Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2023/00083

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2023/00083

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух, *** дугаар регистртэй, эрэгтэй, Энхжин овогт Санжидын М, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багт оршин суух, **** дугаар регистртэй, эмэгтэй, Боржигон овогт Баатарын Н,

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2022/01010/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Нт холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Санжидын М нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэп сумын 2 дугаар баг, Баянголын Хөндий гэх газарт 50га газар эзэмшдэг. Газраа ямар нэгэн байдлаар ашиглаж, эргэлтэнд оруулах гэхээр өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүй, туршлагагүй байдлаас болж газраа ашиглалтанд оруулж чадахгүй, өөр эдийн засгийн хувьд бололцоотой хүнтэй хамтрах хүсэлтэй байсан. Улмаар Б.Нтой танилцаж өөрийн эзэмшлийн 50га газраа ашиглуулаад, өөрийнх нь тоног төхөөрөмжөөр тариа будаа тариулаад тодорхой хэмжээг нь ашиглуулаад ашиг хүртэх зорилготой хамтарч ажиллах болсон. Удалгүй Н намайг газраа зарчих гэж ятгаж, олон янзаар гуйж, их сайхан юм ярьж ятгасан учир би зөвшөөрч, 50га газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлж, эзэмших эрхийг Нт өгөхөөр болсон. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Н нь Тосонцэнгэл суманд байх манайд ирж хамт Мөрөн орж гэрээгээ хийе, та өөрийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ аваарай, хэрэг болно гэж миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахуулж, Мөрөн суманд орж ирж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тус гэрээнд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлж, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн 4,000,000 төгрөгийг шилжүүлж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болж, эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохирсон.

Гэвч 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлэнгүүтээ шууд Хөвсгөл аймгийн тээвэр зохицуулалтын газар намайг дагуулж очоод шууд та тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгчих, таны тээврийн хэрэгслийг өөр дээрээ шилжүүлж авна гэсэн. Миний хувьд яагаад ингэж байгааг гайхаж асуухад та тээврийн хэрэгслээ шилжүүлж өгөхгүй бол би 6,000,000 төгрөгөө буцааж авна гэсэн. Улмаар Н нэг бол нээх сайхан юм ярьж намайг итгүүлж, нэг бол ингэ тэг гэж намайг бүр төөрөгдөлд оруулж байж, **** ХӨҮ улсын дугаартай хондай портер автомашины өмчлөх эрхийг минь Б.Н нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би тухайн үеэс эхэлж Нт газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг цуцалъя, газраа өгнө, дээр нь машинаа өгнө юу болоод байгааг би ойлгохгүй байна, гэрээгээ цуцалъя гэж удаа дараа хандаж, мөнгөө ав, машины эрхийг шилжүүлж өг гэж хандсан боловч зөвшөөрөөгүй. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ хийсэн. Тухайн үед үндсэн гэрээний үлдэгдэл буюу 4,000,000 төгрөгийг өгөх гэж байгаа юм байна гэж бодоод гэрээнд гарын үсэг зурсан боловч Н 4,000,000 төгрөгийг надад өгөөгүй. Тэрээр миний юм мэдэхгүй байдлыг далимдуулан 4,000,000 төгрөгийг надад өгөөгүй байж өгсөн мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн. Би түүнийг гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгож хүлээсэн, энэ хүнд хангалттай боломж олгосон боловч өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Уг гэрээ байгуулагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болоогүй, Нын үйлдлээс болж би гэрээнээсээ татгалзахад хүрсэн боловч Н нь гэрээний үүрэг болзлоо шударгаар биелүүлээгүй байж гэрээг хүчин төгөлдөр хэмээн зүтгэж, миний эрхийг зөрчөөд байгаа тул С.М би газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж өгсөн авсанаа буцаах хүсэлтэй байна.

Иймд Б.Н, С.М бид нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”- г болон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянхөндий гэх газарт 50га газар эзэмшдэг. Тэрээр газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй тул тус сумын газрын даамал нь хураана гэсэн. Тоног төхөөрөмж байхгүй тул хэн нэгэн хүнтэй хамтрах, эсхүл түрээслүүлэх бодолтой байсан учраас хариуцагчтай танилцаж, газраа түрээслүүлэх, ашиглуулах талаар санал тавьсан. Хариуцагч саналыг хүлээж авч, газраа зарчих, би 10,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн тул 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ хийсний маргааш нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн данс руу гэрээний үүргийн дагуу 6,000,000 төгрөгийг шилжүүлж, барьцаанд нь С.Мгийн унаж явсан портер машиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байгаа. Нилээн удсаны дараа үлдсэн 4,000,000 төгрөг болон машиныг нь эргүүлэн өгөөгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс татгалзлаа илэрхийлсэн. Тэгэхэд хариуцагч та машинаа унаж, хэрэглээд байж бай гэсэн. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүрэг дуусгавар болох гэрээ байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч ямар төрлийн гэрээ хийж байгаа гэдгээ огт ойлгоогүй. С.М бодохдоо үлдэгдэл 4,000,000 төгрөгөө өгөх гэж байгаа юм байна гэж ойлгоод уг гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагч нэхэмжлэгчийн янз бүрийн баримтад гарын үсэг зуруулж, тухайн газрыг өөрийн эзэмшилд авахаар улайрч байсан. Анх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч одоо шаардлагаа өөрчилж байна.

Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа  58,8га газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлж, гэрээ байгуулах үед 6,000,000 төгрөгийг авсан. Гэрээний үүрэг болох 4,000,000 төгрөгөө өгөхгүйгээр өнөөдрийг хүрсэн атлаа гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь шударга бус байна. Гэрээний 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулдаг. Гэтэл нэхэмжлэгч ашиглуулъя, түрээслүүлье гэж бодож байсан. Харин хариуцагч хямдхан газар учраас надад ашигтай юм байна гээд худалдаж авахаар болж худалдах,  худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.6 дугаар зүйлд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зохих ёсны газарт бүртгүүлснээр гэрээ хүчин  төгөлдөр болно гэж заасан. Уг гэрээ хүчин төгөлдөр болсон асуудал огт байхгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн өмчийн автомашиныг өөрийн өмчлөлд авсан учраас гэрээнээс татгалзаж байна. Гэрээнээс татгалзаж нэмэлт хугацаа олон удаа тогтоосон. С.М гэрээ байгуулсны дараа Тосонцэнгэл сумын Засаг даргад гэрээнээс татгалзаж байна, би газрыг шилжүүлж өгөхгүй, зүгээр ашиглуулах гэж байсан гэдэг талаараа хэлсэн байдаг. Өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд 30 хоногийн дотор хүсэлтээсээ татгалзах эрхтэй гэж заасан. Уг хүсэлтээсээ татгалзсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч газраас 2, 3 жилийн хугацаанд маш их ашиг олсон. С.Мгийн портер автомашиныг газраа шилжүүлж өгсний дараа өгнө гээд түүний өмчлөлд шилжүүлж өгөхгүй байгаа.

Иймд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Үүрэг дуусгавар болсон гэрээ”-ний үнэ 4,000,000 төгрөгөө өгөөгүй байгаа учраас гэрээнээс татгалзаж байна. Мөн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.6-д зааснаар тус гэрээний үүрэг биелэгдэж, газрын өмчлөх эрх хариуцагчид шилжээгүй учир хүчин төгөлдөр болоогүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буцааж, тус гэрээний барьцааны зүйл 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн бага оврын ачааны Hyundai Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. С.Мг  огт таньдаггүй, хэдэн га талбайтайг ч мэддэггүй байхад 2019 оны хавар нөхөр, бид 2 руу өөрөө утасдаж, танай Тариалан сумын сум хоорондын таксины жолооч Ч.О-с утсыг чинь авлаа. Би Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн Баянголын хөндийд 100га газартай, өөрөө техник байхгүй тул тариа тарьж чадахгүй байна, хүүхэддээ байшин барьж байгаа, мал мах авах гээд мөнгө их хэрэгтэй байна. Та хоёрыг мөнгө төгрөгтэй, техник сайтай, газрын наймаа хийхэд баараггүй сайн хүмүүс гэж сонслоо гэж яриад танилцаж байсан. Нөхөр, бид хоёр түүнд тариалалтаа хийгээд завгүй байна, тус атар газарт уринш хийж, эдлэншүүлэх шаардлагатай тул энэ жил тариа тарьж болохгүй гэсэн. Гэтэл С.М энэ жил тариа тарихгүй бол хуулиараа 2 жил ашиглаагүй гээд газар хураагдах болчихоод тэвдээд байна, заавал энэ жил зарахгүй бол би алдах гээд байна гээд гуйгаад дахин дахин утасдаад байсан тул очиж уулзсан. Тэгэхэд С.Мгийн эхнэр, хүүхэд бүгд байсан, бид 100га газрыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. С.М сумаасаа давуу эрхээр газар авсан учир орон нутгийн хүмүүст зарж байгаагаа мэдэгдмээргүй байна, аймаг орж гэрээгээ хийе гэсэн тул аймгийн нотариатч дээр очиход бичиг баримтыг нь шалгаад, 100га газрын гэрчилгээ хуучин тул гэрээ хийх боломжгүй байна. Харин *** нэгж талбарын дугаартай 58,559га газрын гэрчилгээ нь хүчин төгөлдөр, энэ газартай холбоотой  баримтууд бүрэн байна гэсэн. Гэтэл С.М 50га газраа н.С гэдэг хүнд хулхидуулсан, гэрчилгээ нь байгаа 58,559га газраа эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, 10,000,000 төгрөг авна, хойтон тариа тарих үед үлдсэн 50га газраа аваад 100га газар болгоод өгье гэсэн тул бид ярилцаад, 58,559га газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тэгээд гэрээндээ 6,000,000 төгрөгийг тэр өдрөө дансаар шилжүүлж өгнө, миний нэр дээр гэрчилгээг шилжихээр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгөхөөр заасан. С.М иргэний үнэмлэх байхгүй гээд хурууны хээгээ уншуулж гэрээгээ хийсэн. Би тэр өдрөө буюу 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр түүний ХААН банкны **********тоот дансанд 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд явах гэтэл би хүүдээ байшин бариад мал мах авах мөнгө маш хэрэгтэй байгаа, хүнээс байшингийн материал авахаар ярьчихсан, авгай хүүхэд ч 20,000,000 төгрөг бэлнээр авч ирнэ гээд хүлээж байгаа, мөнгөө бүгдийг өгчих гээд гуйсан. Би 100га газар гэрчилгээгүй тул 20,000,000 төгрөг өгч чадахгүй, 58,559га газрын үнэ 10,000,000 төгрөг бүгдийг өгье, харин 4,000,000 төгрөгийн барьцаа өгөх хэрэгтэй гэхэд унаж байгаа портер машинаа миний нэр дээр шилжүүлье гэсэн. Би машинаа өөрөө унаж хэрэглэж байхад болно гэж хэлээд 4,000,000 төгрөгийг бараа авах мөнгөнөөс бэлнээр өгч, С.М машинаа миний нэр дээр шилжүүлсэн. Бид хоёр сумын газрын даамалд тус газрыг миний нэр дээр шилжүүлэх тухай өргөдөл бичиж, мөн надад газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших гэрчилгээ, газрын даамалтай хийсэн газар эзэмших гэрээ, газрын кадастр, Засаг даргын захирамж бүгдийг эх хувиар нь өгсөн. Ингээд 2020 оны хавар тариалалтын өмнө н.Сгээс газрын гэрчилгээг авсны дараа би бүтнээр 100га газар болгож, газрын даамалд бичиг баримтаа өгнө, үлдэгдэл 50га газрын үнэ 10,000,000 төгрөгийг тухайн үед өгч авалцахаар ярьж тохироод явсан.

С.М бид хоёр тус газрыг миний нэр дээр шилжүүлэх гэж сумын Засаг дарга дээр 3 удаа ороход газрын хэмжээ зөрүүтэй байгаа учраас зөрүүг нь арилгаад ирээрэй гэдэг байсан. Газрын даамал дээр өргөдлөө өөрсдийн гараар 3 удаа бичиж өгч байсан. Би тус атар газрыг 2019 оны 6 дугаар сард хагалж, эдлэншүүлсэн. Тэгээд 2020 оны хавар 50га газар улаанбуудай тарьж, намар хураахдаа С.Мд тэр хавийн нутгийн айлууддаа тарааж өгөөрэй гэж 20тн улаанбуудай жолооч н.Б-р ачиж явуулахад айлуудад нэг нэг шуудайг өгч бусдыг өөрөө зарж ашиг олсон байсан. Мөн С.М нь надаас 1,700,000 төгрөгийн улаанбуудай авч, түүний хүүд манаа хийсэн хөлсөнд тооцон өгч, зөрүүг мөнгийг манай нөхрийн дансанд хийсэн. Хэрэв бид өгцөөтэй байсан бол С.М дээрх зөрүү мөнгийг өгөхгүй байх байсан. Надад гэрээгээ цуцлахаар боллоо гэж огт хэлж байгаагүй, харин ч н.Сг залилан хийсэн гэж Цагдаагийн байгууллагад өгсөн, түүнд залилуулсан 50га газраа аваад чамд өгнө, үлдэгдэл 10,000,000 төгрөгөө одоо өгөөч, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг хэрэгтэй байна гэх болсон. Бид мөнгө төгрөгөө өгч дууссан тул нотариат дээр 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ” байгуулахдаа нотариатчид өмнө хийсэн гэрээгээ үзүүлж, одоо надад газраа шилжүүлж өгөх гэж байгаа гэхэд мөнгөө бүрэн авсан учраас энэ гэрээг байгуулж болно, ямар нэг асуудал байхгүй биз дээ гэж асуухад тийм гэж хэлсэн тул нотариатаар гэрчилж өгсөн. Би өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг болон хэд хэдэн удаа 100,000-200,000 төгрөгийг С.Мгийн  данс руу шилжүүлж байсан.

Би 2021 онд өөрийн 58,559га газар дээр улаанбуудай тариалахдаа хамт нөгөө 50га газарт улаанбуудайг 14,980,000 төгрөгийн зардал гаргаж тарьсан. Тэгээд үнэ хөлсгүй тарьж өгч байгаа тул тус газрын 20га газрын тариаг хурааж авна, газрын эзэнд 20га газрын тариаг хурааж өгнө, тариалахад гарсан зардал 14,980,000 төгрөгөө авна гэж тохирсон. Ингээд тариалалт дуусахад С.М чи гаргасан зардлаа авч болохгүй, хэрэв авбал би газрыг чинь шилжүүлж өгөхгүй, тэр газрыг надад хурааж өг гэж дарамтлах болсон тул гаргасан зардал болох 14,980,000 төгрөгөө авч чадаагүй. Мөн түүний хүү М-д манаачийн цалинд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 6 дугаар сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, 7 дугаар сард -------- данснаас 300,000 төгрөг, 8 дугаар сард ---- данснаас 300,000 төгрөг тус тус шилжүүлэн өгч байсан. Бас тарьсан будаагаа хамгаалж 7 хүнээр хашаа бариулж, өдрийн 50,000 төгрөгөөр цалинжуулж, З хоногийн хөлс 10,500,000 төгрөг өгсөн. С.М 20га газрын тариаг техник комбайнаараа хураагаад өгөөч, мөнгийг чинь авсан 50га газраа шилжүүлж өгье гэсэн. Тэгээд бид 2 сумын Засаг дарга болон газрын даамалтай уулзахад  компьютерээс хэвлэсэн маягтыг бөглөж, өөрсдийн гараар хүсэлтээ бичиж өгсөн. Тухайн үед нотариат батладаг хүн нь байхгүй байна гэхэд С.М маргааш газраа яг шилжүүлнэ, одоо 20га талбайгаа хурааж өгөөч гэж гуйсан тул 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүх зардлыг Н гаргасан үнэн гэсэн бичиг хийж, гарын үсэг зуралцсан. Тэгээд намайг газрын татвараа төлчих гээд татварын байцаагч н.Энхбаяр надад тусалж, интернет банкаар тус татварыг төлсөн. Тариаг хурааж дуусангуут маргааш газрыг чинь шилжүүлж өгөхгүй шүү зайлаарай, шүүх, цагдаагаараа яваад олоод ав хохь чинь болно шүү, дахиж ирвэл чинь ална шүү гэж хөөж явуулсан. Энэ үед Мишээл дэлгүүрийн эзэн Э- гэх залуу М- надад газар зарна гэж мөнгө аваад өгөхгүй байгаа тул эгчээ таны хурааж өгсөн будаанаас би өрөндөө авч байна гээд 20тонныг ачаад явсан. С.М- бид хоёр газраа шилжүүлэхээр сумын Засаг дарга дээр 3 удаа ороход газрын хэмжээ зөрүүтэй байгаа учраас зөрүүг нь арилгаад ирээрэй гээд шийдэж өгдөггүй байсан тул аймгийн Засаг даргад зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж өргөдөл гаргахад Захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлагатай гэсэн хариу өгсөн. Тэгээд Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Анхны хийсэн гэрээ, гэрчилгээ, газрын кадастр, Засаг даргын 58,559га газрыг С.Мд олгосон захирамж зэргийг түүнд буцаан өгөөд эх хувийг устгаж, газрын хэмжээ зөрүүтэй тул газрыг шилжүүлэх боломжгүй гэх тайлбар өгөх болсон. С.М нь надаас нийт 11,300,000 төгрөг бэлнээр авсан. 2020 оны намар өөрөө ирж улаанбуудай 2тонн, 2021 оны намар 20га талбайд би өөрөө бүх зардлыг гарган, тариа тарьж, 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгийн 30тонн будаа хураан өгсөн. Нийт 35,300,000 (гучин таван сая гурван зуун мянга) төгрөг өгсөн. Гэрээнд зааснаар 58,559га газраа ч шилжүүлж өгөхгүй намайг маш их чирэгдүүлж байна. Тус газрын гэрээ гэрчилгээнд бүгд 58,559га гэж бичигдсэн, гэхдээ тооны хувьд 50 байна уу 58,559 байна уу хамаарахгүй, харин ганц хөдөлж өөрчлөгдөхгүй зүйл нь нэгж талбарын *** дугаар зөв юм. Би атар газрыг хагалж эргэлтэд оруулсан тул тэр газрын хураагдах эрх цуцлагдсан. Мөн хагалж, эдлэншүүлсэн учраас тэр газар үнэтэй болсон. Тэгээд нэхэмжлэгч уг газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй, өөр өөр зүйл ярих болсон. С.М надад нэг ч удаа гэрээнээсээ татгалзаж байна гэж хэлж байгаагүй, чамд н.Сгээс 50га газраа аваад 100га болгож өгнө гэдэг байсан.

Иймд С.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, С.М, Б.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар  сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”, С.Мгийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ****** дугаар гэрчилгээ, Б.Нын өмчлөлийн HUNDAI Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай” 155/ШЗ2022/2975 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, С.Мгийн ---------- дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний архивын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 4-13, 98, 100 дахь тал)

5. Хариуцагчаас: С.Мгийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Газрын албанд гаргасан өргөдөл, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Нын ХААН банкны -------- тоот дансны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны --------- тоот дансны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.М, Б.Н нарын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сумын Газрын албанд гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С.Мгийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №06734-2018/00022 дугаар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх  гэрээ”-ний хуулбар, С.М, Б.Н нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар  сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Б.Нын иргэний үнэмлэх, С.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Мгийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ****** дугаар гэрчилгээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 74-77, 101-105 дахь тал)

6. Шүүхээс: 1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч Б.Нын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.Мд холбогдох “Газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Нын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай” захиргааны хэрэгт үзлэг хийж, холбогдох нотлох баримтыг хуулбарлан хавсаргасан.

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б.О-ыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох, баримт бүрдүүлсэн (хавтаст хэргийн 47-64, 86-87 дахь тал)

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.М нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-нээс тус тус татгалзан, өгсөн авснаа буцааж, тус гэрээний барьцааны зүйл болох 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бага оврын ачааны Hyundai Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Мгийн өмчлөлд шилжүүлнэ гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өөрийн эзэмшлийн ногоон тэжээл тариалах зориулалттай 50га газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлэн, Б.Нт зарж, тус газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцон, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан. Газрын үнэд 6,000,000 төгрөг дансаар өгөхдөө барьцаанд нь миний портер маркийн автомашиныг Б.Н өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ” байгуулахдаа намайг хуурч, газрын үнийн үлдэгдэл 4,000,000 төгрөг өгөөгүй, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар тус гэрээний үүрэг биелэгдэж, газрын өмчлөх эрх хариуцагчид шилжээгүй учир хүчин төгөлдөр болоогүй тул дээрх гэрээнүүдээс татгалзан, тус гэрээний барьцааны зүйл 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн бага оврын ачааны Hyundai Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж авна. Дээрх гэрээнүүдээс татгалзаж байна гэж удаа дараа хэлж, нэмэлт хугацаа өгч байсан гэж тайлбарлаж байна.

5. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээнд заасны дагуу газрын үнэд 6,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Гэтэл С.М 4,000,000 төгрөгөө одоо өгчих, надад хэрэгтэй байна, барьцаанд нь унаж яваа портер маркийн автомашинаа чиний нэр дээр шилжүүлж өгье гэж гуйгаад байсан тул бараа авах бэлэн мөнгөнөөс 4,000,000 төгрөг өгсөн. Би 2019 онд тус газрыг хагалж, эдлэншүүлж байгаад 2020 он, 2021 онд улаан буудай тариалсан. Энэ хугацаанд С.М гэрээнээсээ татгалзаж байна гэж надад нэг ч удаа хэлж, санал тавьж байгаагүй, харин ч 50га газрыг миний нэр дээр шилжүүлэхээр хүсэлт, өргөдөл өгч байсан боловч сумын Засаг дарга тухайн газрын хэмжээ зөрүүтэй байна гээд одоо болтол шилжүүлж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч С.М Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн Баянголын хөндийд байрлах, ногоон тэжээл тариалах зориулалттай 50га хэмжээтэй, нэгж талбарын *** дугаартай газар эзэмшдэг болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/61 дугаар захирамжийн архивын хуулбар, тус тушаалын “№2. Эрх шилжүүлж байгаа иргэн ААНБ-ын нэр: Энхжин Санжид М (- Эрх шилжүүлэн авч байгаа иргэн ААНБ-ын нэр: Энхжин Санжид М (- газрын зориулалт: Ногоон тэжээл тариалах, газрын байршил, хаяг: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн Баянголын хөндий, газрын хэмжээ (м2): 50га, нэгж талбарын дугаар: ***, хүчингүй болгож буй захирамжийн дугаар: Тосонцэнгэл сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр захирамж...” гэх бичилттэй “Иргэний газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, иргэн, ААНБ-ын жагсаалт”-ын архивын хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №06734-2018/00022 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” болон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ---- дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар тогтоогдов. (хавтаст хэргийн 60, 61, 8, 101-102 дахь тал)

С.М дээрх өөрийн эзэмшлийн нэгж талбарын *** дугаартай, газрын эзэмших эрхийг 10,000,000 (арван сая) төгрөгөөр Б.Нт худалдан, түүний эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” бичгээр байгуулжээ. Тус гэрээний гол нөхцлийн талаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн Баянголын хөндийд байрлах, 58,599мкв талбайтай тэжээлийн ургамлын зориулалтай, хүчин төгөлдөр гэрчилгээтэй, газар эзэмших эрхийг шилжүүлэн авагчид 10,000,000 (арван сая) төгрөгөөр шилжүүлэх, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 (зургаан сая) төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэж тохиролцсон байна. (хавтаст хэргийн 98 дахь тал)

Мөн дээрх гэрээний гол нөхцөлд заасан үлдэгдэл төлбөр болох 4,000,000 (дөрвөн сая) төгрөг төлөх үүргийг биелүүлж, үүрэг дуусгавар болсон тухай 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ” бичгээр байгуулсан байна. Тус гэрээний гол нөхцөлд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд заасан 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг төлж барагдуулсан тул үүрэг дуусгавар болсон гэж заажээ. (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

7. Зохигч 58,599га газар эзэмших эрхийг 10,000,000 (арван сая) төгрөгөөр худалдах, худалдан авах тухай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан болох нь тус гэрээний үнээс 6,000,000 (зургаан сая) төгрөг, 200,000 төгрөг, 100,000 төгрөг, 1,000,000 төгрөг тус тус С.Мд шилжүүлсэн Б.Нын ХААН банкны ----тоот дансны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны ----- тоот дансны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын газрын албанд С.Мгийн “Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутагт байрлах, Баянголын хөндийн байрлах, 50га газрын 40га газраа Хөвсгөл аймаг, Тариалан сумын харъяат Б.Нт шилжүүлж өгнө” гэх бичилттэй өргөдөл, С.М, Б.Н нарын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн сумын газрын албанд гаргасан “...нэгж талбарын дугаар *** газрыг Баатар Нт шилжүүлж байгаа тул түүний нэр дээр гэрчилгээ гаргаж өгнө үү” гэх бичилттэй өргөдөл, Б.Нын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-, Газрын албанд гаргасан “...Засаг даргаар газар эзэмших гэрчилгээг Б.Нын нэр дээр шилжүүлсэн захирамж гаргуулах, газрын даамлаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Нын нэр дээр гаргуулж өгнө үү” гэх бичилттэй хүсэлтийн архивын хуулбарууд, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Ц.М болон  С.Мгийн тайлбарын архивын хуулбарууд, нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдсон. (хавтаст хэргийн 76, 77, 74, 99, 53-54, 55-56, 47-50, 62-63 дахь тал)

8. Нэхэмжлэгч С.М газар эзэмших эрхийн үнэ 6,000,000 (зургаан сая) төгрөг өгөхдөө Hyundai Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  барьцаанд авсан, “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн, газар эзэмших эрхийн үлдэгдэл төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг өгөөгүй,

Хариуцагч Б.Н газар эзэмших эрхийн үнэ 6,000,000 (зургаан сая) төгрөг өгсөн тухайн өдөр С.Мд 4,000,000 (дөрвөн сая) төгрөг бэлнээр өгөхдөө барьцаанд нь Hyundai Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлээд, газрын эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлсний дараа буцааж шилжүүлэхээр тохирсон ч тэрээр одоо ашиглаж хэрэглэж байгаа гэж маргаж байна. (хавтаст хэргийн 9 дэхь тал) 

9. Нэхэмжлэгч дээрх гэрээнүүдээс татгалзаж байгаа үндэслэл нь:

а. “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.6-д “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр газар хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно” гэж  зааснаар тус гэрээний үүрэг биелэгдэж, газрын өмчлөх эрх хариуцагчид шилжээгүй, хүчин төгөлдөр болоогүй гэжээ. Гэрээний дээрх зүйлд заасан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан заалтууд тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

б. Hyundai Porter маркийн, **** ХӨҮ улсын дугаартай, бага оврын ачааны тээврийн хэрэгслийг газрын эрх шилжүүлэх гэрээний үнэ 6,000,000 төгрөг өгөхдөө Б.Н өөрийн өмчлөлд шилжүүлэн барьцаалсан, “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн, газар эзэмших эрхийн үлдэгдэл төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг төлж барагдуулаагүй гэж тайлбарласан ч үүнийг нотолж чадахгүй, энэ талаарх нотлох баримтгүй  байна. (хавтаст хэргийн 9 дахь тал)

Харин Hyundai Porter маркийн, **** ХӨҮ улсын дугаартай, бага оврын ачааны тээврийн хэрэгслийг хэний өмчлөлөөс Б.Нын өмчлөлд шилжсэн талаар нотлох баримтгүй, дээрх гэрээнүүдэд барьцааны зүйлд тооцсон талаар тусгаагүй боловч С.Мгийн өмчлөлийнх бөгөөд тэд газар эзэмших эрхийг худалдах, худалдан авахаар тохиролцохдоо барьцаанд Б.Нын өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдов.

в. Дээрх гэрээнүүдээс татгалзаж байгаа талаар удаа дараа хэлж, нэмэлт хугацаа өгч, сумын Засаг даргад хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 204.2-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч С.М нь “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-нүүдээс татгалзах саналыг Б.Нт хэзээ тавьсан, Б.Н гэрээнээс татгалзах хугацаа тогтоосон эсэх, тус хугацаанд гэрээнээс татгалзах талаар дахин мэдэгдсэн тухай холбогдох нотлох баримт байхгүй байна. С.Мгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга, газрын даамалд гаргасан “...Б.Нтой түрээсийн гэрээ хийхийг хүсэж байна” гэх бичилттэй хүсэлтийн архивын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад гаргасан “...миний эзэмшлийн 58га газрыг Нт шилжүүлэхгүй байхыг хүсэж байна” гэх бичилттэй хүсэлтийн архивын хуулбар зэрэг баримтыг Б.Нт хандаж гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэхгүй. (хавтаст хэргийн 59, 57-58, дахь тал)

10. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд нэхэмжлэгч С.М, хариуцагч Б.Н нар худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох газар эзэмших эрхийг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон С.Мд 6,000,000 төгрөг өгч, Б.Н 58,599га газар дээр улаанбуудай тариалж байсан тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу “худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч С.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д заасан “112.2.Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй...” гэж зааснаар шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч С.М нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагчийн тайлбарыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч Б.Нтой байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-нээс тус тус татгалзан, өгсөн авснаа буцааж, тус гэрээний барьцааны зүйл болох 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бага оврын ачааны Hyundai Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч С.Мгийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч С.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.

Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний зарим бичвэр мэдэгдэхгүй, давхардсан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэн С.М, Тариалан сумын иргэн Б.Н нарын хооронд тохиролцсон гэрээний архивын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.О өгсөн мэдүүлэг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний архивын хуулбар зэрэг баримтууд тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, С.Мгийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ****** дугаартай гэрчилгээний хуулбар давхардсан байна. (хавтаст хэргийн 5, 64, 75, 87, 100,105 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Нтой байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-нээс тус тус татгалзан, өгсөн авснаа буцааж, тус гэрээний барьцааны зүйл болох 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бага оврын ачааны Hyundai Porter маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОТГОНБЯМБА