Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0420/з |
Дугаар | 84 |
Огноо | 2018-02-21 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 84
“Ж ө” ХХК, “Р” ХХК, А.О, А.А нарын итгэмжлэгдсэн
төлөөлөгч С.Нагашыбайн нэхэмжлэлтэй,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Ч.Тунгалаг
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 206 тоот, 3 өрөө 100.53 мкв орон сууц болон 1А-21 тоот автозогсоолыг Ж ө ХХК-ийн, М т /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 304 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууцыг Р ХХК-ийн, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 704 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууц болон гг-05 тоот автозогсоолыг А.О-ийн, М т /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 301 тоот, 4 өрөө 132.22 мкв орон сууцыг А.А-ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0651 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0842 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нагашыбай,
Гуравдагч этгээд: “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа нар,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0651 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж ө ХХК, Р ХХК, А.О, А.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайгийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, М т /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 206 тоот, 3 өрөө 100.53 мкв орон сууц болон 1А-21 тоот автозогсоолыг Ж ө ХХК-ийн, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 304 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууцыг Р ХХК-ийн, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 704 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууц болон гг-05 тоот автозогсоолыг А.О-ийн, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 301 тоот, 4 өрөө 132.22 мкв орон сууцыг А.А-ийн нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0842 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0651 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн...” гэснийг “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн гомдол... Иргэний хэргийн анхан, давж заалдах шатны шүүхээр “М с” ХХК болон дээрх нэхэмжлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учир дээрх иргэн, ААНБ-ууд нь хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчид нь өөрсдийн эрхээ бүрэн хэмжээгээр эдлэхээр төрийн эрх бүхий байгууллага, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалаагүй, эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсан шийдвэр, магадлал гаргалаа.
4. Шийдвэрт шүүхээс “... гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна ...” гэж дүгнэжээ. Шууд утгаараа гуравдагч этгээд болох Улаанбаатар хотын банкны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн зүйлгүй.
5. Гуравдагч этгээд болон хариуцагчид “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаартай байр, г/97 дугаартай автозогсоолыг Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, мөн дээрх барьцааны эд зүйл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар ажиллагаа явуулж байгаа ...” гэх үндэслэлүүдийг гаргаж тайлбарладаг.
6. 98 дугаар байрыг барьцаанд тавьж байхад тухайн барилга 30 хувийн гүйцэтгэлтэй байсан ба ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалсан гэдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй барилгын барьцааны гэрээнд ирээдүйд бий болох эд хөрөнгийг бүртгэсэн болон барьцаалсан гэх бүртгэл болон гэрээний нэмэлт, өөрчлөлтийн зохицуулалт эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй.
7. Мөн үүнтэй адил 95 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолын ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалсан, бүртгэсэн зохицуулалт байхгүй. Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаартай шийдвэрийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарладаг боловч дээрх шийдвэрийн хүрээнд явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус өөрөөр хэлбэл оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг илт хөндсөн байна, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай гэсэн агуулга бүхий Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/01005 дугаартай тогтоол гарсан. Одоогоор дээрх маргаан бүхий орон сууц, автозогсоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, явагдах хууль зүйн боломжгүй байгаа.
8. Мөн нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дээрх барьцааны зүйл нь барьцааны зүйл биш байна. Өөрөөр хэлбэл 30 хувийн болон 95 хувийн гүйцэтгэлтэй хөрөнгийн ирээдүйд бий болох бүртгэлийг өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэсэн бүртгэл байхгүй учир барьцааны зүйл мөн эсэх нь учир дутагдалтай гэсэн агуулга бүхий дүгнэлттэй магадлал гараад байгаа бөгөөд энэ хэргийн гуравдагч этгээд Улаанбаатар хотын банк хяналтын журмаар гомдол гаргасан байдаг.
9. Дүүргийн иргэний хэргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаартай шийдвэрт төлбөрийг 98 дугаар байрнаас бүхэлд нь гэж заасан бөгөөд аль хэсгээс яаж хангуулах, ямар шалгуураар хангуулах, хэний эзэмшлийн эд хөрөнгөөр хангуулах гэдэг нь тодорхойгүй, харин тухайн харилцаанд оролцогчдын үзэмжийн асуудал болж байгаа бөгөөд г/97 тоотын 200 гаруй автозогсоолоос гаргуулсан гэсэн зүйл байхгүй.
10. Төлбөр авагч Улаанбаатар хотын банкны төлбөр ердөө 2.050.000.000 орчим төгрөгийн дүн байх боловч нэр бүхий 35 иргэний өмчид хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч тухайн өмчлөгчдийн өмчийн нийт үнэлгээ нь 24 тэрбум болсон байдаг бөгөөд тухайн байр 91 орон сууц болон 200 гаруй автозогсоолоос бүрддэг. Тэгвэл 2 тэрбум төгрөгийн төлбөрийн төлөө тухайн байрны бүх өмчийг барьцаалах гээд байгаа ямар шалтгаан байгаа вэ?
11. Төлбөр авагч нь ийм хэт их эд хөрөнгөнөөс төлбөрөө гаргуулах боломж байсаар байхад эрх болон эд хөрөнгөө хамгаалж байгаа нэхэмжлэгчдийн эд хөрөнгийг өмнө эрхийн тийм хязгаарлалтай байсан гэдгээр хохироож болохгүй ээ. Бидний олж авсан мэдээллээр “М с” ХХК өнөөдрийн байдлаар 200.000.000 төгрөгийн төлөлт хийсэн байна.
12. Шүүх нь мэтгэлцээний явцад гол үндэслэлээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг байнга дурддаг байсан, шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгтээ энэхүү үндэслэлээ заасан байдаг. Мөн үүнээс өөр шийдчих боломжийн зохицуулалт харагдахгүй байна гэдэг.
13. Тэгвэл “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа .... хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх ёстой” гэдэг. Энд нэг зүйлийг онцлон хэлэх ёстой. “... буюу ...” гэдэг үг нь төрийн тухайн эрх бүхий байгууллагыг тодотгож байгаа болохоос барьцаалагч хуулийн этгээд Улаанбаатар хотын банкийг хэлээгүй болно. Бид ёсыг бодож Улаанбаатар хотын банкинд ганц нэгээрээ хандсан боловч шунал нь ихэдсэн, муур багш шиг хүмүүс байдаг юм байна лээ.
14. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгээс өөр зохицуулалт байхгүй юм шиг шийдээд байгаа нь учир дутагдалтай. Тэгвэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт “... эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх …” гэдэг зохицуулалтыг яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ?
15. Дээрх эрх бүхий байгууллага гэдэгт шүүх хамаарах бөгөөд тухайн байгууллагуудаас тодруулж хэлбэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шат шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дугаартай шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаартай магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчдийн өмч мөн болохыг тогтоосон.
16. Тухайн хаягт байрлах 98 дугаар бүхэлдээ түүнд хамаарах 200 гаруй авто зогоол нь бүхэлдээ 2 тэрбум төгрөгөөс хэд дахин илүү үнэ бүхий эд хөрөнгө. Бид бүртгэлийг давхардуулж бүртгэ гэж шаардаагүй. Шинээр бүртгэж өгөөчээ гэж хүссэн. Тэр бүртгэл нь нэмэлт, өөрчлөлтийн хэлбэрээр байж болно биздээ.
17. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын банк гэх гуравдагч эттээд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эдлэх ёсгүй эрхийг эдэлсэн бөгөөд шүүх үүнд ач холбогдол өгч, харгалзаж үзээгүй. Мөн нэхэмжлэгчдийн гэрээнүүд нь зээлийн болон барьцааны гэрээний бүртгэлээс хойш үүссэн эрх зүйн харилцаа байна гэж дүгнэсэн нь бас учир дутагдалтай.
18. Тэд тухайн орон сууц, автозогсоолыг бусдын гэрээний үүрэгт байгаа гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл орон суууц борлуулагч “М с” ХХК гаргаж өгөх ёстой байсан мэдээллээ биднээс нуун дарагдуулсан. Мөн оршин суугчдын зүгээс эрх бүхий байгууллагаас аливаа хэлбэрийн мэдээлэл авах бол “М с” ХХК болон Улаанбаатар хотын банкны зөвшөөрлөөр авах ёстой. Ийм учраас Улаанбаатар хотын банкны барьцаанд байгаа гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй юм. Зээлийн болон барьцааны гэрээний талуудын маргааны явцад мэдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эрх, ашиг сонирхлоо хамгаалахаар бүх түвшинд ажиллаж байна.
19. Шүүх хуралдааны явц, нотлох баримт, уур амьсгал нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М с” ХХК, Улаанбаатар хотын банкны хооронд болсон.
20. Шүүх нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхлыг ерөөс хүндэтгээгүй. Ядаж эрх, ашиг сонирхол гэдэг үгсийн эхэнд эрх гэдэг үг байна. Тэр дундаа Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид иргэний эрхийг тэргүүн зэрэгт байлгаж, аливаа хэлбэрийн асуудалд ханддаг. Дээрх нэхэмжлэгчид байгаа нь орон сууц болон автозогсоол. Гэтэл Улаанбаатар хотын банкинд 98 дугаар байр болон түүнд хамаарах 200 гаруй автозогсоол байна.
21. Эцэст нь хэлэхэд аливаа зүйлийг бүтэхгүй, болохгүй, чадахгүй гэсэн энэ нийгмийн дорой сэтгэхүй, үзэл давамгайлаад байгаа болохоос гэгээтэй талаас зөв харж, шинжлэж, судлаж, тогтоож чадвал аливаа хэлбэрийн асуудлыг шийдэх гарц нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоожийн хүчин чадалд бүрэн бий.
22. Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0651 дүгээ шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0842 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
23. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
24. Нэхэмжлэгч “Ж ө” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, “Р” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, иргэн А.О нь 2011 оны 08 дугаар сарын 20, 2011 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, А.Ань 2011 оны 09 дүгээр сарын 08, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус “М с” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж, 98 дугаар байрны 206 тоот, 3 өрөө 100.53 мкв орон сууц болон 1А-21 тоот автозогсоолыг “Ж ө” ХХК, мөн байрны 304 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууцыг “Р” ХХК, мөн байрны 704 тоот, 4 өрөө 127.7 мкв орон сууц болон гг-05 тоот автозогсоолыг иргэн А.О, мөн байрны 301 тоот, 4 өрөө 132.22 мкв орон сууцыг иргэн А.Азахиалан бариулах (худалдан авах)-аар тохиролцсон, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд “М с” ХХК-ийн хооронд дээрх гэрээ байгуулагдах үед уг “Могул таун” орон сууцны хотхоны 3564 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь эрхийн улсын Ү-2206018350 дугаарт, мөн хотхоны 2717 м.кв талбай бүхий 95 хувийн гүйцэтгэлтэй автозогсоол нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018351 дугаарт 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М с” ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсон байсан, түүнчлэн, 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “... /дээрх/ баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт”, “... автозогсоолын зориулалттай барилгын 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт” тус тус “Улаанбаатар хотын банк” ХХК-нд барьцаалагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байна.
25. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 821 дүгээр шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 621 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарыг дээр дурдсан орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоосон, нэхэмжлэгч нараас “...өмчлөгчөөр /биднийг/ шүүх тогтоосон байхад хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.
26. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох …/-ыг хориглох/”-оор, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “...мэдүүлэгт дурдсан ... эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... /мэдүүлэг хүлээн авахаас татгалзах/”-аар, 19 дүгээр зүйлийн 19.2-т “...эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд ...-ийн зөвшөөрлийг заавал авсан байх”-аар тус тус заасан байх тул өмнө бүртгэгдсэн өмчлөх эрх, барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэл хүчинтэй, өмчлөх эрхийн бүртгэл өөрчлөгдсөнөөр “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох” барьцаалагчийн зөвшөөрөл аваагүй тохиолдолд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэн бүртгэх боломжгүй, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл дээрх хуулийн заалтуудад нийцсэн, энэ талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.
27. Иймд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хуулийн 19.2-т зааснаар ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа ... хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх ёстой.., “буюу” гэдэг нь төрийн тухайн эрх бүхий байгууллагыг тодотгож байгаа болохоос барьцаалагч хуулийн этгээд Улаанбаатар хотын банкийг хэлээгүй...” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
28. Түүнчлэн, “Могул таун” орон сууцны хотхоны тухайн үед дуусаагүй байсан орон сууц, үйлчилгээний болон авто зогсоолын барилгыг “М с” ХХК нь 2011 онд өөрийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг өмчлөх эрхээ үндэслэн, уг дуусаагүй барилгуудыг түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан байх тул “гүйцэтгэлийн явцад” бий болсон маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн тухайд “өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх”-ээр хуульд заасан харилцаа үүссэн гэж үзэхгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг ... эрхийн улсын бүртгэлд бүртгэж болох”-оор заасан, тухайн барилгын хувьд энэ нь “анхдагч” бүртгэл болох бөгөөд, барилга баригдаж дууссан нь уг анхны бүртгэлийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
29. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлд дурдсан “... барьцааны зүйл нь барьцааны зүйл биш..., /иргэний шүүхийн/ шийдвэрт төлбөрийг 98 дугаар байрнаас бүхэлд нь гэж заасан бөгөөд аль хэсгээс яаж хангуулах, ямар шалгуураар хангуулах, хэний эзэмшлийн эд хөрөнгөөр хангуулах гэдэг нь тодорхойгүй, харин тухайн харилцаанд оролцогчдын үзэмжийн асуудал болж байгаа бөгөөд г/97 тоотын 200 гаруй автозогсоолоос гаргуулсан гэсэн зүйл байхгүй..., 2 тэрбум төгрөгийн төлбөрийн төлөө тухайн байрны бүх өмчийг барьцаалах гээд байгаа ямар шалтгаан байгаа /эсэх/...” гэх зэрэг үйл баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарахгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул хяналтын шатны шүүх эдгээр асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй.
30. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч нарын “... Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянаад, хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуулиар хүлээлгэсэн үүргийн хүрээнд, “хуульд нийцсэн” байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1-д “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан, шүүх нэхэмжлэгч этгээд нарыг хэргийн бусад оролцогчоос “илүү эрхтэй” гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... шүүх нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхлыг ерөөс хүндэтгээгүй... эрх, ашиг сонирхол гэдэг үгсийн эхэнд эрх ... байна, ... Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид иргэний эрхийг тэргүүн зэрэгт байлгаж, аливаа хэлбэрийн асуудалд ханддаг” гэх зэрэг гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй.
31. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0842 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан С.Нагашыбайгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА