Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/00088

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 27

101/ШШ2023/00088

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ж ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:   А ХХК / /,

 

Хариуцагч: Д.Н / нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Б ХХК / /,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Т ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011615142, Регистрийн дугаар 6078583/,

 

А ХХК, иргэн Д.Н нарын Т ХХК болон Б ХХК-тай тус тус давхардуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

1.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,

2.    Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

3.    Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,

4.    Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн төлөөлөгч Э.Б ,

5.    Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж ХХК болон А ХХК нар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02/1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлсэн. Харин энэ гэрээгээ Э..нд бүртгүүлэх гэсэн боловч А ХХК нь Ж ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02/1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа, А ХХК, иргэн Д.Н нар нь Тү ХХК, Б " ХХК-уудтай давхцуулан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Үүний улмаас Э..ноос Ж ХХК болон А ХХК, иргэн Д.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02/1903, 02/1902 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ-үүдийг дээрх үндэслэлээр бүртгэж, зөвшөөрөл олгохоос татгалзсан. Манай байгууллагатай хийсэн гэрээгээ иргэн Д.Н болон А ХХК бусад компаниудтай давхардуулан гэрээ хийсэн байх тул аль гэрээг хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв давхардуулж гэрээ байгуулаагүй байсан бол манай компани ... дүгээр байрны оршин суугчдад ямар нэгэн гомдол чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлээд явах боломжтой байсан. Иймд А ХХК, иргэн Д.Н нарын Тү ХХК-тай байгуулсан болон А ХХК, иргэн Д.Н нарын Б ХХК-тай тус тус давхцуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ-үүдийг Иргэний хуулийн 57 Дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А ХХК, иргэн Д.Н нараас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ж ХХК нь А ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн .... хороонд байрлах үйлчилгээтэй 77 айлын орон сууцны барилгын халаалт, цэвэр бохир усны ашиглалтын конторын үйл ажиллагааг хариуцан ажиллахаар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ашиглалт хариуцуулж, хамтран ажиллах гэрээ"-г А ХХК-тай байгуулсан боловч Ж ХХК нь гэрээний дагуу дээрх орон сууцны барилгын конторын үйл ажиллагаа явуулаагүй, дулаан, усны гэрээг шилжүүлж авч өрхийн тариф руу шилжүүлээгүй, айл өрхийн 2019 оны 6 дугаар сарын төлбөрүүдийг хураан авсан боловч Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК болон Ус Сувгийн Удирдах газарт төлөөгүй, өнөөдрийг хүртэл манай А " ХХК ус дулааны төлбөрийг айл өрхүүдээс хураан авч төлбөрийг төлж байна. Бид дээрх төлбөрийг оршин суугчдаас айл өрхийн тарифаар хураан авч төлбөр хүлээн авагч байгууллагуудад аж ахуйн нэгж байгууллагын төлбөрөөр төлж байгаа нь санхүүгийн хувьд алдагдалтай байгаа. А ХХК болон иргэн Д.Н нар анх Ж ХХК-тай гэрээ байгуулсан, уг гэрээнүүдийг Э..нд хуулийн дагуу хүргүүлсэн. Э..ноос хэд хэдэн үндэслэлээр тухайн гэрээнүүдийг бүртгэж, цаашдаа үйлчлэх хүрээнд А ХХК-ийн барьсан ... дүгээр байрыг Ж ХХК-ийн үйлчлэх хүрээнд оруулахгүй гэдэг хариу ирсэн. Уг хариунаас харахад дангаараа Д.Н гэдэг хүн шийдвэрлэх эрхгүй, харьяалж байгаа ... дүгээр байр бусад хуулийн этгээдийн хамаарал бүхий хэсэг байна, тийм учраас И ХХК болон бусад компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйлчлэх хүрээнд оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Э..ноос хэд хэдэн удаа татгалзсан хариу өгсөн. Хэргийн гол хариуцагч нь Э.. гэдгийг нэхэмжлэгч тал ойлгосны үндсэн дээр 2 жилийн дараа захиргааны шүүхэд хандсан байна. А ХХК болон Д.Н нартай байгуулсан гэрээ хэлцлийн хувьд ямар нэгэн хууль зөрчсөн агуулгатай хэлцэл байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн хүчин төгөлдөр бусад тооцох хэлцэл гэж үзэх бол гэрээний нөгөө тал болох гуравдагч этгээдүүд байгаа. Гуравдагч этгээдүүдийн өмнөөс нэхэмжлэгч төөрөгдөөд хийсэн хэлцэл, хүч хэрэглээд хийсэн хэлцэл, хууран мэхлээд хийсэн хэлцэл гэдэг агуулгаар маргах боломж байхгүй. Хэлцлийн нөгөө тал нь энд суугаад хэлцэл хүчин төгөлдөр гэдэг тайлбар өгөөд байгаа учраас нэхэмжлэлд дурдаад байгаа Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй. Э..ны Тусгай зөвшөөрлийн газрын ахлах мэргэжилтэн А.Бат-Эрдэнэ гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед хариуцагч А ХХК болон Д.Н нар хэд хэдэн ашиглалт хариуцуулах гэрээг байгуулсан, түүний дараа хэд хэдэн хуулийн этгээд ... дүгээр байрны үйлчлэх хүрээг авъя гэдэг хүсэлтийг ирүүлсэн, тухай бүрт нь хүсэлтийн хариу өгч байгаад нэг мөр уулзалт зохион байгуулах болоод уулзалтыг Э..н дээр хийсэн гэдгийг хэлдэг. Уулзалтаар юуг шийдвэрлэсэн бэ гэхээр цаашдаа ... дүгээр байрны ашиглалтыг хэнд хариуцуулах асуудлыг шийдвэрлэсэн. А ХХК-ийн захирлын зүгээс ... дүгээр байрны ашиглалтыг цаашид Б ХХК-д шилжүүлэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор хэлдэг. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал С.Алтанчимэг гэдэг хүн хуралд оролцоод, ямар нэгэн эсэргүүцэх байр суурь илэрхийлэхгүйгээр гараад явсан гэдгийг тайлбарласан. Гэрээ хэлцэл хуулийн дагуу явагдсан, Э.. хуулийн дагуу тайлбар хэлээд явсан учраас ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй гэдгийг хангалттай тайлбарласан. Давхцуулсан гэдэг шалтгаанаар шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзэх хэлцэл биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тус компани нь Баянзүрх дүүргийн .... хороо д -ийн ... тоотод байнгын хаягтай үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Манай компани нь Э..ны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүднээс Т ХХК, г ХХК-иудтай хамтран ажиллах гэрээ байгуулсаны үндсэн дээр 2019 оноос эхлэн Э..ны тусгай зөвшөөрлийн албанаас Т ХХК-ийн нэр дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн Хот суурины, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрлийг тус тусын компани дээр дангаараа эзэмшдэг. Бид өөрсдийн тус тусын компанийн нэр дээр барилга ашиглалтанд оруулсан барилгын компани болон иргэнтэй хамтран ажиллах, хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан Э..нд тусгай зөвшөөрөл эзэмшигч Т ХХК-аар уламжлан хүсэлт гаргаж Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээндээ өөр өөрсдийн компанийн нэрээр байруудыг нэмж хүчин чадлыг өргөжүүлж ажилладаг. 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Н тай Баянзүрх дүүргийн .... хороо ... дүгээр байр үйлчилгээний төвтэй 77 айлын ашиглалт, тоног төхөөрөмж шилжүүлэн авах гэрээг хийж Э..ноос гаргасан тогтоолын дагуу иргэн Д.Н гийн нэр дээрх гэрээг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас шилжүүлэн авч дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг одоог хүртэл хэвийн явуулж байгаа болно. ... дүгээр байрны гэрээг шилжүүлж авах явцад У ТӨХК 5043 тоот гэрээнд 31,060,000 төгрөгийн өр төлбөр үүссэн байсан, уг өр төлбөрөөс манай компани нь 15,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн, үлдэгдэл төлбөр 16,060,000 төгрөгийг иргэн Д. Нарантуяа болон А ХХК төлж У ТӨХК-ээс манай компанийн 3216 тоот дулааны гэрээнд шилжүүлэн өгсөн. Мен А ХХК-ийн 28,866,912 төгрөгийн 30 хувь болох 8,660,074 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл 20,206,838 төгрөгийг өөрийн үндсэн дулааны 3216 тоот гэрээнд шилжүүлэн авч 2020 оны 4 дүгээр сарын 20-нд манай компани өрийг төлж барагдуулан оршин суугчид болон хангагч байгууллагын хооронд өр төлбөрийн үлдэгдэлгүй хэвийн төлөвт оруулан ажиллаж байгаа болно. ... дүгээр байрны 1319561 тоот дулааны тоолуур нь манай У ТӨХК-тай 3216 тоот гэрээгээр хангагддаг 68290055 тоот дулааны тоолуураар нэгтгэн гардаг Ус, дулаан дамжуулах төвийн 2-р хэлхээнд холбогдсон байгаа тул Э..ноос гаргасан журмын дагуу ашиглалтын үйл ажиллагааг тогтоол гаргах замаар шилжүүлэн авч ачаалалаа нэмэгдүүлдэг. Тухайн үед 2020 оны 6 дугаар сард хорооноос А ХХК, Т ХХК, Б ХХК, А ХХК, Жи Би Өү Ти ХХКуудыг дуудаж ирүүлэн хурал хийж Жи Би Өү Ти ХХК-д У ТӨХК-иас өртэй дээрх гэрээг шилжүүлж ашиглалтыг хариуцуулах боломжгүй, өр төлбөрийн үлдэгдэлтэйг захирал С.Алтанчимэг өртэйгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тусгай зөвшөөрөл эзэмшигч Т ХХК, Б ХХК-д шилжүүлэхэд өр төлбөрийн үлдэгдэлгүй гэрээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэснээр хурал дууссан. Улмаар манай үйлчлэх хүрээгээ нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авч 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 23 тогтоолоор шийдвэрлэсэн болно. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2019 онд Т ХХК, Б ХХК, г ХХК хамтран дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Т ХХК-ийн нэр дээр авсан бөгөөд Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэгдсэн. Манай байгууллагын зүгээс А ХХК-тай гэрээ хийгээгүй, Б ХХК нь А ХХК-тай гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээн дээр байрыг нэмүүлсэн учраас гэрээтэй холбоотой асуудлаар тайлбар өгөх боломжгүй байна. Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ манай байгууллага нэр дээр нэмэгдсэн ч тус байрны гэрээтэй холбоотой аливаа асуудлаар манай байгууллага хариуцлага хүлээхгүй. Учир нь Б ХХК, г ХХК-тай хамтарсан гэрээ нь зөвхөн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл авахтай холбоотой гэрээ бөгөөд хариуцлага Б ХХК, г ХХК-ууд тус тус хариуцахаар байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа тухайн гэрээг манай компани байгуулаагүй, Б болон А ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ байдаг. Яагаад манай компани холбогдоод байгаа вэ гэхээр бид хамтарч тусгай зөвшөөрөл авахад тусгай зөвшөөрөлтэй компани нь Т ХХК байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлэх хүрээн дээрээ нэмэх асуудлыг өөрөө хариуцдаг учраас тэр үүднээс холбогдоод байгаа учраас гэрээний хувьд тайлбар алга. Захиалагч тал хэд хэдэн талтай гэрээ хийх асуудал практикт байдаг. Хууль эрх зүйн шаардлагыг хангасан газартай гэрээ хийх асуудал байдаг болохоос зөвхөн гэрээ хийснээрээ үйлчлэх хүрээг нэмэх асуудал байхгүй. Талууд хоорондоо байгуулсан гэрээгээ хоёулаа хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хуульд заасан хүчингүй болгох үндэслэл харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

5.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: 2020.09.11-ний өдрийн нэхэмжлэл /хх1-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх1-3, 4-6/, 00284 дугаартай Тусгай зөвшөөрөл /хх1-7-8/, ... дүгээр байрны төлбөрийн нэхэмжлэл /хх1-9-16/, 2019.05.15-ны өдрийн 02/1902 дугаартай иргэн Д.Н , Ж ХХК-ийн хооронд байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ /хх1-17-20/, 2019.05.15-ны өдрийн 02/1903 дугаартай А ХХК, Ж ХХК-ийн хооронд байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ /хх1-21-24/, Э..ны 2020.03.04-ний өдрийн 5/365 дугаартай албан бичиг /хх1-25/, Э..ны 2019.10.18-ны өдрийн 5/1482 дугаартай албан бичиг /хх1-26/, Э..ны 2020.02.28-ны өдрийн 5/344 дугаартай албан бичиг /хх1-27-28/, тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгсөн хөрөнгийн жагсаалт /хх1-29-30/, 2020.10.05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хх1-41/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-42/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020.09.17-ны 01/600 дугаартай албан бичиг /хх1-43/, 2019.12.25-ны өдрийн 25/А дугаартай Өмгөөлөл, хуль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх1-63-66/, итгэмжлэл /хх1-71/, Ж ХХК-ийн 2020.09.03-ны өдрийн 02/2001-183 дугаартай албан бичиг /хх1-73-74/, Ж ХХК-ийн 2020.09.23-ны өдрийн 02/2001-209 дугаартай УСУГ-т гаргасан хүсэлт /хх1-75/, УСУГ-ын 2020.10.01-ний өдрийн албан бичиг /хх1-76/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020.09.02-ны 02/571 дугаартай албан бичиг /хх1-477/, УСУГ-ын 2019.05.14-ний өдрийн 12/1080 дугаартай албан бичиг /хх1-78/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020.09.17-ны 01/599 дугаартай албан бичиг /хх1-79/, фото зургийн хуулбар /хх1-89-93/, ирсэн бичиг бүртгэх дэвтрийн хуулбар /хх1-126-133/, 2021.03.05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай /хх1-134/, 2021.04.01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай /хх1-136-137/, 2021.06.23-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага гаргах тухай /хх1-117/, итгэмжлэл /хх1-166/, 2021.11.01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /хх1-170/, 2021.11.01-ний өдөр хамтран хариуцагч татах тухай /хх1-171/, 2022.03.15-ны өдөр өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх1-183/, 2022.03.25-ны өдөр гуравдагч этгээд оролцуулах хүсэлт /хх1-190/, итгэмжлэл /хх2-40/, 2022.08.25-ны өдрийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх2-45/, 2022.12.02-ны өдрийн итгэмжлэл, хүсэлт /хх2-121-122, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.19-ний өдрийн 128/ШЗ2022/10761 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж /хх2-143-144/,

 

5.2. Хариуцагч нараас ирүүлсэн: итгэмжлэл /хх1-36/, хариу тайлбар /хх1-44/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх1-45/, У ТӨХК төлбөрийн нэхэмжлэх /хх1-46/, 2021.02.03-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-105/, А ХХК-ийн 2020.02.04-ний өдрийн 17/20 дугаартай Ж ХХК-д хүргүүлсэн хүсэлт /хх1-107/, итгэмжлэл /хх1-176, 177, 185, 186/,

 

5.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-аас ирүүлсэн: итгэмжлэл /хх2-1/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх2-2, 3-4/, тайлбар /хх2-11-12/, Б ХХК, иргэн Д.Н нарын хооронд 2020.01.06-ны өдөр байгуулсан 01 дугаартай Мэргэжлийн байгууллага болон иргэн Д.Н хоорондын хамтран ажиллах гэрээ /хх2-16-17/, Б ХХК, А ХХК-ийн хооронд 2020.04.22-ны өдөр байгуулсан 20/03 дугаартай Мэргэжлийн байгууллага болон А ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ /хх2-20-21/, 2018.01.31-ний өдрийн 2018/55 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх2-24-25/, Э..ны 2021.01.21-ний өдрийн 23 дугаартай тогтоол /хх2-26/, Баянзүрх дүүргийн .... хороо, А ХХК-ийн ... дүгээр байрны УДДТөвийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан акт /хх2-27-28/, Төрийн банкны харилцах дансны хуулга /хх2-29, 30/, Б ХХК, И ХХК-ийн хооронд 2020.01.29-ний өдөр байгуулсан 02 дугаартай Мэргэжлийн байгууллага болон И ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ /хх2-95-97/, 2022.12.26-ны өдрийн итгэмжлэл /хх2-145/,

 

5.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-аас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх2-8/, тайлбар /хх2-14/,

 

5.5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2022.04.19-ний өдрийн 01/702 дугаартай албан бичиг /хх1-202/, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Т ХХК-ийн хооронд 2021.11.29-ний өдөр байгуулсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ /хх1-203-210/, Т ХХК-ийн 2022.03.28-ны өдрийн 2022/78 дугаартай албан бичиг /хх1-211/, 2022 оны 03 сараас 3216 дугаартай гэрээний эх үүсвэрт өөрчлөлт оруулах акт№03 /хх1-212/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх1-213/, Ус сувгийн удирдах газар, А ХХК-ийн хооронд 2020.06.11-ний өдөр байгуулсан хэрэглэгчийн бүртгэл 24083400 Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ /хх1-216-218/, гэрээ хийх өргөдөл /хх1-219/, зааг эзэмшлийн зураг /хх1-220/, Э..ны 2022.04.20-ны өдрийн 5/395 дугаартай албан бичиг /хх1-221/, Ж ХХК-ийн 2019.10.15-ны өдрийн 02/1901-210 дугаартай Э..нд хүргүүлсэн албан бичиг, хавсралт /хх1-222-247/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.09.13-ны өдрийн 10/7647 дугаартай албан бичиг /хх2-63/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх2-64-65/, Э..ны 2022.09.19-ний өдрийн 4/883 дугаартай албан бичиг /хх2-67/, 2019.05.15-ны өдрийн 02/1902 дугаартай иргэн Д.Н , Ж ХХК-ийн хооронд байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ /хх2-68-71/, иргэн Д.Н гийн захиалгаар баригдсан ... тоот 77 айлын УДДТөвийн тоног төхөөрөмжийг Ж ХХК-д актаар хүлээлгэн өгсөн хөрөнгийн жагсаалт /хх2-72-73/, Э..ны 2022.11.02-ны өдрийн 6/1087 дугаартай албан бичиг /хх2-80/, Э..ны 2019.06.20-ны өдрийн 298 дугаартай Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай тогтоол /хх2-81/, Э..ны 2020.12.10-ны өдрийн 557 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай тогтоол /хх2-82-83/, Э..ны 2021.07.08-ны өдрийн 406 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай тогтоол /хх2-84-85/, Э..ны 2022.08.25-ны өдрийн 448 дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай тогтоол /хх2-86/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022.11.02-ны өдрийн 01/648 дугаартай албан бичиг /хх2-87/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015.02.26-ны өдрийн 14 дугаартай Ж ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоол, тусгай зөвшөөрөл /хх2-88, 89/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019.01.19-ний 06 дугаартай Ж ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай тогтоол /хх2-90/, гэрч А.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх2-100-106/,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г


1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч А ХХК-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02/1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагааг хууль бусаар зогсоосны улмаас төлөгдөөгүй байгаа 2020 оны 6, 7, 8, 9 саруудын ус дулааны төлбөр болох 14,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж, тодруулсан. Үүнд:

- 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Т ХХК, Б ХХК, Н ХХК-тай А ХХК нь давхардуулан байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02/1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг даалгуулах гэж нэмэгдүүлсэн.

- 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02\1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.

- 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02\1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, Т ХХК, Б ХХК, Н ХХК-тай А ХХК нь давхардуулан байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан.

- 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 02\1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох гэж тодруулж өөрчилсөн.

- 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа А ХХК, иргэн Д.Н нарын Т ХХК болон Б ХХК-тай тус тус давхардуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж өөрчилсөн.

- 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагчаар Д.Н г оролцуулах хүсэлтийг гаргасан ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Д.Н г оролцуулсан.

- 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээдээр Т ХХК, Б ХХК-ийг оролцуулах хүсэлтийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус компаниудыг оролцуулсан.

 

3. Хариуцагч А ХХК болон иргэн Д.Н нар нь нэхэмжлэгч Ж ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг нэмэх эсэх асуудлыг Э..ноос шийдвэрлэхдээ ... дүгээр байр бусад хуулийн этгээдийн хамаарал бүхий хэсэг байна, тийм учраас И ХХК болон бусад компаниудаас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйлчлэх хүрээнд оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж хариу өгсөн асуудалд хариуцагч нар хамааралгүй, гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээ хэлцлийн хувьд ямар нэгэн хууль зөрчсөн агуулгатай хэлцэл биш, давхцуулсан гэдэг шалтгаанаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК нь Э..ны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүднээс Т ХХК, г ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2019 оноос Э..ны тусгай зөвшөөрлийн албанаас дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулж байгаа, иргэн Д.Н , А ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр ... дүгээр байрны 77 айлын ашиглалт, тоног төхөөрөмж шилжүүлэн авах гэрээг хийж Э..ноос гаргасан тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК нь Б ХХК, г ХХК хамтран дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Т ХХК-ийн нэр дээр авч үйл ажиллагаа явуулж байгаа, тус компани иргэн Д.Н , А ХХК-тай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээг байгуулаагүй учир тайлбар өгөх боломжгүй, тухайн гэрээний талууд байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр гэж үзэж байхад хүчингүй болгох үндэслэл харагдахгүй байна гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1. А ХХК, иргэн Д.Н нарын захиалгаар Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ажиллаж, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2019/119 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан.

 

6.2. Иргэн Д.Н , А ХХК нар нь Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны барилгыг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2019 оны 5 дугаар сарын 15-ний өдөр Ж ХХК-тай 02/1902, 02/1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан.

 

6.3. Ж ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заагдсан нитийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 00139 дугаартай тусгай зөвшөөрлийг авч, улмаар тусгай зөвшөөрлийг хугацааг сунгуулж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 00284 дугаар Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд иргэн Д.Н , А ХХК нартай байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан ... дүгээр байрыг нэмүүлж бүртгэл хийлгэсэн байна.

 

6.4. Э..нд Ж ХХК нь иргэн Д.Н , А ХХК нартай байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан ... дүгээр байрыг тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байх ба Э..ноос 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/1482 дугаар албан бичгээр хариу өгчээ. Уг албан бичигт ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлалтай А ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан байрыг дулаанаар хангаж буй халаалтын цогц төхөөрөмж бүхий ус, дулаан дамжуулах төвийг тухайн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орж буй орон сууцны барилгуудыг барьсан иргэн Д.Н , А ХХК, И ХХК, Х ХХК, А ХХК-ууд хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн учир ус, дулаан дамжуулах төв, дулаан сүлжээг иргэн Д.Н дангаараа шилжүүлэх эрхгүй юм. Иймд танай компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна... гэжээ.

 

6.5. Ж ХХК-аас Э..нд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг дахин гаргасан байх бөгөөд Э..ны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 5/344 дугаартай албан бичигт ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ... дугаартай орон сууцыг иргэн Д.Н гийн захиалгаар А ХХК нь барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус байрны дулаан түгээх, хангах, ашиглалтын үйл ажиллагаа, өмч хөрөнгийг иргэн Д.Н нь дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэй танай компани болон Т ХХК, тусгай зөвшөөрөлгүй Н ХХК-уудад шилжүүлэхээр давхцуулан гэрээ хэлцэл хийсэн байна. Мөн ... дүгээр байрыг дулаанаар хангаж буй халаалтын цогц төхөөрөмж бүхий ус, дулаан дамжуулах төвийг тухайн нутаг дэвсгэрт шинээр барилга байгууламж барьж буй иргэн Д.Н , А ХХК, И ХХК, Хос цайз ХХК-ууд хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдвэрэсэн учир ус, дулаан дамжуулах төв, дулаан түгээх сүлжээг иргэн Д.Н дангаараа шилжүүлэх эрхгүйгээс гадна, тус ус, дулаан дамжуулах төвийн 2 дугаар хэлхээнээс холбогдсон барилга байгууламжийг нийтэд нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцан ажиллахаар болсон үед ... дугаартай орон сууцыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчлэх хүрээнд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтойг үүгээр мэдэгдэж байна... гэжээ.

 

6.6. Иргэн Д.Н ,нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Б ХХК-тай Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 айлын орон сууцны барилгын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтын үйл ажиллагааг хариуцуулахаар 01 дугаартай Мэргэжлийн байгууллага болон иргэн Д.Н хоорондын хамтран ажиллах гэрээ-г байгуулсан.

 

Мөн А ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б ХХК-тай Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 айлын орон сууцны барилгын ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтын үйл ажиллагааг хариуцуулахаар 20/03 дугаартай Мэргэжлийн байгууллага болон А ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ-г байгуулсан байна.

 

6.7. Т ХХК нь Э..ноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ба Б ХХК, Т ХХК, г ХХК-ууд хамтран Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд эрхлэн явуулдаг байна.

 

Э..ны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Т ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд Баянзүрх дүүргийн .... хороонд байрлалтай 0,42 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай ... дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төвийг нэмж баталжээ.

 

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А ХХК, Д.Н нар нь тус компанитай Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны барилгын ашиглалтын асуудлаар гэрээ байгуулсан хирнээ Б ХХК, Т ХХК-тай давхардуулан гэрээ байгуулснаас үүдэн Э..ноос Ж ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх боломжгүй, давхардуулан байгуулсан гэрээг хүчингүй болгож ирэх шаардлага тавьсан тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

8. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А ХХК, иргэн Д.Н нар нь Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны барилгыг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах ажлыг хариуцуулах гэрээг нэхэмжлэгч Ж ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-тай тус тус байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

9. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд Э..ны бүрэн эрхийн талаар зохицуулсан ба 9.1.2-т энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 9.1.3-т тусгай зөвшөөрөд эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, 23 дугаар зүйлийн 23.1-д Тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан бол тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг шинэчлэх буюу түүнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан

 

Ж ХХК нь иргэн Д.Н , А ХХК нартай байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт баригдсан ... дүгээр байрыг тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмүүлэх хүсэлтийг Э..нд гаргахад тус хорооноос ... дүгээр байрны асуудлаар давхардуулан гэрээ байгуулснаас гадна, ... дүгээр байрыг дулаанаар хангаж буй халаалтын цогц төхөөрөмж бүхий ус, дулаан дамжуулах төвийн 2 дугаар хэлхээнээс холбогдсон барилга байгууламжийг нийтэд нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцан ажиллахаар болсон үед ... дугаартай орон сууцыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчлэх хүрээнд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтойг мэдэгдсэн байна.

 

Тус хариунаас үзэхэд Э..ноос Ж ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээ нэмүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ үйл ажиллагаандаа мөрддөг хууль тогтоомжийн хүрээнд хүсэлтийг хянаж хариу өгсөн байх бөгөөд ... дүгээр байрны хувьд зөвхөн аж ахуйн нэгжүүдийн гэрээ давхардсан үндэслэлээр тус компанийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт хийхээс татгалзаагүй болох нь тогтоогдож байна.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК, иргэн Д.Н нарын Т ХХК болон Б ХХК-тай тус тус давхардуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэгт А ХХК, иргэн Д.Н нар нь Т ХХК-тай гэрээ байгуулсан гэрээ нотлох баримтаар авагдаагүй.

 

Хариуцагч нар нь Т ХХК-тай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээг байгуулаагүй болох нь хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн тайлбараар тогтоогдож байна.

 

11. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан бөгөөд гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохуйц хэлцэлд Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хэлцэл хамаарна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч А ХХК, иргэн Д.Н нар тус компанитай байгуулсан гэрээний асуудлаар гэрээ давхардуулан байгуулснаар эрх ашиг нь хөндөгдсөн гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан боловч Иргэний хуульд заасан ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж буйг тодорхойлоогүй, зөвхөн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэл болгон тайлбарлаж мэтгэлцсэн.

 

Хариуцагч Д.Н , Б ХХК нарын хооронд 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 01 дугаартай Мэргэжлийн байгууллага болон иргэн Д.Н хоорондын хамтран ажиллах гэрээ болон А ХХК, Б ХХК нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 20/03 дугаартай Мэргэжлийн байгууллага болон А ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ-г Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд А ХХК, иргэн Д.Н нар нь дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан нь хууль зөрчөөгүй.

 

Эдгээр гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл, 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах үндэслэлийг хуульд зааснаар тодорхойлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусад этгээдтэй гэрээ давхардуулан байгуулсан гэх үндэслэлээр хариуцагч Д.Н , А ХХК нарын Б ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

 

12. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч А ХХК, иргэн Д.Н нарын Т ХХК болон Б ХХК-тай тус тус давхардуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас 14,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөгийг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар өөрчилж улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нэмж төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,850 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдорж нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн аваагүй, тэрээр хүсэлтийн шатанд энэ талаар хүсэлт гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөр Г.Баттөмөр, Х.Наранзул нарыг оролцуулж байсан, шүүхээс нэхэмжлэг талыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК, иргэн Д.Н нарын Т ХХК болон Б ХХК-тай тус тус давхардуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 227,850 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР