Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00489

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00489

 

 

Ж.Э.Б.Ө.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00088 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК, Д.Н нарт холбогдох

Түмэн наяд хайрхан ХХК болон Баян газрын хишиг ХХК-тай байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ж.Э.Б.Ө.Т ХХК болон А ХХК нар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүртгүүлсэн. Харин энэ гэрээгээ Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлэх гэсэн боловч гэрээ байгуулсны дараа, А ХХК, иргэн Д.Н нар нь Түмэн наяд ХХК, Баян газрын хишиг ХХК-уудтай давхцуулан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Үүний улмаас Эрчим хүчний зохицуулах хорооноос манай компанийн байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг бүртгэж зөвшөөрөл олгохоос татгалзсан. Иймд хариуцагч А ХХК, иргэн Д.Н нарын Түмэн наяд хайрхан ХХК, Баян газрын хишиг ХХК-тай тус тус давхцуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Ж.Э.Б.Ө.Т ХХК нь А ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах 77 айлын орон сууцны барилгын халаалт, цэвэр бохир усны ашиглалтын конторын үйл ажиллагааг хариуцан ажиллахаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээг А ХХК-тай байгуулсан боловч Ж.Э.Б.Ө.Т ХХК нь гэрээний дагуу дээрх орон сууцны барилгын конторын үйл ажиллагаа явуулаагүй, дулаан, усны гэрээг шилжүүлж авч өрхийн тариф руу шилжүүлээгүй, айл өрхийн 2019 оны 06 дугаар сарын төлбөрийг хураан авсан боловч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон Ус сувгийн удирдах газарт төлөөгүй, өнөөдрийг хүртэл манай А ХХК ус дулааны төлбөрийг айл өрхүүдээс хураан авч төлбөрийг төлж байна. Бид дээрх төлбөрийг оршин суугчдаас айл өрхийн тарифаар хураан авч төлбөр хүлээн авагч байгууллагуудад аж ахуйн нэгж байгууллагын тарифаар төлж санхүүгийн хувьд алдагдалтай байгаа. А ХХК болон иргэн Д.Н нар анх Ж.Э.Б.Ө.Т ХХК-тай гэрээ байгуулсан, уг гэрээнүүдийг Эрчим хүчний зохицуулах хороонд хуулийн дагуу хүргүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэд хэдэн үндэслэлээр 104 дүгээр байрыг нэхэмжлэгчийн үйлчлэх хүрээнд оруулахгүй гэдэг хариу ирсэн. Уг хариунаас харахад дангаараа Д.Н гэдэг хүн шийдвэрлэх эрхгүй, харьяалж байгаа 104 дүгээр байр бусад хуулийн этгээдийн хамаарал бүхий хэсэг байна, тийм учраас Их сүндэр констракшн ХХК болон бусад компаниас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйлчлэх хүрээнд оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэд хэдэн удаа татгалзсан хариу өгсөн. Хэргийн гол хариуцагч нь Эрчим хүчний зохицуулах хороо гэдгийг нэхэмжлэгч тал ойлгосны үндсэн дээр 2 жилийн дараа захиргааны шүүхэд хандсан байна.

2.2.А ХХК болон Д.Н нартай байгуулсан гэрээ хэлцлийн хувьд ямар нэгэн хууль зөрчсөн агуулгатай хэлцэл байхгүй. Давхцуулсан гэдэг шалтгаанаар шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзэх хэлцэл биш учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баян газрын хишиг ХХК-ийн тайлбарын агуулга:

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Нтай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 104 дүгээр байр үйлчилгээний төвтэй 77 айлын ашиглалт, тоног төхөөрөмж шилжүүлэн авах гэрээг хийж Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу иргэн Д.Нгийн нэр дээрх гэрээг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас шилжүүлэн авч дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг явуулж байна. 104 дүгээр байрны гэрээг шилжүүлж авах явцад Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас 5043 тоот гэрээнд 31,060,000 төгрөгийн өр төлбөр үүссэн байсан, уг өр төлбөрөөс манай компани 15,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн, үлдэгдэл төлбөр 16,060,000 төгрөгийг иргэн Д.Н болон А ХХК төлж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас манай компанийн 3216 тоот дулааны гэрээнд шилжүүлсэн. 104 дүгээр байрны 1319561 тоот дулааны тоолуур нь манай Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай 3216 тоот гэрээгээр хангагддаг 68290055 тоот дулааны тоолуураар нэгтгэн гардаг Ус, дулаан дамжуулах төвийн 2-р хэлхээнд холбогдсон байгаа тул Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу ашиглалтын үйл ажиллагааг тогтоол гаргах замаар шилжүүлэн авч ачааллаа нэмэгдүүлдэг. Тухайн үед 2020 оны 06 дугаар сард хорооноос А ХХК, Түмэн наяд хайрхан ХХК, Баян газрын хишиг ХХК, Адтай ноён ХХК, Жи Би Өү Ти ХХК-уудыг дуудаж ирүүлэн хурал хийж Жи Би Өү Ти ХХК-д Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас өртэй дээрх гэрээг шилжүүлж ашиглалтыг хариуцуулах боломжгүй, өр төлбөрийн үлдэгдэлтэйг захирал С.Алтанчимэг хүлээн зөвшөөрсөн. Улмаар манай компанийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Түмэн наяд хайрхан ХХК-ийн тайлбарын агуулга:

2019 онд Түмэн наяд хайрхан ХХК, Баян газрын хишиг ХХК, Гурван оргил таун ХХК хамтран дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Түмэн наяд хайрхан ХХК-ийн нэр дээр авсан бөгөөд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууц нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэгдсэн. Манай байгууллага А ХХК-тай гэрээ хийгээгүй, Баян газрын хишиг ХХК нь А ХХК-тай гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд байрыг нэмүүлсэн учраас гэрээтэй холбоотой асуудлаар тайлбар өгөх боломжгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК, иргэн Д.Н нарын Түмэн наяд хайрхан ХХК болон Баян газрын хишиг ХХК-тай тус тус давхардуулан байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 227,850 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Манай компанийн зүгээс гаргасан хүсэлтүүдийг Эрчим хүчний зохицуулах хороо нь ...нэмэлтээр бүртгүүлэх хүсэлт гаргасан 104 дүгээр байрыг иргэн Д.Н, А ХХК, Их сүндэр ХХК, Хос цайз ХХК, Адтай ноён ХХК-уудын хамтарсан хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн учир ус дулаан дамжуулах төв, дулаан түгээх сүлжээг иргэн Д.Н дангаараа шийдвэрлэх эрхгүй байна гэж татгалзаж байсан атлаа Түмэн наяд хайрхан ХХК-д нэмэлтээр бүртгэх шийдвэр гаргахдаа энэ шаардлагаа тавиагүй. Түүнчлэн Түмэн наяд хайрхан ХХК-ийн нэр дээр нэмэлтээр бүртгэж байгаа шийдвэр гаргахдаа огт өөр компани болох Баян газрын хишиг ХХК-ийн иргэн Д.Нтай хийсэн гэрээг үндэслэсэн байгаа нь илт хууль бус ажиллагаа болсон. Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг бүрэн бодитой үнэлээгүй. Хэрэглэсэн хуулийн заалт нь тухайн асуудал, нэхэмжлэлийн шаардлагад огт нийцэхгүй үнэлэлт дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ... хариуцагч А ХХК, иргэн Д.Н нар нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 104 дүгээр 77 айлын орон сууцны барилгыг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах ажлыг хариуцуулах гэрээг нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-тай байгуулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа А ХХК, иргэн Д.Н нар нь Түмэн наяд хайрхан ХХК-тай ашиглалт хариуцуулах хамтарч ажиллах гэрээ байхгүй талаар хэрэгт хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй. Мөн үндэслэх хэсгийн 11-д ... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж дурдсан атлаа гэрээ байгуулаагүй Түмэн наяд хайрхан ХХК-д зөвшөөрөл олгосон асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

6.2.Эрчим хүчний зохицуулах хороо ашиг сонирхлын зөрчил гаргаж, шүүхийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад нууцаар хууль бусаар өөр компанид зөвшөөрөл олгосон байсан тул энэхүү иргэний хэргийн маргааныг шийдвэрлүүлэхээс өмнө уг хууль бус тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага урган гарсан. Иймээс бид уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хуульд заасан үндэслэл журмыг баримтлалгүй шүүх хуралдааныг тухайн цагт нь үргэлжлүүлэн хийж, хууль бус шийдвэр гаргасан.

6.3.Жи Эй Өү Би Ти ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Г.Баттогтох, Х.Наранзул нараас албан ёсоор татгалзсан тухайгаа мэдэгдэж, дахин өмгөөлөгч авах хүсэлтийг гаргахад шүүхээс хангаагүй бөгөөд талуудыг мэтгэлцэх болон өмгөөлөгч авах эрхийг хангалгүй хуульд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Нэхэмжлэгчийн эрхийг тусгай зөвшөөрөл олгодог захиргааны байгууллага хөндсөн. Гэтэл нэхэмжлэгч нь А ХХК болон Д.Н нар эрх ашгийг нь хөндөөд байгаа мэтээр нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулснаас хойш хэд хэдэн удаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос тус байгууллагатай хамтран ажиллах боломжгүй, мөн нэхэмжлэлийн хүрээнд цаашид хамруулах боломжгүй гэсэн хариуг 2020 оноос хойш удаа дараа өгсөн. Анхнаасаа энэ хариу болон тогтоол гарсны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргаж оролцох нь зүйтэй байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа илт үндэслэлгүй, тодорхойгүй буюу тусгайлсан шаардах эрх олгохгүй хуулийн зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэлээ хэлэлцүүлж явсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

7.2.Түүнчлэн хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж гомдолд дурдсан байна. Шүүх хуралдааны эхэнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж, хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ямар нэгэн хүсэлтгүй, шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцох боломжтой гэж тайлбарласан. Үүний дагуу шүүх хуралдаан үргэлжилсэн, хэлэлцүүлгийн үе шат дуусаж, нотлох баримт шинжлэн судалж дууссаны дараа би өмгөөлөгчтэйгөө оролцох байсан гэсэн асуудлыг ярьсан учир шүүх үүнийг нь авч хэлэлцээгүй. Тэгэхээр шүүхийн зүгээс нэхэмжлэгчид хангалттай эрх олгосон учраас хэргийг шийдвэрлэж, зохигчийн хүсэлтийн дагуу хэргийг хэлэлцүүлсэн нь буруу биш.

7.3.Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул иргэний хэргийг түдгэлзүүлэх ёстой гэдэг агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа асуудал нь 2021 онд Эрчим хүчний зохицуулалтын хорооноос гаргасан тогтоолтой холбоотой. Гэтэл энэ маргаан үүнээс өмнөх буюу 2019, 2020 оны гэрээнүүдтэй холбоотой маргаан юм. Гэрээ эхэлж байгуулагдсан, уг гэрээний асуудлыг эхэлж шийдвэрлэх ёстой байсан учраас шүүх уг гэрээтэй холбоотой хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь зөв. Үүнээс хойш гарсан тогтоолтой холбоотой маргаан нь энэ хэргийг түдгэлзүүлэх эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК нь анх хариуцагч А ХХК-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээний дагуу ус, дулааны төлбөр 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилж, сүүлийн байдлаар хариуцагч А ХХК, иргэн Д.Н нарт холбогдуулан тэдгээрийн Түмэн наяд хайрхан ХХК болон Баян газрын хишиг ХХК-тай тус тус байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... А ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/1903 дугаартай Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулж, Эрчим хүчний зохицуулах хороонд бүртгүүлэх гэсэн боловч А ХХК, иргэн Д.Н нараас Түмэн наяд ХХК, Баян газрын хишиг ХХК-уудтай давхцуулан байгуулсны улмаас зөвшөөрөл олгохоос татгалзсан, давхардуулж байгуулсан Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж,

Хариуцагч А ХХК болон иргэн Д.Н нар татгалзлын үндэслэлээ ... Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг нэмэх эсэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооноос шийдвэрлэхдээ тус байр бусад хуулийн этгээдийн хамаарал бүхий хэсэг байна, Их сүндэр констракшн ХХК болон бусад компаниас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйлчлэх хүрээнд оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж хариу өгсөн асуудалд хариуцагч нар хамааралгүй, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг давхцуулсан гэдэг шалтгаанаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баян газрын хишиг ХХК нь А ХХК болон иргэн Д.Н нартай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны ашиглалт, тоног төхөөрөмж шилжүүлэн авах гэрээг хийж, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж, Түмэн наяд хайрхан ХХК нь А ХХК болон иргэн Д.Н нартай нэхэмжлэлд дурдсан гэрээг байгуулаагүй гэж тус тус тайлбарлажээ.

3.2.Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 77 айлын орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах ажлыг нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-д хариуцуулахаар харилцан тохиролцож, уг гэрээг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлд бүртгээгүй болох нь тус байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/1482, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5/344 дугаар албан бичгүүдээр тогтоогдсон байна.

3.3.Улмаар тус барилгыг дулааны эрчим хүчээр хангуулах талаар хамтран ажиллах гэрээг хариуцагч Д.Н 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, хариуцагч А ХХК 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус тус бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баян газрын хишиг ХХК-тай байгуулжээ. Харин гуравдагч этгээд Түмэн наяд хайрхан ХХК-тай гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Түмэн наяд хайрхан ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд тус барилгыг нэмж баталсан байна.

3.4.Хүсэл зоригийн илэрхийлэл нь ноцтой төөрөгдөл, хууран мэхлэх, хүч хэрэглэх нөлөөлөлд орсон этгээд нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болох бөгөөд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгчийн гэрээтэй давхардуулан байгуулсан гэх үндэслэл нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Хариуцагч А ХХК, иргэн Д.Н нараас хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчмын дагуу Баян газрын хишиг ХХК-тай гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хэн, хэрхэн зөрчсөн гэж үзэх, хэрхэн сэргээлгэх нь нэхэмжлэгчийн тодорхойлох асуудал бөгөөд нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа өөрчилж сүүлийн байдлаар дээрх байдлаар шаардлагаа дэмжиж, зохигчид тайлбар гарган мэтгэлцсэн байна.

 

4.Анхан шатны шүүх хариуцагч А ХХК, иргэн Д.Н нарт холбогдуулан гаргасан Түмэн наяд хайрхан ХХК, Баян газрын хишиг ХХК-уудтай тус тус давхардуулан байгуулсан гэх Ашиглалт хариуцуулж хамтран ажиллах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.1.Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрүүд болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах 77 айлын орон сууцны барилгыг нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-ийн тусгай зөвшөөрөлд бүртгэхээс татгалзсан, мөн гуравдагч этгээд Түмэн наяд хайрхан ХХК-ийн тусгай зөвшөөрөлд бүртгэсэн нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн гаргасан захиргааны байгууллагын шийдвэрт хамаарах тул уг шийдвэрүүдийг хуульд нийцсэн эсэхийг тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоохгүй.

5.2.Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2022/10761 дугаар захирамжаар Ж.Э.Б.Ө.Т ХХК-аас гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн ... Түмэн наяд хайрхан ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулгатай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд ... Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай, 042 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай 104 дугаартай орон сууц, 1 ус, дулаан дамжуулах төвд хамаарах хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээр Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэснийг анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй. Тухайн захиргааны хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх нь тус иргэний хэрэгт нөлөөлөхгүй.

5.3.Нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өмгөөлөгч Д.Баттогтох, Х.Наранзул нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дашдоржоос өмгөөлөгч оролцуулах талаар хүсэлт гаргаагүй, мөн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

6.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ж.Э.Б.Ө.Т ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э.Б.Ө.Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЗОЛЗАЯА