Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00131

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1909 дүгээр магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Ш.М-д холбогдох,

24.070.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагч Ш.М-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.М- нь Б.Б-оос 2014 оны 09 сард барилгын тусгай зөвшөөрөлтэй Аалто ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24.000.000 төгрөг зээлж авсан. Зээлсэн 24.000.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 24.070.200 төгрөгийг хариуцагч Ш.М-гээс гаргуулж өгнө үү гэжээ.  Хариуцагч Ш.М- шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. 24.000.000 төгрөгийг зээлж аваагүй. Хэрвээ надад 24.000.000 төгрөг өгсөн бол зээлийн баримт хийх ёстой. 2016 оны 09 дүгээр сард ямар ч зээлийн хэлцэл болоогүй. Мөнгө хүлээлцэж, өгөлцөж, авалцсан баримт байхгүй. 2008-2010 онуудад Б.Б- гуай Шинэ дөл цогцолбор гээд барилгын 2 том обьектийг барьж байсан. Тэрээр Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани байгуулаад барилгын тусгай зөвшөөрөл ав, энэ асуудал дээр миний хувьд хөрөнгө оруулах боломжтой. 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулъя гэж ярьж байсан. Б.Б- гуай тусгай зөвшөөрөлтэй барилгын компани зарна гэсэн хүмүүс байдаг. Тийм юм судалж үзээч гэж хэлсэн. Тэр үед Б.Б- гуай Аалто ХХК-ийг олсон ба захирал н.Мөнхмандахаас компанийг 24.000.000 төгрөгт авахаар болсон. Б.Б-  хөрөнгө оруулалтыг нь хийж өгье гэсэн. 2012 оны 08 дугаар сарын эхээр хэлцлүүд хийгдээд Аалто ХХК-ийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Энэ үед Б.Б- гуай өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг барилгын компанитай учраас миний нэр дээр Аалто ХХК-ийг авсан. Би 24.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Би зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.М-гээс 24.070.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ш.М-гээс 33.440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603.451 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1909 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 278.300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 1909 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Зээлдэгч нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Б.Б-оос 2014 оны 8 дүгээр сард барилгын тусгай зөвшөөрөлтэй “Аалто” ХХК-ний хувьцааг худалдан авах зорилгоор Ш.М- нь 24,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгөөр дээрх компанийг худалдан авсан ба үйл ажиллагааны орлогоор өр төлбөрийг саадгүй төлөхөөр баталгаа гаргав” гэсэн гарын үсэг бүхий бичгийг зээлдүүлэгчид бичиж өгсөн байдаг. Эндээс зээлдэгч нь өөрөө зээл хүлээн авсан болохоо баталсан, мөн “Аалто” ХХК- ний хувьцаа Ш.М-д шилжсэн байгаа нь зээлийн мөнгө Ш.Мягмэрцэрэнд зарцуулагдсан болохыг хангалттай нотолж байна. Зээлийн гэрээний хувьд талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд заавал зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлэх албагүй, харин зээлдэгчийн хүсэлтээр түүний ашиг тусын тулд зарцуулагдсан байхад зээлийн мөнгийг хүлээн авсан гэж үзнэ. Ш.М-д зээлийн мөнгөөр “Аалто” ХХК-ний хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байгаа нь түүнийг “...төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө...’’-ийг хүлээн авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул зээлийн гэрээ байгуулагдсан тооцох хуулийн заалтад нийцэж байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 1909 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ш.М-гээс зээл 24.000.000 төгрөг, эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 24.070.200 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгчээс  мөнгө  зээлээгүй, Б.Б-  барилгын тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж аваад миний нэр дээр шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан 2016 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн Мөнгө зээлсэн тухай баримтад Ш.М- нь “...Б.Б-оос 2014 оны 9 дүгээр сард барилгын тусгай зөвшөөрөлтэй ААЛТО ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор 24.000.000 төгрөг зээлсэн болно. Уг мөнгөөр дээрх компанийг худалдан авсан ба үйл ажиллагааны орлогоор өр төлбөрийг саадгүй төлөхөөр баталгаа гаргав. Жич: яаралтай өр нэхэгдсэн тохиолдолд ААЛТО ХХК-ийг шууд зарж өр төлбөрөө барагдуулахаар баталгаа гаргаж байна” гээд гарын үсгээ зуржээ /хэргийн 4 дүгээр тал/.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Аалто” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Мөнхмандах нь 2012 оны 8 дугаар сарын 22-ний өдөр хувьцаагаа  бэлэглэлийн гэрээний журмаар Ш.М-д шилжүүлж, улмаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, хариуцагч нь мөн өдөр тус компанийн үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгэгджээ /хэргийн 30, 34-38, 63 дугаар тал/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуух хүсэлт гаргасныг шүүх хангасан, гэрч Д.Баатар “...Б.Б- хөрөнгө оруулж, надаар 24.000.000 төгрөгийг дамжуулж, Аалто ХХК-ийн өмнөх захирал Мөнхмандах гэх залууд өгсөн...” гэсэн, гэрч П.Зориг “...мөнгө зээлсэн тухай баримтыг би харж байсан, Б.Б- ийм юм биччихсэн ирээд Ш.М-гээр гарын үсэг зуруулаад өгөөч, татвар дээр компанийн асуудал гарсан гэж хэлсэн, ...би зураад өгчих гээд зуруулчихсан юм...” гэсэн мэдүүлгийг тус тус шүүхэд өгчээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй гэсэн бол давж заалдах шатны шүүх “...Аалто ХХК-ийг худалдан авах зорилгоор зохигч хамтарч ажиллаж байсан...” гэж үзсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бол  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан мөнгийг хэнд, хэдийд, ямар зорилгоор, хэрхэн яаж өгсөн болох нь тодорхой бусаас гадна зохигчийн хооронд зээлийн эсвэл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх нь хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь маргааны харилцааг тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн зохигчийн хэн нь тус компанийн үйл ажиллагааг хариуцан явуулах байсан, үйл ажиллагаа явуулсан эсэх, хувьцааны үнэд төлсөн мөнгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн  эсэх зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд эдгээр нь хэрэгт ач холбогдолтой байна.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүйгээс гадна шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагааг хангалттай гүйцэтгээгүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/02060 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1909 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 278.301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                                                     

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ