Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2023/00010

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2023/00010

 

 

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00083 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нямнордовт холбогдох

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал, хариуцагч Б.Нямнордов, хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие*******ын ******* нь Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар баг, Баянголын Хөндий гэх газарт 50 га газар эзэмшдэг. Газраа ямар нэгэн байдлаар ашиглаж, эргэлтэд оруулах гэхээр өөрийн гэсэн тоног төхөөрөмжгүй, туршлагагүй байдлаас болж газраа ашиглалтад оруулж чадахгүй, өөр эдийн засгийн хувьд бололцоотой хүнтэй хамтрах хүсэлтэй байсан. Улмаар Б.Нямнордовтой танилцаж өөрийн эзэмшлийн 50 га газраа ашиглуулаад өөрийнх нь тоног төхөөрөмжөөр тариа будаа тариулаад тодорхой хэмжээг нь ашиглуулаад ашиг хүртэх зорилготой хамтарч ажиллах болсон. Удалгүй******* намайг газраа зарчих гэж ятгаж, олон янзаар гуйж, их сайхан юм ярьж ятгасан учир би зөвшөөрч 50 га газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлж, эзэмших эрхийг*******т өгөхөөр болсон. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр******* нь******* суманд байх манайд ирж хамт Мөрөн орж гэрээгээ хийе, та өөрийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ аваарай, хэрэг болно гэж миний тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахуулж, Мөрөн суманд ирж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тус гэрээнд 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлж, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн 4,000,000 төгрөгийг шилжүүлж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болж, эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохирсон.

Гэвч 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлэнгүүтээ шууд Хөвсгөл аймгийн тээвэр зохицуулалтын газар намайг дагуулж очоод шууд та тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгчих, таны тээврийн хэрэгслийг өөр дээрээ шилжүүлж авна гээд 1929 ХӨҮ улсын дугаартай Хондай портер автомашины өмчлөх эрхийг минь Б.Нямнордов нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би тухайн үеэс эхэлж*******т газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг цуцалъя, газраа өгнө, дээр нь машинаа өгнө юу болоод байгааг би ойлгохгүй байна, гэрээгээ цуцалъя гэж удаа дараа хандаж, мөнгөө ав, машины эрхийг шилжүүлж өг гэж хандсан боловч зөвшөөрөөгүй. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ хийсэн. Тухайн үед үндсэн гэрээний үлдэгдэл буюу 4,000,000 төгрөгийг өгөх гэж байгаа юм байна гэж бодоод гэрээнд гарын үсэг зурсан боловч******* 4,000,000 төгрөгийг надад өгөөгүй. Тэрээр миний юм мэдэхгүй байдлыг далимдуулан 4,000,000 төгрөгийг надад өгөөгүй байж өгсөн мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн. Би түүнийг гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа олгож хүлээсэн. Энэ хүнд хангалттай боломж олгосон боловч өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй.

...Иймд Б.Нямнордов, С.******* бид нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг болон 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болсон тухай гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч одоо шаардлагаа өөрчилж байна. ...С.******* гэрээ байгуулсны дараа******* сумын Засаг даргад гэрээнээс татгалзаж байна, би газрыг шилжүүлж өгөхгүй, зүгээр ашиглуулах гэж байсан гэдэг талаараа хэлсэн байдаг. Өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд 30 хоногийн дотор хүсэлтээсээ татгалзах эрхтэй гэж заасан. Уг хүсэлтээсээ татгалзсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч газраас 2, 3 жилийн хугацаанд маш их ашиг олсон. С.*******гийн портер автомашиныг газраа шилжүүлж өгсний дараа өгнө гээд түүний өмчлөлд шилжүүлж өгөхгүй байгаа.

Иймд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үүрэг дуусгавар болсон гэрээ-ний үнэ 4,000,000 төгрөгөө өгөөгүй байгаа учраас гэрээнээс татгалзаж байна. Мөн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ-ний 2.6-д зааснаар тус гэрээний үүрэг биелэгдэж, газрын өмчлөх эрх хариуцагчид шилжээгүй учир хүчин төгөлдөр болоогүй тул гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буцааж, тус гэрээний барьцааны зүйл 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн бага оврын ачааны Hyundai Porter маркийн 1929 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Нямнордов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. ...С.******* сумаасаа давуу эрхээр газар авсан учир орон нутгийн хүмүүст зарж байгаагаа мэдэгдмээргүй байна, аймаг орж гэрээгээ хийе гэсэн тул аймгийн нотариатч дээр очиход бичиг баримтыг нь шалгаад 100 га газрын гэрчилгээ хуучин тул гэрээ хийх боломжгүй байна. Харин 6711001508 нэгж талбарын дугаартай 58,559 га газрын гэрчилгээ нь хүчин төгөлдөр, энэ газартай холбоотой баримтууд бүрэн байна гэсэн. Гэтэл С.******* 50 га газраа н.Сэлэнгээ гэдэг хүнд хулхидуулсан, гэрчилгээ нь байгаа 58,559 га газраа эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, 10,000,000 төгрөг авна, хойтон тариа тарих үед үлдсэн 50 га газраа аваад 100 га газар болгоод өгье гэсэн тул бид ярилцаад 58,559 га газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тэгээд гэрээндээ 6,000,000 төгрөгийг тэр өдрөө дансаар шилжүүлж өгнө, миний нэр дээр гэрчилгээг шилжихээр үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өгөхөөр заасан. 

... С.******* нь надаас нийт 11,300,000 төгрөг бэлнээр авсан. 2020 оны намар өөрөө ирж улаан буудай 2 тонн, 2021 оны намар 20 га талбайд би өөрөө бүх зардлыг гарган тариа тарьж, 24,000,000 (хорин дөрвөн сая) төгрөгийн 30 тонн будаа хураан өгсөн. Нийт 35,300,000 (гучин таван сая гурван зуун мянга) төгрөг өгсөн. Гэрээнд зааснаар 58,559 га газраа ч шилжүүлж өгөхгүй намайг маш их чирэгдүүлж байна. Тус газрын гэрээ гэрчилгээнд бүгд 58,559 га гэж бичигдсэн. Гэхдээ тооны хувьд 50 байна уу 58,559 байна уу хамаарахгүй. Харин ганц хөдөлж өөрчлөгдөхгүй зүйл нь нэгж талбарын 6711001508 дугаар зөв юм. Би атар газрыг хагалж эргэлтэд оруулсан тул тэр газрын хураагдах эрх цуцлагдсан. Мөн хагалж, эдлэншүүлсэн учраас тэр газар үнэтэй болсон. Тэгээд нэхэмжлэгч уг газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй, өөр өөр зүйл ярих болсон. С.******* надад нэг ч удаа гэрээнээсээ татгалзаж байна гэж хэлж байгаагүй. Чамд н.Сэлэнгээгээс 50 га газраа аваад 100 га болгож өгнө гэдэг байсан.

Иймд С.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00083 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Нямнордовтой байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээнээс тус тус татгалзан, өгсөн авснаа буцааж, тус гэрээний барьцааны зүйл болох 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бага оврын ачааны Hyundai Porter маркийн 1929 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганжаргал давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн дараах зүйл, заалт үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагчийн тайлбарыг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсэн шийдвэрийг анхан шатны шүүх гаргажээ.

Гэтэл шүүхийн үндэслэл болгож буй заалт нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай бус мөн адил хэргийн оролцогч буюу хариуцагчид мөн адил хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж оролцогчийн үүргийг хуульчилсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл Б.Нямнордов нь худалдан авах гэрээгээр тохирсон үүргээ бодит байдал дээр биелүүлээгүй, биелүүлсэн гэж тайлбарлах боловч үүнийгээ буюу гэрээний үүргийн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 4,000,000 төгрөгөө өгсөн гэдгээ нотолж чадахгүй байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй нэхэмжлэгч аваагүй гэдгээ нотол гэдэг. Зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Мөн шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талд мэдэгдэнэ. Мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж энэ үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж дүгнэсэн.

Гэтэл бодит байдалд нэхэмжлэгч газраа 10,000,000 төгрөгөөр зарах гэрээний санал тавьсан, хариуцагч зөвшөөрч 6,000,000 төгрөгийг газрын төлбөр гэж өгсөн. Мөн үүнийхээ барьцаа болгож газар эзэмших эрх шилжихээр буцааж өгнө гэж нэхэмжлэгчийн автомашиныг барьцаалж өөрийн эзэмшилд шилжүүлсэн. Энэ машин шилжих үеэс нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзаж эхэлсэн. Энэ талаараа холбогдох төрийн байгууллага Засаг даргад хүсэлтээр удаа дараа мэдэгдэж мөн Б.Нямнордов нь ч нэхэмжлэгчийг гэрээнээсээ татгалзаж буйг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Мөн хариуцагч Б.Нямнордов нь С.******* нь тариа тарих гээд очих үед тариулахгүй гэж хөөж туудаг, бид олон удаа маргалдаж байсан гэдэг энэ талаараа шүүх хурал дээр ч, хариу тайлбартаа ч тайлбарладаг. Энэ нь нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзаж,*******оос мөнгөө өг гэж удаа дараа шаардаж, үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгосоор байтал үүргээ биелүүлээгүй тул би өөрийн газартаа тариа тариулахгүй ээ гэдэг шаардлагыг удаа дараа тавьсаар байсан. Энэ нь гэрээнээс татгалзаж буй хэлбэр биш гэж үү? энэ нь нотлох баримтыг шүүх дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч 2, 3 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн 90 га газарт хэрүүл тэмцэл хийн байж шударга бусаар газар тариалан эрхэлж ашиг олсон мөн дээрээс нь түүний эзэмшлийн автомашиныг хүртэл эзэмшилдээ авсан, одоо авах гэж улайрч буй газрынхаа үнийг хүртэл бүрэн төлөөгүй нь нэхэмжлэгчийн хувьд туйлын шударга бус байх бөгөөд анхан шатны шүүх бодит байдлыг хуульд нийцүүлэн дүгнэж үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 155\ШШ2023\00083 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.Нямнордовт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганжаргал нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдээс татгалзаж өгсөн авснаа буцааж, тус гэрээний барьцааны зүйл болох 2014 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн бага оврын ачааны Hyundai Porter маркийн 19-29 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч мөн адил эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч С.******* нь Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн Баянголын хөндийд байрлах, ногоон тэжээл тариалах зориулалттай 50га хэмжээтэй, нэгж талбарын 6711001508 дугаартай газар эзэмшдэг болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/61 дугаар захирамжийн архивын хуулбар, тус тушаалын №2. Эрх шилжүүлж байгаа иргэн ААНБ-ын нэр: Энхжин******* ******* (РК72091817), Эрх шилжүүлэн авч байгаа иргэн ААНБ-ын нэр: Энхжин******* ******* (РК72091817), газрын зориулалт: Ногоон тэжээл тариалах, газрын байршил, хаяг: Хөвсгөл аймгийн******* сумын 2 дугаар багийн Баянголын хөндий, газрын хэмжээ (м2): 50га, нэгж талбарын дугаар: 6711001505, хүчингүй болгож буй захирамжийн дугаар:******* сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/34 дүгээр захирамж... гэх бичилттэй Иргэний газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, иргэн, ААНБ-ын жагсаалт-ын архивын хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №06734-2018/00022 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000715821 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар тогтоогджээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээнээс татгалзах үндэслэлээ Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.6-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр газар хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно гэж  зааснаар тус гэрээний үүрэг биелэгдэж, газрын өмчлөх эрх хариуцагчид шилжээгүй, хүчин төгөлдөр болоогүй, Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ-г дүр үзүүлэн хийсэн, газар эзэмших эрхийн үлдэгдэл төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг төлж барагдуулаагүй гэж тус тус тайлбарласан байна.

5. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үздэг бөгөөд гэрээнээс татгалзах болсон үндэслэл нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзах хуульд заасан журам зайлшгүй шаардлагатай юм. Гэтэл нэхэмжлэгч тал үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

6. Нөгөөтэйгөөр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасан Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэх хуулийн шаардлагыг нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

7. Иймд С.*******н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

8. Анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч С.******* нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ-үүдээс татгалзах саналыг Б.Нямнордовт хэзээ тавьсан, Б.Нямнордов гэрээнээс татгалзах хугацаа тогтоосон эсэх, тус хугацаанд гэрээнээс татгалзах талаар дахин мэдэгдсэн тухай холбогдох нотлох баримт байхгүй байна. С.*******гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл аймгийн******* сумын Засаг дарга, газрын даамалд гаргасан ...Б.Нямнордовтой түрээсийн гэрээ хийхийг хүсэж байна гэх бичилттэй хүсэлтийн архивын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн******* сумын Засаг даргад гаргасан ...миний эзэмшлийн 58га газрыг*******т шилжүүлэхгүй байхыг хүсэж байна гэх бичилттэй хүсэлтийн архивын хуулбар зэрэг баримтыг Б.Нямнордовт хандаж гэрээнээс татгалзах санал гаргасан гэж үзэхгүй гэх дүгнэлт нь үндэслэл бүхий болсон байна.

Иймд ... Хариуцагч Б.Нямнордов нь худалдан авах үүргээ бодит байдал дээр биелүүлээгүй, ...гэрээний үүргийн үлдэгдэл 4,000,000 төгрөгөө өгсөн гэдгээ нотолж чадахгүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. ...автомашиныг барьцаалж эзэмшилд нь шилжүүлсэн үеэс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж эхэлсэн. Энэ талаараа эрх бүхий байгууллага болон хариуцагч Б.Нямнордовт мэдэгдэж байсан. Хариуцагч нь С.******* нь тариа тарих гээд очих үед тариулахгүй гэж маргаан үүсгэж байсан талаар тайлбарладаг. Энэ нь гэрээнээс татгалзаж Б.Нямнордовыг мөнгөө өг гэж шаардаж, үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгосоор байтал үүргээ биелүүлээгүйг нотолж байхад шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00083 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ