Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 152/ШШ2023/00037

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Х овогт Б-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Ц овогт Ү-ийн У-т холбогдох,

  Худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

     Нэхэмжлэгч: Б.Г /цахимаар/,

     Хариуцагч: Ү.У,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ү.У-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Миний бие Б.Г нь Ү.У-тай амаар харилцан тохирч, эзэмших эрхийн гэрчилгээтэй урт-130м, өргөн-50м, 300 гаруй чацарганы модтой 1 тал хашааг 28,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5800532337 дансанд нь шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин 5,000,000 төгрөгийг Ү.У-ын 5800532337 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сард өгөөд газрын гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон боловч Ү.У нь газраа зарахаа больсон зарвал 35,000,000 төгрөгөөр зарна гэсэн тул уг хашааг худалдан авах боломжгүй болсон. Мөнгөө буцааж авна гэхэд 8,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 7,000,000 төгрөг авах гэтэл өгөхгүй гэсэн тул нэхэмжлэлийг минь хүлээн авч Ү.У гэх хүнээс үлдэгдэл 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...

    Уг хашааг худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 15,000,000 төгрөгийг 2 хувааж Ү.У гэх хүний дансанд /5800532337/ шилжүүлсэн. Ү.У миний 15,000,000 төгрөгийг захиран зарцуулж үр шимийг нь хүртэж байгаа болно.

    2. Уг хашааг эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж нэхэмжлэлд дурдсан болно. Миний нэр дээр байдаг гэж буруу ойлгосон байна

   3. Тухайн хашаанд буугаад тохижуулах тал дээр миний гаргасан зарлага маш их байгаа. Зөвхөн тодорхой байгаа дансны хуулгаар нотлогдож байгаа нь тодруулж хавсаргав. /нойл барихад дээврийн төмөр-94,500 төгрөг, банз-48,000 төгрөг, гэрийн буйр барихад блок-78,000 төгрөг, цемент-132,000 төгрөг, тоолуур, тогны утас гээд урсгал зардал их гарсан болно.

   4. Талбайг услах, бордох зэрэг ажилд орсон зардал /бордоо-21,000 төгрөг, хор 35,000 төгрөг, усалгаа 73,000 төгрөг/

   5. Мөн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд эхнэр Т.Сарантуяагийн хамтаар хөдөлмөрлөж 1 тонн 650 килограмм чацаргана түүж Ү.У-ын зөвлөснөөр н.А гэх хүнээс 200 усны савыг авч түүсэн бүх жимсээ 4000, 4200 төгрөгөөр борлуулсан нь үнэн. Уг 1 тонн 650 килограмм чацарганы 1 килограмм тутмыг хүн хөлсөлж 1000, 1500 төгрөгөөр түүлгэсэн болно. Түүлгэсэн жимсний үнийн талыг бэлнээр, талыг нь дансаар шилжүүлсэн болно. Чацарганы түүлгэсэн хүмүүс рүү шилжүүлсэн төлбөрийг хавсаргав. 1 тонн 650 килограмм чацарганыг дундаж үнэ болох 1250 төгрөгөөр түүлгэсэн гэж үзвэл надаас 2,062,500 төгрөг гарсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

   2. Хариуцагч Ү.У шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б овогтой Г-оос гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. Жимсний талбай худалдаж авахаар ирж уулзсан Б.Г-г Тохиролцох хэмжээний эрх мэдэл бүхий хүнээ дагуулж ир гэсний дагуу өөрийн ээж, ах, эгч, хүргэн ах, дүү нараа дагуулж ирснээр 2 тонн гаруй чацаргана, өөрийн хэрэгцээний үхрийн нүдний жимс хураан авч байсан талбайг үзэж 28,000,000 төгрөгөөр авахаар болж эхлээд 6 дугаар сард 10,000,000 төгрөг, 9 дүгээр сард 10,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийг 2022 онд ноолуураа авсан дараа өгөхөөр тохиролцсон юм.

   2. Хэмжсэн газраа зааглаж хашаа барих, мөн 2021 оны усалгааг манай гүний худгаас усалж сар бүр 50,000 төгрөг төлж байх, хортон шавжтай тэмцэх болон мод талбайг арчлах бүхий л зөвлөгөөг би өгч байх,

   3. Жимсээ хураасны дараа нөхөн тариалалт хийх 2 настай чацарганы 80 ширхэг суулгац үнэгүй өгнө гэж тохирсон.

    4. Намар чацарганаа хурааж аваад бидэнтэй хамтарч боловсруулалт хийвэл 2 тонн чацарганаас 18,000,000 төгрөгийн орлого олж 2 жилийн дотор зардлаа нөхөж цаашид ашигтай ажиллах боломжтой гэж зөвлөж байсан. Б.Г нь тохиролцсоны дагуу 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 3,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж, 7,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн болно. Анхны тохиролцоогоо зөрчиж нэлээн нэхэл болсны эцэст 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн юм. Тохиролцсон газраа хашаа бариагүй, 2 сарын усны тооцоог шавжны хор болон мөнгөөр хийж бусад сарын тооцоо хийгээгүй болно. Чацаргана болон үхрийн нүдний талбайг зуны улиралд сайн арчилж, хортон шавжтай тэмцэх ажлыг сайн хийж байсныг тэмдэглэн хэлье. Чацаргана хураан авсны дараа 10 дугаар сард миний өгсөн зөвлөгөөний дагуу нүхээ ухаж 80 гаруй суулгац тарьсан болно. Б.Г-т өгөхөөр тохиролцсон талбайгаас манайх 2020 онд 2018,5 килограмм, 2022 онд 2158,7 килограмм чацаргана хурааж авлаа. Гэтэл Б.Г 2021 онд 1750 килограмм чацаргана хурааж авлаа гэж байгаа. Б.Г тохиролцсон талбайгаас хурааж авсан чацарганаа худалдан борлуулж, мөнгөө өөрөө авсан ба тухайн үеийн 1 килограмм чацаргана борлуулах доод үнэ 4,200 төгрөг байсан юм. Бидний талбайгаас чацаргана хураан авсан дундаж /2018,5+2158,7/ нийт 2088,6 килограммыг Б.Г хураан авсан гэж тооцоход 2088,6x4,200=8,772,100 төгрөг болж байна. Б.Г-ийн өгсөн 15,000,000 төгрөгөөс талбайгаас хурааж авсан чацарганы үнэ болох 8,772,100 төгрөгийг суутган аваад үлдэгдэл 6,227,900 төгрөгийг өгөх байсан боловч залуу хүний хийсэн ажлыг нь үнэлж 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5023338899 тоот дансанд 8,000,000 төгрөг буцааж шилжүүлж өгсөн. Мөн усалгааны 200,000 төгрөгийг нэмж тооцвол бид 6,000,000 төгрөг өгөх ёстой гэж үзэж байгаа болно. Мөн эзэмших эрхийн гэрчилгээтэй гэж худал бичсэн байна. Газрын гэрчилгээ Ү.У миний нэр дээр одоо хүртэл байгаа болно. Иймд Б овогтой Г нь газрын төлбөр гэх 7,000,000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Талбай ашиглаж чацаргана хураан авч, худалдан борлуулж олсон мөнгөө тооцож үзээгүй нь харамсалтай байна. Эзэмших эрхийн гэрчилгээ нь Б.Г-ийн нэр дээр байгаа юм шиг нэхэмжлэл болон сүүлд бичсэн тайлбартаа дахин давтан бичсэн нь буруу байна. Амьдралынхаа төлөө зарцуулсан жижиг ахуйн зардлууд надад холбогдолгүй. Монгол хүн айлын буурь /бууц/ дээр буудаггүй гэдгийг хүн бүр мэднэ. Гэрийнхээ бууринд хийсэн блок, цементэн шал, барьсан жорлон, тоолуур, тогны утас болон мод, жижиг чиргүүл гэх мэт зүйлээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны дотор авч хашаа цэвэрлэж өгөх хэрэгтэй байна. 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл эзэнгүй гэр орон, бусад мод эд зүйлийг чинь харж хамгаалж байсан болно. Энэ хөлсийг чамаас нэхэмжлэх ёстой байсан уу, чи надад талбайгаас 1750 килограмм чацаргана хурааж авлаа гэж хэлж байсан. Чи тайлбартаа 1650 килограмм гэж бичсэн нь буруу байна. 2021 онд 1 килограмм чацарганыг 1200 төгрөгөөр Улаангомчууд түүлгэж байсан. Чи чацарганыг 1000 төгрөг болон 1500 төгрөгөөр хүн хөлсөлж түүлгэсэн гэж бичсэн байна. Бодит байдалд энэ үнэ чинь нийцэхгүй байна. Чи уг талбайгаас 7-8 модны чацарганыг түүлгүй орхисон щ. Бидний тооцоогоор 2088 килограмм чацаргана хурааж авсан байх гэдгийг өмнөх тайлбартаа тодорхой бичсэнтэй дутуу танилцаж ойлгоогүй байна гэж үзлээ. Чиний анх хэлснээр 1750 килограмм чацаргана хурааж авсныг бид боловсруулалт хийсэн бол 60 хувь цэвэр шүүс болно гэж үзвэл 1050 литр шүүс /1 литр *11,000* 1050 литр=11,550,000 төгрөг бөөний үнээр тооцоход/, 1750 килограмм чацарганаас доод жишгээр 1 литр цэвэр тос гарна гэж үзвэл нийт 17,5 литр *300,000=5,250,000 төгрөг, нийт 11,550,000+5,250,000=16,800,000 төгрөгөөс чацаргана түүлгэсэн хөлс болон боловсруулалт хийсэн зардал, савны ба шошгоны үнэ, худалдан борлуулахад гарах зардлаа хасахад чамаас бид авлагатай гарч байгааг чи сайн тооцоорой. Чи биднээс 7,000,000 төгрөг нэхэмжлэх биш бидэнд 9,800,000 төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсандаа дүгнэлт хийхийг хатуу сануулж байна. Чи иргэн А-д 1464,9 килограмм чацаргана 6,180,870 төгрөгөөр худалдан борлуулж мөнгө нь чиний дансанд орсон баримт байгаа болно. Эхний өдрүүдийн түүсэн чацарганаа өөр хүнд худалдсан ба чиний чацаргана түүлгэсэн хүмүүсийн машин дотор савтай чацаргана байсан тухай чамд тухайн үед би хэлж байсан. Эндээс тодорхой орлого олсон байх ёстой. Чиний бичсэн тайлбарт 2,062,500 төгрөг гэж юу бичсэн юм бэ?, би ойлгохгүй байна. Чиний хэлснээр талбайгаас хураан авсан 1750 килограмм чацарганаа худалдан борлуулж мөнгийг нь авч хэрэглэж, ашигласан хүн чи өөрөө мөн биз дээ. 1750 килограмм чацарганыг тухайн үеийн худалдах ханш 1 килограмм нь 4,200 төгрөг байснаар тооцоход 7,350,000 төгрөг болж байгаа. Ингээд чиний 15,000,000 төгрөгийн зөрүү 8,000,000 төгрөгийг чиний дансанд шилжүүлж тооцоог дуусгасан юм. Гэтэл чи надаас үндэслэлгүй 7,000,000 төгрөг нэхэмжилж чирэгдэл учруулсан. Нарийн тооцвол биднийг 9,800,000 төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулсан юм. Бид энэ мөнгийг нэхэмжлэхийг түр хойшлуулж байна. Чиний бичсэн нэхэмжлэл болон тайлбараас болж энэ асуудал хөндөгдөх гэж байгаа шүү. Чиний бичсэн утгагүй нэхэмжлэл, тайлбар чинь хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл, чирэгдэл учруулж байна гэж санагдлаа... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Б.Г-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, Б.Г-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 6 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

   4. Хариуцагчаас дугаар 000023990 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ү.У-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, Батхүүгийн тооцоо 2020 оны доод талбайн тооцоо, Б-ийн чацарганы тооцоо 2022 оны доод талбай гэх 2 ширхэг дэвтэр, Н.А-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх тодорхойлолт, Н.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 5 хуудас баримт шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Г хариуцагч Ү.У-т холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьчилгаанд төлсөн 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    Миний бие Б.Г нь Ү.У-тай амаар харилцан тохирч, эзэмших эрхийн гэрчилгээтэй урт-130м, өргөн-50м, 300 гаруй чацарганы модтой 1 тал хашааг 28,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5800532337 дансанд нь шилжүүлсэн. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин 5,000,000 төгрөгийг Ү.У-ын 5800532337 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сард өгөөд газрын гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон боловч Ү.У нь газраа зарахаа больсон зарвал 35,000,000 төгрөгөөр зарна гэсэн тул уг хашааг худалдан авах боломжгүй болсон. Мөнгөө буцааж авна гэхэд 8,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 7,000,000 төгрөг авах гэтэл өгөхгүй гэсэн тул нэхэмжлэлийг минь хүлээн авч Ү.У гэх хүнээс үлдэгдэл 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

    3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

   ...Жимсний талбай худалдаж авахаар ирж уулзсан Б.Г-ийг Тохиролцох хэмжээний эрх мэдэл бүхий хүнээ дагуулж ир гэсний дагуу өөрийн ээж, ах, эгч, хүргэн ах, дүү нараа дагуулж ирснээр 2 тонн гаруй чацаргана, өөрийн хэрэгцээний үхрийн нүдний жимс хураан авч байсан талбайг үзэж 28,000,000 төгрөгөөр авахаар болж эхлээд 6 дугаар сард 10,000,000 төгрөг, 9 дүгээр сард 10,000,000 төгрөг, 8,000,000 төгрөгийг 2022 онд ноолуураа авсан дараа өгөхөөр тохиролцсон юм. Б.Г-ийн өгсөн 15,000,000 төгрөгөөс талбайгаас хурааж авсан чацарганы үнэ болох 8,772,100 төгрөгийг суутган аваад үлдэгдэл 6,227,900 төгрөгийг өгөх байсан боловч залуу хүний хийсэн ажлыг нь үнэлж 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5023338899 тоот дансанд 8,000,000 төгрөг буцааж шилжүүлж өгсөн. Газрын гэрчилгээ Ү.У миний нэр дээр одоо хүртэл байгаа болно. Иймд Б овогтой Г нь газрын төлбөр гэх 7,000,000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    Иргэн Б.Г, Ү.У нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээтэй, урт -130 м, өргөн 50 м, 300 гаруй чацарганы модтой газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг газрыг Б.Г 28,000,000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, үлдэх төлбөрийг 2022 оны 06 дугаар сард багтаан төлж гэрчилгээг шилжүүлж авахаар харилцан тохиролцсон байна.

     Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа төлбөрт 2021 оны 06 дугаар сарын10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хашаа худалдагч тал буюу хариуцагчийн зүгээс газрыг зарах үнийг 35,000,000 төгрөг болгож нэмэгдүүлсний улмаас талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр худалдан авагч буюу нэхэмжлэгч тухайн гэрээнээс татгалзжээ.

    Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөхөөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зохицуулжээ.

    Нэхэмжлэгчийн зүгээс 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн хариуцагч нь 15,000,000 төгрөг хүлээж авсан талаар маргаагүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 15,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн талаар мөн маргаагүй.

    Хариуцагч Б.Г манай талбайгаас хурааж авсан чацарганаа зарж борлуулсан үнэ нь 8,772,100 төгрөг болж байгаа тул түүнд мөнгө өгөх боломжгүй гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан байх ба хариуцагчийн талбайгаас чацаргана хураагаад зарж борлуулсан тул төлбөр төлөхгүй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

    Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж байна.

    5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 7,000,000 төгрөгийг хариуцагч Ү.У-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Г-т олгож шийдвэрлэлээ.

    6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.У-аас 126,950 төгрөг төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгох нь зүйтэй.

    7. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн 2 ширхэг тооцооны дэвтэр, Н.А-ийн тодорхойлолт, Н.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Ү.У-аас 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ү.У-аас 126,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.БОЛОР