Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/00488

 

 

 

 

                                                                   

 

 

 

                             2023       01         18

         101/ШШ2023/00488

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, шүүгч З.Б, шүүгч Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “К” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: хаягт оршин байрлах Баянзүрх дүүргийн Пын газар,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Монгол Улсын З,

 

Гэм хорын хохиролд 303,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Э, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч Х.Н, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Пын газрын төлөөлөгч Н.М иргэдийн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ичинхорлоогийн Э намайг БЗД-ийн Цагдаагийн хэлтэс 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баривчилж МУ-ын ЭХ-ийн 148-р зүйлийн 148.4-т заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтэн, яллагдагчаар татаж бүтэн 5 жилийн турш мөрдөн шалгасаар 2013.05.16-ны өдөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. 5 жилийн хугацаанд шалгах явцад БЗД-ийн шүүх 2011.07.01-ны өдрийн 330-р шийтгэх тогтоолоороо 10 жил 1 сарын хорих ял оноож нийт 247 хоног цагдан хорьсон болно. Иймд “К” ХХК-ний үйл ажиллагаа бүрэн зогсож, Дархан хотын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 310-тай Мансардан давхарлагаа хийх 4 орцтой 5 барилгын ажил хийгдэхгүйд хүрсэн юм. Иймээс Дархан хот Дархан сум р баг  хороолол байрны нэмэлт давхрын ажлыг хийх байсан компанийн ашиг болох 303,750,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү.

Энэ компани нь 2001 онд байгуулагдсан. Барилга угсралт авто зам барих зөвшөөрөлтэй. Захирал намайг БЗД-н цагдаагийн газар 2009.7.15-нд баривчлан Эрүүгийн хуулийн 148-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 5 жил шалгаж 2013 онд хэрэг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд БЗД-н шүүхийн шийтгэх тогтоолоор 10 жил хорих ял оноож цагдан хорьсон. Улмаар компанийн үйл ажиллагаа зогсож Дархан хотод ажил хийгдээгүй. Иймд орон сууцны нэмэлт давхрыг хийх байсан 303 750 000 мөнгийг нэхэж байна. Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү. СӨХ-н гэрээтэй тул нэхэмжлэл гаргасан. Мансарт барих төсвийг орон сууц захиалагчаас авч барина. Эрүүгийн журмаар шалгаж байх үед албан ёсоор компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй ба би хоригдсон тул зогссон. Дараагийн цагдан хоригдсон нь би Пын хяналтад хэд хоног очоогүйгээс болж хорьсон. Мансарттай холбоотойгоор 3-4 сая төгрөгийн зардал гарсан. Ял шийтгэгдсэн хэрэг нь энэ хэргийн нэхэмжлэлд байгаа Мансарттай холбоогүй. Захиалагчтай гэрээ хийгээгүй байсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч Ц.Ням-Очир нь шүүхэд, төлөөлөгч Х.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И-н Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. И.Э нь Эрүүгийн хууль (2002 он)-ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цагаатгасан. Нэхэмжлэгч энэ хугацаанд 247 хоног цагдан хоригджээ. Нэхэмжлэгч Засгийн газраас өөрийн эрхлэн ажиллуулж байсан “К” ХХК-ын үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд энэ хугацаанд тус компани нь Дархан хотод мансардан давхарлагаа хийх ажлын захиалгатай байсан ба тухайн ажлаас олох ашиг болох 303.750.000 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;” үүрэгтэй байхаар заасан. Мөн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэлийн дүнг тооцоолсон аргачлал, зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээ төрүүлэхээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хуулийн 25.2.2-т нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Мөн 40.2-т нотлох баримтыг үнэлэх талаар заасан. Хэрэгт байгаа баримтаар бол ашиг олох байсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нь Дархан хотод 2007 онд зөвшөөрөл авагдсан гэдэг. Гэтэл 2009 онд баривчилсан гэж байна. Гүйцэтгэх байсан ажил нь төсвийн хөрөнгөөр хийх байсан тул тэр ондоо дуусгах ёстой байсан. Үүнээс ямар ашиг олох байсан нь тодорхойгүй. 303 750 000 төгрөгийн ашиг олох байжээ гэдгийг нэг компани нь тодорхойлоод байдаг. Шалгагдсан хүн нь ганцаараа ажил гүйцэтгэхгүй байсан байх. Энэ хүн цагдан хоригдсоноос компанийн үйл ажиллагаа зогссон гэдэг нь үндэслэлгүй. Гэрээнээс гадна гүйцэтгэх ажилтан нь инженер байна. Цагдан хоригдоод гарсны дараа үйл ажиллагаа явуулах боломжтой байсан боловч үүргээ гүйцэтгээгүй нь өөрийнх нь буруу бөгөөд Зт хамааралгүй. Иргэнийг эрүүгийн хэрэгт шалгасан нь байгууллагын үйл ажиллагаанд хамаагүй гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Пын газрын төлөөлөгч Н.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн этгээдийн нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. 247 хоног хоригдсон талаар нэхэмжилсэн эсэх нь эргэлзээтэй. Мөн хуулийн этгээдийн ашиг нэхэж байгаа нь эргэлзээтэй. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон гэх баримтгүй. Мансартай байрны захиалгыг 2008 оноос авч байрыг борлуулсан гээд нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь үйл ажиллагаа явуулаад борлуулалт хийгдсэн байна. Хэрэгсэхгүй болгосон хэргийн тогтоолоос үзэхэд алдагдалд орсон гэх баримтгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үйл ажиллагаа явуулсан бол жилийн хугацаа байсан. Хийж эхлэх үед нь баривчлаагүй. Үндэслэлээ нотолсон баримтаа гаргаагүй гэв.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд: тусгай зөвшөөрлийн хуулбар /хх6/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн тодорхойлолт /хх7/, дипломын хуулбар /хх9-10/, Дархан уул аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 310 дугаар захирамжийн хуулбар /хх11/, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 270 дугаар албан тоот /хх12/, 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх13-14/, ашгийн тооцоо /хх20/, орон сууцны барилгын 16 ширхэг гэрэл зураг /хх21-30/, 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дугаар эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх31/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 425 дугаар захирамжийн хуулбар /хх32/, 2009 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолын хуулбар /хх33/, хувийн батлан даалтын хуулбар /хх34/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 425 дугаар захирамжийн хуулбар /хх35/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар захирамжийн хуулбар /хх36/, 2010 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолын хуулбар /хх37/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 96 дугаар захирамжийн хуулбар /хх38/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 319 дүгээр захирамжийн хуулбар /хх39/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 319а дугаар захирамжийн хуулбар /хх41-42/, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар захирамжийн хуулбар /хх43/, 2011 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн хүсэлтийн хуулбар /хх44/, Баянзүрх дүүргийн Пын газрын Пын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 822 дугаар тогтоолын хуулбар /хх45/, Монгол банкны ханшийн лавлагаа /хх46, 47/, бэлэн мөнгөний орлогын баримт 3 ширхэг /хх48, 49/, кассын зарлагын ордер /хх50/, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны мансардын давхрын угсралтын ажлын хэмжээг тодорхойлсон үнэлгээний хуулбар /хх51-118/, “Эн Ти Ай Си” ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 033/12 дугаар албан тоотын хуулбар /хх123/, 2008 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний хуулбар /хх124-126/, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний хуулбар /хх127-128/, тэргүүлэх төсөвчний гэрчилгээний хуулбар /хх129/, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх130/, 2007 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх131-143/, 2008 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн гэрээний нэмэлт /хх144/, 13 ширхэг гэрэл зураг /хх145-149/, ажлын төсөв болон ажлын зураг /тусдаа хавтаслагдсан/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас 303,750,000 төгрөг гаргуулах тухай “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “К” ХХК нь түүний үүсгэн байгуулагчийг эрүүгийн журмаар шалгаж, цагдан хорьсны улмаас үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлээр олох байсан орлого 303,750,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

            Нэхэмжлэгч “К” ХХК нь 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Б” СӨХ-той 5 давхар хавтгай дээвэртэй угсармал орон сууцны дээр мансардан давхар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хх13-14/

            Энэхүү гэрээгээр Дархан уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хорооллын 3 дугаар байранд мансард барихаар тохиролцсон байна.

            Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 310 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 10 блок барилгад ажил гүйцэтгэхийг даалгажээ. /хх11/

 

            Нэхэмжлэгч нь 1 үүсгэн байгуулагчтай бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Э болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбараар тогтоогдсон. /хх3-5/

 

            Баянзүрх дүүргийн Пын газар хянасан 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20930191 дугаар эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Эыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. /хх31/

            Цаашлаад Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 425 дугаар захирамжаар И.Эыг цагдан хорьсон, 2009 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 425 дугаар захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргасан, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 96 дугаар захирамжаар цагдан хорьсон, 2010 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 96 дугаар захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 319 дүгээр захирамжаар дахин цагдан хорьсон, 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 319а захирамжаар цагдан хорих хугацааг сунгасан, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан байна. /хх32, 35, 36, 38, 39-40, 41-42, 43/

            Улмаар Баянзүрх дүүргийн Пын газрын Пын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 822 дугаар тогтоолоор И.Эад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх45/

 

            Нэхэмжлэгч нь ийнхүү эрүүгийн журмаар шалгагдаж байх хугацаанд нийт 247 хоног цагдан хоригдсон гэж тайлбарласан бөгөөд гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир нь 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2/525 дугаар албан тоотоор ирүүлсэн хариу тайлбартаа цагдан хоригдсон хугацааг зөвшөөрсөн байна. /хх168/

            Дээрх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эрүүгийн журмаар шалгагдаж, цагдан хоригдсоны улмаас нэхэмжлэгч “К” ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж, олох байсан орлого шаардаж байна.

            Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар олох байсан орлого нь гэм хорын хохиролд хамаарна.

            Харин олох байсан орлого нь баримтаар нотлогдох ёстой бөгөөд гэм хор учруулсан гэх үйл баримттай шалтгаант холбоотой байх учиртай юм.

 

            Нэхэмжлэгчийн үүсгэн байгуулагчийг эрүүгийн журмаар шалгаж, цагдан хорьсонтой холбоотойгоор хуулийн этгээдийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

 

            Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь түүнийг эрүүгийн журмаар шалгах хугацаанд хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон үйл баримтгүй гэж тайлбарласан.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь цагдан хоригдоогүй, гадуур шалгагдаж байх хугацаанд хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан гэж үзэхээр байна.

            Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийг эрүүгийн журмаар шалгаж, цагдан хорьсон нь хуулийн этгээдийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй.

 

            Үүнээс гадна нь нэхэмжлэгч нь олох байсан орлогыг нотолж чадаагүй. Тодруулбал, хэрэгт байгаа компанийн ашгийн тооцоо нь юуг үндэслэж, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, үндэслэл тодорхойгүй байна. /хх20/

Түүнчлэн төсөвчин нь гүйцэтгэх ажлын өртгийг тооцох бөгөөд харин олох байсан орлогыг тооцохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 11-ын өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх /2002 он/ хуулийн 396 дугаар зүйлийн 396.3-т заасан хугацаан хэтрүүлээгүй байна.

Гэвч нэхэмжлэлийн шаардлага болох хуулийн этгээдийн олох байсан гэх орлого нь мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д заасан нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд хамаарахгүй байна.

 

Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хувь хүнийг эрүүгийн журмаар шалгаж, цагдан хорьсны улмаас хуулийн этгээдэд гэм хор учирсан гэх үйл баримт болон олох байсан гэх орлого нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Засгийн газрын нөөц сангаас 303,750,000 төгрөг гаргуулах тухай “К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД

 

                                    ШҮҮГЧИД                                       З.БАЯРМАА

 

                                                                                            Б.ЦОЛМОНГЭРЭЛ