Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 213/МА2023/00010

 

Л.Сүхбаатарын  нэхэмжлэлтэй

*******д холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Сүхбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *******тай уулзаад адуу зарна мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 2 жижиг адуу авахаар болж тухайн өдөр *******ын данс руу эхнэрийн 5236051950 тоот дансанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Иймд *******аас 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү

2.Л.Сүхбаатар нь 2021 оны 09 сарын 18-ны өдөр *******тай уулзаад мөнгөний хэрэг байна гэхээр нь 2 жижиг адуу авахаар болж тэр өдрөө *******ын эхнэрийн данс руу 1,200,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Тэр өдрөөс хойш мөнгөө ч буцааж өгөхгүй адуугаа ч өгөхгүй байгаа учир нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед Л.Сүхбаатар гэм буруугүй болох нь тогтоогдоод ******* нь хариуцлагаа хүлээж байсан. Өмгөөлөгчийн зардалд өг гэсэн тохироо хийж байгаагүй байх Л.Сүхбаатар хэлэхдээ энэ хэрэг дууссан дараа мөнгийг чинь өгье гэж байна гэж хэлж байсан гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн иргэн ******* миний бие нь Л.Сүхбаатартай тааралдаад надад 1,200,000 төгрөг өгөөд 3 адуу бариад өгөөч гэхээр нь би барьж өгсөн. Тэгээд барьж өгсөн 3 адууны хэргээр 2022 оны 2 дугаар сард 1 жилийн ял аваад бие болон сэтгэл санааны хохирол эдэлсэн учир Л.Сүхбаатарт 1,200,000 төгрөг төлөхгүй.

2.Л.Сүхбаатарт би адуу зарна гэж хэлээгүй. Мөнгө авсан нь бол үнэн. 2021 оны 09 сарын сүүлээр шөнийн 03 цагийн орчим эхнэр хүүхэдтэйгээ манайд ирээд хоносон. Маргааш өглөө нь 1,200,000 төгрөгөөр 3 жижиг адуу зарчих гэж гуйсан. Тийм үнэтэй 3 адуу байхгүй гэж хэлсэн. Гэхдээ манай худгаас мал нь ус уудаг байсан саахалт айл надад 3 жижиг адуу өгнө гэж хэлсэн байсан учраас тэдний адуунаас Л.Сүхбаатарт 3 жижиг адуу барьж өгөөд явуулсан. Тухайн адуугаа ачиж яваад Байдрагийн гүүрэн дээр цагдаад баригдаад Л.Сүхбаатар бид хоёр хамтарч айлын адуу ачсан хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн. Гэтэл Л.Сүхбаатар бага насны хүүхэдтэй болохоор та хэргээ хүлээгээд хариуцлагаа хүлээчих 1,200,000 төгрөгийг өмгөөлөгчийнхөө хөлсөнд өг гэж хэлж байсан. Тийм болохоор би энэ мөнгийг нь өгөхгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******аас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Сүхбаатарт олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Сүхбаатарт олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

1. Л.Сүхбаатар нь 2021 оны 9 сард надтай хамтран айлын адуу ачсан. Манай худгаас ус уудаг айлынх,  худаг надаас аваад 3 жижиг адуу өгнө гэсний үндсэн дээр айлаас аваад түүнийг Сүхбаатарт өгсөн. Сүхбаатар айлаас авсан гэдгийг мэдэж байсан боловч цагдаа шалгаад ирэнгүүт би бага насны хүүхэдтэй та дангаараа хүлээчих би танаас мөнгө төгрөг эргүүлж авахгүй гэж хэлээд бид харилцан тохирч, би шүүхээр эрүүгийн хариуцлага хүлээсэн.

2. хэрэг явдал дууссаны дараа гэнэт, та мөнгө өгч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан хүн ёсны жудаггүй үйлдэл гэж би бодож байна. Иймд дээрх шийдвэрийг харгалзаж үзэж тус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь:

1.Нэхэмжлэгч Л.Сүхбаатар нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь эс зөвшөөрч  маргаан үүсгэжээ.

2.Нэхэмжлэгч Л.Сүхбаатар, хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр адуу худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож    нэхэмжлэгч Л.Сүхбаатар нь хариуцагч *******ын эхнэрийн Хаан банкны 5236051950 дугаартай данс руу  адууны үнийн 1,200,000 төгрөг шилжүүлжээ. (хавтаст хэргийн 6 дугаар тал)

3. Хариуцагч ******* нь 3 адуу хулгайлж,  хариуцагч *******д  шилжүүлэн өгөх явцдаа баригдаж  Эрүүгийн хариуцлага хүлээсэн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг байхад  доголдолтой эд хөрөнгө шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэж дүгнэн  улмаар нэхэмжлэгч Л.Сүхбаатар нь худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн адууны үнэ 1,200,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.” гэж заасантай нийцжээ.

5. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар адуу шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 1,200,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй  байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

6. Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2023/00085  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар хариуцагчийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ