тооцно гэж заасныг баримтлан хүү шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцсэн.

9. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Т ХХК-ийн үйлчилгээний нөхцөл гэх баримтад тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргал гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан баримт байх бөгөөд тус баримтыг хариуцагчид танилцуулсан талаарх баримт үйлдээгүй талаар зохигчид маргаагүй.

10. Зохигчдын хооронд хуульд заасан шаардлагыг хангаж бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй боловч Ш.Ж нь Т ХХК-аар дамжуулан БНХАУ-ын үйлдвэрлэгчээс VCEE арлын дугаартай экскаватор, Hydraulic Excavator EC55BPRO маркын VCEEC арлын дугаартай экскаватор, нийт 2 ширхэг экскаватор худалдан авахаар, төлбөрийн тодорхой хувийг худалдан авагчийн өмнөөс Т ХХК төлөхөөр, Ш.Ж нь түүний өмнөөс төлсөн төлбөрийг Т ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

11. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан нөхцөлийг тусгасан гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлтэй.

12. Нэхэмжлэгч нь VCEE арлын дугаартай 1 ширхэг экскаваторын төлбөрт төлсөн 9,100 ам долларыг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар буюу 3,197.42 төгрөгөөр тооцож 29,096,522 төгрөгийг, VCEEC арлын дугаартай 1 ширхэг экскаваторын төлбөрт төлсөн 26,187,945 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь эдгээр мөнгөн дүнгийн талаар маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул 2 экскаваторын төлбөрт нийт 55,284,467 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

13. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр гэрээ байгуулах журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөр болох нийт 28,010,014 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

14. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ш.Ж өөс 2 ширхэг экскаваторын төлбөрт нийт 55,284,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөр 28,010,014 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 434,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ж өөс 55,284,467 /тавин таван сая хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,010,014 /хорин найман сая арван мянга арван дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 574,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж өөс улсын тэмдэгтийн хураамжид 434,373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР