Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00651

 

 

 

ЛЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/00488 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЛЭ ХХК-ийн гэм хорын хохиролд 303,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Н.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э.Р-тыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баривчилж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтэн, яллагдагчаар татаж 5 жил шалгаж 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э.Р-т нийт 247 хоног цагдан хоригдсон. Дархан хотын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаар захирамжаар Мансарт давхарлагаа хийх 4 орцтой 5 барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ хугацаанд ЛЭ ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогсож, Дархан хот Дархан сум 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны нэмэлт давхрын ажлыг хийж чадаагүй. Иймд олох байсан орлого 303,750,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э.Р-т нь Эрүүгийн хууль (2002 он)-ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цагаатгасан. Нэхэмжлэгч энэ хугацаанд 247 хоног цагдан хоригдсон. ЛЭ ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд энэ хугацаанд тус компани Дархан хотод мансардан давхарлагаа хийх ажлын захиалгатай байсан ба тухайн ажлаас олох ашиг болох 303,750,000 төгрөг гаргахаар шаардсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. 2007 онд барилга барих зөвшөөрөл олгосон. Э.Р-тыг 2009 онд баривчилсан. Олох байсан орлогыг нотолсон баримтгүй. Цагдан хоригдсоны дараа үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдсан нь ЛЭ ХХК-д хамааралгүй. Энэ үйл ажиллагаанд Засгийн газар буруугүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. 247 хоног хоригдсон талаар нэхэмжилсэн эсэх нь эргэлзээтэй. Мөн хуулийн этгээдийн ашиг нэхэж байгаа нь эргэлзээтэй. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон гэх баримтгүй. Мансартай байрны захиалгыг 2008 оноос авч байрыг борлуулсан гээд нэхэмжлэгч ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ нь үйл ажиллагаа явуулаад борлуулалт хийгдсэн байна. Хэрэгсэхгүй болгосон хэргийн тогтоолоос үзэхэд алдагдалд орсон гэх баримтгүй. Нэхэмжлэлийг нотолсон баримтгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

ЛЭ ХХК Дархан хотод мансартны барилга барих гэрээг 2008 онд байгуулсан. 2009-2013 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж 247 хоног цагдан хоригдож барилгаа барьж чадаагүй. Хэрэв барилга барьсан бол 303,750,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Компани үйл ажиллагаа явуулах боломжтой байсан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Засгийн газрын нөөц сангаас 303,750,000 төгрөг гаргуулах тухай ЛЭ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Э.Р-т 2001 оны 02 дугаар сарын 19-ний өдөр "ЛЭ ХХК-ийг үүсгэн байгуулсан. ЛЭ ХХК нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 40 дүгээр байрны 6 давхрын мансартны барилга, 38а, 38б байруудын мансартны барилгуудыг 2007 оноос эхлэн барьж байхад П.Батжаргалын гомдлоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас 2009 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Э.Р-тыг 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 247 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хурааж, 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж тогтоол үйлдэж танилцуулсан. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Р-тыг 10 жил, 1 сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэхээр шийтгэсэн. Э.Р-т болон түүний ар гэр сэтгэл санаагаар хохирсон. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 822 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 310 дугаар захирамжаар Клестон ХХК нь Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хорооллын 3 дугаар байрны 10 блок буюу 20 орцонд мансартны барилга барих ажлыг авсан боловч Э.Р-т гэмт хэрэгт шалгагдсаны улмаас бизнесийн үйл ажиллагаа нь тасалдаж, барилгыг барих боломжгүй болж олох байсан орлого 303,750,000 төгрөгөөр хохирсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх тухай (2002 оны) хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1 дэх хэсэгт заасан нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд олох ёстой байсан орлогыг хамааруулаагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан.

Эрүүгийн байцаан шийтгэх (2002 оны) хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг ИХШХШТХ-д заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ. гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай (2017 оны) хуулийн 45.9 дугаар зүйлийн 1-д Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг ИХШХШТХ-д заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ. ЛЭ ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Р-т Баянзүрх дүүргийн Прокурорын газрыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 25376 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хамтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан нь хууль зөрчсөн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй. ЛЭ ХХК-ийн захирал Э.Р-т 247 хоног хоригдсоноос тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд заасан зохигч, оролцогч мэтгэлцэх зарчим алдагдсан. Учир нь: Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах 40 дүгээр байрны мансартан барилгын захиалгыг 2008 оноос авч байрыг борлуулсан, хэрэгсэхгүй болгосон хэргийн тогтоолоос үзэхэд алдагдалд орсон гэх баримтгүй, 40 дүгээр байрны мансартны борлуулалтаас мөнгө нэхсэн мэт буруу тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ЛЭ ХХК-ийн захирал Э.Р-тыг бусдыг залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байхад хуулийн этгээдийн хохирсон гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Олох ёстой орлогыг тухайн барилгын төсвийг тооцоолсон нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдээр Прокурорын байгууллагыг оролцуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Гуравдагч этгээд оролцсоноор мэтгэлцэх зарчим зөрчигдөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсэн. Шүүх нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчтэй оролцож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ЛЭ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс тус компанийн захирал Э.Р-тыг 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж цагдан хоригдсоны улмаас компанийн үйл ажиллагааг зогсож Дархан хот, Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны мансартны ажлыг гүйцэтгэж чадаагүйгээс олох байсан 303,750,000 төгрөг гаргуулах гэж тайлбарласан.

 

2. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор Э.Р-тыг П.Батжаргалд худалдсан 45 м.кв талбай бүхий байрыг Б.Мөнх-Оргилд 26,000 ам.доллароор давхар зарж П.Батжаргалыг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн (2002 оны) 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч тус дүүргийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 05 дугаар сарын 16-ны 822 дугаар тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. (хх-ийн 31, 45)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заажээ.

 

Гэвч эрүүгийн хэргийг шалгах явцад Э.Р-тад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан, харин ЛЭ ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгийг хураасан, компанийн харилцах данс битүүмжилж төлбөр гаргуулсан зэрэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас ЛЭ ХХК-ийн үйл ажиллагаа зогсож, 303,750,000 төгрөгийн ашиг олох байсан гэх үйл баримтын шалтгаант холбоо эргэлзээгүйгээр тогтоогдоогүй.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэсэн үндэслэлд хамаарахгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч ...Баянзүрх дүүргийн Прокурорын газрыг гуравдагч этгээдээр оролцуулах ... хүсэлт гаргасныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2022/25376 дугаар захирамжаар Монголын Улсын Засгийн газар болон Баянзүрх дүүргийн Прокурорын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. (хх-ийн 152-153)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй.

Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байдаггүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар зохигч биш этгээд мэтгэлцээнд оролцох боломжтой тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу прокурорыг төрийн нэрийн өмнөөс оролцуулж болохыг Улсын Дээд шүүх 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолоор тайлбарласан.

Харин прокурорт төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх нь хуулиар олгогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2, 45.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус төр хариуцан арилгана гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх энэ төрлийн хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах эрх зүйн үндэслэл болохгүй. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрыг гуравдагч этгээдээр оролцуулсан нь буруу гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

4.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч ... Компани үйл ажиллагаа явуулах боломжтой байсан... гэсэн дүгнэлт үндэслэлтэй байхаас гадна, компанийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийн ... нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлогыг нотолж чадаагүй... гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг буюу шүүх хууль буруу хэрэглэсэн гэх хэсгийг хангаж, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гэсэн бусад хэсгийг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/00488 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг 498 дугаар зүйлийн 498.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ