Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00392

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/05063 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч Ш.Ж-өд холбогдуулан гаргасан гэрээний үүрэг болон алдангид нийт 83,294,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн Ш.Ж- нь Т- ХХК-ийн харилцагч бөгөөд манай компаниар дамжуулан Hydraulic Excavator EC55BPRO маркын VCEEC55BE00051152 арлын дугаартай 1 экскаватор, VCEEC55BE00051126 арлын дугаартай 1 ширхэг экскаватор буюу нийт 2 ширхэг экскаватор худалдан авч, үлдэгдэл төлбөрөө манай компанийн зээлээр төлүүлсэн байдаг. Тухайлбал: Ш.Ж- нь VCEEC55BE00051126 арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-ын үйлдвэрлэгчээс 13,000 доллараар худалдан авсан ба тус экскаваторын төлбөрөөс 9,100 долларыг нь Т- ХХК Ш.Ж-ийн өмнөөс төлсөн. Мөн Ш.Ж- нь VCEEC55BE00051152 арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-ын үйлдвэрлэгчээс 37,519,950 төгрөг буюу 84,450 юанаар худалдан авсан ба тус экскаваторын төлбөрөөс 26,187,945 төгрөгийг нь Т- ХХК Ш.Ж-ийн өмнөөс төлсөн. Манай байгууллагын зээлийн санхүүжилтийн үйлчилгээний журмын дагуу зээлийн санхүүжилтэд сарын 2,8 хувийн хүү төлөхөөр заасан байдаг ба 6 сарын хугацааны дотор эргүүлэн төлөх үүрэгтэй боловч Ш.Ж- нь өнөөдрийг хүртэл төлөөгүй манай байгууллагыг хохироож байна. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Ш.Ж- нь манай байгууллагад дараах төлбөрийг төлөх тооцоо байна. Үүнд: VCEEC55BE00051126 арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-аас худалдан авахад төлөх төлбөрийн зориулалттай зээлд 9,100 ам доллар, түүний хүү 4662.84 ам.доллар нийт 13,762.84 ам доллар буюу Монгол банкны ханшаар тооцон төгрөгт хөрвүүлбэл нийт 44,005,580 төгрөг, VCEEC55BE00051152 арлын дугаартай 1 ширхэг экскаваторыг БНХАУ-аас худалдан авах төлбөр төлөх зориулалттай зээлд 26,187,945 төгрөг, түүний хүү 13,100,956 төгрөг нийт 39,288,901 төгрөг. Дээрх төлбөрийг нэгтгэн тооцвол: Ш.Ж- нь нийт 2 ширхэг экскаваторын худалдан авах зорилгоор олгосон зээлд нийт 55,284,467 төгрөг, түүний хүүд 28,010,014 төгрөг, нийт 83,294,481 төгрөг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч Т- ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар олгосон зээл, түүний хүүг Ш.Ж-өөс шаардах эрхтэй юм. Иймд хариуцагч Ш.Ж-өөс үндсэн зээлд 55,284,467 төгрөг, хүүд 28,010,014 төгрөг нийт 83,294,481 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-нд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан талаар маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 55,284,467 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч Ш.Ж- нь нэхэмжлэгчээс худалдаж аваад тодорхой хэмжээний мөнгө нэмээд гуравдагч этгээдэд зараад дундаас нь ашиг орлого олох журмаар үйл ажиллагаа явуулдаг. Талуудын хооронд хүү төлөх, зээлээр худалдаж авч байгаа талаар тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулсан зүйл байдаггүй, үндсэн төлбөрийг төлөх эрх, үүргийн харилцаа үүссэн. Гэтэл ямар үндэслэлээр хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 28,010,014 төгрөгийн хүү үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ж-өөс 55,284,467 /тавин таван сая хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28,010,014 /хорин найман сая арван мянга арван дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж-өөс улсын тэмдэгтийн хураамжид 434,373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч С.Жавхлантөгс нь нэхэмжлэгч Т- ХХК-аар дамжуулан БНХАУ-аас VCEEC55BE00051126 арлын дугаартай экскавартор, Hydraulic Excavator ECSSBPRO маркын VCEECSSBE00051152 арлын дугаартай экскаваторыг тус тус худалдан авсан бөгөөд анхан шатны шүүхээс уг 2 барааны нийт үнэ 55,284,467 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх 2 барааны үндсэн үнэд 54,284,467 төгрөг байх бөгөөд энэ талаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр мэдэгдэж байсан атал анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлэн хариуцагчаас 55,284,467 төгрөг гаргуулж, 1,000,000 төгрөг илүү гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрхээс үүдэн анхан шатны шүүхээс нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлгийг буруу үнэлж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ѳѳрчлѳлт оруулж хариуцагчаас 55,284,467 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг 54,284,467 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Ш.Ж-өөс 55,284,460 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралд 55,284,467 төгрөг төлнө гэж тайлбар гаргасан гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Ш.Ж-өд холбогдуулан гэрээний үүрэгт 55,284,467 төгрөг, хүү 28,010,014 төгрөг, нийт 83,294,481 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч хүүг эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Ш.Ж-өд хоёр ширхэг экскаватор худалдаж, хариуцагч нь 55,284,467 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.

3.а.Учир нь хэлбэрийн хувьд зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар хуульчилсан, нэг тал нь техник хэрэгслийг шилжүүлэх, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.1-263.2.4-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдгаараа худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай.

3.б.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч Т- ХХК нь худалдсан эд зүйлийн үнийг хариуцагч Ш.Ж-өөс шаардах эрхтэй.

3.в.Хариуцагч Ш.Ж- нь хоёр ширхэг экскаваторын үлдэгдэл төлбөр 55,284,467 төгрөгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба анхан шатны шүүх хариуцагчаас 55,284,467 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү гэх 28,010,014 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь талууд хүү тохиролцсон бичгийн гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч Т- ХХК-д хүү шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо гэрээний үлдэгдэл төлбөр 54,284,467 төгрөг байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд хариуцагч нь үндсэн төлбөр 55,284,467 төгрөгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба уг тайлбарыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/05063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д ... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ