Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2023/00085

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Хүрээмарал сум, 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Лхагвадоржийн Сүхбаатар,

Хариуцагч: Баянхонгор аймаг, Галуут сум, 3 дугаар багт оршин суух, ВК71042313 регистрийн дугаартай, Боржигон овогт *******ийн *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бурмаа,

Хариуцагч: Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *******, Т.*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,200,000 төгрөгийг гаргуулах тухай гэж шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.         2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Т.*******тай уулзаад адуу зарна мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 2 жижиг адуу авахаар болж тухайн өдөр Т.*******ын данс руу эхнэрийн 5236051950 тоот дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Иймд Т.*******аас 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

2.         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсээ төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2021 оны 09 сарын 18-ны өдөр Т.*******тай уулзаад мөнгөний хэрэг байна гэхээр нь 2 жижиг адуу авахаар болж тэр өдрөө Т.*******ын эхнэрийн данс руу 1,200,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Тэр өдрөөс хойш мөнгөө ч буцааж өгөхгүй адуугаа ч өгөхгүй байгаа учир нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед ******* гэм буруугүй болох нь тогтоогдоод Т.******* нь хариуцлагаа хүлээж байсан. Өмгөөлөгчийн зардалд өг гэсэн тохироо хийж байгаагүй байх ******* хэлэхдээ энэ хэрэг дууссан дараа мөнгийг чинь өгье гэж байна гэж хэлж байсан гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.     Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн иргэн Т.******* миний бие нь *******тай тааралдаад надад 1,200,000 төгрөг өгөөд 3 адуу бариад өгөөч гэхээр нь би барьж өгсөн. Тэгээд барьж өгсөн 3 адууны хэргээр 2022 оны 2 дугаар сард 1 жилийн ял аваад бие болон сэтгэл санааны хохирол эдэлсэн учир *******т 1,200,000 төгрөг төлөхгүй. Харин ч би өөрөө нэхэмжлэл гаргамаар байна гэж маргаж байна.

2.2.     Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******т би адуу зарна гэж хэлээгүй. Мөнгө авсан нь бол үнэн. 2021 оны 09 сарын сүүлээр шөнийн 03 цагийн орчим эхнэр хүүхэдтэйгээ манайд ирээд хоносон. Маргааш өглөө нь 1,200,000 төгрөгөөр 3 жижиг адуу зарчих гэж гуйсан. Тийм үнэтэй 3 адуу байхгүй гэж хэлсэн. Гэхдээ манай худгаас мал нь ус уудаг байсан саахалт айл надад 3 жижиг адуу өгнө гэж хэлсэн байсан учраас тэдний адуунаас *******т 3 жижиг адуу барьж өгөөд явуулсан. Тухайн адуугаа ачиж яваад Байдрагийн гүүрэн дээр цагдаад баригдаад ******* бид хоёр хамтарч айлын адуу ачсан хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн. Гэтэл ******* бага насны хүүхэдтэй болохоор та хэргээ хүлээгээд хариуцлагаа хүлээчих 1,200,000 төгрөгийг өмгөөлөгчийнхөө хөлсөнд өг гэж хэлж байсан. Тийм болохоор би энэ мөнгийг нь өгч чадахгүй гэв.

3.   Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, *******ын хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Т.*******аас адуу худалдаж авахаар тохирч Т.*******ын эхнэрийн Хаан банкин дахь 5236051950 тоот дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн.

2.2. Тэр өдрөөс хойш мөнгөө ч буцааж өгөхгүй, адуугаа ч өгөхгүй байгаа.

2.3. ******* нь хариуцагч Т.*******д эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн зардалд өг гэх тохироо хийж байгаагүй.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Манайд ирж хоноод 1,200,000 төгрөгөөр 3 жижиг адуу зарчих гэж гуйсан. Тийм үнэтэй 3 адуу байхгүй гэж хэлсэн. Гэхдээ манай худгаас мал нь ус уудаг байсан саахалт айл надад 3 жижиг адуу өгнө гэж хэлсэн байсан учраас тэдний адуунаас *******т 3 жижиг адуу барьж өгөөд явуулсан.

3.2. Тухайн адуугаа ачиж яваад цагдаад баригдаад ******* бид хоёр хамтарч айлын адуу ачсан хэргээр шалгагдаж эхэлсэн. Гэтэл ******* бага насны хүүхэдтэй болохоор та хэргээ хүлээгээд хариуцлагаа хүлээчих 1,200,000 төгрөгийг өмгөөлөгчийнхөө хөлсөнд өг гэж хэлж байсан. Тийм болохоор би энэ мөнгийг нь өгч чадахгүй гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч Т.******* нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр адуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч *******, хариуцагч Т.*******ын эхнэрийн Хаан банкны 5236051950 дугаартай дансруу 1,200,000 төгрөг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

4.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч Т.*******аас 3 адуу хүлээн авсан боловч цагдаад баригдан, хулгайн адуу тээвэрлэсэн хэргээр буцаан хариуцагч Т.*******д өгч улмаар адууны өмчлөгчид шилжүүлэн өгсөн.

4.3. Тус эрүүгийн хэргээр хариуцагч Т.******* нь 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.

5. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэж үзэхэд зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Худалдах худалдан авах гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болно.

Түүнчлэн, Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.

Нэхэмжлэгч болон хариуцагч зарим үйл баримтыг өөр өөрөөр тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч адуу худалдан авахаар тохиролцож 1,200,000 төгрөгрийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, тухайн хүлээн авсан 3 адуу нь хулгайн адуу байсан болох нь тус тус тогтоогдож байх тул эрхийн доголдолтой эд хөрөнгө хүлээлгэн өгсөн.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно. гэж заасан.

Хариуцагч Т.******* нь адууны үнэ болох 1,200,000 төгрөгийг хүлээн авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй ба одоо адууг өгөх боломжгүй гэж маргаж байх тул нэхэмжлэгч ******* нь худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн адууны үнэ 1,200,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 249 дугаар зүйлийн 249.1-д нийцжээ.

Ийнхүү хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар адуу шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Харицагч Б.******* нь ...******* бага насны хүүхэдтэй болохоор та хэргээ хүлээгээд хариуцлагаа хүлээчих 1,200,000 төгрөгийг өмгөөлөгчийнхөө хөлсөнд өг гэж хэлж байсан. Тийм болохоор би энэ мөнгийг нь өгч чадахгүй гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.*******аас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ