Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1056

 

                                    “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00718 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н.Т.Т” ХХК, Э.Н нарт холбогдох

 

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М” ХХК нь гүйцэтгэх захирлаар иргэн Л.Л 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллуулж байсан. Л.Л ажиллаж байх хугацаандаа иргэн Э.Н хуйвалдан “Н.Т.Т” ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр “Н.Т.Т” ХХК-д 22 135 254 төгрөгийг иргэн Л.Л, Э.Н нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Тус шүүх хуралд “М” ХХК-ийг хариуцагчаар татаагүй байна. Мөн шийдвэрт барьцааны гэрээнд заагдсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 458 м.кв газар зэрэг хөрөнгөөр дээрх нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. “М” ХХК нь энэхүү шүүхийн шийдвэр гарсныг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх үед мэдсэн. Улмаар тус аймгийн бүртгэлийн хэлтсээс лавлагаа хүсэхэд барьцаа хөрөнгө бүртгэгдээгүй талаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №43-37521 тоот лавлагааг ирүүлсэн. Улмаар тус барьцааны гэрээнд дурдсан манай эзэмшлийн газрын гэрчилгээ 2017 онд эх хувиараа олдохгүй байсан тул манай компани шинээр тус газартаа гэрчилгээ гаргуулахад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэгж талбарын 170103625 дугаартай, 458 м.кв газрын гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын алба гаргаж өгсөн. Хэрэв энэ үед барьцаанд байсан бол бидэнд уг газарт шинээр гэрчилгээ олгогдохгүй байсан. Л.Л нь барьцааны гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд компанийн дүрмээр Б.Э хувьцаа эзэмшигч байсан. Гэтэл барьцааны гэрээг төлөөлөгч Э.Н гэж хүн байгуулсан бөгөөд компанийн зүгээс Э.Н барьцааны гэрээ хийх итгэмжлэл олгоогүй болно. Барьцааны гэрээг хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг нь тухайн гэрээ хууль бус гэдгийг нотолж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ, мөн хуулийн 156.3, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн газар эзэмших эрх барьцаалсан бол газрын албанаас зохих зөвшөөрөл авах ёстой байсан зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл тул “М” ХХК-ийг төлөөлөн Э.Н болон “Н.Т.Т” ХХК-тай байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №170103625 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг “М” ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н.Т.Т” ХХК-ийн төлөөлөгч Ж.Д, Э.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Н.Т.Т” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний дагуу “Н.Т.Т” ХХК нэхэмжлэгч “М” ХХК-д 21 756 836 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээг Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 238 дугаартай улсын бүртгэгч Ү-1301000814 дугаарт бүртгэж баталгаажуулсан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрээр худалдах-худалдан авах болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Л нь тус компанийг төлөөлөн дээрх худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан байна. Дээрх гэрээ байгуулагдах үед буюу 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Л.Л нь “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр бүртгэгдсэн бүртгэлийн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч “Н.Т.Т” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулаагүй, хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н.Т.Т” ХХК, Э.Н нарт холбогдох хэрэгтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч “Н.Т.Т” ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н.Т.Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Э.Г нар давж заалдах гомдолдоо:

... Шүүх шийдвэрийн үндэслэлдээ "...Харин зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд хэдийгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн тэмдэглэл дарагдсан боловч уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай энэхүү бүртгэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 143-37521 тоот, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 157 тоот лавлагаануудаар тогтоогдож байна" гэжээ.

Харин нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч гэрчилж, мөн өдөр гэрээнд Сэлэнгэ аймаг дахь улсын бүртгэлийн байгууллагын 238 дугаартай улсын бүртгэгч тэмдэг дарж, улсын бүртгэлд Х/-1301000814 дугаарт бүртгэсэн тухай тэмдэглэл үйлдсэнээр тогтоогдож байх бөгөөд ийнхүү бүртгүүлснээр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх талуудын үүрэг, оролцоо дуусгавар болно. Гэтэл Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт дурдсанчлан барьцааны гэрээ нь ямар үндэслэл, шалтгааны улмаас бүртгэлийн системд бүртгэгдээгүй болох нь тодорхойгүй байх бөгөөд барьцааны гэрээний талуудын хувьд хуульд заасан хэлбэрээр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад шүүх зөвхөн Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх "...Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хэлбэрийн шаардлага хангасан боловч Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх шаардлагыг хангаагүй байна" гэжээ. Харин Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн зохицуулалт нь Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тухай бөгөөд мөн зүйлийн 183.1 дахь хэсэгт "Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно".

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь хэсэгт "Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно".

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт "Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт нь улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл, мэдээлэл үнэн зөв байхтай холбоотой харилцааг зохицуулах зориулалт бүхий заалт ажээ. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/Ш32019/00718 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Н.Т.Т” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.  

           

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх үед барьцааны гэрээ байгуулагдсан болохыг мэдсэн, гүйцэтгэх захирал Л.Л нь барьцааны гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш, уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага зөрчиж хийгдсэн гэж тайлбарласан байна.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 516 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Л, менежер Э.Н нараас 22 135 254 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан “Н.Т.Т” ХХК-д олгохоор шийдвэрлэж үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Булагийн 2-17 тоотод байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай “М” ХХК-ийн эзэмшлийн 458 м.кв газар зэрэг хөрөнгөөр дээрх нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ. /хх 69-72 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож “Барьцааны гэрээ” байгуулан гэрээнд нэрлэн заагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан, дээрх барьцааны гэрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өрхийн улсын бүртгэлийн V-1301000814 бүртгэв гэсэн тэмдэг дарагдсан байна. /хх 10-11 дүгээр тал/

           

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №43-37521 тоот, 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 157 тоот лавлагааг нотлох баримтаар гаргасан. Дээрх албан бичгүүд нь Эрхийн улсын бүртгэлийн V-1301000814 дугаартай, Сэлэнгэ Алтанбулаг сум 1 дүгээр баг, Бүргэдэй тоот үйлчилгээ өмчлөгчөөр хуулийн этгээд “М” ХХК бүртгэлтэй, Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлалтай 218.2 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчөөр “М” ХХК байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгүүдэд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэсэн агуулгатай байна.       

/хх 48, 67 дугаар тал/

 

Зохигчид барьцааны гэрээг хуульд заасан хэлбэр, журмын дагуу байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, өөрөөр хэлбэл уг гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж, нэхэмжлэгч талаас уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, хариуцагч талаас улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн зөрүүтэй бичгийн баримтуудыг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх дээрх зөрүүтэй нотлох баримтуудыг тодруулаагүй атлаа маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгүүдэд үүрэг ногдуулсан тухай бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт зааснаар “Хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно” гэж заасан бөгөөд шүүх барьцааны гэрээнд дээр улсын бүртгэлд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өрхийн улсын бүртгэлийн V-1301000814 бүртгэв гэсэн тэмдэг дарагдсан байгааг хариуцагч талаас хуурамч болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй, нотлох баримтаас хасах хүсэлт гараагүй байна.

 

Шүүх, талуудын маргааны гол зүйл болж байгаа барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх асуудлыг нарийвчлан тодруулаагүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй, хэргийн бодит байдал байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулснаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжтой юм.

 

            Мөн шүүх, шүүхийн шийдвэрийн дугаарыг авахдаа 2019 оны шүүгчийн захирамжийн дугаартай адилтгаж авсан нь буруу болжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2019/00718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО