| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2018/01108/и |
| Дугаар | 995 |
| Огноо | 2019-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 995
Б.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2019/00988 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ш.М-д холбогдох
57 510 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Ш.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.М- нь Б.Б-оос 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2014 оны 9 дүгээр сард барилгын тусгай зөвшөөрөлтэй “А” ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөг зээлж авсан. Хэрэв яаралтай өр төлбөр нэхэгдсэн тохиолдолд “А” ХХК-ийг зарж, өр төлбөрөө барагдуулахаар тохиролцсон боловч өр төлбөрөө барагдуулахгүй байна. Хариуцагчийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилхад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн. Иймд нийт 24 070 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би нэхэмжлэгчээс ямар ч мөнгө зээлж аваагүй. Хэрвээ надад 24 000 000 төгрөг өгсөн бол зээлийн баримт хийх ёстой. 2016 оны 9 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. Мөнгө хүлээлцэж, өгөлцөж, авалцсан баримт байхгүй. Б.Б- нь барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байгуулж энэ асуудал дээр хөрөнгө оруулах боломжтой гэж хэлж байсан. Э.М- нь “А” ХХК-ийг 30 000 000 төгрөгөөр зарна гэж байсан ба Б.Б- 24 000 000 төгрөгт авахаар болсон. Энэ үед Б.Б- өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр хоёр компани байж болохгүй гэсэн. Мөн П.З- болон Д.Б- нар өөрийн нэр дээр компани эзэмшиж болохгүй гэсэн тул миний нэр дээр “А” ХХК-ийг шилжүүлсэн. Би 24 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Би тус “А” ХХК-тай ямар ч хамаагүй. Сүүлд 2016 оны баримт дээр нөхөж надаар гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.М-гээс 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б- хариуцагч Ш.М-гээс 33 440 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ш.М- давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь илтэд алдаатай, хууль зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч Батболд нь надад 2014 оны 9 дүгээр сард 24 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж маргаж байх боловч мөнгийг бодитоор надад хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй. Анхан шатны шүүх нь талуудын хооронд хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байсныг зээлийн гэрээний үүрэг, гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай шийдвэр гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй.
Б.Б- нь өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр 2 компани байж болохгүй гэсэн учраас миний нэр дээр 2012 оны 8 дугаар сард гэрээ хэлцлүүд хийгдээд миний нэр дээр “А” ХХК-ийг авсан болохоос би нэхэмжлээд байгаа 24 000 000 төгрөгөөс гар дээрээ 1 ч төгрөг бэлнээр авч, хувьдаа 1 ч төгрөг зарцуулаагүй. Б.Б- нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр надад "зээлийн мөнгө өгсөн гэж байгаа энэ баримтад гарын үсэг зураад өгөөч, татварын асуудал үүсээд байна, бидний хооронд мөнгө зээлсэн асуудал байхгүй юм чинь үүнийг би татварт үзүүлээд устгана" гэхээр би гарын үсэг зурсан асуудал байгаа, гэрч нарын мэдүүлэгт мөнгөн хөрөнгийг Б.Б-оос Ш.М-д шилжүүлээгүй бөгөөд мөнгө зээлсэн тухай баримтыг нөхөж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн харилцаа болон ямар нэгэн үүрэг хүлээх харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн надад үүрэг хүлээлгэн 24 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргав гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ш.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 510 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...мөнгийг бодитоор хүлээж аваагүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй” гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 33 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалттай нийцжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч надаас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “А” ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24 000 000 төгрөг зээлсэн, мөнгө зээлсэн тухай бичгийн баримт хийж өгсөн гэж тайлбарласан байна.
Хэргийн 4 дүгээр талд “...иргэн Бат-Очирын Батболдоос 2014 оны 9 дүгээр сард барилгын тусгай зөвшөөрөлтэй “А” ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор иргэн Шаравын Мягмарцэрэн нь 24 000 000 төгрөг зээлж авсан болно. Уг мөнгөөр дээрх компанийг худалдан авсан ба үйл ажиллагааны орлогоор өр төлбөрийг саадгүй төлөхөөр баталгаа гаргав. Яаралтай өр нэхэгдсэн тохиолдолд “А” ХХК-ийг шууд зарж өр төлбөрөө барагдуулахаар баталгаа гаргаж байна” гэж бичиж гарын үсгээ зурсан байна.
Мөн “А” ХХК хувьцаа эзэмшигч Э.М- 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр компанийн хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр Ш.М-д шилжүүлж, улмаар компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, хариуцагч мөн өдрөө тус компанийн үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
/хх 167, 168 дугаар тал/
Хариуцагч Ш.М- 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Мөнгө зээлсэн тухай баримт” хийсэн болохоо үгүйсгээгүй ч Б.Б- өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын хоёр компанитай учраас өөрийнх нэр дээр байж болохгүй, мөн П.З- Д.Б- нар өөрсдийн нэр дээр компани эзэмшиж болохгүй гээд миний нэр дээр “А” ХХК-ийг шилжүүлсэн, би 24 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Түүнчлэн хариуцагч Ш.М- Монголын Хуульчдын Холбоонд бичгээр гаргасан тайлбартаа 24 000 000 төгрөгийг компанийн хувьцаа худалдаж авах зорилгоор зээлж авсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагджээ. /хх 144 дүгээр тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хариуцагчаас 24 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 102/ШШ2019/00988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ц.ИЧИНХОРЛОО